Нобелийн шагналт Даниэл Канэманын бүтээл: ТУНГААН БОДОХ УУ, ТҮРГЭН ШИЙДЭХ ҮҮ?
“Цаг заваа сайтар төлөвлөсөн тохиолдолд хүн сэтгэл хангалуун болно. Аль болох дуртай зүйлээ хийх хэрэгтэй.”
Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү?
Даниэл Канэман
Сайн сайхан, элбэг хангалуун
мэдрэмж төрөх нь
Арван таван жилийн өмнө би бээр сайн сайхан, элбэг дэлбэг байдлын тухай судалж эхэлснийхээ дараа сая сая хүмүүс энэхүү ойлголтыг аз жаргалын нэгээхэн хэмжүүр болгон хүлээж авдгийг олж нээсэн юм. Сайн сайхан, элбэг хангалуун амьдралын тухайд “Эргээд харвал та амьдралдаа хэр зэрэг сэтгэл хангалуун явна вэ?” гэж асуухад өнгөрснийг санан дурсдаг би маань хариу хэлдэг бололтой.
Ихээхэн өвдөлт мэдрүүлдэг эмчилгээний аргыг судалж, гараа усанд дүрдэг туршилт хийснээр хүмүүс өнгөрснийг санан дурсахдаа алддаг болохыг олж мэдсэнийхээ дараа би дээрх сэдвийг сонирхож эхэлсэн тул амьдралдаа сэтгэл хангалуун байх нь түүний сайн сайхан, элбэг дэлбэг болохын бүрэн дүүрэн илэрхийлэл болно гэдэгт эргэлзэж билээ. Миний хийсэн туршилтын үеэр өнгөрснийг санан дурсдаг би оновчтой хариу өгч чадаагүй учраас амьдралын сайн сайхныг өдгөөг мэдэрдэг би-гээр дүгнүүлэх гэж хүссэн юм. Хэлэн гурван сард их жаргалтай байсан гэж хэлбэл тухайн үед эмэгтэй дуртай ажлаа хийж, дургүйг нь хүргэдэг нөхцөл байдалтай тэр бүр учраагүй, баярлаа ч үгүй, гуниглаа ч үгүй өнгөрөөсөн хугацаа нь тийм ч их биш гэсэн утга агуулгатай байна.
Бие сэтгэлийн хувьд таатай мэдрэмж төрүүлдэг маш олон үйл хөдлөл бий. Эдгээр үйл хөдлөлийг бид үргэлжлүүлэн хийхийг хүсдэг. Хэлэний хувьд онгод нь орсон үйл хэрэгтээ шамдах нь түүнийг жаргалтай, сэтгэл хангалуун болгох нь мэдээж. Уран бүтээлч хүмүүс зохиол бүтээлээ туурвихад, кино үзэж, ном уншиж, эс бөгөөс үгийн сүлжээ бөглөж байхад хүмүүсийн онгод орох нь бий. Иймэрхүү үйлдлээ бид үргэлжлүүлэн хийхийг хүсдэг. Түүнээс гадна би жаргалтай хүүхэд насаа эргэн дурсах дуртай. Ээж маань намайг тоглож байхад дагуулаад гадаа гарахад би жигтэйхэн дүргүйцдэгсэн. Дараа нь харих цаг болоход гулгуураар гулсах боломжгүй болсондоо мөн л муухай аашилна. Аливаа үйлдлийг хүчээр зогсооход бид дургүйцэж байвал тухайн үедээ жаргалтай, сайхан байсан гэсэн үг.
Би Хэлэний амьдралыг ихээхэн өвдөлт мэдрүүлдэг эмчилгээний арга барилыг дүгнэсэнтэй ижил аргаар буюу тухайн үед мэдэрсэн мэдрэмжээр дүгнэсэн юм. Эжвортын гедониметрийн аргаар хэмжилт хийхдээ эхэндээ Хэлэний ой ухааныг бие сэтгэлийн бодит мэдрэмжээ тэр бүр дамжуулж чаддаггүй баталгаагүй гэрч мэтээр авч үзлээ. Хэдийгээр ингэж үзэх нь хэтэрхий радикал маягтай байсан ч судалгааны эхлэл ийн тавигдаж билээ.
