Яг ийм цас хэзээ орлоо. Ягаахан үүр хаяарчихсан, ягаартлаа улайчихсан, дүүрэн нулимс, дүүжин дүүжин гунигтай алхаж явлуу. Яг энэ цас тэр цас мөн болов уу. Ягуухан, зөөлөн, яагаахан. Анхилхан, ариухан үүрээр айдасгүй атлаа амар амгалан биш аяархан урсгаж явлуу. Яг тэр өдрийн би мөн болов уу. Биш болов уу. Одоо би хаачиж явна вэ. Очих газар надад үүдээ нээх үү, үгүй юу.

Сэмхэн сиймгэрхэн цас үлэмжийн намуухнаар бууж байна. Үс гэзгэн дээр бударч, үнсэлт мэт нүдэн дээр буухдаа уйлах хүслийг өдөөх нь юуных вэ. 

Болор мэт тунгалаг цасан, бор нүдний минь аньсганд хавчуулагдаад болох бүтэхгүй замд эргэлт буцалтгүй орсон мэт, борхирон унаад чангаар уйлах хүслийг өдөөх нь юуных...

Цас ирэх ийм гунигтай байл уу. Цаанаасаа л сэтгэлийг түрж, цагаан цайлган болгодоггүй байл уу. 

Цагаахан явж ханажээ, би. Цайлган хорвоог эрж хайж ханажээ, би. Хайрлаж ханажээ, би. Харууслаас өөр юу ч өгөхгүйг нээжээ, би. Цас надад хуучин шүлэг л болжээ. Цас надад хуучин шарх л үлдээжээ.

Тэр шүлгийг, тэр цасыг...тийм гэнэн, тийм гэгээн чигээр нь харин би одоо хаяж байна. Хайран санагдахгүй, хатуужиж байна, би. Халширч, айхгүй хаяж байна, би шүлгээ. Хаяахаасаа өмнө ганцхан удаа уншъя. Над шиг алхаж яваа, над шиг гэнэн байсан бүсгүй чи бариад аваарай.   
Шүлгээ би шидлээ шүү.

Энэ замаар алхаад л байх уу
Эргэж харахгүй
Эцэж ядрахгүй
Яваад л байх уу
Яарахгүй
Бас даарахгүй
Аргаа барахгүй
Айж шаналахгүй
Атгасан гараа тавихгүй юу
Хараал зүхэл
Хамаг доромжлолын бай болсон ч
Хайрлах уу..чи


Барьж авсан уу, бүсгүй минь. Баахан гэгээн явсан юм шүү, би.
Ахиад би хамгийн тэнэг шүлгээ урлаа шүү. Амжиж урахаасаа өмнө ахин нэг уншъя.

Уурлаж байна уу, хонгор минь
Удаан хүлээж чадсангүй
Уучлаарай
Урвахыг чинь хүлээж амжсангүй
Уучлаарай,
Урьтлаа шүү би
Уг нь тэр гашуун амтыг
Ууж согтоод нам унахыг хүссэн юм
Урьтжээ, би энэ тоглоомонд
Уучлаарай…намайг
Аймшигт энэ ялалтынхаа дараа
Амгалан атлаа цоо шинэ зүрхтэй болохыг
Ай, би ямар их хүслээ дээ
Асгаран шимшрэн байж
Ахиж уулзахгүй гэж хашгирч үзлээ
Аймшигт ялагдлын дараа харин
Амьдрах хүсэл хаашаа ч юм хийсчихлээ…


Уранхай шүлгүүдийг минь эвлүүлж уншаарай, уйланхай бүсгүй минь. Урвалт ялалт, Урвалт ялагдал. Уншиж үзээд ойлгоноо, чи.

Одоо би харин чам руу, цас руу хамгийн агуу шүлгээ нисгэлээ шүү. Аваад дэвтрийн завсраа хийгээрэй. Гуйж байна, бүсгүй минь. Гунигт хайр...гунигт цасан дундуур гутлаа норгон алхаарай. Одоо би чамд орчлонд зориулсан шүлгээ нисгэж байна.

Ай тайтгарах янз алга  
Амьсгал давчдаж байна
Аюулхайн цаадах хөндүүр
Аажимхан дээшээ өгсөж  байна

Нүд минь нулимсаар бүрхэгдэж байна
Нөгөө гачлан хоолой боож байна
Хөл гуйвлан гишгэх тэнхэлгүй болж байна
Хөшөөд эндээ үхчихмээр байна

Ахиад хардахгүй
Ахиад хайрлахгүй
Ахиад үхмээр санагдахгүй
Амар болох цаг….


Ай, гоёхон бүсгүй минь аймхай би чинь зориг орчихлоо. Хамаг шүлгээ шатаачихлаа. Хамгийн завхай шүлгээ чамд өгмөөр санагдчихлаа. Авах эсэхээ өөрөө чи шийд дээ.

Зарласан мэт тийнхүү
Залхсан мэт ийнхүү
Зузаан ноосон хөнжлийг
Зулах ч биш, нөмрөх ч биш
Зураг шиг л унтахсан…
Живэр сэлт ханх тавьсан
Жирийн биш шидээр бүтсэн
Уйлж… гийнаж
Үсээ ширэлдүүлж
Үйлээ эдэлсэн
Хүзүүнийхээ зураасыг ч
Хүсэл тачаалаар урласан
Эцэж цуцашгүй янаг төрхтэй
Эрээ цээргүй шунаг харцтай
Ичихээ мэдэхгүй шөнийн хүүхэн…
Алгаа хавсарч
Өвдөгнийхөө завсар хавчуулаад
Амаа хагас жимийсэн ч
Айлгүй хөхөө сэрийлгээд
Завжныхаа үзүүрээс
Тунгалаг шүүс урсган
Тухтайяа унтахсан....
Завхайрлын дараа
Замаа алдаж яваад ирсний дараа.....
За одоо...болоо.  Юу бодох чинь чиний хэрэг. Юутай ч би тайтгарчихлаа.

Хөгжмөө чихэн дээрээ асаалаа. Тэр дууг сонсохоор тайван унтчихдаг юм. Тэр дууг сонсохоор тэртээд яг ийм цаснаар буцсан цайлган нэгэн хөвгүүн санагддаг юм. Ц.Батбаяр....Ц.Батбаяр ах миний зүүдэнд нэг бүсгүйтэй хамт дуулдаг юм. Бүсгүйг нь София Ротару гэдэг шиг санана. В нашей жизни все бывает...тэд эхэлж байна.....

Бидний амьдралд бүх л зүйл болдог
Нарны доор хайлаагүй мөс
Дулаахан элчтэй өвөл тааралддаг
Арван хоёр сард бороо ордог
Хайртай эсвэл үгүйгээ мэдэхгүй
Хааяа бид хайраар тоглодог ч
Харин түүнийг алдсаныхаа дараа
Хувь тавилан биш байж гэж хэлцгээдэг
Лаванда, уулын лаванда
Би ч чи ч санасаар
Зун бидэнд элчээ бэлгэлсэн
Цахлай давалгаан дээгүүр халин ниссэн
Зөвхөн сар л биднийг гэрэлтүүлж байсан
Дэлхий дээрх бид хоёрыг л
Гэвч энэ бүхэн хаашаа одсон бэ
Байгаагүй бас хариулт байсангүй
Лаванда, горная лаванда....