Б.Чулуудай: Тансаглал бол дараачийн асуудал
Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайтай уулзлаа. Ерээд оны сүүлээр “Монголын хип хоп урлагийг Азид гаргана” хэмээн нэг хэсэг “манаргаж”, дараа нь Монголын хамгийн анхны хөгжмийн студийн нэг “Сонор рекордс”-ыг тэргүүлж асан Б.Чулуудай өнөөдөр барилгын салбарт бас нэгэн том хөрөнгө оруулалтыг татахаар болжээ.
Б.Чулуудай: Миний хувьд тав тух, тансаглал бол дараачийн асуудал
-Яг одоо бол бизнест амжилт олох гэсэн маш их “өлсгөлөн” л надад байна-
Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайтай уулзлаа. Ерээд оны сүүлээр “Монголын хип хоп урлагийг Азид гаргана” хэмээн нэг хэсэг “манаргаж”, дараа нь Монголын хамгийн анхны хөгжмийн студийн нэг “Сонор рекордс”-ыг тэргүүлж асан Б.Чулуудай өнөөдөр барилгын салбарт бас нэгэн том хөрөнгө оруулалтыг татахаар болжээ.
-За сайн уу, Чулуудай. Сонин юу байна, ажил нь хэр явж байна?
-Дажгүй ээ. Баярлалаа.
-Саяхнаас таныг “Барилгын салбарыг бужигнуулж байна” гэлцэх боллоо. Турк улсаас томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болсноо ч зарлачихлаа. Яаж яваад энэ салбар луу хальтирчихав аа?
-Брокерийн үйл ажиллагаа явуулдаг “Гранд лайн” компанийг хоёр жилийн өмнөөс байгуулаад энэ чиглэлээр ажиллаж байна. Бидний гол үндсэн үйл ажиллагаа бол хөрөнгө оруулалт болон компанийн засаглал, хувьцааны судалгаа хийх. Тиймээс нийслэлийн дахин төлөвлөлтийн асуудлаар НИТХ-аас гарсан шийдвэрийн дагуу судалгаа хийсэний үндсэн дээр 2012 оны арваннэгдүгээр сараас Баянзүрх дүүргийн XII хороо, Амгалангийн хэсгийн дахин төлөвлөлтөд оролцож өрсөлдсөн. Миний санаж байгаагаар 17 компани өрсөлдсөнөөс дөрөв нь шалгарч, энэ дөрвөн компаниас иргэдийн дунд нээлттэй тендер явуулаад манай компани шалгарч бүтээн байгуулалтын ажил хийхээр болсон. Бусад 17 компаниас ялгаатай байж, шалгарч чадсан шалтгаан нь хамгийн нэгдүгээрт, бидний зураг төсөл, архитекторын онцлог шийдэл байсан болов уу.
-Иргэдийн дунд тендер зарлахдаа саналыг нь ямар хэлбэрээр авсан юм бэ? Шалгаруулалтаа яаж явуулсан?
-Хорооны иргэдийг цуглуулж, 12-р хорооны энэ 13 га газарт ийм бүтээн байгуулалт хийнэ гэдэг ажлынхаа үндсэн зураг төслийг танилцуулсан. Иргэд яг сонгууль өгдөгтэй адилаар саналаа өгч, хайрцгийг нээн саналыг нээлттэй тоолсноор манайх шалгарсан.
-Энэ 13 га газарт яг юу, юу барихаар төлөвлөсөн байсан юм бэ? Газар чөлөөлүүлэх асуудлаа яаж шийдэж байна?
-Нэгдүгээрт бид иргэдийн 0,7 га газрыг, газар дээр байгаа бүх хөрөнгийг үнэлье. Тэгээд энэ үнэлгээний дагуу ам метрийнхээ үнийг тохирьё гэдэг зарчмаар оршин суугчидтай хэлэлцээр хийсэн. Ингээд 0,7 га газрыг орон сууцны 120 ам метр талбайгаар тохирсон. Нэлээд сайн тохиролцоо болсон гэж бид бодож байгаа.
-Ойролцоогоор дөрвөн өрөө байр гэсэн үг, тийм үү?
