Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн: Д.НАЦАГДОРЖИЙН БҮТЭЭЛ МӨН БОЛОХЫГ ТОГТООХ ХЭЛ НАЙРУУЛГЫН ШИНЖИЛГЭЭ
Бид саяхан “Ажилч эмэгтэй” сэтгүүлийн 1929 оны дугаар 11 (сард нэг удаа гардаг, дугаар 11 нь 12 сард хэвлэгдсэн) - ээс “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” хэмээх нийтлэл маягийн өгүүллэг олсон, энэхүү өгүүллэгийг Дашдоржийн Нацагдоржийн уран бүтээл мөн болохыг батлахыг зорих юм.
Аливаа зохиол бүтээл, захидал бичиг, ерөөс бичсэн эхийн зохиогчийг тодруулна гэдэг бол хэл шинжлэл, утга зохиол, өв уламжлал төдийгүй ялангуяа сүүлийн үед хууль эрх зүй, математик, тооцоолуурын ухаантай холбоотой нэн сонирхолтой судалгаа болж ирж байна. Энэхүү өгүүлэлд нэгэн зохиолын хэл найруулгыг шинжилж үзэх болно, үүнээс өмнө бичсэн эхийн зохиогчийг тодруулах ажлыг хамгийн ерөнхийгөөр хэрхэн ангилж буйг товч тодорхойлъё. Коппэл, Шлэр, Аргамон нарын (2009) судалгаагаар бол зохиогчийг тодруулах нь:
- Олон зохиогч (хууль зүйд бол сэжигтэн) байж болох магадлалтай, аль нэгийг нь мөн гэж тодорхойлох
- Нэг сэжигтэн (зохиогч) буй, тухайн эхийг чухам тэр хүний бичвэр мөн эсэхийг тодорхойлох
- Ерөөс сэжигтэн (зохиогч) байхгүй, эхийг маш өргөн хүрээнд судалж, зохиогчийг олох гэсэн гурван ерөнхий төрөлтэй хэмээн үзжээ.
Бид саяхан “Ажилч эмэгтэй” сэтгүүлийн 1929 оны дугаар 11 (сард нэг удаа гардаг, дугаар 11 нь 12 сард хэвлэгдсэн) - ээс “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” хэмээх нийтлэл маягийн өгүүллэг олсон, энэхүү өгүүллэгийг Дашдоржийн Нацагдоржийн уран бүтээл мөн болохыг батлахыг зорих юм. Сэтгүүлд зохиогч жинхэнэ нэрээ бичээгүй, Улаан үзэг хэмээх нууц нэр хэрэглэсэн, Д. Нацагдорж Үзэг хэмээх нууц нэрээр бичдэг байсныг А. Очир, Г. Дашням (2016) нар тогтоосон тул Коппэл нарын тодорхойлсон дээрх гурван төрлийн хувьд олон сэжигтний найруулгыг харьцуулан нэг нь мөн гэж үзэх биш, харин тодорхой нэг зохиолчийг мөн гэсэн таамаглал дэвшүүлээд тэр зохиолчийн бусад бүтээлийн хэл найруулгатай харьцуулан үзэхээр болов. Ингээд шинээр олдсон бүтээл дэх зарим өвөрмөц үг хэллэг, нөхцөл дагавар, холбоо хоршоо үг, аялга үг зэргийн найруулга хэрэглээг Д. Нацагдоржийн бусад бүтээлтэй хэдэн зүйлээр харьцуулан үзье.
“Тэмдэг нэр + янзын” хэмээх бүтэц
Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн (цаашид ШХ)-ийн эхний үг, эхний өгүүлбэр “Шинэ янзын булган малгай толгой дээр нь бударсан...” гэж буй. Мөн Пагма хүүхнийг дүрслэхдээ “алиа янзын зантай...” гэжээ. Тэмдэг нэрийн араас “янзын” гэсэн үг оруулж найруулах нь чухам Д. Нацагдоржийн онцлог билээ. Ийм бүтцээр Д. Нацагдорж тэмдэг нэрийн бууруулах утгыг илтгэдэг. Өөрөөр хэлбэл “цоо шинэ биш” гэсэн ойлголтыг бусад зохиолч нар “шинэвтэр, шинэдүү” гэж хэлэх бол, Нацагдорж “шинэ янзын” хэмээдэг юм.
1931 оны “Уриал” шүлэгтээ
Хуучны байгуулсан шавар шавхай өмхий байдлуудыг
Илжирсэн туйпуу гэр мэт нураагаад
Шинэ янзын хувьсгалт оронд бүгдээрээ суун
Марксын Уриалыг ихэд хөгжимдөв... гэсэн бол
“Үзэгдээгүй юм” –д Гонгор тайж “...хуучин янзын дээлээ өмсөж, жинсээ сэмээр өвөртлөн, яаран мордсон” тухай өгүүлдэг. Алдарт “Миний нутаг” шүлэгт мөн:
Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй... гэсэн бол заавал тэмдэг нэрийн бууруулах утгатай биш боловч “боржигин янзын” (Хөдөө талын үзэсгэлэн) гэх мэт жишээ олон.
