(Хүүхдийг шийдэхүй, сэтгэхүйд сургах ёстой)

Бичил оршил

Зөв бичих дүрмийн тухай ямар ч бичлэг нийтийн сүлжээнд тавьсан, доор нь томоохон хэрүүл тэмцэл өрнөх нь дамжиггүй. Ингэж бичих ёстой ёсгүй, дүрэм өөрчлөгдсөн өөрчлөгдөөгүй, хийх юмгүй хэл шинжээчдээс болж үхлээ хатлаа, би сурснаараа л бичнэ, төр засаг дүрэм өөрчилж байгаад цөмийн зэвсэг хийх гэж байна.... юу ч гэж мэднэ, ямар ч байсан, яг юу болоод байна, асуудал хэзээ ургав, яах вэ, яаж хэдүүлээ энэ асуудлыг шийдэх вэ гэсэн санаа оноо бол бараг үгүй. Сүүлдээ өөрөөс нь өөр үзэлтэй нэгнээ ахуй амьдрал, царай зүс, оршин суугаа газар нутаг, хань ижил, үндэс угсаагаар нь доромжлоод дуусна. Зөвхөн зөв бичих дүрмийн тухайд ч биш, ерөөс ямар ч маргаантай асуудлын талаар бид ийм л маягаар хэлэлцдэг. Ингэхэд бид яагаад соёлтой мэтгэлцэж сурсангүй вэ? Өөр үзэл бодол байж болно гэдгийг яагаад ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй вэ? Миний буруу байж болох юм шүү гэж яагаад бодож чаддаггүй вэ? Энэ олон асуултын хариуг суурь боловсролоос хайгаад үзэх үү? Ерөнхий боловсролын сургуульд бидэнд юуг, хэрхэн заасан бэ? 

Хоёрдахь оршил

Орос Зөвлөлтийн сурган хүмүүжүүлэх арга барил буюу зөвхөн мэдлэг олгодог, цээжлүүлдэг, эргээд асуудаг, хариулахаар нь дүн тавьдаг тогтолцоо нэг л болж өгөхгүй байгааг бүр 1964 онд гүн ухаантан Эвальд Ильенков таньж мэдээд “Школа должна учить мыслить” буюу “Сургууль хүүхдийг сэтгэн бодохуйд сургах ёстой” хэмээх дэлгэрэнгүй өгүүлэл бичжээ. Академич Ш. Лувсанвандан багш тэрхүү өгүүллийг үзээд ихэд бахдан, шавь Ж. Лувсандорждоо “... манайд ойрын хорин жилдээ ийм өгүүлэл гарахгүй биз, залуучууд та нар даруй орчуулан гаргавал түмний тус бүтээсэн буянтай үйлс болно шүү” хэмээж байсан аж. Үүнээс хорин жилийн хойно 1984 онд, Ж. Лувсандорж багш Лу багшийн хүслийг гүйцэлдүүлэн, МУИС-ийн гүн ухааны багш Г. Лодойгоор мөнөөх өгүүллийн товч хувилбарыг нь монголчлуулж, “Шинжлэх ухаан, амьдрал” сэтгүүлд хэвлүүлсэн байна. Саяхан хуучны юмаа янзалж байтал 84 оны тэр сэтгүүл гараад ирэв. Өгүүллийг унштал өдгөө манай нийтийн сүлжээн дэх нэгнээ үл сонсох, доромжлох, юмыг ганцхан талаас нь харах, зөвхөн өөрийн зөв гэж бодох, туйлын үнэнд итгэх, өөрөөсөө бусдын үзлийг эсэргүүцэх, хараах, мэддэг үнэнээс нь өөр “үнэн” гараад ирвэл уурлах, бухимдах зэрэг ааш авир, сэтгэцийн мөн чанар, угшил тодорхой харагдсаны тул тэртээ 1964 оны энэхүү өгүүллээс эш татан, тайлбар нэмэн өгүүлсү.

Их юм мэдсэнээр ухаантай болохгүй

Ийм нэртэй анхдугаар бүлэгтээ Ильенков “Оюун ухааныг зэрэмдэг болгох итгэлтэй аргын нэг бол ёс төдий цээжлүүлэх арга юм. Хэмжээ хязгааргүй давтлагаар цээжлэн эзэмшсэн үнэн хэчнээн гүнзгий байх тусмаа оюун ухааныг төдий чинээ их эвддэг нь гайхалтай юм. Учир нь хүүхэд туршлага багатай байдаг тул зоримог, шинэ санааг тун амархан мартдаг” гэжээ. 

