Та Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Өнөөдөр манай улс урьд өмнө байгаагүй цар тахлын аюул, шинэ сорилттой тулгарч байна. Ийм үед төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авбал зохилтой бэ?

Урьд өмнө, тэр дунд намайг Ерөнхий сайд байх үед дэлхийн бүх улсыг хамарсан цар тахал гэгч халдварт өвчин гарч байгаагүйг та хэллээ.Тэмцлийн туршлага гэж мэдэх юм надад алга.Шинэ сорилтыг давахын тулд дэлхийн бүх улс одоогоор хилээ хааж, хөл хорио тогтоож халдварыг багасгах, зогсоохыг хичээж байна.Энэ өвчний дархлааг бий болгох, эмчлэх аргыг олход жил хагасын хугацаа хэрэгтэй гэж ярих юм. Хөл хорионд удаан амьдрах бололтой.

Манай Засгийн газар энэ аюулт өвчний халдвар гаднаас орж ирэхээс сэргийлэх, илрүүлэх, эмчлэх ажлыг сайн зохион байгуулж байна. Дархлаа бий болгох вакцин гэгчийг бий болгож хэрэглэж эхлэх хүртэл хүн бүхэн халдвараас сэргийлэх дэг журмыг хатуу сахиж амьдрахаас өөр аргагүй. Миний бодлоор хүн амын бараг тал хувь төвлөрөөд байгаа нийслэлдээ халдвар дэлгэрхээс сэргийлсэн хатуу дэг журам тогтоож мөрдөхөд онц анхаарах нь зүйтэй. Сахилга дэг журмыг эрхэмлэж хэвших явдал энэ бэрхшээлийг давхад төдийгүй, улс орны цаашдын хөгжилд ч ач холбогдолтой байх болно.

Ер нь Улаанбаатар хотод нүүж ирэхийг хязгаарлах, орон нутагт ажлын байр бий болгох, бүсийн төв болох аймагуудад их дээд сургууль, шинэ үйлдвэрүүд байгуулах, дэд бүтэцийн болон үйлчлгээний үнэ тарифыг орон нутагт хямдруулах зэрэг замаар төвлөрлийг багасгах доривтой арга хэмжээг ойрын жилүүдэд хэрэгжүүлэх шаардлага байгааг энэ тахал анхааруулж байна.Миний бичээд байдаг Бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, Сумдыг мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдтэй болгох, Орон нутагт арьс шир ноос боловсруулах үйлдвэр байгуулах, Ямааны ноолуур тэмээний ноос сарлагийн хөөврийн бүх нөөцийг ээрмэл утас болгох үйлдвэрлэлийн хүч чадлыг бий болгох зэрэг саналыг анхаарч хэрэгжүүлбэл төвлөрлийг сааруулах, мал аж ахуй эрхлэгчдийг олшруулах, хөдөөд ажлын байр бий болгоход тус болно.Улсынхаа өргөн уудам нутаг дэвсгэрт тархан байрлаж ажил орлоготой, элдэв өвчин халдвараас хол, тайван амьдралын нөхцөл бүрдүүлэх бодлого ирээдүйтэй.

Ер нь энэ цар тахлын аюул бодит эдийн засагт яаж мэдрэгдэх бол? Өнөөдөр хүмүүс идэх хоолтой, өмсөх хувцас, дутагдах зүйлгүй өнөө л хэрүүл заргаа хийгээд хэвээрээ л байна. Ингэхэд манай хүнсний болоод эдийн засгийн нөөц боломж бололцоо хэр байдаг бол? Айхтар аюултай хэзээ нүүр тулах бол? Энэ тал дээр та ямар бодолтой байна?

Цар тахал эдийн засагт хэзээний нөлөөлж аюул нь мэдрэгдэж эхэлсэн. Том үйлдвэр уурхайнуудын ажил доголдож бүтээгдэхүүний гаргалт борлуулалт багаслаа, жижиг дунд үйлдвэр үйлчилгээний газрууд хаалгаа барьж, олон хүн ажилгүй орлогогүй болж эхэллээ.Учрах бэрхшээлийн зөвхөн эхлэл.

