Сэхээтэн атлаа тэнэг
2014-2018 оны хооронд Энэтхэгээс Их Британи, АНУ хүртэл бидний үзсэн харсан бүхэн амины дэнчингүй бодлого боловсруулагч “цаасан нүүртэн” болон дотоод мэдээлэлтэй сэтгүүлч буюу Айви Лиг, Оксфорд, Кэмбриж, тэдгээртэй төстэй гуншны төлөөх боловсролыг эзэмшсэн, хагас дутуу сэхээтэн, дарангуйлагчдаас бүрдэх дотоод тойргийн эсрэг бослого байсан юм. Тэд бидэнд 1) юу хийхийг, 2) юу идэхийг, 3) яаж ярихыг, 4) яаж бодохыг, мөн... 5) хэнд саналаа өгөхийг үргэлжид зааж байдаг.
Сэхээтэн атлаа тэнэг
Амины дэнчингүй хүмүүс—Амь бөхтэй айдас—Профессорт хүндийн өргөлтийн хичээл заа
НАРГИЛЫН САМАР ХААНААС ОЛОХ ВЭ?
Гэвч энд лалар нь сохроо дагаж буй асуудал байна. “Сэхээтний оронцог” хүмүүс Наргил арал дээр байсан ч наргилын самар олохгүй буюу ухаан гэж юу болохыг ч таних ухаангүйн хар гайгаар төөрөгшил буюу гаднаас батлагдахгүй, зөвхөн дотроосоо л баталгаа нь гардаг онолын ангал руу өнхрөн унадаг. Тэдний гол чадвар бол өөрсөд шиг нь хүмүүсийн бэлдсэн шалгалтад тэнцэх, эсвэл өөрсөд шиг нь хүмүүсийн бичсэн судалгааны өгүүллийг унших. Зарим маань (Бүдүүн Тони биш) тэдний удаа дараалан чадваргүй байгааг олж харахгүй явсаар иржээ. Сэтгэл зүйн судалгааны өөр хоорондын нийцэл 40-өөс бага хувьтай байдаг, хоол хүнсний “мэргэжилтнүүд” нэг хэсэг өөх тосыг жигшиж сүйд майд болж байснаа 30 жилийн дараа эргээд түүний ач холбогдлыг ойлгосон, макро эдийн засаг, санхүүгийн эдийн засаг (ойлгохын аргагүй хэдхэн үгэндээ үүрд эргэлдэн гацсан) шинжлэх ухаан талаасаа зурхайгаас ч дор (Санамсаргүйд хууртах нь номоос хойш Инсерто төслийн уншигчид мэддэг болсон), санхүүгийн эрсдэлийн талаар огт мэдэхгүй гэж хэлэхэд ч багадах Бен Бернанкег 2010 онд Холбооны Нөөцийн Банкны захирлаар дахин томилсон, эм зүйн туршилтууд өөр хоорондоо ихээр бодоход 30 хувийн нийцэлтэй байгаа энэ үед хүмүүс өвөг дээдсийн зөн мэдрэмждээ найдах, эдгээр бодлого боловсруулагч салбадай нараас илүү зөв амьдарсан эмээгийнхээ (эсвэл Монтэн мэтийн сонгодог мэдлэгтнүүд) үгэнд орох бүрэн эрхтэй юм.
