ЗОХИОГЧИЙН ӨМНӨХ ҮГ

Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ


Миний Милэйн эрин ном Монголын уншигчдад хүрч байгаа нь надад нэр төрийн хэрэг болж байна.

    Би номоороо асуудлыг том зургаар нь харуулахыг хичээсэн. Яаж ийм этгээд, өөрийгөө анархо-капиталист гэж зарласан нөхөр улсын ерөнхийлөгчөөр сонгогдох болов? Милэй ямар хүн бэ? Тэр хэрхэн сонгуульд ялсан бэ? Түүний гол сэтгэлгээ, санаанууд юу вэ? Сонгодог либерализм, либертарианизм, анархо-капитализм болон эдийн засгийн Австрийн сургууль гэж юу вэ? Соёлын дайн гэж юуг хэлээд байна? Яагаад бид үүнтэй тэмцэх ёстой вэ, хэрхэн ялж болох вэ?
Харин энэхүү өмнөх үгэнд би түүний сонгогдсоноос хойш нэг жил гаруйн хугацааны засаглалын үр дүнг товч хэлэх нь зүйтэй байх гэж үзлээ.
Милэй 2023 оны арванхоёрдугаар сарын 10-нд албан тушаалдаа орсон юм. Энэ үед Аргентин үнэхээр сүйрлийн ирмэг дээр байсан. Түүний өмнөх ерөнхийлөгч Албэрто Фэрнандэсийн засаглалын эцэст инфляц улам бүр нэмэгдсэн. Хэрэглээний барааны үнийн инфляц 2023 оны арванхоёрдугаар сард нэг сарынх 25.5%-д хүрч өссөн. Үйлдвэрлэгчдийн үнэ тэр сард 54%-аар өссөн. Энэ нь жилд 17,000%-ийн өсөлт гэсэн үг. Үүнээс гадна, Аргентины улсын гадаад өр эдийн засгийн хэмжээнээсээ хальж, гарцынхаа 150%-тай тэнцэж байв. Энэ доройтсон улс орон түүхэндээ арав дахь удаагийнхаа дампуурлын ирмэг дээр ирсэн байв. Улсын нэгдсэн төсвийн алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 15% эзэлж байв. Ийм асар их алдагдлыг шинэ песо хэвлэх замаар санхүүжүүлсэн.