Цар тахалын сөрөг үр дагаварыг арилгах, ажил амьдралын дотоод гадаад зохистой нөхцөлийг сэргээхэд урт хугацаа, хэдэн жил ч шаардагдах байх.Засгийн газар 5 тэрбум гаруй төгрөгийн эх үүсвэрийг гаргаж иргэдийг орлогожуулах, ажлын байрыг хадгалахад чиглэсэн зарим арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Хангалттай биш. Энэ оны улсын төсөвт тодотгол хийх шаардлага гарна. Тэвчиж болох зардал, хөрөнгө оруулалтыг тодорхойлоод, тэдгээр ажлыг эхлүүлэх, санхүүжүүлэлт хийхийг хүлээзнэвэл зүйтэй гэж бодож байна. Дараа жилүүдийн төсөв төлөвлөгөөнд тусгах шаардлагатай шинэ асуудлууд гарах нь эргэлзээгүй.

Цар тахалын харгайгаар дэлхийг хамарсан хүндрэл бэрхшээл гарна, улс хоорондын харилцаа болон улс бүрийн улс төр эдийн засгийг доргиосон нөлөө нь удаан үргэлжлэнэ гэж гадаадын улс төрчид ярьж бичиж байна.Бүр эмх замбараагүй байдал үүсгэх үр дагавартай өргөн цар хүрээтэй хямрал дэгдэж болзошгүй гэсэн яриа сонсогдож байна.Засгийн газар болзошгүй ийм аюулаас сургийлж, муу үр дагаварыг сааруулах, тогтворт байдлыг сэргээх чадвартай байхыг чухал гэж ярьж байна.

Монгол улсын Засгийн газар цар тахалын нөлөөгөөр улс нийгэмд тохиох бэрхшээлийг хохирол багатай давах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх ажлыг голлож хариуцах яам тусгай газраа томилж ажиллуулахыг зөвлөмөөр байна.Энэ ажил Засгийн газрыг алсыг харж үр дүнтэй ажиллах чадвартай, нийгмийн итгэлийг хүлээсэн байхад хэрэг болно.

Цар тахалыг хөнөөл багатай, үр дагаварын бэрхшээлийг хохиролгүй давах боломж манай улсад бий.Уудам нутагтаа тархаж амьдардаг малчид бэлчээрийн малаа өсгөж, тариаланчид хэрэгцээт буудай төмс хүнсний ногоог үйлдвэрлэхэд энэ тахал саад болох хэмжээнд хүрэхгүй.Өөрсдөө хичээвэл өвчин, өлсгөлөнгийн айхтар аюултай нүүр тулна гэж санаа зовмооргүй байна.Хойд хөршөөс бензин шатахууныг авч, урд хөршид зэс, нүүрс,төмрийн хүдэр гаргаж зайлшгүй зүйлээ импортлоод, валютын нөөцөө багаар боловч өсгөж байхад онц бэрхшээл гарахгүй. Бололцоо гаргаж бензин шатахуун авч нөөцлөх юмсан. Тансаглах биш даруухан, өлсөхийн зовлонгүй амьдрахад дутах юмгүй байх болно.Ер нь коронавирусын дараа гадаад улсуудад ч манай улсад ч зохистой хэрэглээ хэвших, хүнснийхээ гол хэрэгцээг дотоод эх үүсвэрээр хангах бодлого явагдах байх.