Э –Тэ язгуурт заах төлөөний үгийн эсрэгцэл найруулга
“Бодит ертөнцийн хүн амьтан, юмс үзэгдэл, тэдгээрийн шинж чанар, өнгө зүс, бэлгэ тэмдэг, тоо ширхэг орон цаг, үйл хөдлөл зэргийг хол ойроос заан төлөөлөх энэ тэр, эдгээр тэдгээр, ийм тийм, өд төд, энд тэнд, ийш тийш, өдийд төдийд, ингэ тэг гэх мэт э- тэ- язгуурт үгсийг... заах төлөөний үг гэнэ” хэмээн Ц. Өнөрбаян (2004) тодорхойлжээ. Монгол бичгээр дан э- тэ- язгууртай боловч хэлний хувирал, кирил үсгийн дүрмээс болж “э-, и-, ө-, ү-, тэ- ти-, тө-, тү-“ гэсэн хувилбартай болсон энэхүү төлөөний үгсийн Э- буюу эгшиг язгууртай нь харьцангуй ойр зүйлийг, Тэ- буюу гийгүүлэгч язгуур нь холыг заан төлөөлнө хэмээн үздэг. Д. Нацагдоржийн хувьд заавал “хол-ойр” гэсэн эсэргэцлээр биш, ерөөс аливаа юмны хоёр тал, хоршоо хэлцийн тэнцвэр, бүрэн бүтэн хэллэгийн хос тэн болгон найруулдаг нь нэн сонирхолтой.
ШХ-ийн эхний өгүүлбэр “...ногоон дурдан бүсийг өргөн голшиг ороосон, чулуу сувдын даруулгыг алт мөнгөөр хүрээлсэн, ийм нэг залуу хүүхэн тийм нэг ширээн дээр сууж байв” хэмээн дуусаж байна. Мөн төгсгөл хэсэгт “ямагт энэ өдөр үүн лүгээ нөхцөн, маргааш өдөр түүн лүгээ сэртэлзэн...” гэжээ. Тэгвэл Нацагдоржийн бусад зохиол дахь Э-Тэ язгуурт төлөөний үгийн эсрэгцлийг авч үзье.
“Ийшээ ширтэж , тийшээ гөлрөн үүнийг гайхаж, түүнийг бодсоор явтал...” (Хөдөө талын үзэсгэлэн)
“Дэмий л үүнийг гайхан, түүнийг сонирхон...” (Алс газар сурахаар явагч)
“Энийг харж инээсэн, түүнийг ширтэж мишээсэн...” (Ганган хүүхэн)
“Чи тэгээд, би ингээд
Тавгаа цаашаа, шаазангаа наашаа” (Гуанзны хүүхэн)
“энэ хүн нь, тэр юм нь гэлцэн, дээгүүрээ түлхэлцэн, доогуураа нудралцан” (Хи хи хи)
“Юутай + Тэмдэг нэр” бүтцийн найруулга, хэрэглээ
Аливаа бүтээлийг тухайн нэг зохиолчийнх хэмээн батлах нь корпус хэл шинжлэл, түүнд үндэслэсэн стайлометри (stylometry) буюу “Найруулгыг хэмжих ухаан”-ы асуудал юм. Үүний тул тухайн зохиолчийн хэрэглэсэн бүхий л үгсийн сан, холбоо хоршоо үгс, хэлзүйн нөхцөл дагаврын хэрэглээг тооцоолуураар бүртгэн гаргасан байх учиртай. Үүнээс тухайн зохиолчийн хамгийн түгээмэл хэрэглэдэг, хэрэглэх дуртай үгсийн сан, хэлц хэллэгүүд тодрон гарч ирнэ. Бидний гар дээр Нацагдоржийн бүх үгийг тоолон гаргасан корпус хэл шинжлэлийн хэрэглэгдэхүүн байхгүй боловч энгийн анхан шатны ажиглалт, гар тооллогоор дуртай үг, хэлцийг нь гарган ирэх боломж бол байна. Ийм аргаар ажиглан тоолж үзвээс Д. Нацагдорж зохиол бүтээлдээ “юутай” хэмээх яруу асуух үгийн араас тэмдэг нэрийг оруулан найруулж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь нэн түгээмэл ажээ. “Юутай + тэмдэг нэр” бүтцээр баярлан бахадсан, таашан баяссан, хөөрхийлөн өрөвдсөн, жигшин зэвүүцсэн өнгө аясыг Нацагдорж зохиол бүтээлдээ бараг гуч гаруй удаа илэрхийлсэн байна. Жишээлбэл:
“...юутай гомдолтой зэрлэг амьдрал...”
“... юутай баяр, юутай завшаан...” (Хуучин хүү)
“Италийн орон юутай сайхан улиралтай вэ? (Туурганы зураг)
“Гэв гэгээн туяа чинь юутай хол сацарна
Тунгалаг сайхан гэрэл чинь юутай хурц гялалзана...” (Нар аа)
Энэ мэтээр яруу найраг, үргэлжилсэн үг бүхий л найруулгын зохиолд нь гуч гаруй удаа тохиолдсон энэхүү уран яруу хэрэглүүр бидний олсон ШХ эхэд мөн хоёр ч удаа тохиож буй нь санамсаргүй хэрэг биш. Тухайлбал:
“...цаг ямагт янчаан мөнгө бодож, өдөр ямагт унтаж жаргахыг бодон явагчид үг хэлэвч мэдэхгүй, учир гаргавч танихгүй, юутай хөөрхий...
“... сайн замтай сайхан бүсгүйчүүдийг харин муушаан үздэг нь юутай мунхаг харанхуй...”
Ялангуяа хэрэглээний орчин нь “Хуучин хүү”-тэй нэн төстэй, өгүүллийн дүгнэлт болгон өгүүлэхдээ бухимдсан цухалдсан сэтгэлээ илэрхийлсэн, мөн “юутай хөөрхий” гэсэн нь “Хуучин хүү”-гийн “хайран хайран, хөөрхий хөөрхий”-г бас санагдуулам буйг энд мартаж болохгүй. “Хөөрхий” нь Нацагдоржийн бас нэг дуртай үг, дөч шахам удаа хэрэглэснийг энд тэмдэглэсү.
