Умарт Солонгосын дэглэм хэнд хэрэгтэй вэ?
1990 он гэхэд коммунист систем нуран унаж бараг тавин жил үргэлжилсэн хүйтэн дайн зогслоо. Зөвхөн хүйтэн дайны зөрчил дээр амьдарч байсан Этиоп, Ангол, Өмнөд Йэмэн, Никарагуа, Конго, Сальвадор, Камбож мэтийн орон дахь коммунист маягийн дэглэмүүд тэр дороо даган сөхөрсөн юм.
1990 он гэхэд коммунист систем нуран унаж бараг тавин жил үргэлжилсэн хүйтэн дайн зогслоо. Зөвхөн хүйтэн дайны зөрчил дээр амьдарч байсан Этиоп, Ангол, Өмнөд Йэмэн, Никарагуа, Конго, Сальвадор, Камбож мэтийн орон дахь коммунист маягийн дэглэмүүд тэр дороо даган сөхөрсөн юм. Хятад, Вьетнам дахь дэглэмүүд хэдийгээр албан ёсоор коммунист суртлаас татгалзаагүй боловч эдийн засгийн либералчлал хийн, үзэл суртлын хувьд аажим ухралт хийх замыг сонгов. Харин сталинизмын сүүлчийн тулгуур болж Умарт Солонгос, Куба гэсэн хоёр орон коммунист дарангуйлалтайгаа үлдсэн юм. Энэ хоёр дэглэм нэгэнт тэжээгчээ алдсан тул тун удахгүй нуран унана хэмээн дэлхий даяараа хүлээж байлаа. Гайхалтай нь дэглэмүүд эдийн засгийн болон үзэл суртлын хуучин хэв маягаа хадгалсаар 25 жил буюу хүний бүхэл бүтэн үе өнгөртөл тэсэн үлджээ.
Кубын ард түмэн өлсгөлөн, гуйланчлалын бэрх замыг туулсан боловч зөрүүд Кастро бууж өгсөнгүй. Хэзээнээсээ хувьсгалч хүн пракматизмаас хөндий байдаг. Кастро дэлхий дахины коммунизмаас өөрийн эрхгүй татгалзаж, Латин Америк социализм гэдгийг Уго Чааваасын мөнгөөр хийх гэж хэсэг оролдсон ч бүтэлтэй юм бололгүй хүндээр өвдөж төрийн эрхийг дүүдээ шилжүүлсэн. Цаадах нь илүү пракматик нэгэн бололтой, юутай ч бууж өгөх зам руугаа шулуудав.
Хойд Солонгосын хувьд өөрийг нь бүтээгч Хятадын амь тээх хэмжээний тэжээлээр өлөн зэлмэн амь зогоож эхний арван жилийг өнгөрөөжээ. Өлсгөлөн нүүрлэж гурван сая хүн турж үхсэн боловч Кимийн гэр бүлийнхэн дэглэмээ авч үлдэхийн тулд ямар ч гамшигийг туулан эцсээ хүртэл тэсэн үлдэхээр шийджээ. Үе залгамжилсан энэ харгис дэглэм өөрийн түүхэн нөхцөл, гадаад хүрээлэл, хүчирхэг орнуудын геополитик бодлогын дунд уран нүүдэл, зальжин тоглолтоор дэглэмээ авч үлдэх арга замыг сонгосон юм. Умарт Солонгос сталинизмтай зууралдаад буй нь үзэл суртлын гэхээсээ дэглэмээ авч үлдэх бодит шалтгаанаас үүдэлтэй. Коммунист болон бусад харгис дэглэмүүд унахад тогтолцоо буруушаагдсан төдийгүй удирдагчид нь хүнд шийтгэл хүлээсэн тэр жишээг дагахыг Кимийн хүрээллийнхэн яавч хүлээн зөвшөөрөх аргагүй. Дэглэмээ авч үлдээд эдийн засгийн реформоор аажмаар чөлөөт зах зээл рүү шилжих оролдлогыг хэдэнтээ туршсан боловч хэт харанхуй дэглэмд хүний 2-3 үе дамжин амьдарсан алдах юмгүй ядуу ард түмний нүд гэнэт нээгдэн дэглэмд өөрт нь аюул учруулж болох нь харагдлаа. Ийм парадокс нөхцөлд орсон дэглэм өөрийгөө аварч үлдэхийн тулд дотооддоо харгислал, суртал нэвтрүүлгийг улам идэвхижүүлж, гадагшаа болохоор өөр рүү нь хандсан хүчирхэг орнуудын байнга өөрчлөгдөж байх бодлогын зөрчил дээр тоглох арга замыг нэгэнт сонгожээ.