Халдвараас сэргийлэх ажлын явцад нийгмийн амьдралд ач тустай өөрчлөлтүүд гарч байгааг хүмүүс ажиглаж байна. Ач тустай юу ажиглагдаж байгааг манай Энхээ гэдэг залуу гярхай харж бичсэнийг уншлаа. “Хямрал хүмүүсийг хүнлэг байхад тулгаж, албадан сургаж байна. Өвчин үхлийн өмнө бүгд адил гэдгийг сануулж байна. Ухаалаг, тэвчээртэй байх, зовлонг хуваалцах, хүн ёсны сайн чанар гаргахыг шаардлаа. Хар амиа бодохын хөнөөлийг дэлгэн харуулж, зоргоор авирлахыг хязгаарлаж байна.Бардам занг номхотгож, төлөв даруу байхад сургаж байна. Энэ бүхэн үнэлж барашгүй туршлага суулгаж байна” гэж бичжээ. Монгол зан заншлыг, Монголоо алдахгүй байхад алзахгүйг сануулж байна.

Таныг Сайд нарын Зөвлөлийг толгойлж байх үед эдийн засгийн ямар хүнд сорилтууд тулгарч байв. Улс төрийн тухайд бол мэдээж нийгмийн шилжилтийн өмнөх цаг үе байсан?

Би Сайд нарын Зөвлөлийн даргад 1984 оны 12 сард томилогдоод 1990 оны 3 дугаар сард огцорсон. Ерөнхий сайдын албанд 5 жил 3 сар ажилласан. Үндэсний орлогын жилийн дундаж өсөлт 1976-1980 онд 4,42хувь, 1981-1985 онд 6,1 хувь байсан бол 1986-1990 онд 7,78 хувь гэсэн статистик мэдээ байдаг. Эдийн засгийн хөгжлийн хурд нэмэгдэж байсан хэрэг. Гэвч илүү хурдаар өсөх боломжийг ашиглаагүй гэж шүүмжилдэг. Үнэн тал бий.

Тэр үед эдийн засагт тулгарч байсан сорилт - бэрхшээл бол үр ашигтай үйлдвэрлэлийг өргөтгөж байх орчин нөхцөл муу, сонирхол үгүйлэгдэж байсан. Тэр нь нэг дүгээрт өмчийн нэг хэлбэр буюу төрийн өмч давамгайлж байсан, хоёр дугаарт чөлөөт үнийн тогтолцоо байгаагүйтэй холбоотой. Өөрийн биш, өрөөлийн өмч ашиглаж байгаа хүнд алтан уул амлаад ч сэтгэл гардаггүй юм билээ. Барааг нэрээр нь биш үнээр нь нэрлэхэд хүргэж байсан хатуу үнийн систем байхад шинийг санаачлах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа бүтэлгүйтдэг юм билээ.Өмчийн олон хэлбэр бий болгох буюу хувийн өмчийг зөвшөөрөх, үнийг чөлөөтэй болгож үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлж байх нөхцөл бүрдүүлэх асуудлыг социализмын үеийн бид шийдэж чадахгүй цаг хугацаа алдаж байсан. Системийн өөрчлөлттэй холбогдож байсан эдгээр бэрхшээл 1990 оны ардчилсан хувьсгалын дараа гайгүй болсон.

Нэгэнт сонгосон Улс төрийн ардчилсан тогтолцоо, Зах зээлийн эдийн засгаа боловсронгуй болгож, гажуудалгүй зөв авч явхад хэрэг болно гэж бодож явдаг зүйл буюу одоо бидэнд тулгараад байгаа шинэ сорилтын талаар зарим санаа хэлэе. Сүүлийн жилүүдэд хувийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг гадуурхах, чи хэт баяжиж байна гэсэн атаархлаар үйлдвэрлэл хөгжүүлж байгаа бизнесменүүдийн үйл ажиллагаанд нь саад хийх оролдлого ажиглагдаж байна. Зарим нэг улс төрч Монголд гай болж байгаа гучин гэр бүл байгаа юм шиг үлгэр ярьдаг болсныг таслан зогсоох хэрэгтэй байна.Баялаг бүтээж, улсын төсвийн орлогыг бүрдүүлж, эдийн засаг нийгмийн хөгжилд бодитой хувь нөмөр оруулж байдаг монголынхоо цөөхөн компанийг үзэн яддаг биш дэмждэг орчин нөхцөлтэй байхыг эрхэмлэдэг болмоор байна. Тэгэхгүй бол өнгөрсөн зууны эхэнд цөөхөн монголчуудын баян гэж байсан хэсгийн хөрөнгийг нийгэмчлэж сүйтгээд, эздийг нь хэлмэгдүүлсэн гашуун түүх давтагдах аюултай.Нийгмийн чадваргүй хэсгийг турхирч баялаг бүтээх чадвартай хүмүүсийг хөрөнгөтэй нь устгах бодлого хэрэгжсэн гэдэг.