Үйлдэлцэх үйлдэлдэх хэв бүхий хоршоо үг, хэлц
Ямар нэг нөхцөл дагаврыг хэн нэг зохиолч өмчилнө гэж үгүй. Харин тухайн нөхцөл дагаврыг өөрийн гэсэн өвөрмөц найруулга бүхий бүтцэд байнга ашигладаг тухайд бол зохиолчийн хэлний онцлог тодорч болох юм. Өгүүлбэр зүйч Б. Пүрэв-Очир (2014) чухам энэ саналын ёсоор Д. Нацагдоржийн “-маар нөхцөл, -хуй дор” хэмээх бүтцийн найруулга зэргийг амжилттай тогтоож чадсан билээ. Энэхүү шинээр олдсон бүтээлийн тухайд бид Нацагдоржийн үйлдэлцэх, үйлдэлдэх хэвийн нөхцөлийг хоршоо үгэнд болон, хоршин зэрэгцсэн хэлцэд хэрхэн ашигласныг авч үзнэ. Үүнд мөн Б. Ринчений хэл найруулгыг нарийвчлан судалсан Ч. Чимэгбаатар (2011) “Их эрдэмтэн зохиолчийн хэл найруулгыг тодорхойлон онцлохдоо бусад зохиолчийн зохиол бүтээлээс ялгарах ялгаварт нь үндэслэх нь зөв бөгөөд ойлгомжтой гэж үзэв. Энэхүү ялгавар нь үгийн сан, үгзүйн төвшинд илүү тод илэрч байх тул судалгааг үүнээс нь эхлэх нь зүйтэй гэж үзэв” хэмээгээд Б. Ринчений хэрэглсэн бүх хоршоо үгийг түүн жагсаасан байдгийг дурдууштай юм.
Үйлдэлцэх, үйлдэлдэх хэвийн нөхцөл нь үйлийг олон эзэн хамт үйлдсэнийг үзүүлдэг бөгөөд зарим тохиолдолд төстэй утгатай боловч зарим тохиолдолд утгын нарийн ялгаатай. Тухайлбал –лц нь аливаа үйлийг хамтдаа хийсэн (хэлэлц-, ярилц-, хуваалц-, барилц-), нэгэндээ тусалсан, аливаа үйлд гар бие оролцсон (хийлц-, явалц- туслалц-) санааг илүү илэрхийлэх бол –лд нөхцөлөөр хэлбэржсэн үйл үг их төлөв өвөр зуураа, өөр хоорондоо, нэгнийхээ эсрэг хэмээх утгыг (мөргөлд-, байлд-, барилд-, зодолд-) гаргадаг.
Бүх зохиолч энэ хоёр хэвийг хэрэглэдэг нь тодорхой боловч Нацагдоржийн хувьд ялангуяа үйлийн хоршоо үгэнд ихэд хэрэглэдэг, ингэхдээ бүр тодорхой хам сэдэвт, тухайлбал аальгүй хүүхнүүдийн олон дахин үйлдэж буй үйл хөдлөлийн тухайд ашигладаг өвөрмөц онцлогтой. Жишээлбэл “Хи хи хи” өгүүллэгт аальгүй бүсгүйчүүдийг дүрслэхдээ “нүдээ анилдуулан ирмэлдүүлэн аальгүйтэх бөгөөд...”, “дээгүүрээ түлхэлцэн, доогуураа нудралцан...” хэмээжээ.
Тэгвэл Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгийн эсрэг дүр, баян Дагдангийн охин аальгүй Мядагмаа хүүхэн “цонхоор өөрийн ханилсан нэг залуу эрийг таниад, хурдлан гарч, түүнийг оруулан хамтаар хөтлөлцөн, инээлдэн хөхрөлдөн хойд байшингийн зүг одохын зуур” Цэрмааг харсан тухай өгүүлнэ.
Мөн эсрэг талын дүр биш, эмэгтэй биш боловч найр хурим дээр наадан, алиалан цэнгэж байгаа Сумьяа ноёны тухай өгүүлэхдээ аанай л үйлдэлцэх үйлдэлдэх хэвийг хоршин хэрэглэснийг жишээлбэл, “харин улам хөгжин, Дариймаатай алиалалдаж, олон хүүхнүүдтэй дарвилцана” (Хэлхээгүй сувд хэмээх тууж)
Нацагдоржийн найруулгын энэхүү онцлог бидний шинээр олсон өгүүлэлд, хэлзүйн яг тэр хэлбэрээрээ (үйлдэлцэх хэв), өгүүлбэрзүйн мөн тийм орчинд (хоршоо үг), хам сэдвийн адил хүүрнэлд (аальгүй бүсгүйчүүд) тохиож буйг санамсаргүй тохиолдолд гэж үзэхэд дэндүү хуумгай юм. Эш татвал: “Тэд гурвуулаа бие биеэ таталцан түлхэлцэн, инээлцэн ханиалцаж, умалзан суулцах бөгөөд түүний хажууд жүжиг үзэхээр ирсэн хүмүүс үймэлцэн шуугилцмуй...” (ШХ)
Өнгө ба хувцасны эсрэгцэл
