Монгол хоёр “оффшор”-той
Өнөөдөр “Монголньюс” мэдээллийн төвд зарласан хэвлэлийн бага хурал дээр иргэн Б.Чулуудай ингэж хэлэв.
Өнөөдөр “Монголньюс” мэдээллийн төвд зарласан хэвлэлийн бага хурал дээр иргэн Б.Чулуудай ингэж хэлэв. Өнгөрөгч баасан гаригт буюу гуравдугаар сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан Ард түмний онц зөвлөл /АТОЗ/-өөс иргэн Б.Чулуудай, түүний эцэг, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарыг оффшор бүсэд данс нээсэн, авлига, хээл хахуулиар олсон болон татвараас зувчуулсан 480 тэрбум орчим төгрөгийг оффшор бүсэд далд хийсэн хэмээн мэдээлсэн байна.
Үүнээс өмнө 2016 он зургадугаар сард УИХ, НИТХ-ын сонгуулийн санал хураалт болохын өмнө МонголHD телевиз, н.Ганбаяр нар “Хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай оффшорт данстай болох нь нотлогдлоо” хэмээн мэдээлж, МонголHD телевизийн зүгээс Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багтай хамтран уг мэдээллийн мөрөөр цуврал нэвтрүүлэг бэлтгэхээ амласан байдаг.
Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөхөд МонголHD телевизийн “эрэн сурвалжлах” багийн зүгээс уг мэдээллийнхээ үнэн зөв байдлыг нягтлах тал дээр ямар нэг оролдлого хийгээгүйгээр барахгүй иргэн н.Ганбаяр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Иргэн Б.Чулуудайгийн оффшор дансны талаарх мэдээллийг гадаадын иргэн над руу И-майлээр явуулсан. Би энэ мэдээлэлтэй ямар ч холбоогүй” гэж мэдүүлсэн байна.
Б.Чулуудай ч бас өөрийнх нь талаар нийтэд цацагдсан мэдээллийн үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө сэргээлгэхээр цагдаа, шүүхээр жил шахам явсан ч бүгд түүний өргөдлийг хүлээж авахаас татгалзжээ. Цагдаагийн байгууллага иргэн н.Ганбаярын хийсэн үйлдлийг “Гэмт хэргийн бүлэлдэхүүнгүй” гэж үзсэн бол шүүх Б.Чулуудайн нэхэмжлэлд “нотлох баримт хангалтгүй” гэдэг хариу өгсөн байна. Иргэний шүүхээс ийм шийдвэр гарч болдогийг энэ насандаа сонсоогүй л юм. Харин АТГ “Иргэн Б.Чулуудай төрийн алба хашдаггүй учраас манай харьяаллын хэрэг биш” гээд буцаажээ.
Ингээд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу нэг жил өнгөрсний дараа Б.Чулуудайгийн нэр холбогдсон оффшорын хэрэгт Э.Бат-Үүлийн нэр давхар зүүгдэх болов. Тухайн үед ч Б.Чулуудай өөрөө хэлж байсан л даа, “Оффшор бүсэд компани байгуулсан маань үнээн, 2011 онд. Гэхдээ ямар ч данс байхгүй, гүйлгээ хийгдээгүй” гэж. Гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол руу татах зорилгоор хөрөнгө оруулагч компанийн шаардлагаар оффшорт бүртгэлтэй компани байгуулсан, хоёр жилийн дараа компаниа татан буулгасан. /Сонирхсон хүн google-ээс хайлт хийгээд үзэж болно/ Яг тэр үед нь /2013 оны намар/ УИХ-аас “Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай” хуулийг баталж, банк санхүү, уул уурхай, мал аж ахуйн бүтээгдэхүүн гээд бүхий л салбараа “стратегийн” гэж зарласнаар Монголд гадаадын хөрөнгө оруулалт татах тухай яриа төрийн бодлогын түвшинд бүрэн зогссон юм. Үүгээр Б.Чулуудайгийн оффшор бүсэд бүртгүүлсэн “Стратежик майнинг” компанийн шаардлага үгүй болж, компаниа татан буулгасан байна.
Дашрамд сануулахад, Монгол Улсын хуульд “оффшор”-ыг хориглох тухай зүйл заалт одоогоор байхгүй ч /хуулийн төсөл нь дөнгөж боловсруулагдаж буй/ татвараас зайлсхийх болон авлига, хээл хахууль авах, өгөх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Тиймээс иргэн Б.Чулуудайтай холбоотой гэмт хэргийн мэдээлэл хэрэв бий аваас яаралтай хуулийн байгууллагад өгч шалгуулахыг тэр өөрийн нэрээр МонголHD телевиз болон АТОЗ-өөс шаардаж, хэрэв хуулийн өмнө гэм буруутай бол хариуцлагаа хүлээхэд бэлэн гэдгээ энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар мэдэгдэв. Монгол муу ч, сайн ч хууль ёстой орон шүү. Мөн Иргэний хууль, Эрүүгийн хуульд заасан “иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээллийг санаатай тараасан” үндэслэлээр хууль шүүхийн байгууллагад дахин хандаж, гомдлоо гаргана гэдгээ мэдэгдлээ.
Саяхан АН-ын дотоод сонгуулийн үеэр бас нэг “элэг хатаасан” зүйл болсон. АН-ын ҮБХ-нд нэр дэвшсэн С.Баярцогтыг намынхан нь /С.Эрдэнэ л тэгж хэлсэн шүү/ “оффшорт данстай хүн манай намын удирдлагад байж болох уу?” гэж асууснаас болоод дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчийнх нь эрхийг түдгэлзүүлчихсэн. Гэтэл Сэлэнгэ аймгийн нам нь хуралдаад дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг эс тоон С.Баярцогтыгоо нэр дэвшүүлээд үнэмлэхүй олонхиор гаргаад ирсэн байх жишээтэй.
С.Баярцогтын асуудал өөр л дөө. УИХ-ын гишүүн байсан, оффшорт данстай байсан, түүнийгээ хүлээн зөвшөөрч УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцорсон гээд. Гэвч УИХ-ын гишүүдэд /одоогийн УИХ, Засгийн газрын гишүүдээс хэд нь оффшорт данстай вэ, тэрийг нь хэн мэдэж байгаа вэ?/ үйлчлэхгүй байгаа ёс зүйн энэ категори АН-ын гишүүдэд үйлчлэх үү? Хоёрдугаарт өмнө нь оффшорт данстай байсан, үүнийгээ хүлээн зөвшөөрөөд ёс зүйн хувьд хариуцлагаа хүлээчихсэн хүнийг дахин яллаж улс төрийн эрхийг нь хасах нь ардчилсан ёсонд нийцэх үү?
Дүгнэлт: Ер нь энэ оффшор гэдэг чинь юу юм, яавал гэмт хэрэг болдог, ямар түвшинд хүлээн зөвшөөрөгддөг юм гэдэг дээр нийтээрээ нэг мөр ойлголттой болохгүй бол ямар ч шүүх цаазгүйгээр хүссэн хүнээ шонд өлгөж болдог, нам дотроо хүртэл бие биенээ намнадаг улс төрийн зэвсэг болоод дуусч байгаа юм биш үү? Хуулийн байгууллагатай бол бүр ярих ч юм алга.
зочин
Зочин
Зочин
Монголд хууль хэрэгтэй, хуулиа биелүүлэх үүрэгтэй
Зочин
lkhagvasuren
Зочин
Зочин
БАТ
Зочин
Сэмүүнийг дэмжиж нэмэрлэх үг