-Тийм. Гэхдээ иргэд өөрсдөө дөрвөн өрөө нэг байр болгож авах уу, 1-2 өрөөтэй 2-3 байр авах уу гэдэг сонголтоо хийж байгаа. Айл бүрийн хэрэгцээ, шаардлага өөр өөр шүү дээ. Хоёрдугаар тохироо маань газраа чөлөөлж өгч байгаа эдгээр айл болон хорооны иргэдэд ажлын байр гаргаж өгөх. Залуу гэр бүл энд олон байгаа шүү дээ. Үүний тулд тэр хүмүүсийг нэгдэл болгон төрийн бус байгууллага маягийн бүтэц бий болгоод бүтээн байгуулалтын ажилдаа оролцуулаад явах юм. Энэ дагуу хүмүүс маань нэгдэж зохион байгуулалтад ороод, нэгжийн ахлагчаа томилоод гэрээ хэлэлцээрээ хийгээд явж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ нь оршин суугаа хороо дүүргийн иргэд нь бүтээн байгуулалтандаа шууд оролцож, ажлын байраар хангагдаж, мөн өөрсдийн амьдрах байрныхаа чанарт хяналт тавих боломжтой болох юм.
-Нийтдээ хэдэн айлын газар дээр хэдэн айлын орон сууцны цогцолбор босох юм бэ?
-Дахин төлөвлөлтөд орсон яг энэ хэсэгт нийт 228 өрх байгаагаас газрын зөвшөөрөлтэй 218 айл байна. Эдгээр айл бараг 100 хувь гэрээгээ хийгээд, газраа чөлөөлөөд явж байгаа. Газрын зөвшөөрөл нь зөрчилтэй зарим нэг айл бий. Тэдний асуудлыг хотын захиргаанд уламжлаад, бичиг баримтын зөрчлийг арилгасных нь дараа гэрээгээ хийхээр ажиллаж байна. Мөн бид энэ айлуудад шинээр баригдах худалдааны төвөөсөө зохих хэмжээний талбайг олгож, ирээдүйд олох ашиг орлогын эх үүсвэрийг нь бий болгож өгье гэж байгаа. Энэ саналыг иргэд маань их нааштай хүлээж авсан. Энэ бүтээн байгуулалт маань зөвхөн орон сууц бус, худалдааны төв, ногоон байгууламж, зам талбай, авто зогсоол, дулаан гараж гээд орчин үеийн орон сууцны хотхоны бүхий л стандартыг хангасан том цогцолбор байх юм. Барилгажих талбай маань бол нийт бүтээн байгуулалт хийх талбайнхаа 50 орчим л хувь. Нэгэнт ийм том цогцолбор байгуулах гэж байгаагийнх зураг төсөв, төлөвлөлтөө ч гэсэн бид нарийн судалгааны үндэслэлтэйгээр маш сайн тооцоолж хийсэн. Залуу гэр бүлүүдийн хувьд тааламжтай, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан, хүүхдэд ээлтэй, сургууль, цэцэрлэг, цагдаа, эмнэлэг гээд бүх асуудлыг шийдсэн цогцолбор барихын тулд зураг төслөө дахин дахин нарийвчилж хийсэн. Тэгсний үндсэн дээр л оршин суугчдын саналыг авч чадсан хэрэг. Нэг талаас бидний хүлээсэн үүрэг, нөгөө талаас компанийн нийгмийн хариуцлагын үүднээс бүхий л шинэ технологи, орчин үеийн дэлхийн стандартын дагуу цогцолбороо байгуулахаар ажиллаж байна.
Эхний ээлжинд 3600 айлын орон сууцны цогцолборын зураг төсөл хийгдээд, хөрөнгө оруулалт нь шийдэгдээд явж байгаа. Цаашдаа энэ хороолол маань улам өргөжин тэлнэ гэсэн зорилттой. Дулаан гараж бол одоо нийслэлчүүдийн хувьд хамгийн их тулгамдсан асуудлын нэг. Үүнийг жишээ нь бид шинэ хорооллын бүх айлд хангалттайгаар шийдэж өгнө. /зураг харуулав/ Барилгажих талбайн доод хэсэг бүхэлдээ дулаан гараж, фитнес, бассейн зэрэг байх шийдлээр зураг төслөө хийсэн. Барилгын нэгдүгээр давхруудыг худалдааны төв болгож, дээр хэлснээр оршин суугчид маань тодорхой хэмжээний талбай аваад үсчин, гоо сайхан ч юм уу, хүнсний дэлгүүр ажиллуулаад ирээдүйн ашиг орлогоо олох боломжтой болох юм.