Социализмын тэр үе байтугай одоо хүртэл манай сургалт ийм л чиглэлээр явж байна. Шүлэг цээжлүүлэх, ташуу налуу зураас хэдэн мянга дахин бичүүлэх, томьёо тогтоолгох... Түүх гэхэд сайн муу баатар, тов тодорхой, нэгийг нь бишрэн шүтэх, нөгөөг нь үзэн ядах. 

Их юм мэдсэнээр ухаантай болохгүйн өөр нэг жишээг Америк, Монгол боловсролын ялгаан дээр үндэслэн хэлье. Өнгөц хараад манайхан америк хүүхдүүдийн газарзүйн мэдлэг, хичээлийн чанарыг голох нь их. “Унгарын нийсэлийг Будапэшт гэж мэдэхгүй байна шүү дээ” гээд л гайхдаг юм. Дэлхийн улсуудын нийслэлийг нэрлээдэх гэвэл үнэндээ манай хүүхдүүд хавьгүй илүү байх нь тодорхой. Учир нь багш нь цээжлүүлсэн, шалгасан, дүн тавьсан, мэдлэг өгсөн. Гэвч үүнээс цааш, асуудлыг гүнзгий авч үзээд ирэхээр жинхэнэ асуудал ургана. “Будапэштийн үүх түүхийг судалж, хотоор аялах зугаалах зөвлөгөө бичиж ир” гэсэн бүтээлч даалгавар өглөө гэж бодъё. Америкийн хүүхдүүд тэр мэдээллийг хаанаас олох ёстой, номын санг хэрхэн хэрэглэх, Гүүгл хайлтыг яаж ашиглах, олсон материалаа хэрхэн эш татах, шууд хуулбал асуудалд орох гэх мэт мэдээлэлд хүрэх замаа хийгээд боловсруулах арга барилаа маш сайн ухамсарласан байдаг. Манайхны хуьд гэвэл ихэнх нь Унгарын нийслэл Будапэшт гэдэг мэдлэгийнхээ хүрээнд эргэлдсэн хэвээр, овоо сүрхий эх сурвалж ашигласан нэг нь Википэдиагийн өгүүллийг тэр чигээр нь хуулаад тавьчихсан байх жишээтэй. Нэгэнт л тооцоолуурын хатуу диск биш хойно бид бүх мэдээлэл, мэдлэгийг тогтоох боломжгүй, тиймээс огт ойлголгүйгээр тогтоох арга бодот амьдрал дээр явцгүй юм.

Павловын нохой

Ильенков өгүүлэлдээ И.П. Павловын нэгэн туршилтыг тайлбарласан байна. Нохойд тойрог дүрс үзүүлэхэд шүлс ялгардаг эерэг рэфлэкс, зууван дүрс үзүүлэхэд түүний эсрэг үйлдэл үзүүлдэг сөрөг рэфлэкс тогтоожээ. Хоёр дүрсийг нохой алдалгүй ялгаж сурсан байна. Гэтэл нэг өдөр модны дугуй хэлбэртэй навч агаарт эргэлдэж байсан нь заримдаа дугуй, заримдаа зууван болж харагдсан аж. Нохой алиныг нь ялгаж чадахгүй эхлээд сандарч, дараа нь уурлаж эхлэв. Нөхцөлт рэфлэксийн маш нарийн боловсруулсан хоёр механизм хоорондоо харшилдаж, зөрчил үүссэнийг нохойн мэдрэлийн систем хүлээн авах чадваргүй болсон ажээ.

Ильенков энэхүү туршилтын талаар: “Хөгжсөн оюун ухааны хувьд бол зөрчил гэдэг нь загварчилсан үйлдэл буюу өдгөө нэрлэж заншсанаар алгоритмын тусламжтайгаар шийдэж болохгүй асуудал үүссэний дохио болно. Энэ бол гагцхүү хүнд л байдаг сэтгэхүйгээ ажиллуул гэсэн дохио бөгөөд ямар ч нохой, ямар ч тооцоолуурт байдаггүй билээ. Иймд зөрчил нь оюун ухааныг хямралд оруулах шалтаг болж байх бус, харин бие даасан, бүтээлч үйл ажиллагаанд оруулах түлхэц болж байхаар оюун ухааныг зохион байгуулж, хүмүүжүүлэх хэрэгтэй...” гэжээ. 