Дашдоржийн Нацагдоржийн зохиол бүтээл дахь өнгийн мэдрэмж, өнгийн бэлгэдэл, өнгөөр илэрхийлсэн чимэг тодотгол, өнгийн дүрслэлийн талаар Б. Пүрэв-Очир (2014) дэлгэрэнгүй өгүүлжээ. Энэ удаад бид Нацагдорж зохиол бүтээлийнхээ дүрийг тодруулахын тулд дээл хувцасны өнгө, материалыг хэрхэн сонгодог байсан тухайд авч үзэх юм. Д. Нацагдорж дүрийнхээ дотоод сэтгэлийг гаргахаасаа өмнө эхлээд заавал гадна дүр төрхийг дүрсэлдэг, үүнд дээл, бүс, малгай, гутал, нэмэлт чимэглэл, царай зүсийг дурддаг, туршлагатай уншигч бол энэ дүрслэлээс нь сайн муу дүрийн алин болохыг ялгаж чадахаар.Жишээлбэл:
“Хүрэн даавуун дээлийг нарийн дурдан бүсээр бүсэлж, цагаан орос малгай өмссөн бөгөөд зүүн талын соёондоо алтан шүдийг хийсэн...” (Хи хи хи)
“Бохир хар дугуйтай, бор даавуу дээлтэй ажилчин...” (Аальгүйгээс хамаргүй)
“Түүний бие өндөр чилгэр, өмссөн бүдүүн бөс даавуу, өнгө царай нь мяндсан хөвөнгөөс зөөлөн гэрэлтэй. Толгойгоо даавуу алчуураар боож хөл нүцгэн явна.” (Уул усны охин)
“Дагдангийн охин Мядагмаа гэзэг үсээ самнан, нүүртээ оо энгэсэг түрхэн басхүү шинэ хийсэн бор ногоон торгон дээлээ тааруулан өмсөж байх нь үзэгдэнэ... Цэрмаа, Мядагмаагийн торгон дээлийн өнгөнд гялбахдаа өөрийн муу уранхай даавуу дээл уруугаа нэг хараад... цагаан сарын өдөр манай гэрийн эзэд цөм сайхан торго дурдан дээл, булга минжин малгай хийж өмсөцгөөнө.” (Цагаан сар ба хар нулимс)
“Хөх даалимбан дээлийг өмсөж шар ногоон дурдан бүсийг ороосон бөгөөд гэзэггүй, орос эсгий малгайг хэлтгий тавьжээ...” (Үзэгдээгүй юм)
“Шар өнгийн торгон дээл дээр
Хүрэн өнгийн дурдам ороож...” (Дэгжин банди)
Энэ мэтээр баян, саваагүй, дэгжин, аальгүй дүрүүд ихэвчлэн торгон дээл, дурдан бүс, булга, минжин малгай, алт сувдын эдлэлтэй, цагаан улаан царайтай байдаг бол ядуу, дарлагдсан, даруухан баатрууд нь даавуу, нэхий дээлтэй, толгойгоо алчуураар боосон, хар бор царайтай байдаг. Тэгвэл “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” зохиолд гарч буй гурван эмэгтэйн өмсгөл зүүсгэлийг зэрэгцүүлж нэг, эсрэгцүүлж нэг харьцуулан үзье.
Дүр | Дулмаа | Пагма | Би баатар |
Малгай гутал | Булган малгай | Утас хатгасан гутал | Хурган дүгрэг малгай |
Дээл бүс | Сайхан торгон дээл, ногоон дурдан бүс | Хүрэн торгон дээл | Орос нэхий |
Нэмэлт чимэглэл | Чулуу сувдын даруулгыг алт мөнгөөр хүрээлсэн | Алтан бөлзөг ярайтал зүүсэн | Бүдүүн гэгчийн гаданги |
Царай зүс | Улаан хундан царай | Харавтар бор царай | |
Өгүүллийн нэр | Шалиг | Хүүхэн | Сайхан хүүхэн |
Энэхүү эсрэгцэл, өнгө зүс, гадаад төрхөөр утга санааг илэрхийлэх ёс нь чухам Дашдоржийн Нацагдоржийн уран яруу хэрэглүүр мөн.
Аялга үг, авиа дуурайх үгийн хэрэглээ
Аялга болон авиа дуурайх үгсийг Д.Нацагдорж зохиол бүтээлдээ өргөн ашиглаж, дүрээ чадмаг тодотгон өгдөг. Жишээлбэл:
“Хүүе яадаг билээ
Та хаалгаа хаачихъя гэм
Хи хи хи” гэж инээлдэнэ” (Гуанзны хүүхэн)
“Халтар Дамбий ха ха инээсээр, хамаг юмаа дахин ачаад...” (Зээлийн чимээ)
Ажиглаваас “хи хи хи, ха ха” гэж дуу гарган инээж байгаа дүр ямагт эсрэг дүр байгаа юм. Нацагдоржийн байнга сурталчилдаг гоо үзэсгэлэнтэй боловч даруухан хүний дүрийн тухайд бол авиа чимээ гаргахгүйгээр “хөнгөмсөг эевэрүү хасын өнгөт дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе үе инээмсэглэн мишээх” (Хөдөө талын үзэсгэлэн) ажээ.
ШХ-д хоёр шалиг хүүхэн “тэрхэн завсар хи хи, хэн хэн хэмээлцэж буй” тухай өгүүлэх бөгөөд Пагма нь “хи хи хэмээж, хэн хэн хахаж”, Дулмаа нь “Пөөх, пий пий. Ийм хувцас өмссөнөөс хятад хувцас өмссөн маань дээр байгаа...” гэхээс гадна ахин дараа нь “Пий пий, бүү үзэгд, яа яа” гэх мэтийг чанга хэлэн аяглах нь аальгүй, шалиг дүрийг үзүүлэх Нацагдоржийн найруулга чухам мөн.
