Соёлын довтолгоо: Хоньчноос барилгач
Соёлын довтолгоо:
Хоньчноос барилгач
Соёлын довтолгооны түүх бол манай өнгөрсөн үеийн хамгийн сэтгэл татам хэсэг билээ.Нэгэн үе дэлхий дахиныг засан тохинуулж, алдар цуугаа түүхэнд үлдээсэн тал нутгийн баатрууд өөрийнхөө оюун сэтгэлгээг шинээр засан тохинуулах оролдлого энэ байв.Дэлхийг байлдан дагуулах амархан ч өөрийгөө өөрчлөн шинэтгэх, нураан түрэмгийлэгч, орхин одогчоос бүтээн босгогч, оршин суугч болгох нь амаргүй бөгөөд түвэгтэй байсныг энэ ном харуулна.
...Шөнө дөлөөр бүлэг этгээд хаалга үүдийг түрэмгий нүднэ. Цагдаа,төрийнтөлөөлөгчид байх боловч чамайг баривчлахын оронд хэрхэн унтаж байгааг шалгана. Тэд улаан шугамтай бичиг үзүүлэх боловч тэр нь прокурорын баривчлах ордер, нэгжлэг хийх шүүгчийн захирамж биш, харин чиний хэрхэн аж төрж байгааг шалгах, зааварлах эрх байна.
Тэд харанхуй шөнөөр хэн нэгнийг орноос босгоод дагуулан гарахдаа шоронд хорихын оронд эмнэлэгт аваачин тарилга хийлгэнэ. Түүнийг байцаан “хамсаатнуудаа илчлэх”-ийг шаардана.Гэхдээ их аллагын үеийнх шигхувьсгалын эсэргүү бүлэгт нэгдсэн хамсаатнаа бус дотно харилцаанд орсон, нэг оронд унтсан хамсаатныг нь л хэлүүлнэ. Албадуулан дагаж гарсан тэр этгээд ялын хугацаагаа дуусгаад бус, арьс өнгөний өвчнөө эдгэрэхээр сая суллагдан харих болно...
Хувьсгалт засаглалхүн ардаа иргэншүүлэн соёлжуулах ажлыг хүч хэрэглэн, төрийн албадлагын дор хэрэгжүүлсэн юм.Гэхдээл хувьсгалт соёлын хүчирхийлэлд иргэд сэтгэл хангалуун үлдэж, өнөө ч түүнийг инээд хөөртэйгээр дурсдаг. Ийм сонин, этгээд түүхийг инээж хөхрөнсудалж, наргиантайгаар таниулж яагаад болохгүй билээ.
2007 онданх гарсан эл бүтээлийг дахин хэвлэхдээ хэд хэдэн дэд бүлэг нэмж, шинэ баримтаар баяжуулан, өнгөрсөн үеэ дахин нэг хөгжөөнтэйгээр эргэн харж, инээмсэглэл дүүрэн дурсах саналтайгаар толилуулж байна.
Зохиогч. Б.ЦЭНДДОО
Гэрлэж байж эргүүлнэ
Социалист төр хүний бэлгийн ажлын тоо хэмжээнд дээд хязгаар тавьдаггүй байсан нь үнэн юм шүү. Чалх хүрдэг юм бол хамаагүй гэж үзнэ. Гэхдээ зөвхөн өөрийн гэр бүлтэйгээ. Харин бэлгийн ажил хийж хүүхэд гаргахгүй бол Хүүхэдгүйн татвар авдаг байсан. Энэ нь бэлгийн ажлын доод хязгаарыг төрөөс хянаж байсан гэсэн үг. Мөн гэрлэлт нь хоёр хүнд нэг ногдож байхаар бодон ёс суртахууны хяналт бас тавьж байлаа. Ялангуяа намзасгийн албан хаагчид. Тэд нэг л гэрлэсэн бол тэгээд өнгөрөө. Бие биедээ хайр сэтгэлгүй болсон ч гэсэн “Хөрөнгөтний харгис хэврэг гэр бүлээс зүйл бүрээр давуутай социалист бат бэх гэр бүл” гэдгийг эвдэх эрхгүй. Эхнэрээсээ салбал сайд дарга байсан ч ажлаас халж, нутаг зааж явуулна. Иймд хариуцлагатай, цалинтай ажил, ажлаасаа халагдвал хураагдах орон сууц зэргээсээ хагацан салахгүйн тулд орныхоо хоёр ирмэгт шүдээ зуун унтсаар нэгэн насыг барах социалист хосууд зөндөө. Жирийн хүмүүсийг ч гэсэн энэ талаар хазгай гишгэвэл олон нийтийн өмнө шившиглэнэ. Дорноговь аймгийн адуучин Иш 1959 оны өвөл оторт яваад зэргэлдээ сумын малчин бүсгүй Ө-тэй учир ургуулсны төлөө төвийн хэвлэлд299 баалуулж байв.
