У.Хүрэлсүхийг шүүмжлэх 1000 шалтгаан байвч хүлээн зөвшөөрөх Ганцхан шалтгаан оллоо!
-1072 хувьцааны ногдол ашгийг тараахгүйгээр өрсөлдсөнд баярлалаа, Ерөнхий сайд аа!-
Тэсрэлттэй амлалт, тэнэг ёсолгоо...Ямартай ч тэрбээр өөрт олдсон визээ өөрийн гараар сунгаж чадлаа. УИХ-д 65 суудалтай МАН-ыг талд нь хүртэл ялуулж чадах болов уу гэтэл гуравхан суудлаар дутааж “эргүүлэн төлөв”. Болж байна. Элдэв цуу дуулддаг ч үйлдлээрээ У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан гэдэг хоршил хүлээн зөвшөөрөгдөв.
Олон нийт У.Хүрэлсхийг “утаа арилгасан” гэдгийг яалт ч үгүй хүлээн зөвшөөрч талархдаг. Бүр маргаангүй дээр нь хөх тэнгэр мэлтийгээд байхад яалтай билээ. Энэ нь саяын сонгуульд нийслэлд ялалт байгуулахад маргаангүй нөлөөлсөн.
Харин У.Хүрэлсүхийг эдийн засагт “ноль” гээд бараг л тоонд муу охинтой айл гэдэг шиг л өмнөөс нь ичиж суудал билээ. Гэтэл тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Коронавирусын цар тахлын үеийн эдийн засгаа дэмжих таван их наядын санхүүжилттэй долоон арга хэмжээг танилцуулж цочоосон. Төсвийн тодотголгүйгээр өөрийнхөө Засгийн газарт зөвшөөрсөн тэрхүү 5 тэрбум төгрөг одоо хаанаа яаж яваа, хэзээ хэн буруутахыг чөтгөр бүү мэд.
Гэвч цар тахлын үед эдийн засгаа бүтнээр нь сөхөрчих вий гэж, ААН-үүд туйлдаж, өрх айлаараа өлбөрөх вий гэж айсан Ерөнхий сайдын л авсан, тэнэг зоригтой арга хэмжээ юм, шоолох юун.
Гэтэл УИХ-ын сонгууль давхцаж ёстой л юу ч болоод байгааг бүү мэд гэмээр эдийн засгийн халгиж цалгисан амлалтуудыг олон нийт хүлээж байв. Гоомой дэгс амлалтууд байсаан, байсан. Хамгийн их айж байсан сэдэв маань өнөөх Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгийг тараагаад унах вий л гэдгээс санаа зовж байлаа.
Түүнд тэгж амлах бүрэн боломж байсан. Угаасаа У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн ажлуудын даацтай хувийг “Эрдэнэс Тавантолгой” чимээгүйхэн үүрсэн. Төмөр замын санхүүжилтийг 2018 оны ашгаараа санхүүжүүлж, өнөөдрийн байдлаар маш ахицтай явж байгаа нь үнэн. Үүн дээр нэмээд 1072 хувьцааны ногдол ашиг тараана гэчихсэн бол эдийн засагт халтай боловч сонгуулийн акцийн хувьд яах аргагүй сүүлийн арав гаруй жилд хэрэглээд сурчихсан л тактик мөн.
Гэтэл сонгуулийн санал хураалтаар үнэмлэхүй ялалт байгуулахаа мэдсэн юм шиг хувьцаа тараана гэсэнгүй. Энэ бол айхавтар хурц мэдрэмж шүү. Эрх мэдэл нь байна. “Эрдэнэс Тавантолгой” руу гар дүрж сураагүй биш гээд шоудвал шоудах л байсан ч өөрөө Ерөнхий сайд болж “Үйлээ үзэж өрийг нь дарахаа” мэдсэн юм шиг том төслийн мөнгийг иргэдэд тарааж ялаад дараа нь эдийн засгаа элгээр нь хэвтүүлж өр дардаг буруу жишгийг халж чадлаа.
У.Хүрэлсүхийн хувьд хүлээн зөвшөөрөгдөх цаг нь иржээ. Цаг нь ирчихээд байхад түүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол эмгэгтэй гэсэн үг. Анх сонгогдсоных нь дараа хэлснээ дахин хэлэхэд тэр “Борвиныхоо баас”-наас салаагүй л явна. Ямар гээчийн дарамт учраад тэр вэ гэдгийг дараагийн удаад хэлье. Улсын Ерөнхий сайдынх нь хувьд түүнийг шүүмжлэх 1000 шалтгаан байвч хүлээн зөвшөөрөх Ганцхан шалтгаан байснаа хэлж авлаа. Түүнд амжилт хүсье!