Хараал үг, уулга үгийн хэрэглээ
Б. Пүрэв-Очир (2014) –д Д. Нацагдоржийн “халдаг балдаг” хэмээх уулгалах үгийн утга зохиолын хэрэглээний талаар хөндөн бичсэн байна. Ер нь Д. Нацагдорж хараалын үг, бүдүүлэг үг, уулга үгийг эсрэг талын баатрын дүрийг онц тод илрүүлэхийн тулд утга зохиолд нэн зоригтой хэрэглэсэн байдаг. Уламжлалт сонгодог бичиг зохиолын хэлэнд ийм үгс тэр бүр тохиогоод байдаггүй тул үүнийг монгол уран зохиол дахь Нацагдоржийн нэг шинэчлэл ч гэж үзэж болохоор. Жишээлбэл “Үзэгдээгүй юм” зохиол дахь нэгэн харгис эмэгтэйн тухай “Алцганан Болдын дэргэд ирж, би үүнийг маргааш ална гэж маузер буугаар чичих нь инээдтэй. Ийм нэг өлөгчин бас явалцана” гэдэг. “Аальгүйгээс хамаргүй”-гийн дугуйнаас унадаг эмэгтэй “халдаг(а) балдаг(а)” гэж уулга алдаж байгаа нь бас л зоригтой шийдэл юм.
Бидний олсон эх дэх хоёр шалиг хүүхэн ч мөн хараал үгийг хэрэглэн ярилцана. Даруухан бүсгүй болох би баатрыг хараад нэг нь “Харин нэг лалар байна” хэмээх нь Нацагдоржоос өөр зохиолч бол хэрэглэхээс ч эмээмээр үг билээ. Мөн цааш нь “эвлэл намын эрвэгэр... мань муу монди... муу золиг” гэх мэт бүдүүлэг үгсийг эсрэг талын дүрүүд хэрtглэн ярилцах нь Д. Нацагдоржийн найруулга, хэрэглээ мөн юм.
Шүлэглэсэн өгүүллийн найруулга
Б. Пүрэв-Очир (2014)-д Д. Нацагдоржийн зарим зохиол хэд хэдэн хувилбартай болсон тухайд “зохиол бүтээлээ туурвихдаа нэг сэдвийг үргэлжилсэн (хүүрнэл) ба шүлэглэсэн (яруу найраг) гэсэн хоёр хэлбэрээр бичдэг” хэмээжээ. Яг үнэндээ бол нэг сэдвийг хоёр өөрөөр бичсэндээ ч биш, ерөөс үргэлжилсэн үгийн зохиол бичихдээ толгой холбох ёсыг дагачихдаг, энэ нь шинэ мөрнөөс л эхлээгүй боловч шүлэгтэй тун ойролцоо юм. Тиймээс, жишээ нь “Хи хи хи” өгүүллэгийг “Гуанзны хүүхэн” шүлэг болгоё гэвээс таслал тавьсан хэсгийг нь шинэ мөрнөөс эхэлчихэд л хангалттай юм. О.Дашбалбар Нацагдоржийн ийм зохиолуудыг “өгүүлсэн шүлэг” хэмээн нэрийджээ. Зөвхөн толгой холбосондоо ч биш, хэмнэл ритм жигд, сондгойруулахгүйг эрхэм болгосон, ижил төстэй үгийг ашигласан, үг үеийн тоо тэнцүү байдаг нь өгүүлсэн шүлгийн хэмнэл билээ.
ШХ өгүүллэг бол Нацагдоржийн яг тийм нэгэн найруулга бүхий зохиол аж. Харилцан ярианы хэсэг нь л хар ярианы хэлээр боловч зохиолчийн чухам өөрийн үг санаа дүгнэлт, дүрслэл зэрэг нь толгой холбосон, бичгийн найруулга бүхий, үүний үргэлжилсэн бичлэгийг багаахан засаад шинэ мөрнөөс эхлүүлэн бичвэл доорх мэт:
Зөв харан хялайж
Буруу харан инээж
Мөр мөрөө түшсээр
Мөнөөхөн залууг дагуулсаар
Ший жүжгийн хаалгаар
Шарвалзан орж очив...
Энэ өдөр үүн лүгээ нөхцөн
Маргааш өдөр түүн лүгээ сэртэлзэн
Цаг ямагт янчаан мөнгө бодож
Өдөр ямагт унтаж жаргахыг бодон явагчид
Үг хэлэвч мэдэхгүй
Учир гаргавч танихгүй...
Дүгнэлт хэсэг, төгсгөлийн шүлэглэл
“Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” зохиолын дүгнэлт хэсэг “Хуучин хүү”-гийн дүгнэлттэй найруулга, хэрэглэсэн үг, зохиолчийн харуусах санаа, өнгө аясын илэрхийллээрээ нэн төстэй байгаа нь сонирхол татаж байна. “Хуучин хүү”-гийн байдал, болж буй явдлыг бүгдийг тоочин дүрсэлсний эцэст Нацагдорж “...хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдралд, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ” гэх мэтээр халаглан өгүүлсэн бол ШХ-д мөн байдлыг тов тодорхой дүрсэлсний эцэст “эдгээр шалиг самуун явдалтай бүсгүйчүүд өнгө мөнгөөр биеэ чимээд эрэгтэйчүүдийг бачлан тонож, өөрсдийн биеэ сургаж боловсруулан, өөрийн амьдарч чадах аж амьдралгыг үрж, гэр тэргээ тэтгэн, эр нөхөртөө нөхөр болохыг мэдэхгүй, ямагт энэ өдөр үүн лүгээ нөхцөн, маргааш өдөр түүн лүгээ сэртэлзэн, цаг ямагт янчаан мөнгө бодож, өдөр ямагт унтаж жаргахыг бодон явагчид үг хэлэвч мэдэхгүй, учир гаргавч танихгүй, юутай хөөрхий аж” гэсэн нь нэгэн зохиолчийн хэв маяг аргагүй мөн.