Зөрчил... Тийм ээ зөрчлийг бид хэрхэн хүлээн авдаг вэ? Юуны өмнө дунд сургуульд дан туйлын үнэн заалгачихсан улс зөрчил гэж байдгийг ч мэдэхгүй, тиймээс эгээ л Павловын нохой шиг эхлээд сандарч, дараа нь уурлана. Зөв бичих дүрэм өөрчлөгдөөд “бөжин” болчихсон юм аа гэж бат итгэдэг хүнд Дамдинсүрэнгийн толь дээрх “бөжин”-г харуулахад л Павловын нохой болно. Сүхбаатарыг Богдын эмч хор өгч алаагүй гэвэл яах билээ? Өнөө Богд чинь өдгөө Монгол улс тусгаар байгаагийн гол шалтгаан нь байвал яах сан билээ? 

Уран зохиолд ч хамаатай

Ильенков нэгэн математикчийн ярьсныг өгүүлэлдээ дурджээ. Математикч: “Сургуульд байсан үеэ эргэн санахад уран зохиолын хичээлийг бидэнд Белинскийн үзлийг баримтлагч хүн заадаг байв. Бид Пушкинийг түүний үзлээр, өөрөөр хэлбэл Белинскийн үзлээр ойлгодог байж билээ. Пушкиний тухай багшийн ярьсан бүхнийг үнэнд тооцож, багшийн ярьснаас өөр зүйлийг бид Пушкинээс олж хардаггүй байв. Писаревын өгүүллийг тохиолдлоор олж харах хүртлээ би ийм л явсан юм. Тэр өгүүллийг уншсанаас хойш надад эргэлзэл төрж эхэлж билээ. Бүх зүйл бидний мэдэж байснаас тэс өөр хэрнээ их үнэмшилтэй байдаг нь ямар учиртай билээ? Аль нь зөв болж таарах вэ? гэсэн асуудалтай тулгарсан юм. Тэгэхээр нь Пушкинийг өөрөө судалж эхэлсэн маань түүнийг жинхэнэ дүр төрхөөр нь “олж харахад” хүргэж, тэгэхэд л Белинский, Писаревын үзлээр биш, өөрийнхөөрөө ойлгох болсон юм” гэжээ.

Саяхан манай нийтийн сүлжээгээр Чойном хэр найрагч болох тухай, түүнээс өмнө 90-ээд оны эхээр “Тунгалаг Тамир” хэр роман болох тухай маргаан, маргаан ч гэж дээ, хэрүүл хэрхэн өрнөлөө, санаж байна уу?Туйлын үнэнийг заалгачихсан улс тэгж маргалдахаас ч аргагүй юм. Ихэвчлэн “монгол Писарев” рүү “Чи Пушкинд атаархаж байна уу? Пушкинийг шүүмжилдэг хэн юм бэ, чи? Од болох гээ юү?” гэсэн хандлагаар довтолсон доо. Дээрх орос математикч шиг эргэцүүлж үзсэн хүн цөөхөн. Гэснээс Писарев Пушкинийг биш Гоголийг Оросын утга зохиолыг үндэслэгч хэмээн үздэг байсан юм. Энэ тухай өгүүлэх гээгүй тул, асуудалдаа эргэн оръё.

Ильенковын хувьд дээрх математикчийн яриаг ийн дүгнэжээ: “Энэ бол ганцхан Пушкинд хамаатай зүйл биш юм. Хэчнээн олон хүн сурах бичгээс Пушкиний тухай “гарцаагүй үнэн”-ийг олж мэдээд, түүгээрээ сэтгэлээ тайвшруулан, сургууль төгсөж, амьдралд шилжээ бол? Пушкинийг унших гэсэн маш олон хүний сонирхлыг дунд сургуульд чухам уран зохиолын хичээлээр хаасан гэдгийг нуугаад яах вэ? Ганцхан Пушкинийг ч биш, Дарвин, Ньютон, Фарадей, Ломоносов гэх мэт бусад олон эрдэмтний бүтээлийг унших сонирхлыг хаасан байж таарна. Бага насандаа “туйлын үнэн шинжлэх ухааны бэлэн хоолноос” идээд сурчихсан хүн эрэл хийж хоол олохыг ер хүсдэггүй нь зүйн хэрэг...” 

Хоёр хоёрын дөрөв үү?