Мэдрэгдэж буй амар тайван байдал
Сэтгэл судлаач гурван эрдэмтэн, нэг эдийн засагчаас бүрдсэн судалгааны багийнхан маань өдгөө мэдрэгдэж буй амар тайван байдлыг судалж эхэлсэн юм. Тэгтэл судалгааны явцад байнга тэмдэглэл хөтлөх нь боломжгүй болж таарлаа. Хүн юу мэдэрч буйгаа цаг үргэлж мэдээлж байгаа нөхцөлд амар тайван амьдрах боломжгүй ажээ. Ингээд Михайи Чиксэнтмихайигийн боловсруулсан мэдрэмжээ сорчилж ангилах аргачлалаар судалгаа хийх боллоо. Эхний үеийнхтэй харьцуулбал өдгөө техник технологи хөгжөөд, хүний мэдрэмжийг гар утсаар нь тэмдэглэж эхэлжээ. Төрөл бүрийн асуултууд харилцан адилгүй давтамжтайгаар гар утасны дэлгэц дээр үүсэхэд гар утас дохио өгч, эсвэл чичирнэ. Туршилтад оролцож буй хүн одоо юу хийж байна, хажууд нь хэн байна гэх мэт асуултад хариулж, баяр хөөр, уур унтуу, гуниг гутрал, өвчин зовлонгоо тодорхой хэмжүүрээр илэрхийлнэ.
Энэ нь цаг хугацаа шаардсан, зардал ихтэй арга барил л даа (гэхдээ асуултад хариулахад төдийлөн цаг алдаад байх юмгүй). Тиймээс бид өдөр болж өнгөрсөн үйл явдлаа сэргээн санах нэртэй өөр нэгэн арга барил боловсруулсан юм. Ингэснээр мэдрэмжээ сорчилж ангилах арга барилтай адилавтар үр дүнд хүрч, хүмүүс өдөртөө юу хийж өнгөрөөдөг талаар илүү мэдээлэлтэй болно гэж найдаж байлаа. Эхний туршилтдаа бид зөвхөн эмэгтэйчүүдийг хамруулав. Бүсгүйчүүдтэй хоёр цаг ярилцахдаа тухайн өдөр болж өнгөрсөн үйл явдлуудыг нь кино лугаа адил хэд хэдэн үзэгдэл болгон яриулж, асуулт тавив. Тэд бусдаас илүү анхаарал хандуулсан үйл хөдлөлөө онцолж, хэн хэнтэй уулзсанаа хэлээд, ерөнхийдөө энэ өдөр ямар мэдрэмж төрсөнөө 0-6 оноогоор илэрхийллээ (0 бол ямар нэгэн мэдрэмж төрөөгүй, 6 бол ихэд догдолсон, баярласан, эсвэл гуньсан г.м.). Бид өнгөрсөн үйл явдлыг эргэн дурсаж байгаа хүн тухайн үед мэдэрсэн бүхнээ тэр чигт нь эргэн дурсах боломжтой гэж үзсэн юм.
Эмэгтэйчүүд тэр өдөр болж өнгөрсөн гол үйл явдлын үеэр юу мэдэрсэнээ тодорхой заана гэдэгт бид итгэж байв. Үнэндээ ч энэ арга барил маань мэдрэмжээ сорчилж ангилах арга барилтай тун адилхан үр дүн өглөө. Бүсгүйчүүд маань тухайн үйл явдал хэдийд эхэлж, хэдийд өндөрлөснийг нарийн хэлж байсан тул ямар нэгэн мэдрэмж хэзээ үүсээд, хэзээ замхарсныг тогтоох бүрэн боломжтой болж билээ. Тэгэхэд удаан үргэлжилсэн үйл явдлын үеэр илүү их сэтгэл хөдөлж байсан нь ажиглагдав. Үүний зэрэгцээ тэдгээр эмэгтэйгээс амьдралдаа хэр хангалуун явааг нь асуулаа. Бид энэ маягаар АНУ, Франц, Данийн хэдэн мянган эмэгтэйг судалж, хэр зэрэг хангалуун явааг нь тогтоосон юм.