Цөмийн зэвсэг агсах төсөл энэхүү зөрчил дээр тоглох аргын гол хэрэгслэл байлаа. ЗХУ задарч, Орос орон эмх замбараагүй болсон ерээд оны эх нь умартынханд цөмийн технологийн нууцад нэвтрэх том боломж олгожээ. Дараа нь Иран, Пакистаны тусламжаар технологио улам сайжруулсан. Асуудал Ёнбёонд атомын цахилгаан станц барих төлөвлөгөөнөөс эхэлсэн бол аяндаа цөмийн зэвсэгтэй болох гэж байгаагаа ил тодоор зарлаж эхэлсэн юм. Иймээс тэднийг хэлэлцээний ширээнд урьж “зургаан талт хэлэлцээ” хэмээх дуу шуугиантай ярилцлагыг 2003-2007 онд зургаан удаагийн раундаар хийсэн боловч тухай бүрдээ хэлэлцээнд оролцогсод умартынханд чадуулаад өнгөрсөн билээ. Цөмийн туршилт, балластик пуужин, зургаан талт хэлэлцээ зэрэг нь Умарт Солонгосын хувьд дэглэмээ хадгалахын зэрэгцээ гаднаас тусламж авч өөрийнх нь эсрэг байгаа дэлхий ертөнцөд тэсэн үлдэх үндсэн арга, заль мэх болсон юм.
Зургаан талт хэлэлцээ мухардалд орж тасарсан 2007 оноос хойшхи бараг арваад жилд дэлхийн улс төрийн байдал ихээхэн өөрчлөгдөж, Умарт Солонгост хандах хүчирхэг гүрнүүдийн бодлогод багагүй өөрчлөлт гарлаа. Умарт Солонгосыг өөртөө хэрэгтэйгээр хэрхэн ашиглах талаар талууд ч өөр өөрийн бодолтой, бодлоготой болж, Умарт Солонгос ч энэхүү шинэлэг бололцоог хэрхэн ашиглах талаар стратеги тактикийн шинэ хэлбэрт шилжиж эхлэв.
ХЯТАД. Хойд Солонгосыг төрүүлсэн эцэг нь Орос боловч өргөж аван өдий хүргэсэн өргөмөл эцэг нь Хятад юм. Солонгосын дайны үед үхлээс аварсан Хятадтай Кимийн дэглэм ах дүү бололцсон ч Зөвлөлт-Хятадын зөрчлийн үед тэд оросуудтай муудалцаагүй. Дэн Сяопиний шинэчлэлийн үеэс хятадууд умартынхныг ижил төстэй реформ хийхийг янз бүрээр ятгасан авч тэд үгийг нь хүлээж авсангүй. Тэгсэн мөртөө хятад туршлагыг нэвтрүүлэх гэж байгаа маяг гарган шуугиантай айлчлал хийх, тэрбайтугай худалдааны чөлөөт бүс хүртэл зарлаж үзсэн. Ийм маягийн алхам бүр дэглэмд аюул учруулаад буйг ойлгосон учир эдийн засгийн хувьд “суллах-чангалах” арга хэрэглэх болжээ. Тухайлбал тодорхой итгэгдсэн бүлэгт гадаад худалдаа хийх эрх олгох мөртөө тэднийг сэхээд ирэнгүүт нь эргүүлж дарж аван буруутгах жишээтэй.
Умарт Солонгос нь Хятадын хувьд Франкэнштайн юм. Тэндээс 300 мянга орчим дүрвэгсэд өдгөө Зүүн хойд Хятадад хууль бусаар амьдарч байна. Оростой хөршөлдөг хорь хүрэхгүй км хил, 38 дугаар өргөрөгийн хаалттай бүсийг эс тооцвол Хятад нь Умарт Солонгостой хуурай газраар хиллэдэг цорын ганц орон мөн. Хэрэв Кимийн дэглэм нурвал Хятад нь умартынхны олон сая дүрвэгчдийн эхний золиос болно. Хятадууд ийм явдал гарахаас ялангуяа Бээжингийн олимпын өмнө ихэд болгоомжилж байсан. Хэрэв Умартын дэглэм унавал хяналтаас гаран үймэх энэ орны бужигнааны эхний золиосын нэг нь Хятад болно. Дүрвэгсэдээс эхлээд улс төрийн хариуцлага ч Хятадад ноогдоно. Хил дээр олон арван мянган цэрэг байрлуулж дүрвэгсэдээс хамгаалах гэсэн оролдлого нь ямар ч үр дүнгүй дампуурсны дараа ерөөс энэ аюулаас зайлах аргагүй юм байна гэсэн ойлголт өгөв. Нөгөө талаас энэхүү эрүүл бус дэглэм маргааш ямар алхам хийх нь тодорхойгүй, магадгүй хөршүүдийнхээ өртгөөр “амиа хорлож” ч болох учир дэглэмийг байлгаад байх нь Хятадад бас л хортой. Чухам ийм парадоксон дээр тэд тулжээ.
Орос ч, Хятад ч умартынхныг геополитик тоглоомдоо ашиглан АНУ, Японы эсрэг “зуудаг нохой” болгон хэрэглэсээр ирсэн. Энэ нь ялангуяа НҮБ-ын чуулга дээр илт харагддаг. Тэд Умарт Солонгосыг өрнөдийнхөнд өгөхгүй, гэхдээ дэглэмийг илт дэмжилгүйгээр үхүүлчихгүй хэмжээнд тэжээн тусалж, улс орныг нь дэлхийгээс салангид вакуум болгон өөртөө хэрэглэсээр иржээ. Гэвч алив тоглоом хэмжээ хязгаартай тул умартынхны илт гааруу ажиллагааг номхотгохоор шийдэн тэдний цөмийн хөтөлбөрт тавьсан хоригт нэгдсэн юм. Ингэснээр Хятад-Хойд Солоносын худалдаа эрс буурч, тэдэнд үзүүлэх тусламжийн хэмжээ анх байгуулагдсан цагаас нь хойш хамгийн доод цэгтээ тулжээ.
Өнөөдөр Өмнөд Солонгосийн эдийн засаг Хятадаас бараг бүрэн хамаарах болсон ба Хятадын хувьд ч Өмнөд Солонгос нь худалдааны маш том түнш нь болсон. Энэ болон бусад шалтгаанаар умартынхан Хятадад дайсагнаагүй юм гэхэд үл итгэх, ил далд өдөөн хатгах субъектээ болгожээ. Умарт Солонгос Хятадтай хэрхэн харилцахаа шийдэж чадахгүй байгаатай нэгэн адил Хятад ч дэглэмийг хэрхэх талаар шийдэлд хүрч чадахгүй байна. Нэг талаас хэрэгтэй, нөгөө талаас аюултай. Хятадууд Кимийн дэглэмийг арай зөөлөн өөр дэглэмээр солих хүсэлтэй ч тэр нь улс орноо хянаж чадахгүйд хүрвэл АНУ-ын Иракт хийсэн ажиллагааны нэгэн адил төгсгөлтэй болохоос эмээж байна.
ОРОС.
Оросууд хүйтэн дайны төгсгөлөөс хойш Умарт Солонгосыг бараг мартаж орхижээ.
