УИХ-аас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай“ хуулийн 7.9 болон 7.10 дугаар зүйлд “Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Монгол улсын хөгжлийн Үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна. Нам эвслийн мөрийн хөтөлбөр Монгол улсын Хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэхийг Үндэсний аудитын газар хянаж дүгнэлтээ Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлнэ.” гэсэн заалтууд байдаг.

Монгол Улсыг цэгцтэй бодлогоор хөгжүүлэх, энэ асуудлаар төрийн эрх барих улс төрийн намыг хариуцлага хүлээдэг болгох зорилгоор гаргасан энэ хуулийг хэрэгжүүлэхэд төр засаг, ард иргэдийн анхаарал төвлөрөх ёстой.

Ийм учраас “Алсын хараа 2050“ нэртэй Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд 2025, 2030 онд шийдсэн байхаар тусгагдсан дараах үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ Улс төрийн намуудын 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгагдаж байгааг хянах шаардлагатай. 


2025 онд2030 онд
-дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл   \196 хуудас\ тэрбум ам доллар22.432.0
-нэг хүнд ногдох ДНБ тухайн оны   үнээр \196 хуудас\ ам доллар737810783
-нийт ажиллагсадын тоо \198   хуудас\ мянган хүн16061916
-дундаж цалингийн хэмжээ 2017   оны зэрэгцүүлэх үнээр мянган төгрөг772808
-экспортын хэмжээ оны үнээр   \206 хуудас\ тэрбум ам доллар
25.6

УИХ-ын энэ удаагийн сонгуулиар бүрдэх УИХ, Засгийн газрыг “Алсын хараа 2050“ хэмээх хөгжлийн үзэл баримтлалын дээрх зарим чухал зорилтыг хэрэгжүүлж эхлэх бодлого төлөвлөгөөтэй ажиллуулахгүй бол хөгжлийн үзэл баримтлалын шинэ хувилбар боловсруулсны хэрэг гарахгүй.

Алсын хараа үзэл баримтлалд 2025 онд хүрсэн байхаар тусгагдсан дээрх гол зорилтуудыг нарийвчилж хянаад энэ оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр боловсруулахад зориулж баталж өгөх шаардлагатайг УИХ мэдэж байгаа байх.Тухайлбал:

-ДНБ-ийг 2025 онд 22,4 тэрбум долларт хүргэхээр төлөвлөсөн нь 2019 оныхоос барагцаалбал 3 дахин өссөн дүн. Ямар салбарын ямар үйлдвэрлэлийн өсөлтөөр хангах гэж төлөвлөснийг шалгах.

-Экспортыг 2018 – 2030 онд жилд дундачаар 4,2 - 6,3 хувиар өсгөж 2030 онд25,6 тэрбум долларт хүргэнэ гэж заасан боловч 2025 оны хэмжээ тодорхойлогдоогүй.

-Нийт ажиллагсад 2018 онд 1253 мянга байсныг 2025 онд 1606 мянга болгохоор төлөвлөж байгааг 350 орчим ажлын байр бий болгосон байх юм гэж ойлгож болох эсэх..

- Үндсэн чиглэлд дундач цалинг 2025 онд 772, 2030 онд 808 мянган төгрөг болгоно гэж төлөвлөж байгаа нь Үндэсний статистикийн хороо ААНБ –ын ажиллагчдын дундаж цалинг 2017 онд 944,5 мянган төгрөг байсан гэж байгаатай, мөн ДНБ-ийг 2025 он хүртэл3 дахин өсгөхтэй хэрхэн уялдахыг хянах.

Улс төрийн намуудын боловсруулсан 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрт дээрх үндсэн зорилтууд тоо нь дурьдагдах төдий биш, ямар тодорхой төсөл арга хэмжээгээр хэрэгжүүлэхийг зохих тооцоо үндэслэлээр баталгаажуулсан эсэхийг Сонгуулийн Ерөнхий хороо шалгаад УИХ-ын 2020 оны сонгуульд уг намыг оролцуулах эсэх шийдвэрийг гардах ёстой. 

ДНБ ба Экспортын өсөлтийг хангаснаар хөгжлийн бусад зорилтуудыг шийдэх санхүүгийн эх үүсвэр бүрдэх, Ажиллагсадын тоо ба дундаж цалинг нэмэгдүүлснээр иргэдийг ажилтай орлоготой болгоход ахиц гарах учраас Үзэл баримтлалд эдгээр үзүүлэлтээр 2025 онд хүрсэн байх зорилтыг тодорхойлсон нь чухал юм.

Үндэсний Аудитын газраас Улс төрийн намуудын боловсруулсан мөрийн хөтөлбөр Монгол улсын “Алсын хараа 2050“ хөгжлийн үзэл баримтлалын 2025 оны дээрх үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлага хангахаар боловсрогдсон эсэхийг хянаж дүгнэлт гаргахдаа Үзэл баримтлалын төсөл боловсруулсан эрдэмтэдийн санал зөвлөмжийг авах хэрэгтэй. Үндэсний Аудитын газар Улс төрийн нам буюу намын эвсэлийн боловсруулсан мөрийн хөтөлбөрийг хянаад гаргасан дүгнэлтийнхээ үндсэн дээр 2020 оны сонгуульд оролцох эрх олгох, эс олгох тухай тодорхой саналыг зохих үндэслэлтэй гаргаж Сонгуулийн Ерөнхий хороонд өгсөн байх, түүний дагуу Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэр гарсан байх ёстой. Энэ бол сонгуульд холбогдсон заавал хэрэгжих ёстой хууль. Харин төр засгийн эрх авсан улс төрийн нам Хөгжлийн Үзэл баримтлал, Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн эсэхийн төлөө хариуцлагыг Монгол төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын өмнө хүлээх учиртай.

Сонгууль болон Хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон энэхүү зарчимын саналаа УИХ-ын дарга болон Засгийн газрын Ерөнхий сайд нарт 2020 оны 3 дугаар сарын 5-нд бичгээр өгсөн болно.

Ерөнхий сайд асан Д. Содном

2020-05-20.