ЦАХИМ ЗАСАГ
Эргээд бодоход засгийн газрыг сонирхох миний сонирхол карьерын эхэн үед бий болсон нь одоо надад тодорхой байна. 2008 онд миний бие Кэмбрижийн Их Сургуулийн бизнесийн танхимд профессорын албанд сонгогдлоо.Энэхүү профессорын албыг Энэтхэгийн засгийн газар Энэтхэгийн анхны ерөнхий сайд, зуун жилийн өмнө Кэмбрижэд байгалийн шинжлэх ухаанаар сурч байсан Жавхарлал Неругийн дурсгалыг хүндэтгэн хандиваар бий болгосон юм. Хэдий уг профессорын албаны анхаарах зүйл нь бизнес байсан боловч би засгийн газар хэрхэн ажиллаж байгаа, төрийн болон хувийн секторын хоорондох холбоог судлах нь зайлшгүй шаардлагатай болно гэдгийг мэдэж байлаа. 1970, 1980-аад онуудад Энэтхэгт өссөн би бээр бизнес удирдах, хөгжүүлэхэд төр ямар ач холбогдолтойг дэндүү мэдэж байв. Бүр илүү хувийн түвшинд яривал аав маань төрийн албан хаагч байсан тул би багаасаа л төрийн албаны энэхүү шийдвэрлэх үүргийг маш ойроос ажиглаж ирсэн юм.
Энэ бүхэн засгийн газруудад ямар ач холбогдолтой юм бэ?
2012 оны 12 сард надаас энэ асуултыг анх асуух үед би инновац буюу компани хэрэглэгчдэдээ зориулсан шинэ, илүү сайн бүтээгдэхүүн хөгжүүлэхийн тулд хэрхэн технологийг ашигладаг, үүнийг хэрхэн зохион байгуулдаг талаар судалж бичихэд бараг хорин жилийг зарцуулсан байлаа. Би ойролцоогоор карьерынхаа эхний хагаст баян чинээлэг Барууны орнуудад том корпорацууд ийм инновацуудыг хэрхэн хийснийг судалсан юм. Судалгаагаараа дамжуулан би илүү том байх тусмаа илүү сайн гэж үздэг 20-р зууны сонгодог загвартай танилцсан байлаа. Энэ загвараар бол инновац гэдэг нь асар их төсөвтэй том баг шаарддаг нүсэр төсөл агаад бий болоход хугацаа шаарддаг агуу нууц, бүтэцлэгдсэн үйл явц байлаа.
Дараа нь шинэ мянганд өөрийн өсөж төрсөн Энэтхэг мэт шинээр гарч ирж буй эдийн засаг дахь инновацыг судалж эхэллээ. Тэндээс олон зүйл намайг гайхшируулав. Барууны “илүү том тусмаа илүү сайн” гэх өндөр бүтэцлэгдсэн загвартай харьцуулахад шинээр гарч ирж буй зах зээл дэх компаниуд инновац хийх тал дээр арвич хямгач, хурдан шаламгай байв. Тэд багаар ихийг хийх, газар дээр нь сайжруулах, зах зээлийг даган хурдан хөдлөхдөө сайн байлаа.
Энэ ялгаа, эрч хүчээр хөглөгдсөн би шинээр гарч ирж буй зах зээл дэх инновац хийгээд Барууны байгууллагууд тэднээс юу сурч болох талаар нэгэн ном бичив. Хамтран зохиогчтойгоо хэлэлцсэний үндсэнд номоо “Жугаад Инновац” гэж нэрлэв. “Жугаад” гэдэг нь Хинди үг агаад Энэтхэгчүүдийн хэмнэлтэт, шалмаг инновацыг тодорхойлохдоо ихэвчлэн ашигладаг үг юм. Ном маань дэлхий даяарх уншигчдын сэтгэлийн утсыг хөндөв. Португал, Голланд, Франц, Итали, Япон, Хятад хэлээр орчуулагдан хулгайгаар хуулбарласан хувиуд Мумбайгийн гудамжинд гарч ирэн алдарших эхний шинж тэмдэг нь үзэгдлээ.
“Жугаад Инновац” хэвлэгдсэний дараагаар Барууныханд зориулсан хэмнэлтэт инновацыг сонирхох сонирхол асар их байгааг анзаарч эхлэв. Үүний нэг хүчин зүйл нь олон арван жилийн турш нэг хэвийн орлогын үр нөлөөг мэдэрч буй Барууны хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй тоо байлаа. Тэд энэ үед санхүүгийн хямрал, засгийн газрын хэмнэлтийн үр дүнд цочирдсон байв.
