Өнгөрөн одож буй 2020 оны онцлох үйл явдлуудыг хэвлэл мэдээллийн байгууллагууд өөр өөрсдийнхөөрөө нэрлэж байна. Оны онцлох үйл явдлуудын тоонд зүй ёсоор багтсан нэг зүйл нь 2020 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй олонхиор ялалт байгуулсан МАН болон МАН-ын даргыг дурьдсан байна. Өмнө нь хоёр ч удаа /2000 онд 72, 2016 онд 65 суудал авсан/ одоогийнхоос илүү тооны суудал авч байсантай харьцуулбал МАН-ын хувьд онцлоод байх үйл явдал биш л дээ.

Харин энэ удаагийн сонгуульд зарцуулсан мөнгө, хуулийг хэм хэмжээг хэр их зөрчсөн гэх мэтийг нь тооцвол яах аргагүй “Оны онцлох” явдал мөн. Хамгийн наад зах нь СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчдийг барьж хорьсон болон Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ шоронд хоригдсон явдал үүнийг гэрчилнэ.


Гэвч дээрх “Оны онцлох”-ууд болон "шилдэг, шилээвэр"-үүдийн дотор нэр дурьдагдаагүй нэг хүн бий нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар. Асуудал нь саяхан шүүхээр /Үндсэн хуулийн Цэц/ шийдэгдсэн учраас зарим нэг нь анзааралгүй өнгөрсөн ч байж магадгүй.

Өнгөрөгч баасан гаригт /2020.12.25/ Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас 2020 оны нэгдүгээр сард УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн дүгнэжээ. Цэцийн дүгнэлтийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрээ гаргах ёстой. Ирэх оны нэгдүгээр сарын 10-ны дотор буюу хуулийг баталсан яг нэгж жилийн ойн дээр.

Дагаж мөрдөх журмын тухай хуулиар, өмнө мөрдөн шалгагдаж байгаад прокрорын болон шүүхийн шатанд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон авилга, албан тушаалын хэргийг дахин шалгах үүргийг хуулийн байгууллагуудад өгсөн билээ. Уг хуулийг санаачлагч нь тухайн үед УИХ-ын гишүүн байсан, өдгөөгийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар.

Мань хүн ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, “Шударга ёсыг сахиулахын төлөө хийсэн Эрүүгийн эрх зүйн бодлогын том шинэчлэл” шахуу юм ярьсан нь Цэцийн дунд суудлын дүгнэлт гарахаас хэдхэн хоногийн өмнө. Гэвч Цэц Х.Нямбаатарын санаачлан батлуулсан уг хуулийг “хүний эрх болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулийг зөрчсөн” гээд дүгнэчихлээ.

Хэдийгээр Х.Нямбаатар “Шударга ёсыг тогтоохын төлөө уг хуулийг хийсэн” гэж ярьж байгаа ч хууль батлагдсанаас хойших нэг жилийн хугацаанд хуулийн байгууллагууд хуульд заасны дагуу “өмнө нь шалгагдсан хэргүүдийг дахин шалгах” талаар нэг ч алхам хийгээгүй байдаг юм. Шалгавал өөрсдөө асуудалд орох байсан нь ойлгомжтой.

Учир нь эрүүгийн эрх зүйн нэг гол зарчим нь Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэдэггүй. 2015 онд баталсан Эрүүгийн хуульд,

-Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна. /ЭХ-ийн 1.3.5/

-Гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. /1.8.1/

-Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ /1.9.1/ гээд заачихсан.

Мөн Х.Нямбаатар нарын батлуулсан Дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын “Хүнийг ялгаварлан гадуурхахгүй, хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй”, “Нэг гэмт хэргээр дахин шийтгэхгүй”, “Эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй” гэх мэт заалтуудыг зөрчсөн тухай хуульчид Цэцэд мэдээлэл гаргасан байдаг.

Тэгэхээр сайдын батлуулсан Дагаж мөрдөх журмын тухай хууль нь үнэндээ “хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшууллаа” гэсэн шүүмжлэлээс зугтаж, хийсэн хэргээ баллуурдах гэсэн нэр төдий зүйл байжээ гэсэн үг. Батлуулсан хууль нь Цэц дээр унах болонгуут худлаа ч гэсэн очоод хуулиа хамгаалахын оронд зүв зүгээр байсан нийгмийн ухааны багшийг /гишүүн Ц.Сандаг-Очир/ өмнөөсөө түлхчихээд өөрөө зугтчихсан.

Уг нь бол 2015 оны Эрүүгийн хуульд “гэмт хэрэг үйлдсэн этгээд яллагдагчаар татагдсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг зогсоох”-оор хуульчилсан байв. Товчхон хэлбэл, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэл “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгохгүй гэсэн үг.

Гэтэл Х.Нямбаатар өөрөө хөөн хэлэлцэх хугацааг үгүй хийж /Ш.Раднаасэд гишүүн хийсэн гэж нэг удаа гүтгэсэн, Ш.Раднаасэд чуулганы хуралдаан дээр албан ёсоор үгүйсгэсэн байдаг юм/ баахан хүн ял завшуулаад, тэр нь ил болонгуут “хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргийг дахиж шалгана” гэж хууль батлаад, одоо тэрийгээ Үндсэн хуулийн Цэцээр засуулаад явж байна л даа. Үүнийг оны шилдэг “мурилт” гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ?