Сүхбаатарын талбайд хамтдаа баярлая

 Сүхбаатарын талбайд Үндэсний номын баяр, “Огцрох амархан” жагсаал, их сургуулиудын хонхны баяр давхцаад хөл хөдөлгөөн ихтэй. Түм түжигнэж, бум бужигнана. Энэ бүгдээс хэсэг ч болов ангижруулах “Өөрөө өөртөө гэрэл бол” уран зургийн үзэсгэлэн Таван мянгын будаатай хуурганы асарт дэлгэгдсэн нь аглагийг эрхгүй санагдуулна.Бүргэд нисэх өндрөөс бүгдийг дээрээс нь халиагаад дүрсэлбээс залуусын идэвх, иргэний ухамсар, боловсрол, соёлын үнэт зүйлс ая зөнгөөрөө өнгө будгаа олоод зохирсон харагдах бөгөөд доошлон бууж олны дунд орвоос хөдөлгөгч хүч нь залуус ажээ.

Хэзээнээс хөлтэй газар

 Их хүрээний цагтаа “Их чөлөө” нэртэй байсан тус газар Ардын хувьсгалаас хойш “Индрийн талбай” нэрийг олж, Дамдины Сүхбаатарын зүүн хойш хандсан хөшөөг босгосон үеэс Сүхбаатарын талбай гэж албан ёсоор нэрлэгдсэн чөдгөө Асрын талбай гэхэд буруутахгүй мэт. Монголын нийслэлийн зүрхэнд орших энэ талбай ямар ч алдар цол зүүлээ гээд хэзээнээсээ монголчууд жагсаж цуглаж, болзож уулзаж, тоглож наадаж, инээж ханиаж, дуулж бүжиглэж,өлсөж цангаж, үгээ хэлж, хувьсгал хийсээр өнөөдрийг хүрсэн билээ.

 

Огцрох амархан

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн хүү Оюун-Эрдэнийн Тэмүүлэний сүйт хүүхэн Өгөөдэйбаатарын Өгөөмөрийн Инстаграм хуудсандаа нийтэлсэн баян тансаг зураг, бичлэгээс эхтэй жагсаал. “Орлогоо нотолж чадахгүй байгаа төрийн албан хаагчтай Засгийн газар хатуу тэмцэнэ” гэж Л.Оюун-Эрдэнэ зарласан ч өөр дээр нь ирэхийн цагт УИХ-ын чуулганд чөлөө мэдүүлээд үзэгдэхээ болиход өөрийнх нь үгийг өөрт нь сануулахаар залуус Сүхбаатарын талбайд ар араасаа нэмэгдсээр буй.Огцрох амаргүй бололтой.

 

Хонхны баяр 

Их сургуулийн төгсөлтийн үйл ажиллагааны Хонхны баяр ч энэ өдрүүдэд Сүхбаатарын талбайд зайгаа олжээ. Амьдралын нэг үеэс нөгөөд хөл тавих торгон мөчөө тэмдэглэн баясах залуусын ирээдүйн итгэл мөрөөдөлэндээс ханхална. Оюутнууд энэ талбайд ганц өнөөдөр л ирсэн хэрэг бус, ирэх амьдралын өдрүүдэд ч энэ талбайд ирнэ, хөндлөн гулд алхана. Харин өнөөдрийнх шиг баяр хөөртэй мөч дахин давтагдах нь үгүй ээ. Үндэсний номын баяр, улс төрийн жагсаалтай давхацсан ийм Хонхны баяр дахиад хэзээ ч тохиохгүй байж мэднэ. Онцгой дурсамжтай Хонхны баяр.

 

Үндэсний номын баяр 

Хавар, намартаа Сүхбаатарын талбайд хэвлэлийн газрууд, зохиолч, уншигчид цугладаг үндэсний энэ арга хэмжээ ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй арга хэмжээ. Энэ өдрүүдэд “Байгаль экологийн чиглэлийн 50 ном” танилцуулж, “Мэргэн ном” цомын эзэн тодруулж, “Номын сайн нөхөр” шалгаруулна. Мөн оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах, олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах болон худалдах, мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах, номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах, ном бичих зөвлөгөө мэдээлэл авах, номын клубт элсэх, уншлагын зөвлөгөө авах зэрэг үйл ажиллагаа болж байна. Түүнчлэн үндэсний бахархалт амьтан Мазаалайн асруудыг бэлдэж, зохиолчидтой биечлэн уулзах, кофе, цай ууж номын тухай яриа дэлгэн суух тусгай орчин бий болгожээ.

 

НЭПКО хэвлэлийн газар

 Монголын хэвлэлийн салбарт тэргүүлэгч хэвлэлийн газар энэ удаагийн Үндэсний номын баярт “Багцаар авбал илүү хямд” уриатай оролцож байна. Багцад 150 гаруй төрдийн нэр төрлийн ном 20 хувь хүртэл хямдарчээ. Хэд хэдэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг багц болгон хямдралтай эсвэл тодорхой үнээр санал болгохыг багцалсан худалдаа (bundling) гэдэг. Багцын худалдаа худалдан авагчид хэд хэдэн давуу тал бий болгодог:

Зардал хэмнэнэ. Багцалсан бүтээгдэхүүнийг тус тусад нь худалдаж авахаас хямд.

