Бие сахарт донтдог шиг тархи мэдээнд донтдог

Мэдээ гэж юу вэ? Хамгийн энгийнээр хэлбэл энэ бол “дэлхий даяар болж буй зүйлийн тухай мэдээлэл”. Австралид автобус мөргөлдлөө, Гватемалад газар хөдөлсөн, А хэмээх ерөнхийлөгч Б хэмээх ерөнхийлөгчтэй уулзжээ. Алдарт жүжигчин Г өөр нэг алдартан Д-гээс гэрлэлтээ цуцлуулсан байна. Италийн засгийн газар солигдож. Умард Солонгос пуужингийн туршилт хийжээ. Нэг апп асар их ашиг олж байна. Техаст нэг хүн 5 кг өт иджээ. Олон улсын нэгэн корпорац захирлаа халсан бол нэг улстөрч онцгүй зүйл жиргэн шуугиан дэгдээжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга шинээр томилогдов. Нэг хүн эмээгээ хутгалж гэнэ. Нобелийн шагналд хүмүүс нэр дэвшиж, энхийн гэрээ байгуулагдаж гэнэ. Акул усанд шумбагчийн хөлийг тас хазжээ. Хятад улс онгоц тээгч усан онгоц бүтээж байна. Авлигын дуулиан. Европын төв банк хямрал эхэллээ гэж мэдэгдэв. Г20, Г7-ын уулзалтууд. Аргентин дампуурч байна. Нэг бизнесмен шоронд оров. Ерөнхий сайд албан тушаалаасаа буув. Усан онгоц мөргөлдөв. Доу Жонес индекс унав. 

Заримдаа хэвлэл мэдээллийнхэн эдгээр мэдээгээ “Яаралтай мэдээ”, “Дэлхийн топ мэдээ” гэх зэргээр сүржнээр цоллодог. Тэглээ гээд эдгээр мэдээний чамд хамаатай байдал нэмэгдэхгүй. Хэдий чинээ олон “Яаралтай мэдээ”, “Халуун мэдээ” гарна төдий чинээ тэдгээрийн чамд наалдах ач холбогдол бага байдаг. 

Онлайн захиалга: https://www.nepko.mn/publishing/detail/300

Утас:75339933

Номтой харьцуулбал мэдээ харьцангуй сүүл үеийн бүтээгдэхүүн. Мэдээний формат бий болоод 350 орчим жил л болж байна. Мэдээ анх яг хэзээ бүтээгдсэн нь тодорхойгүй. 1450-иад онд сонин хэвлэдэг болсны дараахан памфлет хэмээх ил захидлууд түгсэн билээ. Анхандаа тэд хувь хүмүүсийн үзэл бодол, тойм, нийтлэл хэлбэртэй байсан ба нэлээд нь шашин, улс төрийн өнгө аястай байсан юм. Үүнтэй зэрэгцэн хувийн сонинууд төрсөн. Үүнийг уншихын тулд хүмүүс захиалгын мөнгө төлдөг болов. Ийм сонинууд маш үнэтэй ба худалдаачид, банкны эзэд зэрэг элитүүдэд зориулагдсан шинжтэй байлаа. Эдгээр сонинд дотоод гадаадын улс төрийн үйл явдлуудаас гадна ургац хураалт, худалдааны хөлөг онгоцнууд хэзээ ирэх, ямар ачаа бараатай ирэх, аль боомтод буух зэрэг, өнөөгийн бизнесийн төлбөрт мэдээллүүд шиг л мэдээнүүд бичигддэг байв. Дэлхийн мэдээ агуулсан, эгэл олон нийтэд хандсан анхны жинхэнэ сонинууд XVII зууны эхээр түгээгдэж эхэлсэн юм. Тэдгээрийн хамгийн анхных нь Relation aller Furnemmen und gedenckwurdigen Historien (1605) хэмээх Штрасбүргийн сонин бөгөөд дараа нь Волфэнбуттэл хэмээх Саксоны хотод өөр нэг сонин хэвлэгдсэн. Сонины хэнээ Германаас Амстердам, Лондон руу халдан, эцэстээ бүх Европыг хамарсан. 1640 онд ганцхан Амстердамд л гэхэд есөн сонин гардаг болжээ. Харин анхны өдөр тутмын сонин Лейпциг хотод хэвлэгдсэн Einkommende Zeitungen хэмээх сонин байсан юм. Хорь, гучин жилийн дараа өдөр тутмын сонин Европт л гэхэд хэдэн зуугаар тоологддог болж. Одоо л мэдээ бизнес болж хувирав. Хэвлэгчид уншигчдын анхаарлыг татаж, борлуулалт нэмэгдүүлж болох бүхнийг ач холбогдолтой эсэхийг нь харгалзалгүй “мэдээ” гэж үзэж эхлэв. “Шинэ”-ийг “чухал” мэтээр толилуулан зарж эхэлсэн нь жинхэнэ залилан байсан бөгөөд энэ заль мэх одоо хүртэл үргэлжилсээр. Энэ залийг өнөөдөр хэвлэмэл сонин, онлайн мэдээ, сошиал медиа, радио, ТВ-үүдэд цөм ашиглаж байна. 

