Таны манлайллын ДНХ-ийн код буюу арван орц
Таны манлайллын ДНХ-ийн код буюу арван орц
Манлайлал төрмөл үү, эсвэл олдмол чадвар уу? Энэ асуулт олон хүний дотор гүн бат суусан байдаг. Харин Реа Дуттагупта хэмээх судлаач, зөвлөх, зохиолч бүсгүй энэ асуултад өөрийн номоор хариулж байна. Тэрээр “Манлайлал таны генд бий” хэмээх бүтээлдээ манлайлал бол хэн бүхний дотор оршдог арван үндсэн “орц”-ын нэгдэл гэж тодорхойлсон. Энэ бол хувь хүний онцгой нөөц ч биш, зөвхөн зарим хүнд олддог ховор чанар ч биш. Харин хүн бүрд өгөгдсөн, хөгжүүлэх боломжтой ДНХ-ийн код юм.
Зохиогчийн тодорхойлсноор манлайллыг бүрдүүлэгч эдгээр арван орц бол:
- Хувь хүн – Бидний өөрийгөө ойлгох, итгэх, хөгжүүлэх суурь мөн чанар
- Илэрхийлэл – Биеэ хэрхэн харуулах, сонсогдуулах, зан үйлээр дамжуулах
- Совин – Бодит учир шалтгаангүйгээр зөнгөөрөө мэдрэх, урьдчилан мэдэх
- Бүтээлч чанар – Дотоод төсөөллөө ажил хэрэг болгох сэтгэлийн тэнхээ
- Сэтгэл хөдлөл – Мэдрэмжээ удирдаж, шийдвэртээ сэтгэлийн тэнцвэр оруулах
- Бараан тал – Сул болон хэт давуу талыг хянаж, зохистойгоор ашиглах
- Хатуужил – Унах бүрдээ босож, зовлонг боломж болгох тэсвэр
- Айдас – Айдсыг зориг болгон хувиргах сэтгэл зүй
- Төвлөрөл – Юу хамгийн чухал вэ гэдгээ ялгаж, анхаарлаа төвлөрүүлэх
- Аз – Аз хийморийг бүтээж, боломжийг өөртөө татах чадвар
Эдгээр орц хүн бүрийн дотор ямар нэг хэлбэрээр оршиж байдаг. Зарим нь бүрэн хөгжсөн, зарим нь дөнгөж илэрч байгаа, зарим нь унтаа байдалтай ч байж мэднэ. Гэхдээ эдгээрийг гүйцэд таньж, уялдаа холбоонд нь оруулж, зөв хольж найруулж чадвал хүн бүр өөрийн “шилдэг хувилбар”-аа бүтээж чадна гэж зохиогч итгэдэг.
Зарим хүнд хатуужил дутуу бол нөгөөд нь зөн совин нь идэвхгүй. Нэг нь төвлөрөл шаардлагатай байхад нөгөө нь бараан талынхаа нөлөөг зохицуулж сурах хэрэгтэй байдаг. Тэглээ ч энэ нь сул тал биш — харин өөрийн давуу тал болж болох юм.
Манлайлал ба хувь хүний олон талт байдал
Зохиогчийн судалгаанд бизнесийн удирдагчаас эхлээд оюутан, хөгжимчин, спортын од, шоронгийн захирагч хүртэл багтсан. Тэрээр “төгс” мэт харагдах хүмүүсийн өнгө төрхнөөс нь илүү цаад гүн рүү өнгийж, тэдний дотоод ертөнц дэх эдгээр арван орц хэрхэн уялдан ажиллаж байгааг шинжилж үзжээ.
Тэр олон мянган хүнтэй уулзаж, ажиглаж, ярилцаж, судалсны эцэст нэг дүгнэлтэд хүрсэн нь: жирийн хэн нэгэн хүний дотор ч энэ арван орц бүрэн байдаг бөгөөд тухайн хүнийхээ амжилтын үндэс эхэлдэг. Энэ нь уламжлалт “манлайлагч бол цөөхөн хүний онцгой чанар” ойлголтыг эсрэгээр няцаасан юм.
Энэхүү ном манлайллыг зааж өгдөг жор санал болгохгүй. Харин өөрийн дотоод түгжээг тайлах түлхүүрийг өгч байна. Номын хавтас дээрх нээлттэй түлхүүрийн оосор ч үүний бэлгэдэл юм. Манлайлал бол хэн нэгний хэлсэн замаар явах бус, өөрийн хамгийн сайн хувилбарыг бүтээх тасралтгүй үйл явц юм.
Реа Дуттагуптагийн энэхүү бүтээл нь өнөөдрийн төдийгүй маргаашийн манлайлагчдад зориулсан юм. Тэд дэлхийн аль ч буланд, ямар ч нас, хүйс, мэргэжлийн хүн байж болно. Хамгийн чухал нь тэд дотоод арван орцоо таньж, найруулж, өөрийн орон зайг бүтээх итгэл, зориг, ухамсартай байх хэрэгтэй.