Өнөө цагийн “Монгол төрийн мэргэн өвөө” ч гэж болохоор нэгэн эрхэмтэй ярилцлаа. Тэр бол Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн. Илт цөхөрсөн ч, ихэд баярласан ч үнэнийг хэлдэг, үг нь үргэлжид үнэ цэнтэй байдаг энэ буурал баавайн монгол төрийн төлөөх зовинол, бодролыг энэхүү ярилцлагаар ухаж төнхөж, уудалж гаргахыг оролдлоо.




-Бямбасүрэн гуай, таныхаар нийгмийг ёс суртахуун удирддаг уу, эсвэл хууль удирдах ёстой юу?

-Хүн тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг гэдэг. Ардчилсан нийгэмд хууль нийт иргэдийн эрх ашгийг хамгаалж байж л мөрдөгддөг. Цөөн бүлэг, хэдэн дарга нарын эрх ашгийг хамгаалсан хууль нийгэмд мөрдөгдөнө, нийгмийн харилцааг зохицуулна гэж байхгүй. Тийм учраас хуулийг хэний төлөө гаргаж байна гэдэг сонин. Бодитой жишээ гэвэл УИХ маань Цагаан сар, улсын наадам гээд ямар нэгэн баярын өмнө баахан хууль бөөнддөг боллоо. Тэдгээр нь олон түмний хараанд орчихсон, нэлээд маргаантай хуулиуд байдаг. Баярын сиймхийгээр хууль бөөндөөд баталчихаж байгаа нь тодорхой бүлгийн захиалагатайг харуулаад байгаа юм . Хэрвээ төр өөрөө хуулиа ингэж хулгайгаар баталж л байгаа бол түүнийг мөрд гэж нийгмийг, олон түмнийг шаардах эрхгүй.

Нөгөө талаас ямарч хууль тодорхой зан заншил, соёл, иргэншлийн дунд нийгмийн харилцааг зохицуулдаг учраас хувь хүний ёс суртахуун, ёс уламжлалаас ангид байх боломжгүй. Монголын хууль гэхэд Монголынхоо орчинд тохирсон, Монголынхоо ахуйг удирдах, зохицуулах чадвартай л байх хэрэгтэй. Ингэхгүйгээр гаднаас хууль хуулбарлаад байхаар бензин хөдөлгүүртэй машинд дизелийн түлш хийсэн юмшиг таг зогсчихоод байгаа юм.

-Хэрвээ хууль үйлчлэхгүй, хэрэгжихгүй байгаа бол өнөөдрийн нийгмийг ёс суртахуун нь илүү удирдаж байна гэж үзэх үү?

-Монголын нийгэмд хоёр зүйл их хөгийн санагддаг. Нэг нь, эрх чөлөөний тухай ойлголт. Бид ардчиллын үнэт зүйл нь эрх чөлөө гэж ярьдаг. Энэ нь дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн. Ардчиллын соёлтой улс орнуудад эрх чөлөөг  ухамсарласан хариуцлага гэж ойлгодог . Гэтэл манайхан эрх чөлөөг дур зоргоороо байх гэж ойлгодог . Хэний ч урдаас юу ч хамаагүй хэлж болно гэж үздэг. Тэр нь буруу зөв, үнэн худлаа байх нь хамаагүй. Харин эргээд хариуцлагаа хүлээх болохоор ардчилсан нийгмийн үг хэлэх эрх чөлөөнд халдлаа гэдэг. Үүнийг нь ард түмний соёл, заншил, ёс суртахууны талаас аваад үзэхэд тэр хүн нийгмийн ёроолд уначихаж байгаа юм. Хоёр дахь нь, зах зээлийн эдийн засаг гэдэг ойлголт байна. Зах зээлийн эдийн засгийг хүндлэх, үнэлэх болсон хүн төрөлхтөний жам нь хэрэглэгчийнхээ өмнө юу чаддагаа харуулж, өөрийнхөө нэр төрийг баталж байж бараагаа борлуулна, хэрэглэгч нартаа үйлчилнэ гэсэн утга юм. Тийм учраас тэнд бизнес, арилжаа наймаа хийж байгаа хүн хэрэглэгчээ хулхидах юмуу, хохироовол нэр төрөө алдаад шахагддаг. Гэтэл манайд хэрэглэгчээ аль болохоор мэхэлж, хонжиж мөлжиж амьдрахыг хичээх юм. Жишээ нь, өмнөд хөршийн наймаачид 10 хувийн ашиг олж байвал хэвийн гэж үздэг. Харин манайд аливаа худалдаа наймааг хамгийн багадаа нэг нугалж зарахгүй л бол сэтгэл нь ханадаггүй . 200, 300 хувийн ашиг хайгаад явдаг. Энэнээс нь болоод эдийн засаг маань өөдөө гарч өгдөггүй. Тэгэхээр үндэсний үнэт зүйл, ухамсар, ёс суртахуун бол хүний тархинд их олон янзаар буудаг юм байна. Бид энэндээ, өөртөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Хэрвээ эрх чөлөөг ухамсарласан хариуцлага гэдэг ардчиллын соёлын төвшинд нь ойлгох юм бол ардчилал бол хувь хүн амьдралаа хариуцах хариуцлагыг л нээлттэй болгож өгч байгаа юм. Энийгээ бид ойлгохгүй, ажилгүй байх, архи уух, гэр бүлээсээ салах, хараал ерөөлийг дуртай үедээ дуртай хүндээ хэлэх эрх чөлөө гэж ойлгоод байна. Бид буруу тийшээ яваад байна. Эрх чөлөөний тухай, ёс суртахууны тухай ойлголт, тэгээд хууль гурав хоорондоо салшгүй холбоотой.