Хааяа санахаараа “зуудаг нохой” болгон ашиглах талыг нь л сонирхоно. Зургаан
талын хэлэлцээрт хамгийн идэвхигүй оролцогч нь байлаа. Крымын анексаас болж
дэлхий дахиныг өөрийнхөө эсрэг эргүүлсэн Путинд өчүүхэн Ванатуа улс ч хань
хамсаатны хувьд гологдохоо больсон өнөө үед солонгос “зуудаг нохой” ашиг тустай
нөхөр болон өөрчлөгдлөө. Крымын асуудалд илүүтэй төвийг сахьсан байр суурь
баримталж буй Өмнөд Солонгосын мөнгөөр оросууд Умарт Солонгост хөрөнгө оруулах
боллоо. Пусанаас Лондон хүртэл төмөр зам босгох солонгосчуудын хэт амбицтай
мөрөөдлийг ч оросууд хөөргөх боллоо. Тэд дайны дараа япончуудын орхиод явсан
Рансоны боомтыг сэргээхэд идэвхийлэн оролцож зарим хэсгийг нь ашиглалтад
оруулав. Хэнд ч итгэдэггүй умартынхан оросуудын хэт ойртолтоос жийрхэн хэрэглэж
сурсан аргаараа нөхөрлөлийн алхам бүрийг асар их мөнгөөр үнэлэн нэхэж шаардаж
буйд оросуудын дургүй хүрч байгаа ч дэглэмийнх нь оршин тогтнож буй ач
холбогдлыг нь юутай ч өмнөхтэй харьцуулахад илэрхий сайшаах хандлагатай боллоо.
ЯПОН. Барьцаалагдсан
иргэдийн асуудал гэгч нь Японы хувьд Умарт Солонгос руу чиглэсэн хамгийн том
шоу юм. Үнэндээ 20-100 орчим гэж таамаглаж байгаа барьцаалагсадын дийлэнх нь
тухайн үеийн “улаан арми” хэмээх Японы террорист байгууллагын идэвхитнүүд болон
дэмжигчид сайн дураараа болон ятгалгаар Умарт Солонгост очоод тэндээ үүрд
барьцаалагджээ. Үнэхээр хулгайлагдсан 15 настай охиныг голчлон сурталчилдаг ч
ийм тохиолдол ганц хоёроос илүүгүй. Абэгийн Засгийн газар гарч ирэхдээ Хууль
зүйн яамаа “хууль зүй ба барьцаалагдсан иргэдийн асуудал хариуцсан яам” хэмээн
шинээр нэрлэх болсон нь ч шоуг улам хүчжүүлж буй хэрэг билээ. Харьцуулахад
Өмнөд Солонгос өөрийн хэдэн мянгаар ч тоологдож магадгүй иргэнээ умартын ах дүү
нартаа барьцаалуулан тэр чигээр нь алдсан билээ.
1952 оны Сан Францискогийн гэрээгээр өөрийн армигүй, хязгаарлагдмал санхүү бүхий зөвхөн өөрийгөө хэмгаалах хүчинтэй болсон Япон нь АНУ-ын цөмийн шүхрийн хамгаалалтад орж асан тэр үе нэгэнт улиран өөрчлөгджээ. Америкийн цэргийг Оканивагаас хөөн гаргах санал дэвшүүлсэн Ардчилсан нам сонгуульд ялсан нь япончуудын хорвоод хандах хандлага ч хүчтэй өөрчлөгдсөнийг харуулна. Далан жил ивээлдээ авч явсан АНУ-ын дэлхийн улстөрд нөлөөлөх хүч ч илт буурлаа. Хятад, Энэтхэг гэсэн эдийн засгийн хүчирхэг шинэ гүрнүүд тодорсон төдийгүй үндэсний үйлдвэрлэлийн нийт хэмжээгээр Хятад нь Японыг ардаа орхив. Дэлхийн дайны дараа яс тодорхойлогдоогүй боловч өдий хүртэл Японы харъяалалд байсан арлыг хятадууд хатуу нэхэн илтээр өдөөн хатгах болов. Хятадууд ижил нэхэмжлэлийг өөр бусад хөршүүддэ тавин, заримыг нь цэргийн хүчээр эзлэн авсны эцсийн зорилго нь Зүүн өмнөд Ази дахь тэнгисүүдэд хяналтаа тогтоох гэсэн санаархал юм. Цагтаа нэрт аялагч Жэн Хэ ч хяналтаа тогтоож байгаагүй эдгээр усан далай нь өнөөдөр дэлхийн худалдааны хагасаас илүүг гүйцэтгэдэг стратегийн асар их ач холбогдолт талбай болжээ. Номхон далайн энэ хэсэг хятадуудын хяналтанд орох аваас хамгийн түрүүн хохирох улс нь Япон. Дэлхийн цагдаагийн үүргийг ганцаар гүйцэтгэх роль нь улам буурч буй АНУ энэ бүс дэх хяналтаа алдаж болох магадлал ч ихсэж байна. Тэгээд ч дэлхийн хамгийн хүчирхэг хоёр орон болж буй АНУ, Хятад хоёрын биенээсээ хамаарсан хамаарал сүүлийн жилүүдэд огцом өссөн учир биендээ найр тавих, харилцан буулт хийх, наймаалцах бололцоо нэмэгдэж байгаа юм. Энэ нь дэлхийн шинэ хуваагдал руу ч хөтөлж болох. Ийм тохиолдолд Япон нь ирээдүйн аюулгүй байдалдаа илүүтэй өөртөө найдах, түүнд одооноос бэлтгэхээс өөр аргагүй болж байгаа хэрэг.