Гэвч өмчөө хураалгасан, алдах албан тушаалгүй, жирийн ард гэнэт олдсон “гэргийнүүдийн боломж”-ыг ашиглахаас айсангүй. Ер нь талын нүүдэлчид гэр бүлийн хувьд тогтвортой үндэстэн. Харин ХХ зууны Монголын иргэншсэн түүхийг ажихад хоёр удаа гэр бүлийн хувьд нэлээд тогтворгүйтээд авчээ. Эхнийх нь хөрөнгө малаа хураалган суурьшиж эхлэх үетэй давхацжээ. Нүүдэлчин хүн яаж ийгээд гэрлээд авна. Яаж ийгээд гэдэг нь дурлаад нийлэх, эсвэл эцэг эх нь хэлэлцэн тохироод суулгахыг хэлж байна. Эргэн тойрон 30-90 км-ын радиуст хэн нэгний авах гэж байгаа эсвэл авсан хүүхэн л байхаас дэл сул юм ховор. Тэдэнтэй өнгөцхөн учир ургуулж болох авч, гүнзгийрэн янаглах боломж хомс. Тэр нь нэг бол хүнтэй сууна эсвэл нөхөр нь эрэл, аян жингээс буцаад ирнэ. Гэтэл нүүхээ болиод суурьшаад ирсэн чинь “энд ч нэг сул хүүхэн, тэнд ч нэг бэлэн хархүү” харагдаад толгой нь эргээд явчихсан бололтой. Тал нутагт эхнэр авахад сонголт муухан байж. Олдсоныг нь л уургалаад авахгүй бол ондоо юм харж яваад хоосон хоцрох нигуур ихтэй. Бие биеэсээ өртөө өртөө зайтай суудаг малчны хувьд өөрийн “зон”-д байх хүүхний тоо хязгаартай.
Ингээд суурьшаад ирсэн чинь бөөн сонголт. Яаран сандран нэгийг сонгон гэртээ оруулаад байтал цаана бас бөөн бөөн сонголтууд. Хуучин эхнэрээ хөөж гаргаад удаахыг нь оруулаад ирнэ. Гэтэл араас нь гурав дахь сонголт гараад ирнэ. Нүүдэлчин харчуудын толгой эргэлээ. Тэдэнд нууцаар янаглах туршлага байсангүй. Нууцалж чаддаггүйдээ биш янаглах хүн нь ховортоо тэр. Дээр нь нэг юм олоод авбал бушуухан өөрийн болгохгүй л бол “чоно нохойн хоол болчихдог” гашуун сургамж бий хойно. Алдчихаасаа өмнө авдартаа хийгээд авах чухалтай. Ингээд гэрлэж гарлаа.
Намзасгийн үзэл суртлын зэвсэг болсон сонин хэвлэл энэхүү олон гэрлэлттэй дайн зарлалаа. Дорноговийн албан хаагч Наваан гурван жилийн дотор тав гэрлээд зургаа дахь хуримдаа бэлтгэж байгаад300Матар-т баригдан шогоор зурагдав. Харин Зэлтэрийн механикч Даш түүнээс илүү шаламгүй гэрлэж, зургаан сарын дотор гурав хуримлаадахжээ301. Энэ эрчмээрээ явбал тэрээр гурван жилд 18 гэрлэн Навааны рекордыг хэмх татахаар байсан ажгуу. Энэ хоёрын дэргэд тавь наслахдаа зургаахан хуримласан, хуримласныхаа маргааш ёс юм шиг эхнэрээ зоддог Хөвсгөлийн Аюуш302 бол шалихгүй жижиг гар харагдана.
Соёлын довтолгооны жилүүдэд хошин шог хэвлэлийн гол сэдвийн нэг нь энэхүү хүүхэн эргүүлэхийн оронд давтан гэрлээд явдаг сонирхолтой үзэгдэл байлаа. Хожмоо Хүмүүжил жигшил улмаар Тоншуул нэртэй болсон Матар-ын дугаар бүрт хэн нэгэн хоньчин, албан хаагч Дон Жуан заавал дурдагдана. Салах, нийлэх, амраглах туршлага дутмаг нүүдэлчид “амрагаас амраг руу хийх шилжилт” бүртээ заавал нэг мундраа хутгана. Хүүхнийг зүгээр нэг эргүүлдэх бус эхнэрийн оронд авчирч тавина. Нэгэнт эхнэрийнхээ оронд аваад ирчихсэн юм болохоор явуулах гэж бөөн ажил. Ихэнх тохиолдолд хөөж тууж, зодож нүдэн зүдэг загнана. Энэ нь сонин сэтгүүлийн газарт сайхан хэрэглэгдэхүүн болж бичигдэнэ.
Дараа дараагийн үеийнхэн иргэншсэн ертөнцийн зовлонт дагаврын нэг болсон далд янаглахуйн онол практикт сэм нэвтрэхийн хэрээр олон гэрлэлт цөөрсөн бололтой. Ер нь ч анхныхаа гэрлэлт дээр зэгсэн сайн сонголт хийж сурсан ч байж магадгүй. Гэхдээ гэр бүлээсээ салахаа байсан гэсэн хэрэг биш байх. Юмыг чимээ аниргүй, нам гүм хийж, нууцалж сурч эхэлсний илэрхийлэл болов уу, дараа үеийн хэвлэлд хоймсон, гурамсан гэрлэлтийн сэдэв голчлохоо байжээ.
ХХ зууны монголчуудын амрагийн хувьсгалын хоёр дахь давалгаа 1990 оны ардчилсан хувьсгалтай давхацлаа. Ерөөсөө ч энэ нь гэр бүл төрийн хараа хяналтаас гарсантай уялдсан зүйл байв. Амрагийн хоёрдугаар хувьсгал нийгмийн элит давхарга, шинээр хөлжиж баяжин зиндаа өгссөн тэр хэсэгт голчлон өрнөв. Хайр сэтгэл хөрсөн ч гэсэн “Гэр бүлийн талаар тогтвортой” гэдэг үзүүлэлтийг хангаж албан тушаал өгсөхийн тулд тэсвэрлэн тогтоож байсан “хүйтэн гэр бүл”-үүд зад үсэрлээ. Хуучин цагийн данагар эхнэрүүдийн амнаас гардаг “Намын хороо байхад энэ муу хаачих вэ” хэмээх афоризм хүртэл байлаа ш дээ. Гэтэл ардчиллын дараа албан тушаал дэвшүүлэх хурал дээр “Эхнэр, нөхрөөс салж байсан уу” гэж асуухаа болив. Олон намын алин ч эхнэрээсээ юм уу нөхрөөсөө салсан гишүүнээ хөөхөө бас болив. Нөгөө талаар чөлөөт зах зээл, өмч хувьчлалын үрээр баяжсан олон хүний өмнө эрх чөлөө, гоо бүсгүйчүүдийн өвөр хоёр зэрэг нээгдлээ. Зарим нь ядуу байхдаа авсан эхнэр нь царай муутай, боловсролгүй болохыг гэнэт мэдэв. Салж гарваа хөөрхий. Өмнөх үеийнхээс ялгаатай нь хуучин эхнэрээсээ салахын тулд зодож хөөдөг арга өөрчлөгдсөн болтой юм.