Ёс зүй & ёозгүй
Англид хатан хааны гэр бүлийнхэн эмчлүүлдэг эмнэлгийн сувилагч бүсгүй амиа алдсан дуулиан дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Дэлхий дээр өдөрт хүмүүс хэдэн зуугаараа хорвоог орхидог ч сувилагч эмэгтэйн үхэл өнөөдрийн нийгмийн байдлыг, худал хуурмагыг бас хүн чанарын чавхдсыг хөндсөн учраас ингэтэл яригдаж бичигдэж байгаа биз ээ.
Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр Кэмбрижийн гүнгийн ахайтан Кэйт Мидллтоныг хөл хүнд болсон талаар мэдээлэл гарч, түүний араас хүүхдийн хүйс нь ямар байх талаар таамаг дэвшүүлж, нүүрний дүр төрх нь ийм байна гэсэн төсөөлөл гаргаж, хөл хүнд эхийн хордлого зэргийг бичиж ерөөсөө л нэг хэсэгтээ энэ мэдээллээр өвчилсөн юм. Английн хатан хаан, түүний угсаа залгамжлагчдын тухай мэдээлэл англичуудын анхаарлыг мөнхөд татдаг энэхүү байдал дэлхийн олон нийтэд ч халдварлаад удаж байгаа билээ.
Австралийн нэгэн фм радиогийн хоёр хөтлөгч Кэйт Мидллтон гүнжийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг рүү утасдан, сувилагчтай нь холбогдсон бөгөөд өөрсдийгөө хатан хаан болон угсаа залгамжлагч хунтайж Чарльз хэмээн хэлээд бэр бүсгүйнхээ биеийн байдал ямар байгаа талаар асуужээ. Харин эрхэм дээдэстэй ярьж байна гэдэгт итгэсэн сувилагч эмэгтэй жирэмсний эрт үеийн хордлоготой байгаа, өглөө сэрэхэд дотор муухайрч бөөлжис нь цутгаж байгаа гээд нэг нэгэнгүй мэдээлж орхисон аж. Гэтэл өнөөх бичлэг нь хальсанд бичигдэж, удалгүй бүх дэлхийгээр тархах нь тэр. Энэ бол арванхоёрдугаар сарын 4-ний өглөө болсон хэрэг. Энэтхэг гаралтай, католик шашинтай сувилагч эмэгтэй Жасинта Салдана 46 настай нэгэн аж. Тэрбээр хамт ажилладаг сувилагч нь хатан хаан залгаж байна гэж утасны харилцуурыг өгөхөд шууд л юу, юугүй бүгдийг нь тоочиж орхисон хэрэг. Харин сенсацийн хойноос хөөцөлдөж буй залуу хөтлөгч нар эмнэлэгийнхэнтэй ярьж чадна гэж найдаагүй ч хэд хэдэн удаа оролдлого хийж тав дахь удаадаа холбогдож чадсандаа бөөн баяр болжээ. Тэгээд өөрсдийгөө хатан хаан, хунтайж Чарльз гэж танилцуулаад дуу хоолойгоо өөрчлөн ярьж улмаар шинэхэн мэдээ авч чадсандаа бөөн баяр болж байсан нь дамжиггүй. Харин мэдээлэл алдсандаа шаналсан сувилагч эмэгтэй амиа хорлосон байлаа. Түүнийг эмнэлгийнхээ ойролцоохь ажилтнууд байрладаг байрны нэгэн өрөөнөөс дүүжлэгдэн амиа алдсан байхыг өнгөрсөн баасан гаригийн өглөө олсон юм. Энэ мэдээлэл тарсны дараа түүнийг хорлогдсон байж болзошгүй гэсэн яриа гарч байсан ч зурвас олсноор амиа хорлосныг нь тогтоогоод байгаа. Одоо эмнэлгийн зүгээс дарамталсан эсэх, өөр шалтгаан байсан зэргийг нь тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байгаа гэсэн. Хүү, охин, эдийн засагч нөхрийн хамт амьдардаг энэ эмэгтэйд болж өнгөрсөн үйл явдал ингэж хүнд тусчээ. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун “Тэр үнэхээр ажил мэргэжилдээ үнэнч, ажилдаа дуртай, өвчтөнийхөө эрүүл мэндийн төлөө сэтгэлээ зориулж ажилладаг нэгэн байжээ. Болж өнгөрсөн энэ бүхэн үнэхээр эмгэнэлтэй явдал боллоо. Бидэнд том сургамж болов” гэсэн байна лээ. Үнэхээр ч энэ явдал хэн хүнгүй бүгдэд том сургамж өгөхөөр байгаа юм. Одоогийн байдлаар Жасинта Салданагийн нөхөр ноён Барбозад тус радиогоос 500 мянган австрали доллар буюу 524 мянган ам.доллар өгөхөөр болжээ. Үүнийг нь олон нийт бага байна хэмээн шүүмжилж байгаа бөгөөд хүний амийн төлөөсөнд юу ч биш гэж байгаа юм. Энэ нь манайхаар 730 гаруй сая төгрөг л дөө. Харин Монголд бол төр нь хүнийхээ амийн төлөөсөнд 50 сая төгрөг л өгдөг. Долдугаар сарын 1-нд амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд 50 сая төгрөг өгч байсан хамгийн сүүлд Дорнодод түймэр унтрааж яваад амиа алдсан алба хаагчдад дөчөөд саяыг өгсөн ч бил үү. Хүний амь насыг үнэлж байгаа үнэлэмжүүд нэг иймэрхүү. Гэхдээ энэ сэдэв дээр уг асуудал гол зүйл биш. Хамгийн гол нь хүмүүст мэдээлэл түгээх ажил чухал ч, тэр бүхний цаана хүний амь, амьдрал нэр төрөөс эхлээд олон зүйл байдгийг сэтгүүлч нар ойлгох ёстойг сувилагч бүсгүй амиараа ойлгуулж өгсөн нь чухал юм.
Өсвөр насны хоёр хүүхдээ өнчрүүлэн, ханиа бэлэвсрүүлж амиа егүүтгэхэд эх хүнээс төсөөлөшгүй их зориг гарч таарна аа даа. Гэхдээ тэр эмэгтэй олон түмний хараан дунд, хязгаарлаж баршгүй хэл амны дунд анхны үрээ тээж, эх болох жаргал зовлон дундуур туучиж яваа Кэйт бүсгүйн хувийн нууцыг андуурч алдсандаа өөрийгөө буруутгаж, цээрлүүлсэн нь тэр. Эмнэлгийн ажилтны ёс зүйг алдаж, өвчтнийхөө хувийн нууцыг дэлгэсэндээ тэр өөрийгөө уучилж чадсангүй. Болсон үйл явдлыг харахад сувилагч хүний ёс зүй яасан ч өндөр чанд юм, нөгөө талд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яасан ч ёозгүй юм гэсэн эмзэглэл төрж байна. Хэдийвээр хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг ч гэсэн үүнийг онцолж бичиж, анхааруулахгүй бол боломгүй мэт. Хэвлэл мэдээллийн салбарынхан хүмүүст мэдээлэл түгээх амаргүй албанд зүтгэдэг хүмүүс. Гэхдээ мэдээллийн хойноос хэт шунан улайрч, мэргэжлийн ёс зүй, дүрэм журмын хэв хэмжээгээ алдвал ийм л аюултай салбар. Мэргэшсэн хариуцлагатай редакциуд худал нэр барьж мэдээлэл авахгүй байхыг сэтгүүлч нартаа захиад байдгийн учир нь үүнд байдаг юм. Хариуцлагатай сэтгүүлзүй мэдээллийнхээ худал үнэнийг хоёр гурван эх сурвалжаар баталгаажуулахыг шаардаж, мэргэжлийн бус аргаар мэдээлэл цуглуулж болохгүй хэмээдэг. Яг энэ тохиолдолд Австралийн фм-ийн хоёр залуу хамгийн сүүлийн үеийн гол мэдээлэл болох хөл хүнд Кэйттэй холбоотой шинэ мэдээллийг авахаар улайрсандаа мэргэжлийн алдаа гаргажээ. Мэргэжлийн ёс зүйн алдаа гэвэл мөн. Гэхдээ мэргэжлийн гэхээсээ хүний ёсыг хөсөр хаяж, бусдын нэр барьж утсаар ярьж, түүнд нь итгэсэн гэнэн сувилагчийн яриаг нэгд нэгэнгүй бичиж авснаа цааш тараасанд байгаа юм.