Манай улсад өнөөдөр эрх мэдэлтэнгүүд хууль зөрчиж төр нийгмийн хөрөнгө завшдаг, хөдөлмөрлөж биш хулгайлах мэхлэх аргаар хөрөнгөждөг, авилга авдаг, албан тушаалыг буруу ашигладаг гэмт хэргийг таслан зогсооно гэсэн амлалт үүргээ биелүүлж чадахаа төр засгийн удирдлага, хууль хяналтын байгууллагын нөхөдбатлан харуулах цаг нь болсон байна.Ийм үүрэг нь хэрэгжихгүй удахаар шийдэх чадваргүй байна уу, эсвэл хүсэхгүй байна уу гэж асуухад хүрч байгаа. Энэ бол онц анхаарах асуудал.

Төрийн тогтолцоог боловсронгуй болгох санал байгаа. Хууль тогтоох засаглал буюу УИХ, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, мөн Шүүх засаглалд ард түмний хяналтыг бий болгох, энэ зорилгоор парламентыг хоёр танхимтай, Дээд танхим буюу Ардын Их Хурлыг бий болгох зайлшгүй шаардлага бий гэж боддог. Энэ саналаа би гучаад жил хэлж бичиж байгаа боловч Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөд тусгуулж чаддаггүй. Харамсралтай. Ойрын ирээдүйд амьдралын шаардлагаар шийдэгдэнэ гэж найдаж байгаа.

Та бид хоёр өмнө нь “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Ер нь одоогийн төр засгийн удирдлагуудын шийдвэр, бодлогыг та хэрхэн харж дүгнэж байна?

Төр засгийн удирдлагуудын шийдвэр бодлого, ард иргэдийн хүчин зүтгэлийн ачаар Монгол улс хөгжиж байна, дэлхийд танигдаж үнэлэгдэж байна. Үүнийг би харж, дүгнэж байна. Монгол Төрөө хүндэтгэж ханддаг.Гарч байгаа хууль, шийдэж байгаа асуудлаархи мэдээлэлийг сонирхож, зөв байгаасай, алдаа бүү гараасай гэж санаа зовож байдаг.Бурууг бол засах арга, төвөгтэй асуудлаар бол хуулийн дагуу шийдэх гарцаар зөвлөмж өгөхийг хичээдэг. Саяхан “сонгууль ба хөгжлийн үзэл баримтлал” гэсэн товч нийтлэл бичиж танай сонинд өгсөн. Түүнд УИХ 2015 онд баталсан Төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар заалтын дагуу “Алсын хараа 2050“ хөгжлийн үзэл баримтлалын 2025 оны ямар гол зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байх ёстойг анхааруулсан. Монгол улсыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөртэй улс төрийн нам сонгуульд оролцох эрхтэй байх хуулиа биелүүлээсэй гэсэн санаа илэрхийлсэн. Энэ бол миний төр засгийн удирдлагад санаа бодлоо илэрхийлэхийг оролддог нэг жишээ.