“Хоёр дээр хоёрыг нэмэхэд дөрвөөс өөр байж болохгүй гэж үздэг хүн хэзээ ч суут математикч болж чадахгүй нь ойлгомжтой” гэж Брехт хэлжээ. Тэгвэл Ильенков тийм хүмүүсийг “суут математикч байтугай зүгээр нэг математикч ч болж чадахгүй, сампинч нягтлан бодогчоос хэтрэхгүй, удахгүй тийм хүмүүсийг машин орлох болно” гэжээ. Эргэлзээгүй үнэн гээч үргэлжид асуудлыг шийдэх сэтгэлгээг, сэтгэн бодохуйг хааж боож байдаг.

Блүүмингтон хотноо миний хичээллүүлдэг Монгол хэл соёлын зусланд арваад жилийн өмнө Монголоос ирж амарсан нэгэн хүүхдийн тухай ярья. Түүх маш их уншсан, чухам манай боловсролын системээс төрөн гарах “хэв шинжит” шилдэг хүүхэд. Сурах бичгээсээ гадна Дамдинсүрэнгийн Нууц товчоог уншаад бараг цээжилчихсэн. Түүхийн олимпиадад бол түрүүлэх нь гарцаагүй, тийм л хүүхэд. Ганцхан дутагдал нь багш нар нь “зөрчил, эргэлзээ” гээчийг суулгаж өгөөгүй учраас өөр мэдээллийг хүлээн авах чадвар нь хөгжөөгүй. Индианагийн их сургуулиас түүхийн алдартай профессор ирж, зуслангийн багш хүүхдүүдэд Монголын тухай лекц уншлаа. Аян дайн, жанждын тухайд Жэбэ, Жэлмэ гэх мэтээр ярьж байв. Лекцийн төгсгөлд нөгөө хүү профессорыг “Та хүний нэр буруу хэлээд байна, Зэв Зэлмэ гэх ёстой” хэмээн шүүмжилсэн юм. Нөгөө багш монгол бичгийн хэл, хамжин шүргэх гийгүүлэгч хэзээ үүссэн тухай, тэр үед З байгаагүй зэргийг тайлбарлах гэж хэд хэд оролдоод дийлээгүй, ихийг уншсан, Да багшийн Нууц товчоог тэр чигээр нь цээжилчихсэн хүүгийн оюунд “Зэв, Зэлмэ” гэхээс өөр зөв хувилбар орох зайгүй болчихсон ажээ. Бүр сонсохыг ч, яагаад Ж байж болохыг бодохыг ч хүсээгүй. Гадаад хүн буруу ярилаа гэсэн бодлоороо л үлдсэн сэн. Бидний төгсгөн гаргаж байгаа шилдэг бүтээгдэхүүн яг ийм л байна. 

Асуудлыг өөрсдөө шийдэх ёстой

Эргээд зөв бичих дүрмийн тухай асуудлаараа жишээ татъя. Тэр жил Үндэсний ТВ нэг том мэтгэлцээн зохион байгуулсан юм. Өнөө 700 үг, түүнийг тойрсон асуудлуудын тухай. Дунд сургуулийн монгол хэлний багш нар, бас их сургуулийн нэг сэтгүүлзүйн багш “бөжин” гэж солих хэрэг юу байв, ямар ч хэрэггүй, “бүжин” хэвээрээ байвал яасан юм бэ гээд л гомдоод явна. Ер нь бол, үнэн хэрэгтээ хэзээ “бүжин” байгаагүй юм. Олонх нь буруу бичдэг байсан юм. Үүнийг нийтийн сүлжээ, хичээл сургууль дээр хэнд ч хэд ч хэлээд манайхан хүлээж авахгүй нь тодорхой болоод байна. Хэзээ дүрмийг ингэж солив гээд л уурлаад байх. Нөгөө зөрчлийг хүлээн авахдаа эхлээд сандарна, дараа нь уурлана гэдэг нь тэр. 