Тохиромжтой нөхцөл. Нэг дор олон бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг тул цаг хэмнэнэ.

Нэмэлт үнэ цэнэ. Зарим багцад нэмэлт урамшуулал, онцгой санал багтдаг.

Шинэ бүтээгдэхүүнтэй танилцах. Багцын хүрээнд хэрэглэгч шинэ зүйл туршиж үзэх боломжтой.

Түүнчлэн доорх шинэ номыг онцолжээ:

1. Филипп Багус – “Милэйн эрин: Аргентины шинэ зам”
(Хавиэр Милэйн улс төрийн замналын тухай шинэ орчуулга)

2. Марк Твэйн – “Хаклибэри Финнийн адал явдал”
(1885 онд бичигдсэн Америкийн сонгодог зохиол)

3. Х. Киссинжер, Э. Шмидт, Д. Хаттэнлохэр – “Хиймэл оюуны эрин”
(AI-ийн ирээдүй, ёс зүй ба улс төрийн нөлөөний тухай шинжлэх ухааны бүтээл)

4. Пауло Коэльо – “Мактуб”, “Харваач”
(Алхимичийн зохиогчийн шинэ гүн утгат өгүүлэмж)

5. Даниэл Клэйн - “Амьдралын утга”
(Аугаа философичдын амьдрал, ухаарал, хүн байхын тухай эргэцүүлэл)

6. Юү Зянин- “Метаверс” /Metaverse/
(Шинэ эриний цахим орчинд хөл тавих тухай сонирхолтой танин мэдэхүй)

7. Ф. Фукуяма – “Улс төрийн тогтолцоо ба ялзрал”

(Улс төрийн институтийн хөгжил, төрийн үйл ажиллагааны уналт, түүхэн жишээн дээрх задлан шинжилгээ)

8. Риа Дуттагупта – “Манлайлал таны генд бий”

(Манлайлах чадвар бидний дотор төрөлхийн байдгийг нотлох шинжлэх ухаан, бодит жишээ хосолсон бүтээл)

9. Нассим Николас Талэб “Амины дэнчин”

(Шийдвэр гаргагч хүн өөрөө тухайн шийдвэрийнхээ үр дагаврыг үүрэх ёстой)

10. С. Хантингтон – “Төр ба цэрэг”

(Иргэний болон цэргийн харилцааны орчин үеийн ойлголтын суурийг тавьсан ном)

Ном хэрхэн унших вэ?


“Илүү их уншъя” уриатай энэ номын баярт хөл тавьсан хэн боловч Нэпко хэвлэлийн газар эрхлэн гаргасан Мортимэр Адлэр, Чарлз Ван Дорэн нарын “Ном хэрхэн унших вэ?” номтой заавал танилцаарай. Анх 1940 онд хэвлэгдэнбестселлер болж, унших урлагийг шинжлэх ухааны түвшинд авч үзсэн бүтээл буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн урианд чухамхүү зохицох ном гэвэл энэ л байна. Зохиолчид нийгмийн өөрчлөлт, шинэ үеийн уншигчдын хэрэгцээнд харгалзан номоо 1972 онд засварлан шинэчилсэн юм. Уг номд 1. Анхан шатны, 2. Үзлэгийн, 3. Задлан шинжлэх, 4. Харьцуулах дөрвөн түвшний уншлагыгтодорхойлжээ. “Бүх номыг өөр өөр хурдаар уншина” ёстой гэдэг ойлголт уг бүтээлийн гол санаа юм. Энэ ном бол уншлагын гүн ухаан, бүтээлч сэтгэлгээний гарын авлага юм. “Илүү их уншъя” гэвэл “Ном хэрхэн унших вэ” гэдгээс эхлэх нь зүй ёсны хэрэг билээ.

 

Сүхбаатарын талбай өнөөдөр

 

“Илүү их уншья” уриатай энэ удаагийн номын баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ивээн тэтгэсэн нь улс төржүүлэх зориудын санаа биш боловч “Огцрох амархан” жагсаалтай сүлэлдээд өнөөдрийн монгол залуусын нийгмийн идэвхийг тодорхой илэрхийлэхийн дээр Хонхны баяраа тэмдэглэгч оюутнуудын мөрөөдөл, зорилгод нь луужин болох номоо талбайгаас олох боломж дэлгээтэйбайна. Соёл (Номын баяр), иргэний идэвх (Огцрох амархан), боловсрол (Хонхны баяр) бол Монголын нийгмийн гурван тулгуур бөгөөд залуус эдгээрийг нэгтгэн нийтгэж Монголын ирээдүйг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулах ажээ.