“Ерөнхий сайд байсан хүн Сангийн сайдынхаа үгэнд л орж болдоггүй юм билээ” гэж Намбарын Энхбаяр хэлж байсан. Сангийн сайдын үгэнд орсноор эдийн засгийн хувьд алдаа хийдэг, ард түмний амьдралд нэмэр болдоггүй гэж хэлж байсан. Үүнтэй санал нийлэх үү? Таныг Ерөнхий сайд байхад Сангийн сайд хэн байлаа, хэрхэн хамтарч ажилласан тухай сонирхуулахгүй юу?

Н. Энхбаярын хэлсэн үгийг би харсан, танил нөхдөөсөө асуухад бараг бүгд уншсан байна билээ. Н. Энхбаяр Ерөнхий сайдын ажил хийж байхдаа сангийн сайдынхаа үгэнд орж алдаа хийж байсан, ард түмний амьдралыг хохироож байсан, харамсаж байгаа гэсэн ойлголт өгөх зүйл ярьжээ, ямар шалтгаан зорилгоор одоо ийм юм ярьдаг юм бол, гайхмаар гэцгээж байна. Би хувьдаа түүний үгэнд итгэж, санал нийлж чадахгүй байна.

Намайг Ерөнхий сайд байхад Сангийн сайдаар залуу Д. Моломжамц ажилласан. Би бүх сайд нартаа бүрэн итгэдэг, Засгийн газрын гишүүд чин сэтгэлээр хамтарч ажиллаж байсан. Өөрөөр засаг ажиллах нөхцөлгүй. Миний удирдсан Засгийн газрын гишүүдээс тэр жилүүдийн үйл ажиллагааны хамтын хариуцлагаас зайлсхийх, бусдыгаа золиослох мэт санаа илэрхийлж байсан хүн өнгөрсөн гучин жилийн хугацаанд нэг ч гараагүй.

Өнөө жил сонгуулийн жил байгаа. Сонгууль болох эсэхийг Ерөнхийлөгч ч, УИХ ч мэдэхгүй. Гагцхүү Коронавирус л мэднэ гэж манай сонин бичсэн. Ер нь сонгууль болох уу? Сонгууль тойрсон асуудлаар таны бодлыг хуваалцъя?

Сонгуулийг хойшлуулсан нь дээр байх гэсэн санааг би бичсэн удаа бий. Гэвч сонгуулиа 6 дугаар сардаа хийх бололтой. Аюулт өвчний халдвар тараахгүй, ард иргэдийг эрсдэлд оруулахгүй байх нь чухал.

Сонгуулиас ард иргэд дараах гол зүйлийг хүсч хүлээж байгаа:

-мөнгө амлаж хуурдаг биш, Монгол улсын нийгэм эдийн засгийг ухаалаг бодлогоор хөгжүүлэх мөрийн хөтөлбөртэй, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай улс төрийн нам УИХ, Засгийн газрыг бүрдүүлээсэй,

-мөнгөний хүчээр санал цуглуулсан хүмүүс биш мэдлэг боловсролтой, улс нийгмийг хөгжүүлэх сэтгэл чадвартай, шударга залуучууд төрийн эрх барих албанд ихэнх болж сонгогдоосой,

-УИХ, Засгийн газар, Шүүх засалалд ард түмний хяналт бодитой байгаасай.

Цаашид ер нь Монголын эдийн засаг хөгжил дэвшлийг та хэрхэн төсөөлж байна? Наад зах нь манайх нефтийн үйлдвэрээ ашиглалтад оруулах уу гээд л олон зүйл байна...?

Улс тооцоо судалгаанд үндэслэж боловсруулсан хөгжлийн бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээний төлөвлөгөөтэй байх ёстой. Засаг төр Алсыг харсан хөгжлийн бодлогоо байнга боловсронгуй болгож, техник эдийн засгийн үндэслэлээр өндөр үр ашиг өгөх нь баталгаажсан төслийг сонгож эхний ээлжинд ажил болгодог, хууль санаачилдаг, гаргасан хууль журмаа биелүүлдэг байвал улс амжилттай хөгжинө. Иргэд, айл өрх бүр амьдралаа төлөвлөж авч явахыг хичээдэг. Төр ба иргэдийн хүсэл хүчин чармайлт нэг чиглэлд зүглэж байвал улс нийгэм амжилттай хөгжих нөхцөл бүрддэг.