Гэхдээ бас эерэг хүчин зүйлүүд байсан юм. Улам олон “эгэл” ард асар олон шинэ хэрэгсэл, нөөцийн тусламжтайгаар улам бүр чадавхжиж, арав гаруй жилийн өмнө зөвхөн том корпорац, засгийн газар барьж авдаг байсан асуудлын шийдлийг хөгжүүлдэг болжээ. Энэхүү инновацын ардчилал нь хуваалцах эдийн засаг, бүтээгчдийн хөдөлгөөн гэх мэт чиг хандлагуудад тулгуурласан хэмнэлтэд эдийн засгийг бий болгов. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн зүйл нь интернэт - сошиал медиа, ухаалаг утас, хямд компьютер, программ хангамж, 3D хэвлэгч, бүтээгчдийн газар, “Фаб Лаб” (дижитал үйлдвэрлэлийн лаборатори – орч.), гарааны бизнесийн хурдасгуур, олон нийтийн сангийн хамтаар жижиг баг хэрхэн шийдэл олох, хөгжүүлэхээс эхлээд үйлдвэрлэх, дэлхийн зах зээлд сурталчлах, түгээх хүртэл инновацын бүхий л үйл явцад оролцох боломжтой болгосон явдал байлаа. Энэ хувьсгалаас “Эйрбиэнби”, “ВатсАпп” зэрэг “хэмнэлтэт” үйлчилгээ хийгээд “Сквэр Рийдэр” гэх мэт бүтээгдэхүүн, ухаалаг утасны дууны оролтоор кредит картын төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжтой зүйлсийн интернэт төхөөрөмжүүд гарсан юм. (Тухайлбал ВатсАпп-ыг дөрвөн хүн есөн сарын хугацаанд250,000$-ынэхлэххөрөнгөтэйгөөр хөгжүүлжээ.)
Барууны хот, оюутны хотхонуудыг хамарсан энэхүү хувьсгалаар хөглөгдсөн би “Хэмнэлтэт инновац” гэдэг хоёр дахь номоо бичив. Тус номд миний хамтран зохиогч, бид хоёр энэхүү орон зайд том, жижиг байгууллагууд юу хийж байгаа болон тэдний хичээл зүтгэлийн тулгуур болсон зарчмуудын талаар тайлбарласан юм. Тэр ном ч гэсэн Франц, Хятад, Турк, Украин, Итали, Орос зэрэг олон хэлээр орчуулагдсан.
Гэсэн хэдий ч ахиад л 2012 оны 12-р сард Шинэ Делид болсон илтгэлийн үеэрх шиг намайг хаана ч явсан, дээрх номуудын талаар ярьсан миний илтгэлийн үеэр үзэгчдийн дундаас өнөөх зайлшгүй асуулт ирдэг байлаа. Тэгээд энэ бүхэн засгийн газруудад ямар ач холбогдолтой юм бэ? Ихэнхдээ үзэгчдийн дундаас нэг нь мөн дэлхийн даяарх засгийн газруудад юу болж байгаа талаар ярьснаар намайг хариултаар хангадаг байв. Ингээд миний номууд болон карьер тэр үеийг хүртэл хувийн хэвшилд төвлөрсөн байсан боловч би төр засагт болж буй зэрэгцээ хувьсгалыг улам их анзаарч мэддэг болсон юм.*
Эргээд бодоход засгийн газрыг сонирхох миний сонирхол карьерын эхэн үед бий болсон нь одоо надад тодорхой байна. 2008 онд миний бие Кэмбрижийн Их Сургуулийн бизнесийн танхимд профессорын албанд сонгогдлоо.Энэхүү профессорын албыг Энэтхэгийн засгийн газар Энэтхэгийн анхны ерөнхий сайд, зуун жилийн өмнө Кэмбрижэд байгалийн шинжлэх ухаанаар сурч байсан Жавхарлал Неругийн дурсгалыг хүндэтгэн хандиваар бий болгосон юм. Хэдий уг профессорын албаны анхаарах зүйл нь бизнес байсан боловч би засгийн газар хэрхэн ажиллаж байгаа, төрийн болон хувийн секторын хоорондох холбоог судлах нь зайлшгүй шаардлагатай болно гэдгийг мэдэж байлаа. 1970, 1980-аад онуудад Энэтхэгт өссөн би бээр бизнес удирдах, хөгжүүлэхэд төр ямар ач холбогдолтойг дэндүү мэдэж байв. Бүр илүү хувийн түвшинд яривал аав маань төрийн албан хаагч байсан тул би багаасаа л төрийн албаны энэхүү шийдвэрлэх үүргийг маш ойроос ажиглаж ирсэн юм.
Гэвч 2012 оноос хойш би засгийн газрыг илүү системтэйгээр судлах боломжийг хайж, олж эхлэв. Би Кэмбрижэд засгийн газар болон технологийн талаар мастерын хичээл зааж эхлэв. Удалгүй Энэтхэгийн дээд албан тушаалын төрийн албан хаагчдад зориулсан манлайллын хөтөлбөрийн академик захирал болж, мөн ижил төрлийн хөтөлбөрүүдийг Арабын Нэгдсэн Эмират Улс, Нигер, Малайз, Казахстаны төрийн албан хаагч, улс төрийн удирдагчдад заалаа. Мөн Шинжлэх Ухаан ба Бодлогын Төвийн хамтрагч гишүүн болов. Энэхүү төвийг Европын эрдэмтэд бодлого тодорхойлогчдыг нийлүүлж, хамтын ашиг сонирхлын асуудлыг шийдэх зорилготой байгуулсан байв. Тэр цагаас эхлэн би Их Британи, Хойд Америк, Европын Холбоо, Хамтын Нөхөрлөл гэх зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хэдэн зуун төрийн албан хаагчтай уулзаж, тэдэнд илтгэл тавьжээ.