ШИНЖЛЭХ УХААН БА ШИНЖЛЭХ УХААНИЗМ
Үнэхээр л бидний толгойг мэдэж, амьдралыг шийдэх төрөлхийн эрхтэй мэт сэтгэдэг тэдгээр академик хүнд сурталтан анагаахын статистик дээр ч, бодлого боловсруулалт дээр ч баттай зүйл хэлдэггүй. Тэд шинжлэх ухааныг шинжлэх ухаанизмаас ялгахгүйгээр үл барам шинжлэх ухаанизм нь илүү бодитой гэж үздэг. Тухайлбал, биднийг ямар нэг зан үйл рүү “түлхэн оруулах”-ыг байнга санаархаж явдаг Касс Санштэйн, Ричард Талер нарын “эрүүл сэтгэхүй”, “эрүүл бус сэтгэхүй” (буюу зохист, урьдаас заасан зан үйлээс хэлбийхэд оноодог энэ мэт ангилал) гэж нэрлэсэн зүйлсийн ихэнх нь магадлалын онолын тухай буруу ойлголт, анхдагч эрэмбийн загварыг буруу ашигласнаас үүдэлтэй байдаг. Мөн тэд цогцыг бүрэлдэхүүн хэсгүүдийн шугаман нийлбэр гэж эндүүрэх нь их буюу хувь этгээдийн тухай ойлговол бүлэг болон зах зээлийг ойлгочихно, шоргоолжийг ойлгочихвол тэдний сүргийг ойлгочихно гэж ташаардаг.
Сэхээтэн атлаа тэнэг (САТ) бол орчин цагийн бүтээгдэхүүн тул цаанадаж XX зууны дунд үеэс хойш олширсоор тухайн бүсдээ зонхилсон нь амины дэнчингүй хүмүүс биднийг эзэрхийлэх хэмжээнд хүрчээ. Ихэнх оронд засгийн газрын үүрэг зуун жилийн өмнөхөөс 5-10 дахин данхайсан (дотоодын нийт бүтээгдэхүүний хувиар илэрхийлэв). САТ нь өдөр тутам тааралддаг мэт боловч үнэндээ багахан цөөнх хэвээр, эрдмийн хүрээлэн, хэвлэл мэдээлэл, их сургуулийн нийгмийн ШУ-ы тэнхим зэрэг төвлөрсөн газруудаас гадуур бараг үзэгдэхгүй. Ихэнх хүн зөв ажил хийдэг, САТ-үүдэд орон тоо ховор гардаг тул тэд цөөхүүлээ боловч нөлөөтэй байдаг юм.
САТ-үүд өөрийнхөө ойлголтыг өчүүхэн гэж голохгүйгээр бусдыг л өөрийнх нь ойлгохгүй аргаар юмыг хийгээд байна гэж буруушаадаг. Ялангуяа тэд “улаан хүзүүтэн” буюу хөдөөгийн иргэд, эсвэл Брекситийг дэмжиж саналаа өгсөн, эгшиг үсгээ маруухан хэлдэг англи хүмүүст хандаж өөрсдийн ашиг сонирхлын төлөө бай гэх мөртлөө өмнөөс нь ашиг сонирхлыг нь зааж эхэлдэг. Жирийн иргэн өөрийнхөө хувьд ойлгомжтой ч, САТ-т ойлгомжгүй зүйл хийхэд түүнийг “боловсролгүй” гэж хаяглана. Бид улс төрийн оролцоо гэж ерөнхийлөн нэрлэдэг бол САТ өөрт нь таарч байгаа үед “ардчилал”, жирийн ард өөрсдийнх нь хүсэл зоригтой зөрчилдсөн санал өгөхөд “популизм” гэх маягаар хоёр салгаж нэрлэдэг. Баян хүмүүс татварын нэг доллар нэг саналтай, хүмүүнлэгүүд нэг хүн нэг саналтай, Монсанто бол нэг лоббичин нэг саналтай тэнцэнэ гэж итгэдэг бол САТ Айви Лигийн нэг эрдмийн зэрэг нэг саналтай, зарим тохиолдолд клубт нь хэрэг болох гадаадын элит сургууль, докторын зэргийг нэг саналтай тэнцүүлж үздэг.
Тэд бол Ницшегийн нэрлэснээр Билдунсфилистүүд буюу боловсролтой филистүүд юм. Өөрийгөө сартваахь гэж бодсон даган баясагч, мэс засал хийхээр шийдсэн үсчин хоёроос эмээж яв.