Анхны сонинуудаас хойш өөрчлөгдсөн зүйл бий гэх аваас мэдээ бүхнийг хүнд хамаатай чухал зүйл гэж ойлгуулах явдал л улаан цайм улам нэмэгджээ. Интернэт, ухаалаг утас дэлгэрсэн сүүлийн хорин жилд мэдээний донтолт улам аюултай өвчин болж хувираад байна. Үүнээс зугтах газар бараг алга. Тиймээс одоо л бид мэдээний талаарх хандлага, үзэл бодлоо эргэн харах цаг болоод байна. Одоо л бид мэдээг хэрхэн хэрэглэж байгаадаа дүгнэлт хийж, өөрсдийгөө эрүүлжүүлж эхлэх хэрэгтэй. 

Мэдээгээр бохирдоогүй мэдээлэл олох боломж байна уу? Хэрэглэгчээ донтуулахгүйгээр чухал мэдээллийг ойлгомжтой дамжуулдаг хэлбэр бий юу? Урт бичвэрүүдбол мэдээний яг эсрэг хэлбэр юм. Үүнд сонин сэтгүүлийн нийтлэлүүд, эсээ, онцлох нийтлэл, тусгай сурвалжилга, баримтат бүтээл, номууд багтана. Эдгээр бичвэрүүд үнэ цэнтэй бөгөөд ямар ч асуудлын тухайд шинэ санаа, суурь мэдлэг хүнд өгдөг. Гэхдээ бас болгоомжлоход илүүдэхгүй бөгөөд эдгээр форматууд дандаа аюулгүй, ач холбогдолтой гэж үзэж болохгүй. Зар сурталчилгаагаар дамжуулан нийтэд хүргэсээр буй цагт уг форматууд хүртэл ач холбогдлоос илүү сүүлийн үеийн байдлыг чухалчилж болзошгүй. 

Одоо би анхаарлыг маань татсан ямар нэг сэдэв гарч ирэх бүрийд нийтлэл унших уу, яах вэ гэж өөрийгөө зовоохоо больсон. Би зүгээр л сонин уншихаа бүрмөсөн больсон. (хэвлэмлийг ч тэр, онлайныг ч тэр) Дээр нь бас радио сонсож, ТВ үзэхээ ч больсон. Чанартай гэгддэг урт нийтлэлүүдийг тойрсон хэрэгтэй хэрэггүй бөөн мэдээллийн хур уншигчдын толгой дээрээс хуримын үеэр цацдаг өнгийн цааснууд шиг бууж байдаг юм. Өөрөөр хэлбэл, ном зохиол, нийтлэлүүд хүртэл мэдээгээр бохирдсон байдаг. Би харин ийм бохирдсон ундарга, булгаас хүртмээргүй байна. Ингээд би өөрт хэрэгтэй мэдээллийг олох илүү хатуу зам сонгосон. Тэр нь юу болохыг болон мэдээний хордлогоо хэрхэн тайлах арга ухааныг би дараагийн бүлгүүдэд танилцуулъя. 

Өдөр бүр бидний ам руу халбагаар цутгаж буй мэдээнүүд үнэндээ ямар ч хэрэггүй зүйлс байгаад зогсохгүй бидэнд хортой. Өнгөрсөн гуч дөчин жилд эрдэмтэд хүмүүсийн буруу хооллолтын сөрөг үр дагаврын талаар илүү ихийг мэдсэн ба буруу хооллолтоос болж инсулинд эсэргүүцэлтэй болох, аллерги, ядаргаа зэрэг өвчин хуучууд үүсдэг. Энэ бүх эмгэгүүд хүн эрт хөгширч, цагаасаа эрт нас нөгчихөд хүргэдэг. Энэ талаар мэдсэнийхээ дараа л хүмүүс сахар хэрэглэхээсээ татгалзаж, энгийн нүүрс усыг илүүд үздэг болсон. Үүнтэй ижил нөхцөл одоо мэдээний тухайд бидний өмнө тулгамдаад байна. Мэдээтэй бид хорин жилийн өмнө сахар, түргэн хоолтой яаж тэмцэж эхэллээ, түүн шиг тэмцэх хэрэгтэй болжээ. Сахар биеийг донтуулдаг шиг мэдээ оюун санааг донтуулж байна. Мэдээ дур булаам, хэрэглэхэд хялбар, гэхдээ тун ч хорон нөлөөтэй. Хэвлэл мэдээллийнхэн бидний сониучирхлын цангааг тайлж байгаа боловч оюуны цангааг огтхон ч тайлахгүй байна. Ном, судалгаанд тулгуурласан урт бичвэрүүдээс ялгаатай нь мэдээ биднийг цатгахгүй. Хэдэн ч мэдээ ар араас нь уншсан цангаа тайлагдахгүй. Сахар, алкоголь, түргэн хоол, тамхины нэгэн адил мэдээний сөрөг нөлөө гагцхүү бүр оройтсон хойно л илэрч байна. 

Эрүүл биетэй байхын тулд зөв хооллох хэрэгтэйн адил сэтгэл зүйн эрүүл мэндэд сэтгэл зүйн эрүүл хооллолт хэрэгтэй. Энэ номыг чи мэдээний хордлогынхоо үеэр хэрэглэж болох “хоолны дэглэмийн гарын авлага” гэж үзээрэй. Тэгээд хамгийн гол нь хүчтэй, тэвчээртэй байгтун. Донтолтоос салах хэзээд хэцүү. Гэвч тэвчин давж чадвал илүү сайхан зүйлс чамайг хүлээж байгаа.