Тухайн үед мэдэрсэн мэдрэмжээ тодорхой нэг оноогоор илэрхийлэхэд хэцүү л дээ. Таатай мэдрэмж нь хайр дурлал, бишрэл хүндлэл, сонирхол шохоорхол, итгэл найдвар, баяр хөөр гээд олон янзаар илрэх боломжтой бол таагүй нь уурлаж уцаарлах, ичиж зовох, ядарч цуцах, ганцаардаж гиюүрэх зэргээр илэрнэ. Таатай, таагүй мэдрэмж зэрэг төрж болох ч, ерөнхийдөө тухайн мөчийг аятай, аягүйгээр нь ялгах боломжтой юм. Тухайн үед ямар мэдрэмж давамгайлж байснаар нь тэр мөчийг тодорхойлно. Таагүй мэдрэмж давамгайлж байвал тэр үеийг таагүй үе гэнэ. Америк эмэгтэйчүүдэд өдрийн 19 хувьд нь таагүй мэдрэмж төрдөг бол франц эмэгтэйчүүдийн хувьд энэ хэмжээ дунджаар 16 хувь, харин дани эмэгтэйчүүдийн хувьд 14 хувьтай тэнцэх ажээ.
Таагүй мэдрэмж төрдөг хугацааг бид U индекс гэж нэрлэсэн юм. Сэрүүн байдаг 16 цагийнхаа 4 цагийг нь таагүй өнгөрүүлдэг хүний U индекс нь 25 хувьтай тэнцэнэ. Энэ индексийг цаг хугацаатай уялдуулан тооцдог. Тиймээс энэ нь оноогоор тооцсон индекстэй харьцуулахад харьцангуй давуу талтай. Хүн амын дундаж U индекс 20 байснаа 18 болж буурвал ард иргэдийн таагүй нөхцөл байдалд өнгөрүүлдэг цаг хугацаа аравны нэгээр буурчээ гэсэн үг.
Туршилтад оролцсон хүмүүсийн тал хувь нь өдрийн турш гуниж гутраагүй хэмээн хариулсан боловч багахан хэсэг нь тухайн өдөр ерөнхийдөө таатай мэдрэмж төрсөн удаагүй гэж хэлсэн нь сонирхол татлаа. Хүн амын багахан хэсэг нь бие сэтгэлийн хувьд ихээхэн зовиуртай явдаг нь тэдний ааш зан, аз хийморь, эс бөгөөс хувийн асуудлуудтай холбоотой буй заа.
Төрөл бүрийн ажил эрхэлдэг хүмүүсийн U индексийг ажилдаа явах замдаа, ажлын цагаар хэдий хугацаанд гутардгаар нь тооцоолох боломжтой. Түүнчлэн эцэг эх, хань ижил, үр хүүхдүүдтэйгээ харилцахдаа хэр зэрэг түгшүүртэй байдгийг мөн тооцоолж болно. Америкийн Дундад дорнын бүсийн хот суурингуудад аж төрдөг бүсгүйчүүдийн хувьд ажилдаа явах замд U индекс 29 хувьтай, ажиллах үед 27 хувьтай, хүүхдүүдээ асарч халамжлахад 24 хувьтай, гэрийн ажил хийхэд 18 хувьтай, бусадтай харилцахад 12 хувьтай, телевизийн нэвтрүүлэг үзэхэд мөн 12 хувьтай, секс хийхэд 5 хувьтай тэнцжээ. Ажлын өдрүүдэд энэхүү индекс дунджаар
6 хувиар илүү байна. Амралтын өдөр хүмүүс дуртай зүйлээ хийж, эцэж цуцах нь бага тул U индексийн үзүүлэлт үүнийг дагаад буурдаг. Америк бүсгүйчүүд хүүхдүүдтэйгээ харилцахдаа гэрийн ажил хийснээс бага таашаал эдэлдэг нь гайхаш төрүүлнэ. Харин франц бүсгүйчүүд хүүхдүүдтэйгээ богино хугацаанд хамт байдаг ч илүү таашаал эдэлдэг ажээ. Францад хүүхдэд зориулсан олон тооны байгууллага байдаг бөгөөд оройн цагаар төрөл бүрийн хичээл сургуульд хүүхдээ зөөх шаардлагагүй байдаг нь үүнд нөлөөлөө биз ээ.
Ер нь хүн тухайн үед юу мэдэрч байгаа нь түүний зан ааш, амьдралдаа хэр зэрэг хангалуун явдгаас шууд хамааралтай. Гэхдээ бие сэтгэл гэдэг өдөр хоног өнгөрөхийн хэрээр ихээхэн өөрчлөгдөнө. Одоо юу мэдэрч байгаа нь үндсэндээ тухайн нөхцөлтэй холбоо хамааралтай юм. Ажиллах үеийн сэтгэл ханамж албан тушаал, давуу эрх зэрэг хүчин зүйлээс тэр бүр шалтгаалаад байдаггүй. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ харилцах боломж, орчин тойрны дуу чимээ, ажлын ачаалал (энэ нь бие сэтгэлд маш их нөлөөлдөг хүчин зүйл юм), дарга даамал байнга дэргэд байх нь (эхний судалгааны үеэр дарга дэргэд байдаг хүчин зүйл л ганцаардахаас доогуурт орсон юм) ажилтанд ихээхэн нөлөөлдөг ажээ. Хамгийн гол нь анхаарал төвлөрөх хүчин зүйл ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Бидний сэтгэл ханамж хийж буй үйлдэл, хүрээлэн буй орчноос хамааралтай. Заримдаа одоогийн байдлаа анзааралгүй, тогтсон үзэл бодолдоо цаламдуулж, сэтгэл хөдлөх нь бий. Дурлалдаа шатаж явахад замдаа түгжирсэн ч жаргалтай байна. Шаналсан үедээ инээдмийн жүжиг үзсэн ч гунигтай хэвээр үлдэнэ. Гэхдээ ажил төрөлдөө бүхий л анхаарлаа төвлөрүүлж байвал тухайн үеийн сэтгэл ханамждаа хөтлөгдөх нь элбэг юм. Жишээ нь, хоол идэхдээ сэтгэл ханамжтай байхыг хүсвэл юу идэж байгаагаа анхаарах нь чухал ажээ. Америк, франц эмэгтэйчүүд ижилхэн хугацаанд хооллож ундалдаг ч франц бүсгүйчүүд хоол ундандаа хоёр дахин илүү анхаарал хандуулдаг нь тодорхой болсон юм. Америк бүсгүйчүүд хооллох зуураа өөр үйлдэл хийх нь олонтаа. Тийм ч учраас хооллох үйл явцдаа төдийлөн сэтгэл ханамжтай байдаггүй.
Манай туршилтын үр дүн хувь хүн төдийгүй нийгэмд хамаатай билээ. Цаг хугацааг юунд зарцуулахаа бид шийдэх боломжтой. Хүн болгон өөрийгөө баясгаж хөөргөж чадахгүй. Гэхдээ зарим нь ажилдаа явах хугацаагаа богиносгож, аль болох аятай таатай хүмүүстэй харилцаж, дуртай зүйлээ хийх боломж бололцоотой. Идэвхгүй амрахын оронд (жишээ нь, зурагт үзэх г.м.) идэвхтэй хөдөлбөл (спортоор хичээллэж, найз нөхөдтэйгөө хөгжилдөх г.м.) сэтгэл сэргэдэг нь тогтоогджээ. Нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг сайжруулах, ажил эрхэлж буй эхчүүдэд зориулсан хүүхдийн үйлчилгээг өргөжүүлэх, өндөр настнуудыг өөр хооронд нь харилцахад дөхөм арга хэмжээ авахад нийгмийн U индекс буурдаг аж. U индексийг ганцхан хувиар бууруулахад ард иргэдийн өдий төдий зовлон шаналал нимгэрэх боломжтой. Ард иргэд цаг хугацаагаа хэрхэн ашиглаж буй хийгээд тэд хэр зэрэг сэтгэл ханамжтай явдгийг олон улсын түвшинд хамтарч судалснаар нийгэмд чиглэсэн цогц бодлогыг сайжруулахад ихээхэн түлхэц болно. Манай багийн эдийн засагч Алан Крюгэр үндэсний статистик тоо баримтад уг арга барилыг хэрэгжүүлэхийг сурталчлах албаны ахлагч болсон юм.