Өөр нэг зүйл бол Д. Нацагдорж үргэлжилсэн үгийн зохиолоо цөөн хэдэн мөр шүлгээр төгсгөдөг бас нэгэн онцлогтой, харьцуулан буй “Хуучин хүү” жишээ нь:
Хөх монгол улаан монгол болов.
Хуучин хүү шинэ хүү болов
Юутай завшаан, юутай баяр гэж дуусдаг бол “Эзэрхэг түрэмгийн байлдаан”:
“Аяа хөрөнгөтөн этгээдийн үүсгэсэн ба
Yүсгэхийг завдан байгаа
Хорт байлдааныг
Хорсон заналтайяа” хэмээх бяцхан шүлгээр өндөрлөдөг. Тэгвэл ШХ нь мөн нэгэн хөөрхөн, бяцхан шүлгээр өндөрлөж буй нь адил, гэхдээ өгүүллэгийнхээ үйл явдалтай бус өгүүллэг хэрхэн бүтсэн талаар өгүүлж буйгаараа ялгаатай буйг эш татваас:
“Ший төгсөв
Би буцав
Бийр хөдлөв
Үлгэр бүтэв”
Цаг хугацааны тухайд
“Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” өгүүлэл буюу зохиолчийн өөрийнх нь нэрийдсэнээр Үлгэрлэл нь “Ажилч эмэгтэй” сэтгүүлийн 1929 оны 11 дугаарт хэвлэгдсэнийг өмнө дурдсан буй (11 сарын дугаар нь 12 сард гарна). Сард нэг удаа гардаг сэтгүүл учраас үүнийг 1929 оны сүүлч буюу 11 сар гэж үзэж болно. Нацагдоржийн намтар судлаач нарын (Д. Цэдэв 2006) бичсэнээс үзэхэд тэрбээр 1929 оны хавар Герман улсаас буцаж ирээд Улаанбаатарын Төмрийн заводод орчуулагчаар ажилд оржээ. Энэ үедээ сонин хэвлэлд нийтлэл бичих цаг завтай байсан бололтой. А. Очир, Г. Дашням (2016) Нацагдоржийг 1930 онд “Залуучуудын үнэн” сонинд зургаан нийтлэл Үзэг хэмээх нууц нэрээр бичсэн тухай өгүүлжээ. Энэ бүгд баримт 1929 оны 11 сарын өгүүлэл Нацагдоржийнх мөн байж болох магадлалтай яв цав нийлж байна.
Мөн “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн”-д гарч буй сэдэв нь Нацагдоржийн бусад тэр сэдвээр бичсэн өгүүлэл зохиолтой нэн ойр, тухайлбал, “Хи хи хи”, “Аальгүйгээс хамаргүй”, “Гэдэн годон” бүгд 1930 онд бичигдсэн буй нь их зохиолч 1929 оны сүүлээс эхлээд нэг жил орчим тэр сэдвээр туурвисныг нь гэрчилнэ.
Дүгнэлт
Нэг. “Ажилч эмэгтэй” сэтгүүлийн 1929 оны 11 дугаарт хэвлэгдсэн “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” үлгэрлэл нь Дашдоржийн Нацагдоржийн нийтлэл болох нь тодорхой байна. Бид стайломеотрийн ухааны аргыг хэрэглэн, тус нийтлэл болон Нацагдоржийн зохиол бүтээл дэх “тэмдэг нэр + янзын” хэмээх бүтэц, “э-, тэ- язгуурт төлөөний үгийн эсрэгцэл”, “юутай + тэмдэг нэр” хэмээх бүтэц, үйлдэлцэх, үйлдэлдэх хэв бүхий хоршоо үг, хоршсон найруулга, өнгө хувцасны эсрэгцлээр дүрийг илтгэх урлаг, аялга, авиа дуурайх үгийн хэрэглээ найруулга, хараал, уулга үгийн хэрэглээ, дүгнэлт болох бичил шүлэг, үргэлжилсэн үгийг шүлэглэн бичих чадвар, нийтлэлийг бичсэн цаг хугацаа гэсэн арван зүйлээр шалган, Дашдоржийн Нацагдоржийн бүтээл мөн хэмээн эргэлзээгүйгээр батлав.
Хоёр. “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” нийтлэл нь аальгүй хүүхнүүдийг шүүмжилснээрээ “Хи хи хи”, “Аальгүйгээс хамаргүй” бүтээлүүдтэй нь нэг сэдвийнх, гэвч хэмжээний хувьд хавьгүй том, цаг хугацааны хувьд өмнө бичигдсэнээрээ онцлог юм.
Гурав. “Хи хи хи”, “Аальгүйгээс хамаргүй”-д зөвхөн хөнгөр хийсвэл, аальгүй маягтай эмэгтэйг шүүмжлэн өгүүлсэн байдаг бол “Ламбугайн нулимс”-д бусдын хөрөнгө мөнгийг завшаах шуналт эмэгтэйн тухай өгүүлдэг. Тэгвэл “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” нийтлэл нь энэ хоёр сэдвийн аль алиныг хөнлөн, нэгтгэснээрээ онцлог юм.