Одоогийн Засгийн газрын боловсруулж байгаа “Алсын хараа 2050” хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан хөгжлийн түвшиний зорилтууд урьдынхаас илүү үндэслэл тооцоотой санагдсан. Дэвшүүлсэн зорилтоо ямар төсөл арга хэмжээгээр биелүүлэхийг нарийн төлөвлөж, сахилга хариуцлагаа дээшлүүлж ажиллавал манай улс ойрын гучин жилд хөгжлөөрөө өндөр хөгжилтэй улсуудад дөхөх нь эргэлзээгүй.

Өнгөрсөн гучин жилд Анх боловсруулсан хөгжлийн үзэл баримтлалаар нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2020 онд 15 мянган долларт хүргэхээр, Хоёр дахь үзэл баримтлалаар 2030 онд 17 мянган долларт хүрэхээр эдийн засгийг өсгөх зорилт дэвшүүлж байсан боловч хэрэгжээгүй. Энэ үзүүлэлт 2019 оны гүйцэтгэлээр 4200 орчим доллар байгаа. Одоогийн үзэл баримтлалаар 2050 онд 15 мянган долларт хүргэх зорилго дэвшүүлж байна. Өнгөрсөн гучин жилд Монголд улс нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан яам байсангүй. Тогтвортой зохих хурдаар хөгжөөгүй, үзэл баримтлал байвч хэрэгжиж байгаагүй нь хариуцсан эзэнгүй байсантай холбоотой. Одоо энэ чухал асуудлыг хариуцах яамаа байгуулахаар шийдэж байгаа нь сайн.

“Алсын хараа 2050“ хөгжлийн үзэл баримтлалын боловсруулалтын чанар, түүнийг хэрэгжүүлэх ажилд бас л урьдын дутагдал давтагдах эрсдэл байгаа. Тийм учраас би дараах хоёр үндсэн саналыг УИХ, Засгийн газрын удирдлагад бичиж өгсөн: 1. Үзэл баримтлалын одоогийн төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийг хариуцах яамаа бий болгож, тэнднарийвчилж боловсруулсны дараа батлах. 2. Үзэл баримтлалын шинэ төсөлд тусгагдсан 2025 оны үндсэн зорилтууд, тухайлбал ДНБ, Ажиллагсад, Дундаж цалин, Экспортын 2025 онд хүрсэн байх үзүүлэлтийг батлаад УИХ-ын энэ оны сонгуульд оролцох улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тэдгээр зорилтыг биелүүлэх арга хэмжээг тусгасан байхыг шаардах.Ийм хоёр тодорхой шаардлагыг хэрэгжүүлбэл улс орны хөгжил дэвшлийг зөв төсөөлж, амжилттай хэрэгжүүлэхэд ахиц гарна гэж бодож дээрх саналыг хүргүүлсэн.

Ерэн оноос хойш Монголд нэг үйлдвэр бараг босоогүй. Энэ жил бид яг юу хийв ээ. Улс төрийн хэрүүл хийгээд, намчирхаж талцсаар байгаад таарах шиг боллоо. Ер нь Монголыг үйлдвэрлэлгүй байлгах, ядуу гуйлгачин байлгах гадны бодлого мөнх оршсоор байх шиг...?

Үйлдвэр хөгжүүлэхэд анхаарахгүй байгаа явдал хоцрогдол хүндрэлийн үндсэн шалтгаан гэдэгтэй би санал нэг байна.