Өдгөө АНУ, Канад болон Европын орнуудад сэтгэл ханамжийн байдлыг маш өргөн хүрээнд судлах болжээ. Гэллапын олон улсын судалгаанд АНУ болон 150 гаруй орны сая сая иргэд хамрагдав. Судалгаанд оролцсон хүн өөрт төрсөн мэдрэмжээ илэрхийлэх ёстой ажээ. Энэ нь өдөр болж өнгөрсөн үйл явдлаа сэргээн санах аргачлалтай харьцуулахад тэгтлээ дэлгэрэнгүй аргачлал биш ч гэлээ үр дүнд нь тухайн нөхцөл байдал, физик ахуй, нийгмийн харилцаа зэрэг нь сэтгэл ханамжид хэрхэн нөлөөлдгийг тогтоож чадлаа. Толгой нь өвдсөн хүн зовлонтой болдог нь мэдэгдэхэд бид учиргүй гайхсангүй. Найз нөхөд, хамаатан саднуудтайгаа хэрхэн харилцаж байгаа нь сэтгэлийн таашаал эдлэхэд шууд нөлөөлнө. Хайрлаж хүндэлдэг хүмүүстэйгээ хамт байх нь жаргал юм гэж хэлбэл дэгсдүүлсэн хэрэг болохгүй.
Гэллапын санал асуулгын үр дүнд хүмүүс амьдралдаа хэр зэрэг сэтгэл хангалуун явдаг хийгээд сэтгэл хангалуун байхыг ерөнхийд нь хэрхэн ойлгодог тухай хоёр хүчин зүйл тодорхой болов.
Уг асуулгад Кэнтрилийн аз жаргалын шат хэмээх асуулт байдаг (амьдралд эзлэх өөрийн байр сууриа дүгнэх тухай асуулт).
Та 0-10 гэсэн дугаар бүхий гишгүүртэй шат байна гэж төсөөлөөрэй. Хамгийн дээд талын гишгүүр бол таны хувьд байж болох дээд ахуй, хамгийн доод гишгүүр нь байж болохуйц хамгийн дорой байдлыг илэрхийлнэ. Тэгвэл та яг одоо хэд дэх гишгүүр дээр байна вэ?
Бие сэтгэл гэхээс илүүтэй амьдралын зарим нэг ахуй орчин эцсийн дүгнэлт хийхэд маш их нөлөөлдөг. Жишээлбэл, дээд боловсролтой хүн амьдралын байж болох түвшнээ дээгүүр төсөөлөх нь мэдээж. Гэхдээ бие сэтгэл нь тухайн түвшинд төдийлөн таатай байх албагүй. АНУ-д үнэн хэрэгтээ боловсрол сайтай хүмүүс стресст орлоо гэж өгүүлэх нь олонтаа. Харин нөгөө талаас аваад үзвэл бие султай байх нь сэтгэл ханамжид нөлөөлдөг байна. Гэхдээ энэ хүчин зүйл амьдралаа хэрхэн дүгнэж байгаад тэгтлээ нөлөөлдөггүй ажээ. Түүнчлэн хүүхдүүд өдөр тутмын сэтгэл ханамжид багагүй нөлөөлнө (эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцахдаа бухимддаг гэж хэлэх нь хэвийн үзэгдэл болжээ). Гэлээ гээд амьдралаа ерөнхийд нь дүгнэхэд энэ хүчин зүйл төдийлөн нөлөөлдөггүй. Амьдралаа дүгнэхэд шүтлэгтэй байх нь багахан нөлөөтэй ч аливааг эерэгээр харж, стрессээ бууруулахад шашин шүтлэг нь таатайгаар нөлөөлдөг. Гэхдээ итгэл үнэмшил маань сэтгэл гутралаа багасгаж, тайван амгалан болоход тийм ч их нөлөөлдөггүй нь тодорхой болсон юм.