-Барилгад үнэ гэдэг хамгийн чухал зүйл. Тухайлбал, танай орон сууцны ам метрийн үнэ ямар байх бол?
-Бид хэдийгээр хамгийн өндөр технологийг ашиглаж, өндөр өртөгтэй бүтээн байгуулалт хийж байгаа ч үнийг яаж хамгийн багаар барих вэ гэдгийг хамгийн их бодож байгаа.
-Өнөөдрийн байдлаар орон сууцны нэг ам метрийн үнэ хамгийн багадаа хоёр сая төгрөг гээд бодохоор 0,07 га газрыг 240 сая төгрөгөөр үнэлж авч байна гэсэн үг үү?
-Зөвхөн газар биш, уг газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг ч гэсэн үнэлж байна гэсэн үг.
-Өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал зарлаж, Туркийн талын хөрөнгө оруулагчаа зарласан байсан. Үүний дараа тэгээд хэр их “чих халууцав”. Ийм том хөрөнгө оруулагчийг шүүмжилнэ гэдэг чинь барилгын салбарт өрсөлдөөн их байна аа л гэсэн үг биз дээ?
-Энэ бол миний хувьд их ач холбогдолтой хэвлэлийн бага хурал болсон. Туркийн “216 Yapi” компани энэ салбарт 20 гаруй жил үйл ажиллагаа явуулсан том компани. Тэд манай төсөлтэй танилцаад бидэнд итгэж хамтран ажиллахаар болж, “Энэ бүтээн байгуулалтад оролцох нь бидний хувьд нэр төрийн асуудал” гэж хэлсэн. Тус компани бидний гаргасан зураг төслийн дагуу уг цогцолборыг барих технологийн шинэ шийдлийг хийхэд бидэнд туслана. Турк улс барилгын салбарын бүтээн байгуулалтаараа Хятадын дараа дэлхийд хоёрдугаарт орж байгаа. Тэр тусмаа Европ, барууны технологийг нутагтаа хамгийн их амжилттай нутагшуулж байгаа орон. Энэ ноу хау, бүтээн байгуулалтыг Монголд оруулж ирж байгаадаа бид их олзуурхаж байгаа. Аливаа хөрөнгө оруулагч, бизнес хамтрагч нар сонирхлын зөрчилгүй шударга ажил хөдөлмөрийг нийтээр эрхэмлэдэг. Энэ ч болзлыг би хангаж чадсан учраас биднийг сонгож байгаа.
-Энэ бүх бүтээн байгуулалтыг хийх төслийн нийт хугацаа хэр урт вэ?
-Мэдээж хугацаа шаардлагатай. Энэ хугацааг аль болох наашлуулах, тэгээд өндөр чанартай хийж гүйцэтгэхийн тулд бид туркуудтэй хамтарч ажиллаж байна. Хамгийн боломжит хувилбараар, хамгийн шилдэг технологиор хийхэд 3-4 жилийн хугацаа орно. 2012 оноос эхэлсэн гэж үзвэл эхний барилгууд 2016-2017 онд ашиглалтад орно гэсэн үг. Энэ хугацаанд бид газраа чөлөөлж өгсөн бүх айлд орон сууцны түрээсийн төлбөр төлж байгаа. Одоо туркууд маань зураг төсөл дээр ажиллаад эхэлчихсэн.
-Гэхдээ л Чулуудай гэдэг хүүхэд гэнэт гарч ирээд Туркийн технологи, ноу-хау, бүхэл бүтэн 3000 айлын орон сууц яриад эхлэхээр салбарынхны ч гэсэн шар хөдөлсөн биз. Бат-Үүл юу ч мэдэхгүй хүүхдэд барилгын тендер авч өглөө гэж?