Дөрөв. Энэхүү дүгнэлт хэсэгт Нацагдоржийн өөрийн Үлгэрлэл хэмээн нэрийдсэн бичвэрийг “нийтлэл” хэмээн нэрийдсэн тухайд бол тус бичвэр нь би баатрын дүрээр болсон явдлыг шүүмжлэн өгүүлсэн сонин сэтгүүлийн нийтлэлийн шинжтэйн учир юм. Энд зохиолч Д. Намдаг “Хи хи хи”-г шог өгүүллийн төрөлд оруулсныг буруутган, “нийтлэл” хэмээдэг байсныг цаашид нягтлан судлууштай нь тодорхой байна.
Ном зүй
Д. Цэдэв 2006, Дашдоржийн Нацагдорж, Бүрэн зохиол- 1, Тэргүүн дэвтэр, Улаанбаатар.
А. Очир, Г. Дашням (2016), Д. Нацагдорж: Амьдрал, үйлс, Улаанбаатар, Хэл зохиолын хүрээлэн.
Ц. Өнөрбаян (2004), Орчин цагийн монгол хэлний үг зүй, Улаанбаатар, МУБИС.
Б. Пүрэв-Очир (2014), Дашдоржийн Нацагдорж болон түүний..., Улаанбаатар, МУБИС.
Ч. Чимэгбаатар (2011), Монгол хэлний яруу найруулга, Б. Ринчен, Тэргүүн дэвтэр, Улаанбаатар, Китаб ХХК
Коппэл, Шлэр, Аргамон (2009), Koppel, M., Schler, J., & Argamon, S.Computational methods in authorship attribution. Journal of the American Society for Inforamation Science and Technology, 60 (1), 9-25. 2009
Хавсралт:
Ажилч эмэгтэй сэтгүүл
Монгол улсын Арван есдүгээр он (1929), Арван хоёр сард.
Дугаар 11, 28-32-р тал.
Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн (Үлгэрлэл)
Шинэ янзын булган малгай толгой дээр нь бударсан, сайхан торгон дээл нь нарны гэрэлд гялтганасан, ногоон дурдан бүсийг өргөн голшиг ороосон, чулуу сувдын даруулгыг алт мөнгөөр хүрээлсэн, ийм нэг залуу хүүхэн тийм нэг ширээн дээр сууж байв. Түүний хажууд бас нэг хүрэн торгон дээлтэй, утас хатгасан гуталтай, улаан хундан царайтай, алтан бөлзөг ярайтал зүүсэн, алиа янзын зантай, аль нэг гоёмсгийг үзмэгц инээмсэглэх царайтай, ер нэг ядууг үзмэгц шоовдорлох шинжтэй, ийм нэг хүүхэн нөхөрлөн сууж, тэрхэн завсар хи хи, хэн хэн хэмээлцэж буй гэтэл, орос нэхий дээлтэй, бүдүүн гэгчийн гадангитай, хурган дүгрэг малгайтай, харавтар бор царайтай, ийм нэг бүсгүй тэдний дэргэдүүр хэрмэн дээр наалдсан зургийг үзсээр очив. Энэ нь хэн буй хэмээвээс өөр хүмүүн бус, би болой. Тийнхүү явж байтал гэнэтхэн ногоон дээлтэй хүүхэн бээр нөгөөдөө хэлрүүн: Пагма аа, цаадхаа харахгүй юу? Пагма яаран эргэж хараад буцаж инээн, хи хи хэмээж, хэн хэн хахаж хэлрүүн: Үгүй ер өө. Харин юу гээч дээ, эр ч юм үү, эм ч юм үү, орос ч юм уу, монгол ч юм үү гэмээр биш үү, Дулмаа жаажаа хэмээмүй.
Нөгөө Дулмаа нь мөн ихэд инээн хэлрүүн: Харин гэм. Харин нэг лалар байна даа. Пөөх, пий пий. Ийм хувцас өмссөнөөс хятад хувцас өмссөн маань дээр байгаа.
Хоёулаа төдий босоод мөн л цааш өлгөсөн зургуудыг үзсээр явав. Гэнэтхэн нэг хэсэг хүний цогцот зургийн өмнө очоод нүүр амаа даран учир дүрсгүй инээж хөхрөн, пий пий, бүү үзэгд, бүү үзэгд, яа яа хэмээж баймуй. Тэд нар тийнхүү байтал бас нэг торгомсог дээлтэй, булгамсаг малгайтай, гоёмсог залуу ирээд, тэр хоёрыг үзээд За за, та хоёр чинь юунд ийм их инээж хөхөрч байна вэ? Үзээгүй юмаа сая үзэж байгаа биш дээ. Зартай эр эмүүд л байна.
Хоёр хүүхэн түүнийг үзээд Пөөх пөөх, пүй пүй хэмээмүй.
Би тэр үед хажууд нь зогсож л байв. Гэнэтхэн тэр хоёр хүүхэн намайг үзэн, даруй дуугүй болж, зөв харан хялайж, буруу харан инээж, мөр мөрөө түшсээр мөнөөхөн залууг дагуулсаар ший жүжгийн хаалгаар шарвалзан орж очив. Элдэвт дуртай би ч энэ хэд чухам хэрхдэг болов хэмээн дагалдсаар орчив.
Тэд нар явсаар нэгэн харанхуй буланд сууцгаав. Би ч тэдний ойролцоо сууж, чих тавин чагнав. Тэд гурвуулаа бие биеэ таталцан түлхэлцэн, инээлцэн ханиалцаж, умалзан суулцах бөгөөд түүний хажууд жүжиг үзэхээр ирсэн хүмүүс үймэлцэн шуугилцмуй. Би л ганцаар тэнд чимээгүй томоотой суув. Хэлэх үг нь сайн мэдэгдэхгүй боловч тэрхүү ногоон дээлтэй хүүхний дуу лав мөн дөө мөн, хэлрүүн: Галсан чи ойрноос уйлаг алдсан, гуйлаг болсон хүүхэн ээрээд байх болж.