Онлайн захиалага: https://www.nepko.mn/publishing/detail/552

Милэй улсыг макро эдийн засгийн хувьд тогтворжуулж, гиперинфляцын гамшгаас зайлсхийхийн тулд ханцуй шамлан орсон. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тэрээр сонгуулийн кампанийн үеэр амласан ёсоор засгийн газрын зардлыг эрс бууруулахаас ажлаа эхлэв. Энэ нь зовуурьтай ч энэ удаагийн зовлон нь үнэ цэнтэй байх болно. Тэрээр Аргентиныг дэлхийн хамгийн эрх чөлөөтэй улс болгохыг хүсэж байгаа бөгөөд ингэснээр дахин супер гүрэн болно.Үнэн хэрэгтээ, Милэй нэг сарын дотор төсвийн алдагдлыг, 2024 оны зургаадугаар сард төв банкны алдагдлыг арилгасан. Нэг зуун хорин гурван жилийн түүхэнд анх удаа Аргентин 2024 онд хугацаа хэтэрсэн өр зээлгүй төсвийн илүүдэлтэй гарсан. Алдагдлыг арилгахын тулд Милэй засгийн газрын зардлыг хөрөөдөж, ялангуяа улс төрийн кастын зардлыг танасан. Тэрээр бүх хэрэгцээгүй төслүүдийг зогсоож, хэвлэл мэдээллийн санхүүжилт болон татаасыг бууруулж, орон нутгийн татаасыг хасаж, төрийн албан хаагчдын тоог 40,000 гаруйгаар цөөлж, засгийн газрын харьяа 200 байгууллагыг татан буулгасан. Нэмж хэлэхэд, тэрээр төрийн албан хаагчдын цалинг бодит утгаар бууруулж, эхэн үедээ бүр тэтгэврийг ч бууруулсан. Төрийн мөнгөнөөс хамааралтай улс төрийн сүлжээ хүнд хохирол амсах ёстой байв. Нийтдээ, Милэй засгийн газрын зардлыг бодит утгаар гайхалтай 26%-аар бууруулсан.
АНУ-ын DOGE-д загвар болж өгсөн хууль, журмыг цөөрүүлэх яам байгуулж, төрийг цомхотгох 1,700 бүтцийн шинэчлэлээр хүч түрсэн. Одоогоор түрээсийн хяналт зэрэг 900 гаруй хууль, журмыг устгажээ. Агаарын тээврийн салбарыг чөлөөлсөн. Эдгээрийн үр дүнд улс эдийн засгийн эрх чөлөөний индекс 21 байр ахисан.
Энэхүү түүхэнд өвөрмөц хэмнэлт, хууль, журмыг цөөрүүлэх чиглэлийн үр дүн юу вэ? Кэйнсч эдийн засагчдын муухан таамаглал болох засгийн газрын зардлыг бууруулж, нийт эрэлтийг бууруулснаас эдийн засгийн хямрал, олон нийтийн ажилгүйдэл үүснэ гэдгийг үгүйсгэж хэдийнээ дундаа явсан хямрал Милэй засаг авснаас хойш хэдхэн сарын дараа дууссан. Огцом V хэлбэрийн сэргэлт гарсан. 2024 оны эхэнд дэх уналтын дараа эдийн засаг нь 2024 оны дөрөвдүгээр сараас хойш өсөж байна. Үйлдвэрлэлийн гарц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж байна. Худалдаа ашигтай болжээ. Цалин, тэтгэвэр бодит утгаар өсөж байна. Ажлын байрны тоо шинэ дээд амжилт тогтоосон. Нийт цалингийн хэмжээ 2024 онд 8.8%-аар өссөн. Төрийн албан хаагчдын цалин 11%-аар буурсан бусад бүх орлогын бүлгийн цалин өссөн. Дунджаар бодит цалин 14%, бодит тэтгэвэр 13% өссөн. Эдийн засгийн идэвхжил 2024 оны нэгдүгээр сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэл 6.5%-аар өссөн. 2025 оны эхний улиралд өсөлтийн хувь 6.1%, хоёр дахь улиралд 8.1% хүрнэ гэж таамаглаж байна.
Ядуурал яаж байна вэ? Инфляц буурч, төрийг цомхотгосны үр дүнд ядуурлын түвшин 2024 оны эхний хагаст 52.9% байсан бол сүүлчийн хагаст 38.1% болж буурсан. Ядуурлын түвшин тасралтгүй буурсаар байна. 2025 оны эхэнд 33% болно гэж тооцсон. Өдөр бүр 25,000 Аргентины иргэн ядуурлаас ангижирч байна. Либертари бодлогын үр дүн. Энэ бодлогын томьёо: Цомхон төр, илүү эрх чөлөө. Аргентин бол гайхалтай амжилтын түүх болж байна.


Мэдээж, төрийн эдийн засгийг задлах нь амаргүй бэрхшээлтэй. Төрөөс хамааралтай хүмүүс, татвараар хөлжигсөд өөрсдийгөө өөрчлөх сорилтоос гадна сэтгэл ханамжгүй байдалд өртөх болдог. Перонизмын 80 гаруй жилийн өв нэг шөнийн дотор устах боломжгүй. Тэвчээр хэрэгтэй.
2025 оны дөрөвдүгээр сарын 13-д Олон улсын Валютын сантай хийсэн зээл нь Төв банкны долларын нөөцийг бэхжүүлсний дараа капиталын хяналтыг халж, валютын ханшийг чөлөөлсөн. Энэ бол маш чухал алхам болж гадаадын шууд хөрөнгө оруулалтад илүү сонирхолтой болгосон. Хэрвээ Милэйн нам 2025 оны аравдугаар сарын парламентын сонгуульд олонхын санал авбал Милэй Аргентиныг дэлхийн хамгийн эрх чөлөөтэй улс болгох зорилгодоо улам ойртоно.
Монголын уншигчид эрх чөлөөний төлөөх тэмцлээс Милэйн амжилтын түүхээс урам зориг авна гэдэгт найдаж байна.


Эрх чөлөө мандан бадраг, хараал ид!
(Viva la libertad, carajo!)

Филипп Багус
2025 оны дөрөвдүгээр сарын 16