Америкийн боловсролын тогтолцоонд ийм асуудлыг яаж шийднэ гээч. Их амархан. Багш хэзээ ч угаасаа “бөжин” байсан юм гэж хэлж өгөхгүй. Тав таваар нь баг болгоод “Бөжин Бүжин” гэсэн хоёр бичлэгийн учрыг олоод, тайлан бичиж ир гэсэн хоёр долоо хоногийн даалгавар өглөө, гүйцээ. Өнөө муу тав чинь ёстой л номын сан ухаж, эрдэмтэн мэргэд рүү гүйнэ дээ. Зүгээр нэг хүний хэлсэн үг бол баримт болж чадахгүйг ойлгоно. Тэгсээр байж нэг нь кирил монгол хэлээр гарсан хамгийн анхны том толь бичиг бол А. Лувсандэндэвийн Монгол-Орос толь юм байна, кирил бичиг аваад удаагүй үе буюу 1957 онд Москвад хэвлэсэн юм байна, тэр тольд яаж бичиж вэ гээд шүүрдээд үзэнгүүт 80-р тал дээр нь БӨЖИН гээд гараад ирнэ. Хэзээ хэн тэгээд “бүжин” болгочоо вэ гээд цааш нь юм ухна, дараагийн томоохон толийг Я. Цэвэл гуай гаргасан юм байна гэж мэдээд мөнөөх алдарт ногоон толийг сөхөж үзнэ, аанай л БӨЖИН гээд гараад ирнэ. Арайхийн нэг нь 1974 онд гарсан, Х. Далхажав, Ц.Цэрэнчимэд нарын “Зөв бичих зүйн толь бичиг” гээчийг олно, 52-р тал дээр бүжин биш БӨЖИН гээд дурайж байна. эцэст нь, өнөө Дамдинсүрэнгийнхээ л толийг харсан нь дээр юм байна гээд үзтэл 46-р тал дээр өнөөх БӨЖИН байхыг олж харна. Ингээд хэзээний ямар ч толь дээр “бүжин” гэж шийдээгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрнэ. Харин ном сонин зэргээс “бүжин” гэсэн бичлэг олныг харах болно. Гайгүйхэн шиг баг бол цааш нь лавшруулан бүх насны хүмүүсээс яагаад аль нэг бичлэгийг нь зөв гэж үздэг тухай судалгаа авна, өөр нэг баг 70, 80, 90-ээд оны сонин сэтгүүл дэх бөжин-бүжин гэсэн бичлэгийг түүж харьцуулж үзнэ. Ингээд хоёр долоо хоногийн дараа ирэхдээ багшаараа ахин дахин “бөжин” гэж хэлүүлээд ч үгүй би сурснаараа л бичнэ гэж гүрийхгүй, харин ч эсрэгээрээ учир начрыг нь олчихсон, одоо цааш нь яаж зөв бичүүлж сургах вэ гэсэн санаатай орж ирнэ. 

Үүнд л боловсролын тогтолцооны хамгийн том ялгаа оршиж байгаа юм. Бэлэн мэдээлэл өгөхгүй, өөрсдөөр нь хайлгаад шийдүүлээд байх нь цаг алддаг гэм бий, гэхдээ дан бэлэн 100 хувь үнэн мэдээлэл өгөөд байхаар Павловын нохой шиг болчих аюултай даа. Павловын нохой гэж дэндүү муухай хэллээ гэж та бодож байна уу? Тэгвэл нийтийн сүлжээнд нэвтрээд нэг хөнгөхөөн мэтгэлцээн үүсгээд үз. Тэгээд хараарай.

Скэпсис

Сурган хүмүүжүүлэгчид бид тэгэхээр доорх хэдэн зүйлд анхаарлаа хандуулмаар байна. 

Нэгд, шинжлэх ухааны нотлогдсон үнэнийг заахдаа “эргэлзээгүй” үнэн мэдлэгийг мэдээж өгнө, гэвч бас давхар “эргэлзэл” буюу эртний Гэрэг нарын хэлээр бол скэпсис гээчийг өгч байх нь зүйтэй. Аймшигт өвчний өчүүхэн хувийг бяцхан хүүхдэд өгөхөд яадаг билээ? Яг л тэр мэт.

Хоёрт, мэдлэг дангаар нь өгч цээжлүүлэхээсээ илүү мэдлэгт хүрэх арга замыг заагууштай. 

Гуравт, заасан бүгдийг чинь тоть мэт эргээд давтан хэлж байгаа хүүхдээс илүү сэтгэн бодож байгаа, асуудлыг шийдэж байгаа, ургуулан үргэлжлүүлж байгаа, тийм хүүхдийг хөхиүлэн сайшаах, тийм сэтгэлгээг хөгжүүлэх хэрэгтэй. 

“Энэ бүхнийг тэгээд яаж хийж гүйцэтгэх ёстой юм бэ, алив чи тийм мундаг юм бол арга зам заагаад аль” гэж байгаа бол та энэ өгүүлийн санааг ойлгоогүй байна гэсэн үг. Хүүхдийн сэтгэн бодохуйд сургах ёстойн адил бид бүгд өөрсдөө бас арга замаа сэтгэн бодож олох ёстой. Бэлэн жор өгөхөө больё гэсэн өгүүлэл бичсэн би өөрөө танд бэлэн жор өгвөл яах сан билээ?