Технологи ба засгийн газрын талаарх асуултын тухай хэдий чинээ их бодох тусам би үүнд хамгийн багадаа гурван тал байгааг төдий чинээ ухаарч байлаа. Нэгт, засгийн газар өөрөө хэрхэн ажиллаж болох талаарх эерэг жишээнүүд байв. Төр шинэ технологи, зохион байгуулалтын аргыг ашиглан иргэддээ хэрхэн илүү сайн үйлчилгээг илүү хурдан, хямдхан хүргэж чадах вэ? Хэрэв Амазон, Гүүгл, Фэйсбүүк хэрэглэгчийн туршлагыг ямар ч алдаа мадаггүй байлгаж чадаж байгаа бол үүнийг хурдан, хямд хийхийн тулд их өгөгдөл, аналитикийг эзэмшиж чадаж байгаа бол, эдийн засгийн эрэлт, нийлүүлэлт гэсэн хоёр талын асар олон хүчин зүйлийг зохицуулж чадаж байгаа бол дөнгөж эхэлж байж үр ашигтай байж, хөгжин цэцэглэж чадаж байгаа бол, мөн энэ бүхнийгээ цуцалтгүй сайжруулж чадаж байгаа бол мэдээж засгийн газар адилхан хийж чадна? Гэвч би мөн асуудалд хоёр дахь бараан тал байгааг ухаарсан юм. Магадгүй засгийн газар яг эдгээр хэрэгслийг иргэдээ илүү их хянадаг, ажигладаг, мөрддөг болохдоо ашиглаж, улам их эрх мэдэлтэй болж болох юм. Хэрэв хүмүүсийн амьдралд маш их нөлөөлөх чадалтай Амазон, Гүүгл, Фэйсбүүк компаниуд засгийн газрын гарт орвол эдгээр хэрэгсэл хэчнээн их аюултай болж болох вэ? Гуравт мэдээж засгийн газар хувийн хэвшил дэх тэдгээр хэрэгслийн хэрэглээг юу гэж үзэж, яаж удирдах вэ гэдэг асуулт юм. Засгийн газрууд дижитал үлэмжүүд болон тэдгээрийн хүчний талаар юу хийх хэрэгтэй вэ? Инновацыг өдөөж, хүртээмжтэй өсөлтийг бий болгохын тулд төр засаг гарааны бизнес, нийгэм төвтэй бизнес эрхлэгчидтэй хэрхэн хамтран ажиллах вэ?
Роналд Рэйган нэгэн удаа “Англи хэлний хамгийн аймшигтай есөн үг бол ‘Би засгийн газрын төлөөлөгч байна, би энд туслахаар ирлээ’” гэж хэлжээ. Засгийн газар ажил хийхдээ тийм муу гэж үү? Тийм л муу юм бол түүний хэмжээ, цар хүрээ ямар байх ёстой юм бэ? Энэ асуулт нь өөрөө орчин үеийн улс төрийн халуун сэдэв юм.
Маргааны нэг талд либертаричууд байдаг. Тэдний хувьд засгийн газар гэдэг бол сайндаа л чадавхгүй, үр дүнгүй, муудаа аюултай субъект юм. Тэдний хувьд цорын ганц сайн төр бол эдийн засгийг удирдах ажлын ихэнхийг нь зах зээл, иргэний нийгэмд үлдээдэг жижиг төр юм. Энэ бол Фрийдрих фон Хайек, Милтон Фридман болон Роналд Рэйган, Маргарэт Тэтчэрээс эхлээд Цайны Намын Бүгд Найрамдахчууд хүртэл улс төрчдөөс эхтэй оюуны үзэл санаа юм.
Тэдний эсрэг үзэлтнүүд бол стэйтистүүд буюу засгийн газрын төрөлхийн сайхан сэтгэлд итгэдэг, эрх мэдлийг нь нэмэгдүүлж, нийгэм, эдийн засагт нөлөөлөхөд ашиглахыг хүсэгчид юм. Энэ бол Фабианы социалистууд, төвлөрсөн төлөвлөгчид хийгээд Бэрни Сандэрс, Элизабэт Воррэн гэх мэт орчин үеийн улс төрчид, “Сириза”, “Таван Од”, “Подэмос” зэрэг хөдөлгөөний үзэл санаа болно. Тэдний хувьд засгийн газар бол зах зээлийн гажуудал, шударга бусыг залруулж, бүх амьдралыг зүй ёсоор үнэлж чадах цорын ганц хүч юм.