Япончууд олон жил шургуу хөөцөлдсөний хүчинд өөрийгөө хамгаалах хүчнээ Батлан хамгаалах яам болгон өөрчилж дөнгөв. Зэвсэглэлээ сайжруулж, тоо хэмжээг нь ихээр нэмэгдүүлж байгаа ч энэ нь хэрэвзээ Хятадтай толхилцох дээрээ тулбал дэндүү хангалтгүй. Тэгээд ч өнөөдөр мөрдөж байгаа дэлхийн дэг журам, Сан Францискогийн гэрээнээс хальж болохгүй учир илэрхий цэрэгжин зэвсэглэх явдал хориотой. Чухам ийм нөхцөлд Умарт Солонгос нь япончуудын хувьд хүрээнээс халих сайхан далим юм. Үнэндээ Умарт Солонгосын хараал зүхэл байтугай тэдний “тоглоомон” цөмийн бөмбөг ч, харваад далайд живчихдэг балластик пуужин ч Японд ямар ч хор үзүүлэхгүй. Энэ зэргийн ядмаг довтолгооноос бүрэн хамгаалах чадвар Японы өөрийгөө хамгаалах хүчинд элбэг бий. Хэрэв Умарт Солонгосын цөмийн бөмбөгийг олон улс хүлээн зөвшөөрвөл хамгийн түрүүн Өмнөд Солонгос, Япон, Тайвань гурав цөмийн гэр бүлд багтах бололцоо нээгдэнэ. Эдэнд технологийн хувьд маш амархан. Умарт Солонгосын цөмийн хөтөлбөрийн хамгийн аюултай тал нь бөмбөг дэлбэлэх гээд байгаадаа биш, цөмийн хүлээн зөвшөөрөгдсөн хүрээг улам тэлэхэд оршино.
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС. Хавай дахь Долдугаар флот, Япон, Филиппин, Өмнөд
Солонгост байрлах цэргийн хүчин нь АНУ-д Номхон далайг тэр чигээр нь хяналтандаа
байлгах бололцоо олгож буй юм. Чухам энэ хяналтын хүчээр дэлхийн II дайнаас
хойшхи бүс нутгийн аюулгүй байдлыг зохицуулж энх амгалан амьдралыг хангасан
билээ. Солонгосын болон Вьетнамын дайнаар коммунизмын түрэлтийг зогсоож чадсан
юм.