Мөн САТ-дт мунхруулгыг таних төрөлх мэдрэмж гэж үгүй.
New York Times-ын шилдэг борлуулалттай Хар хун номын зохиогч Талэбын ээлжит бүтээл
Онлайн захиалга: https://www.nepko.mn/publishing/detail/540
Утас:75339933
СЭХЭЭТЭН АТЛАА ФИЛИСТ
Филистчүүдийн хувьсал, нейро ямар нэг юм, танин мэдэхүйн өрөөсгөл хандлага, квант механик зэргийн талаар хуурмаг хоосон яриа өрнүүлж сурахын тулд гаргаж ирсэн Нью Йоркер сэтгүүлийг САТ-үүд захиалдаг. Тэр нийгмийн сүлжээнд хараал хэлдэггүй. Тэр “угсаатны тэгш байдал”, “эдийн засгийн тэгш байдал”-ын тухай номлох ч бага ястан таксины жолоочтой ууж суухгүй (мөн л амины дэнчингүй бөгөөд энэ ойлголт тэдэнд үндсээрээ харь санагддаг болохыг би хоолойгоо сөөтөл улиглах болно). Орчин цагийн САТ-үүд нэгээс олон TED ярианд биеэр оролцох буюу YouTube-ээр хоёроос олон TED яриа үзсэн байдаг. Хиллари Монсанто-Малмайсон хэмээх ямар нэг нэр дэвшигч ялах магадлалтай гэж бодсоноос, эсвэл өөр ямар нэг төөрөг сэтгэхүйгээс болж САТ түүнд санал өгөхөөс гадна тэгээгүй хүн болгоныг сэтгэцийн өвчтэй гэнэ.
САТ Ойрх Дорно (эртний Дорнод Газар дундын тэнгис)-ыг Дунд Дорнотой андуурна.
САТ Хар хун номын анхны хатуу хавтастай хэвлэлийг өрөөндөө тавьсан харагдах ч нотолгоо байхгүй, байхгүйн нотолгоо хоёрыг ялгахгүй. Тэр ГӨО-ыг “шинжлэх ухаан” гэж, бас үүний “технологи”-ийг уламжлалт үржүүлэгтэй адил эрсдэлийн ангилалд багтдаг гэж итгэнэ.
САТ нь ерөнхийдөө анхдагч дээд эрэмбийн логикт мэргэн цоохор боловч хоёрдогч (буюу түүнээс дээш) эрэмбийн нөлөөг ойлгохгүй тул ээдрээтэй орчинд эрээн цоохор болно.
Түүхээс харахад САТ нь сталинизм, маоизм, ГӨО, Ирак, Ливи, Сири, лоботоми, хот төлөвлөлт, нүүрс ус багатай дэглэм, фитнесийн төхөөрөмж, зан үйл зүй, транс тос, фройд үзэл, портфелийн онол, шугаман регресс, ФӨЭС (фруктоз өндөртэй эрдэнэ шишийн сироп), Гауссын үзэл, салафизм, динамик стохастикийн тэгшитгэлийн загвар, орон сууцны төсөл, марафон гүйлт, хувиа бодсон ген, сонгуулийн прогнозын загвар, Берни Мадофф (шуугиан дэгдэхийн өмнөх), p тооны утгын тухай андуу бодно. Тэгсэн мөртөө одоогийн байр суурьдаа туйлын итгэлтэй.[1]
ОРОСУУДТАЙ УУЖ СОГТОЖ ҮЗЭЭГҮЙ