-Ёс суртахуун бол хувь хүмүүсийн ухамсрын асуудал. Харин хууль бол монголчууд бидний л хийж байгаа ажил. Тэгэхээр энэ “ажил” дунд сайн хууль нь олон байна уу, захиалгат хууль нь олон байна уу?

-Сайн хууль гаргах амаргүй. Сайн хууль гаргахын тулд тухайн төр, тухайн үндэстэн өөрийгөө таньсан байх хэрэгтэй. Монголчууд гэхэд би хэн бэ, бид юугаараа давуу, юугаараа сул талтайгаа сайн ойлгосон байх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татъя, эдийн засгийн хувьд ашигтай ажиллая л гээд байна. Гэтэл миний бодоход бараг бүх юм буруугаар эргэлээ. УИХ, Засгийн газрын баталж байгаа хуулиудыг л хар.

Оюутолгойгоо өгөөд өртэй үлдлээ. Тавантолгойгоо тавиад өртэй үлдлээ. Уранаа өгөөд өртэй үлдлээ, газрын тосоо өгөөд бас юу ч үгүй үлдлээ. Энийг олон түмэн харж байгаа. Тэгэхээр ямар хууль батлав аа гэдгээ ард түмэн бодох ёстой юу, төр бодох уу гэдгээ ялгаж үзэх хэрэгтэй. Захиалгат хуулийг нийгэм биелүүлэхгүй шүү дээ.

-Хүчгүй, бас захиалгат хууль баталж байгаа нь нийгэмд ёс суртахуунтай хүн ховор байна уу. Эсвэл ёс суртахуунтай хүнээ УИХ-д сонгож чадахгүй байна уу?

-Нийгэмд ёс суртахуунтай хүн ховордлоо гэж би хэлэхгүй. Харин ард түмнийхээ дунд байгаа ёс суртахуунтай, ухаантай, ухамсартай тэр хүмүүсээ олж, онож дээш нь, төрд гаргаж чадахгүй байна.

-Таныхаар үүний учир шалтгаан нь хаанаа байна вэ?

-Хамаг учир манай улстөрийн механизмд байна. Бид Үндсэн хуульдаа улстөрийн намаар дамжиж төрөө байгуулна гэж заасан. Ерөнхийдөө нам төвтэй төр байгуулахаар Үндсэн хуулиа баталсан. Гэтэл өнөөдрийн намууд маань монголчууд бидний нийтлэг эрх ашиг, уламжлал, соёл, зан заншлыг огт өөрөөр хүлээж авдаг сонирхлын бүлгүүд болж хувирлаа. Намууд оршин тогтнож, хоорондоо өрсөлдөж засаглахын төлөө мөнгөтэй хэт хутгалдаж, мөнгөнд толгой тархиа мэдүүлж явдаг боллоо. Одоо Монголын аль ч нам цөөн хэдэн баячууд, мөнгөтэй хүмүүсийн гарт орсон . Тэдгээр баячууд нь намын төв удирдлагыг мөнгөөр угжаад өөрсдөө болон төлөөнийхөө хүнийг УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд болгодог. Нэг хэсэг нь орон нутгийн намыг нь санхүүжүүлдэг. Сонгууль болохоор орон нутгийнхан нь нөгөө тэжээгчээ л нэр дэвшүүлдэг. Зүй нь нийгэм, улстөрийн амьдралд үнэлэлт дүгнэлт өгч, зөв гарц хайж явах ёстой намууд бэлтэй хүний хэтэвчинд багтаж явдаг бүлэглэлүүд болж хувирлаа  л даа. Үзэл бодлоороо нэгдсэн хэсэг гэхээсээ илүү төрийн эрх мэдлийг авах, төрийг өөрийнхөө амьдралыг тэтгэх түшиц газраа болгох сонирхолтой хүмүүсийн бүлэг болоод хувирчихлаа. Энэний горыг бид нийтээрээ 2000 оноос хойш амсч явна. Сүүлийн 15 жилд аль ч намын сонгуулийн амлалт биелсэнгүй, Монгол орон худал хуурмагийн орчин боллоо. Монголын нийгэмд хууль хүчгүй, ёс суртахуун үнэ цэнэгүй байгаагийн, ер нь хүндрэлийн гол шалтгаан намуудад л байгаа юм.