Хөтлөгч нар дөнгөж хорь гаруй насны залуус байна лээ. Австралийн телевизид ярилцлага өгөхдөө залуу нь хүрлийн, бүсгүй нь нулимс дуслуулан байж “Ийм үр дүн гарна гэж бодоогүй, иймэрхүү хуурамчаар ярих асуудлууд олон байдаг, дэлхийн өнцөг булан бүрт радионууд ингэж ажилладаг байх. Маш хүнд байна. Нас барсан эмэгтэйн гэр бүлээс уучлалт гуйя” гэж ярьжээ. Тэдний хувьд ч нэг насаараа энэ явдалд гэмшин сэтгэлийн шархтай явах биз. Гэхдээ тэднээс илүү хэцүү үлдэж байгаа хүмүүс бол ээжгүй хорвоод үргэлжлэн амьдрах гэж байгаа хүү, охин хоёр. Тэд энэ насаараа “Тэр хүмүүс худал нэр хэлж залгаагүй бол. Ээж маань тэр дуудлагыг аваагүй бол” гэж өдөр бүр харамсал өвөртлөн, хэрэв тэгээгүй бол гэсэн асуултыг үргэлж тавьсаар амьдрах байх. Бас гүнгийн ахайтан Кэйт ч дотроо бяцхан харуусалтайгаар шинэ хүнээ угтан авах өдрөө хүлээж суух биз ээ. Ер нь манайхан аливаа мэдээллийг түгээн тарааж байхдаа цаана нь байгаа хүний амьдрал, үр хүүхдэд нь яаж очиж тусах бол гэдгийг боддоггүй. Бодохыг хүсдэг ч үгүй. Ажлаа хийж байгаа гэдгээрээ өөрсдийгөө цайруулдаг ч хүн ёсны жин нь дэнсэн дээр илүү хувь дарах ёстой юм шиг. Австралийн радиогийнх сувилагч бүсгүйд зориулж сан нээсэн бөгөөд реклам сурталчилгаанаас орсон орлогынхоо хувиас 524 мянган ам.долларыг цуглуулсан гэсэн. Гэхдээ одоо уг радиод орж ирдэг зар сурталчилгаа эрс багассан сураг гараад байгаа. Үнэндээ хэвлэл мэдээллийн байгууллагын гол орлого нь реклам сурталчилгаанаас орж ирдэг бөгөөд хүний чанарыг уландаа гишгэсэн учраас тэр радиогийн орлого нь багассан байж таарна. Учир нь реклам цацуулж мөнгө төлөх эсэхийг шийддэг нь хэн нэгэн хүн л байдаг. Өнөө хоёр залуугийн хувьд ч карьераа ингээд хаачихаж байгаа юм. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлч өөрөө сэтгүүлчийн ёс зүйгээ, хүний мөн чанараа гээхгүй авч явах нь өөрийнх нь ч, редакцийнх ч оршин тогтнох суурь нь болж таарна биз ээ. Хүн бүр хувь тавилангийн өмнө адилхан л байдаг.
Тэгэхээр хүн ёсны үүднээс аливаа мэдээллийнхээ үнэ цэнийг тогтоож, бусдад ирэх дарамт шаналлыг өөрийгөө орлуулан байж цэнэлж байх том сургамжийг саяын хэрэг явдал өглөө.
UfJuwmri
cGuiyWCwJuDTouUW
sIPRWUQh
Mongol khun bi
Зочин
уншигч
ok
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
мб бүү оролд новшоо
delgermaa
Зочин
amarsanaa.wordpress.com