-Энэ хүмүүсийн талаар би янз бүрийн зүйл ярихгүй. Хүмүүс брокерийн компанид барилга барих зөвшөөрөл олгочихлоо гэж хардаад байгаа юм шиг байна лээ. Энэ чинь ганц манай компанийн ажил биш шүү дээ. Тендерт заасан шаардлагын дагуу Монголд 10-аад жил үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Хятадын хамтарсан “Зуншинь” болон “Сайранбулан” гэдэг компанитай хамтран консерциум болон оролцсон, хуулийн дагуу. Энэ тухайгаа ч бид оршин суугчдадаа хамгийн түрүүнд тайлбарлаж танилцуулсан. Гурван компани хамтраад энэ бүтээн байгуулалт дээр ажиллаж байгаа. Түүнээс биш би өөрөө барилгачин болоод, барилга барих гээд байгаа юм биш. “Зуншинь” компанийн барьсан “Blue Мon” цамхагийг нийслэлчүүд хамгийн сайн мэдэх байх.
-Тэгвэл ерөнхийдөө бол Б.Чулуудай гэдэг хүн энэ төслийн удирдагч юм. Мэргэжлийн компаниудын оролцоотойгоор зураг төслийг нь боловсруулаад, хамтрагчдаа олоод, хөрөнгө босгоод энэ ажлыг хийж байгаа юм байна гэж би хувьдаа харж байна. Яг ийм бизнест манайхан нэг их гаршаагүй болохоор эргэлзэх, эсэргүүцэх зүйл мэдээж гарах л байх л даа?
-Зөндөө байгаа. Та өөрөө ч харсан байх. Гэхдээ би үүнд нэг их эмзэглээд байдаггүй. Яагаад гэвэл бид хуулийн дагуу ажилласан. Бидний хийсэн ажлыг хараад иргэд өөрсдөө сонгоод гаргаж ирсэн. Түүнээс биш миний аав гарын үсэг зураад Амгалангийн газрыг надад өгөөгүй. Энэ ажил дээр маш олон компани бие биенийхээ нүдэн дээр, ил тод өрсөлдсөн.
-Өрсөлдсөн компаниудаас бол ямар ч гомдол, маргаан гараагүй биз дээ?
-Гараагүй. Өрсөлдөгчид компаниуд харин ч гар бариад “Танай компани яллаа” гэж хэлсэн.
-Тэгвэл магадгүй жаахан улс төрийн “өнцөг” орчихсон байх л даа. Яагаад Э.Бат-Үүлийн хүүхэд барилга бариад унав гээд?
-Магадгүй л юм. Ардын намынхан л сонин хэвлэлд юм бичүүлээд байдаг юм шиг байна лээ. Аавыг хотын дарга болохоор нь. Гэхдээ яг нөхцөл байдал ямар байсан, яагаад манайх шалгарсан бэ гэдгийг 12 дугаар хорооны 200 гаруй айл өрх бүгдээрээ мэдэж байгаа. Одоо очоод уулзсан ч танд бодит байдлыг хэлээд л өгнө.
-Сарын өмнө Ж.Мөнхбат намынхаа генсект нэр дэвшиж байхдаа “Эрдэнэ баавайн хүү Бат-Үүл баатар танаа” гээд ил захидал нийтлүүлж байсан. Сая ч гэсэн энэ төслөөс болоод аавын тань чих нэлээд халууцах шиг боллоо. Э.Бат-Үүл дарга өөрөө улстөрч хүн болохоор хэл амнаас төвөгшөөдөг ч юм уу, “Чи боль оо" гэхгүй байна уу?
-Манай гэрийнхний хувьд нэг их эмзэглээд байсан зүйл байхгүй л дээ. Гэхдээ аав болиулбал ч болиулъя гэсэн байдлаар иргэдтэй уулзаж үзсэн. Та нар ч гэсэн хэвлэл мэдээллээс харсан л байх. Харин 12-р хорооныхон “Бид энэ компанитай гэрээ байгуулсан. Та битгий оролц оо. Бид бүх нөхцөл байдлыг мэдэж байгаа, гэрээгээ амжилттай дуусгана а. Шаардлагатай бол бид олон нийтэд дуу, хоолойгоо хүргэсэн ч болно” гэсэн.
Бид ч гэсэн өөрсдөө нөхцөл, байдлаа мэдэж байгаа учраас янз бүрийн улстөржүүлсэн асуудалд оролцоод яахав гэж бодоод дуугүй явдаг. Хэнийх нь зөв бэ гэдгийг цаг хугацаа аяндаа харуулах биз. Бид бол гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө л явна, бүтээн байгуулалтаа ч хийх болно.
-Та чинь айлын том байх аа?
-Тийм. Дороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй.
-Аав,хоёр тань 40 мянгатынхаа байранд амьдарч байгаа хэвээрээ юу?
-Тийм ээ. Хэвээрээ.
-Харин та өөрөө?
-Би тусдаа амьдарч байгаа, гэр бүлтэйгээ.
-Ямартай ч аавынхаасаа арай том байранд амьдарч байгаа байх, тийм үү?
-/Инээгээд/ Тийм ээ.
-Яагаад ингэж асуусан бэ гэвэл манай бизнес хийдэг зарим нөхдүүд нэг төслөөс санхүүжилт орж ирэхээр төслөө хэрэгжүүлэхээсээ өмнө юу юугүй өөрсдөө тансаглаад эхэлдэг зуршилтай. Тэр утгаараа ч олон нийтийн зүгээс том мөнгөний дүн сонсохоороо “Энэ мөнгөний хэдийг нь өөрөө халаасалж байгаа бол” гэсэн хардлага тээгээд байдаг?
-Миний хувьд бол яг одоо бол бизнест амжилт олох гэсэн л маш их “өлсгөлөн” л байна. Түүнээс биш тав тух, тансаглал энэ тэр бол дараачийн асуудал.
-Ингэхэд таны бизнесийн туршлага юу билээ? Анх ерээд оноос л “Сонор рекордс” гээд явж байсан...
-Уг нь бол би кино найруулагчийн мэргэжилтэй хүн шүү дээ. Дараа нь Сингапурт бизнесийн менежмэнтээр давхар сурсан. Хар багаасаа л ажил хийсэн дээ. Хэрвээ та санаж байгаа бол 1996 онд ээж маань “Сонор рекордс”-оо байгуулсан.
“Татар” хамтлагийн 2004 оноош хойш продюссерлаад, “Sony” компанитай хамтарч Японы зах зээл дээр анх гаргаж байлаа. “Сонор”-ынхон олон ч хамтлаг, дуучидтай ажилласан. Төмөр замын вокзал дээр өөрөө билетээ зараад л явж байлаа. Дараа нь Сингапурт сурч ирснийхээ дараа хувьцааны бизнес, хөрөнгө оруулалтын зах зээлийг судалж эхэлсэн. “216 Yapi” бол бидний оруулж ирсэн хамгийн том хөрөнгө оруулагч.
-Ингэхэд бизнесийн ухааныг хэнээс өвлөж авсан хүн бэ? Э.Бат-Үүл дарга бол яавч танд зөвлөхгүй байх. Их л “цагаан гартай” хүн шүү дээ?
-/Инээгээд/ Аав бол жинхэнэ улстөрч хүн л дээ. Тиймээс ч хүүхдүүдийнхээ ажилд нэг их оролцоод байдаггүй. Би ч гэсэн түрүүний удаа “Аав аа, энэ бол чөлөөт нийгэм. Хэнбугай ч байсан үзэл бодол, шашин шүтлэг, гарал үүслээсээ үл хамаарч чөлөөтэй бизнес эрхлэх эрхтэй. Та бидэнд энэ нийгмийг байгуулж өгсөн. Тиймээс бидний ажилд битгий саад бол оо” гэдгээ хэлсэн.
-Тэгвэл би ч бас танд амжилт хүсье. Өөрөө ч гэсэн хэлсэн дээ, цаг хугацаа бүгдийг харуулна гэж.
-Баярлалаа.
Nasaa
Аваа
Irgen
З.Цэцэнхүү
З.Цэцэнхүү
Зочин
So chin
Зочин
Зочин
London
ах
utgagui
Зочин
turiin buus
Tod Otgonbayar, London
RAVDAN
RAVDAN
Зочин
Зочин
Зочин
Зочин
Pk
Pk
goe
Зочин
Зочин
Ner
irgen
М.Ариунболд
Зочин
Зочин
Зочин
Лол
Зочин
Зочин
Зочин
Zochin
Zochin
Zochin
Зочин
Zochin
Zochin
Zochin
зочин
Зочин
Зочин
nb
Зочин
Зочин
unshigch
Зочин