Хүйтэн дайны төгсгөлөөс хойшхи АНУ-ын Умарт Солонгост хандах хандлага тууштай нэг чиг шугамтай байж чадаагүй юм. Умартынхан цөмийн хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлсэн төдийгүй Олон улсын атомын эрчим хүчний байгууллагаас шалгалт оруулахыг шаардахад тус байгууллагаас гарч буйгаа зарласны дараа Клинтоны Засгийн газрын зараалаар Ерөнхийлөгч асан Картэр Пхеньянд айлчилж өвгөн дарангуйлагчтай уулзлаа. Ким түүнд цөмийн хөтөлбөрөө царцаахад бэлнээ илэрхийлж хариуд нь АНУ-Умарт Солонгосын диалоги эхлүүлэх, элдэв хоригийг цуцлуулах, атомын цахилгаан станц барихад технологийн тусламж үзүүлэхийг хүссэн байна. Америкчууд ч энэ хэлэлцээрийн үр дүнд итгэлтэй хандан элдэв тусламж үзүүлснээс гадна умартынхны эсрэг тавьсан хуучны хоригоо ихээхэн сулруулжээ. Клинтоны Засгийн газар найман жил оршин тогтнохдоо Умарт Солонгостой хэлэлцээрт орж амжилт олно гэж итгэсээр байлаа. Чухам иймээс л Ким Даэ Жуныг Нобелийн шагнал хүргэсэн “Нарны бодлого” хэмээх түр зуурын “нарыг” идэвхитэй дэмжсэн юм.
2000 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Олбрайт Ардчилсан намын сүүлчийн горьдлогыг тээн Пхеньянд айлчиллаа. Харин дараахан нь Ерөнхийлөгч Буш Умарт Солонгосыг “Ороолонгийн тойрог”-т оруулж зарлах нь тэр. Түүний Умарт Солонгосын эсрэг хатуу байр суурь 2003 оноос “зургаагийн хэлэлцээг” эхлүүлжээ. Бушаас хойш зургаагийн хэлэлцээ сураггүй болсон. Обама дараагийн гуравдахь үеийн Кимтэй учирлаа. Хоёр орон биенээ хатуу ширүүн үгээр дайралцах нь улам ихсэв. Гэвч аль аль тал биенээ тандан шууд харилцаанд орох арга мэхийг сурвалжлах боллоо. Умардынхны эсрэг авсан НҮБ-ын хатуу хоригт Орос, Хятад хоёр нэгдсэн нь тэдний байр суурийг ихээхэн сулруулсан авч АНУ-ын Оростой харилцах харьцаа сүүлийн үед эрс муудсан, Хятадын зүгээс Зүүн өмнөд тэнгисүүдэд хяналт тогтоон Америкийн хүчийг сулруулах гэсэн санаархал зэрэг нь АНУ-ын зүгээс Умарт Солонгосыг “ойлгох” үүд хаалга нээгдэх магадлал нэмэгдэж байна. Ороолонгийн тойргийн гол гурван орны хоёр нь болох Иран, Иракийг “илбэн тохинуулсны” дараа энэ амбиц нь нэмэгдэх төлөвтэй. Залуу Кимийн зүгээс ч ямар нэг хэлэлцээнд ордог юм гэхэд Сөүл, Токиог үл тоомсорлоно, зөвхөн Вашингтонтой гэсэн санаагаа удаа дараа илэрхийлэх боллоо. Сүүл нь нохойгоо үл тоомсорлох хандлага Ази, Номхон далайн бүс нутагт мэдрэгдээд ирэхийн цагт “зуудаг нохой” ч заримдаа хэрэг болох л доо.
ӨМНӨД СОЛОНГОС. Хүйтэн дайнаас хойшхи Өмнөд Солонгосын Засгийн газар бүрийн ярьдаг
хамгийн алдартай онигоо бол хоёр Солонгосыг нийлүүлэх үлгэр юм. Энэ бол хамгийн
багаар бодоход 50 жилээс нааш үл бүтэх мөрөөдөл ба өнөөгийн улс төрчдөд бараг
огт хамаагүй сэдэв. Хэрэв нийлдэг дээрээ тулах юм бол 3-4 ихнаяд долларын
зардал гарах ба энэ нь Өмнөд Солонгосын Үндэсний үйлдвэрлэлээс хэд дахин давна.
