Ядуурлыг арилгахад ахиц гаргаж чадаагүй эрх баригч намууд хариуцлага хүлээх ёстой
Харамсалтай нь өнгөрсөн гуч шахам жилийн хугацаанд улс нийгмийн хөгжлийн асуудлыг бүрэн хариуцаж ажиллах чадвартай, төлөвшиж хариуцлагажсан, ард түмэнд бүрэн итгэгдэж хүндлэгдсэн улс төрийн нам бий болсонгүй.
Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг та судалсан уу? Өөрчлөлт оруулсан хууль хэр удаан мөрдөгдөх бол?
Монгол улсад 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдаад 28 жил мөрдөгдсөн Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зарим өөрчлөлт орууллаа. Монгол улсын үндсэн хуульд оруулах олон жил ярьсан өөрчлөлтийг амжилттай хийж чадлаа гэж бахархаж байгаа нөхдөд баяр хүргэж байна.
Монгол төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал өөрчлөлт оруулж баталсан, мэдэгтүн, сахихтун хэмээн даяар олноо зарлан тунхагласан энэхүү Үндсэн хууль хэрэгжинэ. Монгол улсын иргэд улсынхаа Үндсэн хуулийг хүндэтгэж сахин хэрэгжүүлэхийн зэрэгцээ улс төр, нийгмийн амьдрал, улс орны хөгжилд нөлөө үзүүлэх өөрчлөлт болж чадсан эсэхийг ажил амьдралтайгаа холбон судалж, улам боловсронгуй болгох арга замын талаар санал солилцож байх болно. Өөрчлөлт оруулсан хууль ямар хугацаанд амжилттай хэрэгжихийг Монголын иргэд мэднэ.
Үндсэн хуульд энэ удаа оруулсан өөрчлөлтийг та хэрхэн харж байгаа вэ?
Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн зарим өөрчлөлт, түүний хэрэгжүүлэлттэй холбогдсон зарим санал надад байгаа.
Миний бодлоор Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгах, улс төрийн намуудыг хариуцлагажуулах чухал асуудал Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд төдийлөн анхаарагдсангүй. Миний хувьд энэ харамсмаар байдаг.
Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын ажил, Шүүх засаглалын үйл ажиллагааг ард түмэн хянадаг байх ёстой, Төр төвтэй засаглал байх ёстой гэдэг боловч өнгөрсөн 28 жилд иргэдийн эдлэх ёстой энэ эрх мэдэл төлөвшөөгүй, хариуцлагажаагүй улс төрийн намын мэдэлд байлаа. Би төлөвшсөн, хариуцлага хүлээж ажиллах чадвартай улс төрийн нам гэдэгт Монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх алсыг харсан ухаалаг бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлдэг, авилга ашиглалыг тэвчдэггүй, өндөр боловсрол чадвартай, шударга удирдагчидтай, улс нийгмийг хөгжүүлсэн амжилтаараа ард түмэндээ хүндэтгэгдсэн улс төрийн намыг хамааруулах ёстой гэж боддог. Харамсалтай нь өнгөрсөн гуч шахам жилийн хугацаанд улс нийгмийн хөгжлийн асуудлыг бүрэн хариуцаж ажиллах чадвартай, төлөвшиж хариуцлагажсан, ард түмэнд бүрэн итгэгдэж хүндлэгдсэн улс төрийн нам бий болсонгүй.Эдийн засаг хурдацтай тогтвортой хөгжсөнгүй, Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын арвин нөөц бололцоог ашиглаж чадсангүй, Гадаадын том хөрөнгө оруулагчдыг Монгол улсын ашиг сонирхолыг хангах нөхцөлөөр ажиллуулах, баялаг бүтээгч үйлдвэрлэгч үндэсний компануудыг дэмжиж хөгжүүлэх чухал асуудлыг олигтой шийдсэнгүй.Эдгээр шалтгаанаар өнгөрсөн олон арван жилд ядуурлыг арилгах үндсэн асуудлаар ахиц гараагүйн хариуцлагыг төрийн эрх барьсан улс төрийн намууд хүлээх ёстой.
Улс төрийн намуудын нэр хүнд уруудсаар байна. Биеээ зас, гэрээ зас тэгээд төрөө зас гэсэн үг байдаг. Одоо цагт манайд улс төрийн намыг засахгүй бол төр засагдахгүй гэдэг тодорхой болжээ. Гэтэл нам засагдахыг хүлээвэл дахин олон жил алдах болоод байна.
Энэ асуудлыг шийдэх ямар санал байна, танд?
Энэ бүхнийг ухаарч Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгаж шийдвэрлэх шаардлага байсан юм. Миний бодлоор парламентыг хоёр танхимтай болгож, сум дүүрэг бүрээс сонгогдсон Ардын Их Хуралтай болгох замаар Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгах асуудлыг шийдэх боломж байгаа.Гэвч Монгол улсын Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн өөрчлөлтөд энэ асуудал анхаарагдсангүй.Монголын ард түмэн засгийн эрхийг мэдэлдээ авах шаардлагаа цаашид улам хурцаар тавих байх.
Үндсэн хуульд энэ удаа оруулсан ямар өөрчлөлт танд илүү таалагдаж байгаа вэ?
Миний бодлоор Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд УИХ улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлж байх онцгой бүрэн эрхтэй байх, Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэсэн шинэ заалтууд орсон нь чухал юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгагдсан Монгол улсыг алсыг харсан бодлогоор хөгжүүлэх эдгээр чухал ач холбогдолтой заалтын хэрэгжүүлэлтийг УИХ хяналтандаа авахгүй орхигдуулж байгаа санагддаг. УИХ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульдаа оруулах өөрчлөлтөө даруй шийдэж, түүндээ УИХ хуралаас баталсан Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн Үзэл баримтлал, түүнд тусгагдсан гол зорилтыг хэрэгжүүлэх үүргийг Засийн газар нь хүлээж ажилладаг байх ёстой. Мөн УИХ-аас баталсан Монгол улсын хөгжлийн Үзэл баримтлалд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг мөрийн хөтөлбөртөө тусгаж боловсруулсан улс төрийн намд УИХ-ын сонгуульд оролцох эрх олгож байх хууль байдаг. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай 2015 оны хуульд энэ асуудал маш тодорхой заагдсан байдаг боловч хэрэгжүүлэхгүй өнгөрсөн. Хууль хэрэгжүүлдэггүй ийм ноцтой зөрчлийг УИХ, хууль хяналтын байгууллагууд хатуу шаардлагаар арилгахгүй бол улс нийгмийг бодлогоор хөгжүүлэх чухал ажил урагшлахгүй.
Монгол улсыг цэгцтэй бодлогоор хөгжүүлдэг болно, энэ зорилгоор хөгжлийн үзэл баримтлал боловсруулж баталлаа гэж байгаа боловч түүнийгээ хэргэжүүлэх ажлыг орхигдуулдаг ноцтой дутагдал даруй засагдахгүй бол төр засагт ард иргэд итгэхгүй, улс орон хөгжихгүй, сахилга дэг журамгүй байдал улам газар авах аюултай.Одоо зарим хүн ““Алсын хараа” нэртэй Үзэл баримтлал чинь судалгаа тооцоогүй мөрөөдлийн жагсаалт, МАН-ын үзэл баримтлал байх, бусад намууд түүнд уялдуулж хөтөлбөр гаргахгүй, тэс ондоо үзэл баримтлал гаргаж ирэх байх“ гэж ярьж байгаа нь үүний илэрхийлэл.
УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох гэж байгаа улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Алсын хараа 2050“ Үзэл баримтлалын 2025 оны гол зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг боловсруулж тусгасан эсэхийг УИХ-ын зүгээс шалгах шаардлага байгаа. Энэ нь манай улс төрийн намуудыг төлөвшүүлэх, хариуцлагажуулахад шийдвэрлэх ач холбогдолтой ажил.
Үндсэн хуульд оруулсан бусад өөрчлөлтүүдэд эргэлзээтэй заалт байна уу?
Зөв болсон эсэхээр эргэлзэж байгаа заалт бий.
Миний бодлоор Үндсэн хуулийн зарим заалтад оруулсан өөрчлөлтөд хоорондоо зөрчилтөй, утга учир нь ойлгогдоход хэцүү зүйл байна.
Тухайлбал: 39.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэсэн шинэ заалт байгаа. Ерөнхий сайдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх энэ өөрчлөлтийг би зөв гэж үздэг. Гэтэл мөн зүйлийн эхний хэсэгт зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ –д мэдүүлэх юм билээ. Мөн 25 дугаар зүйлийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тогтоох өөрчлөх асуудал УИХ-ын онцгой бүрэн эрхэд хадгалагдаж шийдэгдэнэ гэсэн хуучин заалт хэвээрээ байгаа.Ийм зөрчилтөй заалтаас болж Ерөнхий сайдын эрх хариуцлагыг өндөржүүлэх асуудлыгшийдэхэд зөрчилдөөн гарч болзошгүй.
Тухайлбал: 6 дугаар зүйлийн 2-т Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ гэж заажээ. Мөн Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасан байна.
Эдгээр заалтуудтай холбогдуулж зарим асуудал, тухайлбал Газрын хэвлийн баялгийн үр өгөөж, Стратегийн ордын үр өгөөж гэдгийг яаж ойлгох, ямар ялгаатайг тайлбарлахад бэрхшээл гарч болзошгүй. Үр өгөөж гэдгийг зарим хүн борлуулалтын орлого ба бүрэн өртгийн зөрүү гэж тайлбарлаж болох бол өөр хүн баялагийн эсвэл ордын ашиглалтаас гарах бүтээгдэхүүний орлогод хуулийн дагуу оногдуулах татвар хураамж гэж тайлбарлана.Газрын хэвлийн баялагийн үр өгөөжийг 100 хувь баялгийн санд төвлөрүүлэх атал стратегийн ордын баялагийн үр өгөөжийн зарим хэсгийг ард түмэнд өгөхийн утга учир, Эдгээр заалтууд улсын төсвийн эх үүсвэрийн бүрдүүлэлтэд яаж нөлөөлөхийг тооцсон эсэх зэрэг асуудал тодорхой бус байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулахад оролцсон эдийн засагчид, санхүүчид тайлбар өгөх биз.
Тухайлбал: 44.1 дугээр зүйлд Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заажээ. Хуулийн 44.1 дүгээр зүйлд урьд нь Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар тогтоолын төсөл оруулбал УИХ шийдвэрлэнэ гэсэн заалт байсан.Энэ зүйлийн заалтыг ингэж утга агуулгын хувьд өөрчилсөн нь зөв болсон уу гэсэн асуудал гарах байх. Миний ойлголтоор бол хуулийн хуучин заалт дагуу Засгийн газар Төрийн гүйцэтгэх дээд байгууллагын хувьд үйл ажиллагаанд нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг шийдэж өгөх хүсэл гаргавал УИХ шийдэх байсан. Энэ бол төрийн хуулийг хэрэгжүүлж чадна гэж Засгийн газарт итгэж болох эсэхийн тухай асуудал байсан.Гэтэл шинэчилсэнээр бол Ерөнхий сайд зөвхөн улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар шинэ шийдвэр гарсан тухай бүр түүнийг Ерөнхий сайд шийдэж чадна гэдэгт итгэж байна уу гэсэн агуулгаар асуулт тавьж хариу авахтогтоолын төсөл оруулж шийдүүлж байх заалт болсон байгаа. Явцуу хүрээний асуудлын хууль болсон мэт ойлголт төрж байна. Хэллэг зөв эсэхээр хэл бичгийн мэрэгжилтнээс зөвлөмж авах шаардлага байсан байх.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг боловсруулж шийдүүлсэн нөхөд эдгээр асуудлаар зохистой тайлбар гаргавал хуулийн хэрэгжилтэд тус болно.
Монгол улсын 14 дэх Ерөнхий сайд Алтан Чой овогт Думаагийн Содном.
2020 - 06 – 08