Мянган америк хүний дунд эрүүл мэнд, сэтгэл ханамжийн тухай явуулсан Гэллапын асуулгаар нийтдээ 450 000 анкет цугларчээ. Үүний үр дүнд мөнгө аз жаргал авчирдаг уу гэсэн асуултад тодорхой хариулж чадлаа. Ядуу хүн зол жаргалгүй байдаг. Харин эд хөрөнгөтэй хүн амьдралаас илүүтэй таашаал мэдрэх ч, тэглээ гээд сэтгэл ханамж нь өсөн нэмэгддэггүй.
Амьдралын боломжгүй хүн бусад бэрхшээлийг ч даван туулахдаа сөхөрнө. Ядуу хүмүүс өвдсөн ч чинээлэг хүнтэй харьцуулахад хүнд өвддөг болох нь батлагдсан юм. Хангалуун амьдралтай хүмүүсийн хувьд толгой өвдвөл 19-38 хувьд нь уй гуниг төрж, сэтгэл түгшдэг бол ядуу хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 38-70 хувьтай байна. Амьдралын түвшин доогуур хүмүүс салж, ганцаардахдаа ч харилцан адилгүй ханддаг. Амралтын өдрөөрөө ч баясч цэнгэх нь бага.
Амьдралын өртөг ихтэй бүсэд оршин суудаг хүмүүсийн хувьд жилийн орлого 75 000 доллараас их болсон тохиолдолд сэтгэл ханамж нэмэгддэггүй болох нь тодорхой боллоо. Гэтэл амьдралын өртөг багатай бүсэд сэтгэл ханамж өсөн нэмэгдсээр байна. Уг нь орлого нэмэгдэх тусам сайхан газар орноор амарч зугаалах боломж нэмэгдээд, ахуй орчин сайжирч, таашаал эдлэх нь илүү болох ёстой доо. Сэтгэл ханамжийг тогтооход эдгээр нэмэлт хүчин зүйл тусгалаа олоогүй нь ямар учиртай вэ? Орлого өсөхөд хүн бага сага зүйлээс таашаал авахаа больдгоор л үүнийг тайлбарлах боломжтой. Оюутнуудыг өөрсдийгөө чинээлэг хэмээн төсөөл гээд шоколад өгөхөд тэд чинээлэг хэмээх ухагдахуунд баригдсаны улмаас шоколадаа идэхдээ тэгтлээ шимтэж шунаагүйг туршилтаар баталсан юм.
Ашиг орлого нь мэдрэгдэж буй сэтгэл ханамж хийгээд амьдралдаа хэр зэрэг сэтгэл хангалуун явахад харилцан адилгүй нөлөөлдөг. Ихээхэн хэмжээний орлого хэдийгээр сайн сайхныг мэдрэхэд саад тотгор болж болох ч сэтгэл хангалуун явахад эерэгээр нөлөөлнө. Хүн өөрийнхөө амьдралыг хэрхэн дүгнэж байгаа нь түүний сэтгэл ханамжтай холбоотой ч энэ хоёр үзүүлэлт өөр хоорондоо ялгаатай байж болно. Амьдралдаа сэтгэл хангалуун байх нь сайн сайхан байдлыг мадаггүй илэрхийлэх хүчин зүйл болдоггүй. Хэдэн жилийн өмнө би энэ хоёр хүчин зүйлийг эн тэнцүү гэж үзэж явлаа. Гэвч үнэндээ эдгээр нь тус тусдаа ойлголт болох нь тодорхой болсон юм.
Сэтгэл ханамжийн тухай
жишээ татах нь
“Бид хүний зовлонг нимгэлэхийн төлөө л зорьж ажиллах ёстой. Нийгмийн U индексийг бууруулахын төлөө зүтгээд л байна. Ингэхдээ хамгийн гол нь сэтгэл гутрал, ядуу зүдүү байдалтай тэмцэх учиртай.”
“Цаг заваа сайтар төлөвлөсөн тохиолдолд хүн сэтгэл хангалуун болно. Аль болох дуртай зүйлээ хийх хэрэгтэй.”
“Таны орлого тодорхой хэмжээгээр нэмэгдсэн тохиолдолд аятай таатай мэдрэмж худалдаж авах боломж бололцоо тань нэмэгдэх ч аахар шаахар зүйлд тэгтлээ баясч хөөрөхөө болих вий.”
НЭПКО хэвлэлийн газар