Хүйтэн дайны дараа хоёр Герман нэгдсэнийг үлгэр жишээ болгон хөөрөлд автсан
ерээд оны эхэн үеийн мөрөөдлийг ойлгож болох ч үүнээс хойш дахиад хүний нэг үе
өнгөрчихөөд байхад “хүүхэд насны” ярианаасаа салахгүй байна гэдэг нь цаанаа өөр
санаа агуулж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Үнэндээ Өмнөд Солонгос нь умарт хөршөөсөө болж хамгийн их зовж байгаа орон мөн. 1950 оны умартын гэнэтийн довтолгоо, үүнээс үүдсэн гурван жилийн дайн тэдний зүрхэнд орж сэтгэл санааны хувьд мөнхийн айдас түгшүүрт амьдрах болсон. Умарт хөрш нь харьцуулахад технологийн үлэмж хоцрогдолтой ч балмад дэглэм нь сүйрэх дээрээ тулбал хамт үхье хэмээн амиа хорлохоор шийдэн өөрийн хил дээрээ атомын бөмбөг дэлбэлбэл яах вэ? Галзуу хүнээс юу ч гарч мэднэ.
Гэвч дэглэм гэнэт нуран унаж Солонгосын хойгийн хойд хэсэг хэний ч хяналтаас гарах юм бол энэ нь Өмнөд Солонгосын хувьд жинхэнэ сүйрэл болно. Хамтын аюулгүй байдлаас улам бүр холдон, улс бүр илүүтэй амиа бодох болсон өнөөгийн нөхцөлд хойд хөршийн задарлын хариуцлагыг өмнөд ах дүү нь бараг ганцаараа үүрэх болно. 38 дугаар өргөрөгийг нэвтлэн хэдэн сая зэвсэггүй ард иргэн түрэн орж ирэхэд өмнөдүүд юу хийж чадах юм бэ? Хүйтэн дайн дуусангуут Зөвлөлтийн КГБ шууд л оросын мафи болон хувирч Өрнөд Европ, АНУ-ын хувьд дуусашгүй бэрхшээл болсон ба Зүүн Европ, Дундад Азийн дүрвэгсэдийн дарамт өрнөдийнхний зан авир, амьдралын тогтсон хэвшилд ихээхэн өөрчлөлт оруулсан билээ. Гэтэл дэлхийн түүхэн дэх магадгүй хамгийн харгис хатуу дэглэмд гурван үеэрээ амьдарч хүний нийгмээс тасарсан ард түмэн бусадтай таарч тохирон нийгэмшихэд маш урт хугацаа шаардана. Тэр дундаа баян ах дүүтэй бол тэднийгээ дээрэмдэн талах нь илүү хялбар арга юм. Зургаан талт хэлэлцээнд оролцогч аль ч улс Солонгосын хойгийн хяналтаас гарсан бужигнаанаас өөрийгөө хамгаалж дөнгөх бол ийм боломж Өмнөд Солонгосын хувьд бараг байхгүй гэж хэлж болно. Иймээс л зүдэргээтэй зовлонтой боловч хойд хөрш нь юутай ч өөрийн дэглэмийн хяналтанд байж байх нь өнөөдрийн байдлаар өмнөдийнхөнд илүү бага хохиролтой нөхцөл байдал юм. Хоёр муугийн арай бага хохиролтойг нь сонгодог биз дээ.
Умарт Солонгосын дэглэмийг түлхэн унагаж, Солонгосын хойгийг энх амгалан болгох хорхойсол ийнхүү цагийн эрхэнд улам элэгдэн хуучирч байна. Хүйтэн дайныы дараах дэлхийн ирээдүйн тухай өөдрөг үзэл улам бүр унтран холдож байна. Дэлхий өнөөдөр хүйтэн дайны үеийнхээс илүү аюултай хэврэг болж, шинэ хуваагдал руугаа дөхөх боллоо. Хүйтэн дайны үеийн хуваагдлын утга учрыг авч явсан үзэл суртал алга болонгуут орлон гарч ирэх үзэл суртал үгүй, байлаа гэхэд тэр нь маш олон, салангид болж буй өнөөгийн ертөнцөд улс болгоныг өөрийн эрхгүй амиа бодсон үзэл руу шахаж байна. Ийм л шалтгаанаар Умарт Солонгосын дэглэм унаж сүйрсэнд орвол оршин тогтноод байвал илүү ашигтай, эсвэл хор багатай гэсэн улс орнуудын хувиа бодсон үзэл давамгайлж эхэллээ.
2014.8.3