Жаргалтай амьдархад ӨВЧИНГҮЙ, ӨРГҮЙ, СЭТГЭЛ ариун ТАЙВАН байхаас өөр юуч хэрэггүй гэсэн үг байдаг. Бодоод байхад үнэхээр өвчингүй эрүүл хүн, ариун сэтгэлээр тайван хөдөлмөрлөж өр тавихгүй бол жаргалтай амьдарна. Энэ нь улсад ч иргэнд ч хамаарна. Эдгээр гурван нөхцөлөөс өвчингүй, ариун сэтгэлтэй байх бол үндсэндээ санааных, харин улс ба иргэдээ өрнөөс салгах асуудлыг шийдэхэд одоо анхаарал төвлөрөхгүй бол болохгүй.

Манай улсын гадаад өр 30 шахам тэрбум доллар, үүнээс Засгийн газрын өр гуравны нэг орчим нь бололтой. Энэ өрийг дарахын тулд валют олох, валют олохын тулд экспортоо нэмэгдүүлэх, экспортоо нэмэгдүүлэхийн тулд үйлдвэр хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Манай улсын экспортын хэмжээ 2019 оны дүнгээр 7,6 тэрбум доллар, урьд оноос дөнгөж 607 сая доллараар өссөн байгаа нь тун хангалтгүй. Одоогийн бүх өрийг дарах хэмжээний валют олоё гэвэл экспортыг 4 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Валютын ийм хуримтлалыг бүрдүүлхэд хугацаа хэрэгтэй. Монгол улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд хуримтлал үүсгэх замаар Засгийн газрын төлөх өрийг 2017-2024 онд буюу 7 жилийн хугацаанд барагдулна гэсэн зорилго дэвшүүлж байсан. Гэвч экспортын бүтээгдэхүүн гаргах үйлдвэр хөгжүүлэхэд хөрөнгө оруулах ажлаа орхигдуулснаас хэрэгжээгүй. Миний баримжаа тооцоогоор зөвхөн малын гаралтай түүхий эдийг боловсруулах их биш хөрөнгө оруулалт шаардах үйлдвэрүүд байгуулах замаар экспортын орлогыг 2-3 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бий. Боловсруулсан тооцоо саналаа ХХААХҮЯ-нд өгсөн байгаа.

“Алсын хараа 2050” хөгжлийн үзэл баримтлалд Экспортыг 2030 онд 25,6 тэрбум долларт хүргэх тооцоо байгаа гэж бичсэн боловч 2024, 2025 он буюу ирэх сонгуулийн жилүүдийн эцэст экспортыг ямар хэмжээнд хүргэх, гадаад өрийг барагдуулахад ямар ахиц гаргасан байх, ямар үйлдвэрүүд байгуулах нь тодорхойгүй байгаа. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Ард иргэд 2050 онд буюу 30 жилийн дараа хүрнэ гэж байгаа зорилтыг сонсоно. Харин ойрын таван жилийн зорилтыг сонирхох төдийгүй, хэрэгжих боломжийг нь ойлгуулбал засаг төрд итгэж үйл ажлыг нь дэмжинэ. Ийм ач холбогдолтой учраас хөгжлийн үзэл баримтлалын 2025, 2030 оны гол зорилтууд, энэ хугацаанд ямар үйлдвэрүүд байгуулах, тэдгээрийн эдийн засгийн үр ашгийн үзүүлэлтүүдийг тодорхой болгохыг хүсээд байгаа юм. Үйлдвэр хөгжүүлж, валютын эх үүсвэр бий болгож, улсын өрийг багасгах бодлого төлөвлөгөө боловсруулсан улс төрийн намд УИХ-ын энэ оны сонгуульд оролцохыг зөвшөөрөх хэрэгтэйг хэлээд байгаа юм.

Монгол улс хөгжилтэй байх эсэхийг монголчууд бид шийднэ.Монголд үйлдвэр хөгжүүлэх, Монголыг өрөнд унагахгүй байх хүч ухаан гадаадад биш дотоодод байгаа. Манай залуучууд чадна. Боломж олгоё, итгэе, зөвлөе.

Д.Содном

2020 – 04 – 28