САТ нь аяллын давуу тал олж авах гэж клубт нэгддэг, тэр нийгэм судлаач бол статистикийн нарийн учрыг мэдэхгүйгээр хэрэглэдэг (Стивэн Пинкэр нарын хийрхэгчид), Их Британид байхдаа тэр уран зохиолын наадамд оролцож, өргөст хэмхтэй талхыг өмөр өмөр идэж, стэк идэнгээ улаан дарс ууж (цагааныг хэзээ ч уухгүй), хүнсний өөх тосыг хортой гэж өмнө нь итгэж байснаа одоо бүрмөсөн эсрэгээрээ (гэхдээ нэг л эх сурвалжаас мэдээллээ авсан) эргэчихсэн, эмчийнхээ үгэнд орж статин уудаг, тэр эргодик чанарыг ойлгодоггүй бөгөөд тайлбарлаж өгөхөд удалгүй мартдаг, ажил ярихдаа хүртэл иддиш хэлний үг ашигладаггүй, тэр гадаад хэлээр ярьж эхлэхээсээ өмнө дүрмийг нь судалдаг, түүний үеэл нь Хатан хааныг таньдаг хүнтэй хамт ажилладаг, тэр Фредерик Дард, Либаний Антиох, Майкл Оакшотт, Жон Грэй, Аммиан Марселлин, Ибн Баттута, Саадиа Гаон, Жозеф де Майстр нарыг хэзээ ч уншиж байгаагүй, оросуудтай ууж согтож байгаагүй, шил (болж өгвөл сандал) хагачиж эхэлтлээ согтож үзээгүй, тэр Хекат, Хекуба хоёрын ялгааг огт мэддэггүй (бруклин хэлээр бол ялгадас шинола хоёрыг ялгадаггүй), тэр амины дэнчингүйн тухайд “хулхи сэхээтэн”, “сэхээтэн” хоёрын ялгааг мэддэггүй, тэр сүүлийн таван жилийн хугацаанд физиктэй огт холбоогүй яриан дээр квант механикийг дурдсан.
САТ нь философитой огт хамаагүй үзэгдлийн тухай ярихдаа шинжлэх ухааны философийн амны уншлагуудыг хэлдэг, өгөгдсөн асуудлыг ярихдаа онолын хоёр, гурван түвшнээр хадуурдаг.
ДҮГНЭВЭЛ
Сэхээтэн атлаа тэнэг ямар ч цаг үед хэлсэн үг, хийсэн үйлдэл нь нэр хүндэд нь яаж нөлөөлж байгааг мэддэг. Гэвч хамгийн хялбар таних тэмдэг нь: Тэр хүндийн өргөлтөөр хичээллэдэггүй.[2]
ЖИЧ
Энэ бүлгийн тухайд ирсэн санал гомдлоос үзэхэд (2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хэвлэгдсэн), САТ нь юм уншихдаа шууд утга, элэглэл хоёрыг ялгадаггүй нь тодорхой болов.
Дараа нь элэглэлээ өндөрлөөд үндсэн агуулгадаа эргэж орохдоо эдийн засгийн тэгш байдлыг нэн хол андуурдаг тухай өгүүлье. Андуурагчид нь САТ.
[1] Энэ сэдвээр Парэтогийн тайлбар минийхээс ширүүн байсан.
[2] Мөн САТ нь өөрсдийгөө нийгмийн өчүүхэн жаахан цөөнх гэдгийг эс ойлгож САТ-ийн шүүмжийг “бүх хүнийг тэнэг гэлээ” гэж ойлгодог. Гэвч тэд өөрсдийн давуу эрхийн мэдрэмжээс бат зууралдах бөгөөд өөрийгөө бүхний тэргүүдн гэж үзэх мөртөө бууны ам тэдэн рүү чиглэхэд бас дургүй (францчууд үүнийг arroseur arrose гэж нэрлэдэг). Тухайлбал, ГӨО-ыг идэвхийлэн дэмжигч Касс Санштэйний журмын нөхөр, эдийн засагч, сэтгэл зүйч Ричард Талер “Талэб гэдэг нэртэй биш тэнэг бус хүн тийм олон биш” гэж миний санааг ойлгосон нь өөр шиг нь хүмүүс хүн амын 1 хувь, 1 хувийн арваны нэгт ч хүрэхгүй гэдгийг ойлгоогүйн илрэл юм.