Галсан хэлрүүн: За яахав, ямар хүүхнээ хэлэв?
Дулам хэлрүүн: Яахав, хар нэхий дээлтэй, хачин үнэр ханхилсан, эвлэл намын эрвэгэр үү?
Галсан хэлрүүн: За яршиг, тэр муусайнаар яадаг юм.
Дулам хэлрүүн: Тэд нар чинь торгон дээл, тарган мах идэх заяа нь орхигдож, ойрноос сайн эдлэл эдэлж болохгүй, сайн хоол идэж болохгүй гэж тогтсон гэнэ билээ.
Пагма хэмээгч нь хэлрүүн: Тэр муусайчууд юу байхав дээ, олигтой эр ч олдохгүй.
Дулам хэлрүүн: Үгүй, тэд нар өөрсдөө өмсөж идэхээ биеэ байтугай бас бусдыг хорьдог нь жигтэй биш үү? Санаваас бид нарыг ийм сайхан явахад дуурайя хэмээн санавч чадахгүй, хорсдог юм байлгүй дээ.
Гэнэтхэн хажуугаар нь нэгэн хүн өнгөртөл Дугүй дугүй хэмээлцээд өвөр зуураа инээлцмүй. Галсан гэнэтхэн босоод хэлрүүн: Би нэг гарах хэрэгтэй байна. Та хоёр сууж байгаарай хэмээн хэлээд явтал Дулам хэлрүүн: Өнөөх чинь өнөөхүүдээ эргүүлэхээр явлаа.
Галсан: За яршиг, юуны чинь өнөөх мөнөөх хэмээгээд гарч одмуй. Галсанг гарсны хойно Дулам сэмхэн Пагмад хэлрүүн: Энэ маань ямар билээ?
Пагма хэлрүүн: Ямар юу байхав. Би ч бага сага юм авч байсан. Ойрноос баахан юмаар багашиг болсон мэт санагдмуй. Үзэхгүй юү? Татаж яваа тамхи нь хүртэл ийм гашуун буй хэмээн хоёулаа их л инээлцмүй. Бас цааш сонсвоос, Дулам хэлрүүн: Миний саяхны танилцдаг өнөөх маань ихээхэн юмтай юм байна шүү. Над ийм хоёр алтан бугуйвч хийж өгсөн хэмээхүйд Пагма Аль вэ? хэмээн үзээд Өнөөх хэмээгч хэн бэ?
Дулам хэлрүүн: Яагаав дээ, мань муу маймаачин төвөд хэмээмүй.
Пагма хэлрүүн: Харин зүгээр л дээ. Мань муу монди над ойрноос юу ч хийж өгөхөө байсан шүү. Муу золиг чинь ондоо хүүхэн олсон юм байлгүй дээ. Би одоо салах санаатай буй.
Дулам хэлрүүн: Тэгвэл дээр дээ. Ийм сайхан залуу байх цагт баян, юмтай хүмүүс хаана мундах вэ? Тэр мууг дагаж зовж зүдэж явсны хэрэг юун?
Пагма хэлрүүн: Эгчийн үг маш зөв. Би ч тийм санаагүй. Өнөөх жанжныг таних уу?
Дулам хэлрүүн: Танимуй. Чи түүгээр юу хиймүй?
Пагма хэлрүүн: Үгүй тэр чинь намайг чангаагаад байх болжээ. Тийнхүү би мөн... хэмээн сая хэлтэл гэнэтхэн нэг хүн: Нөхөд өө, тамхийг битгий татагтун. Чимээгүй сууцгаа, ший гарлаа хэмээж буй. Хоёулаа тэр даруй үгээ таслаад босож цааш шивгэнэлдэн одвой.
Би тэдний үгийг тавтайяа сонсож суутал эцсийг нь олж чадсангүй, дотроо гэмшиж, бас эдгээр шалиг самуун явдалтай бүсгүйчүүд өнгө мөнгөөр биеэ чимээд эрэгтэйчүүдийг бачлан тонож, өөрсдийн биеэ сургаж боловсруулан, өөрийн амьдарч чадах аж амьдралгыг үрж, гэр тэргээ тэтгэн, эр нөхөртөө нөхөр болохыг мэдэхгүй, ямагт энэ өдөр үүн лүгээ нөхцөн, маргааш өдөр түүн лүгээ сэртэлзэн, цаг ямагт янчаан мөнгө бодож, өдөр ямагт унтаж жаргахыг бодон явагчид үг хэлэвч мэдэхгүй, учир гаргавч танихгүй, юутай хөөрхий аж. Өтөлсний хойно юу болох юм бол доо, зайлуул хэмээн гэнэрэн бодохын хамт бас тэд нар шинэ суртлыг дагаж, эрдмээр биеэ чимэн, ухаанаар улсыг засаж, сайн байдлыг сайшаан дагаж, шалиг явдлыг муушаан зайлж, ариун шударгыг эрхэмлэн, амьдарлага бодолхийлэн яваа сайн замтай сайхан бүсгүйчүүдийг харин муушаан үздэг нь юутай мунхаг харанхуй, өөдөлшгүй ухваргүй этгээд аж хэмээн бас нэгэнтэйгүүр цухалдаж явав.
Ший төгсөв
Би буцав
Бийр хөдлөв
Үлгэр бүтэв.
Улаан үзэг
О
Зочин
Уншигч
Зочин
их бөө
Баярлалаа
Зочин
Зочин
Хэзээ ч хуучрахгүй
Зочин