Улс төр дэх тэмээн хяруулууд
Монголчуудын нийтлэг хүсэл мөрөөдөл юу вэ гэсэн асуултад хариулт олохоор ажилласан социологчид нэгэн сонирхолтой үр дүн дээр нэгджээ. Тэдний судалгаагаар монголчуудын нийтлэг мөрөөдөл нь “Нэгдүгээрт, эх орондоо байгаа гадныхныг хөөж гаргах, хоёрдугаарт, өөрсдөө гадаадад гарч амьдрах” гэсэн хариулт байв...Энэ бол мэдээж онигоо.
Яг энэ сэтгэлзүй дээр хийгддэг улс төрийн тоглолтууд сонгуулийн сурталчилгааны үеэр бүр ч хүчтэй сэдэрдэг билээ. Төрийн эрх мэдлийг ээлжлэн хэрэгжүүлсэн голлох хоёр намын алдаанд дөрөөлж, ард иргэдэд “Эд бол амьдралыг чинь бусниулсан буруутнууд” гэх бухимдлыг төрүүлж, араас нь “шинэ үе, шинэ хүн хэрэгтэй. Тэр нь би байна” гэдэг сурталчилгаагаа хийдэг.
Ялангуяа энэ удаагийн сонгуулийн өмнө шинэ нам, шинэ хүн гэдэг давлагаа хүчтэй явсан ч нам нь ч, хүн нь ч бүтэх шинжгүй, бүр сүүлдээ хөгөө хөлдөө чирч эхэллээ. Шороор хатгаж, шон дээр өлгөхөөс наахнуур муучлан шүүмжилдэг өнөөх улстөрчдөөсөө дээрдэх юмгүй, өөрсдийнхөө ярьдаг үнэлэмж, хэм хэмжээнийхээ хаана нь ч хүрэхгүй хөөрхийлөлтэй амьтад олон байх аж. Хэлж ярьдаг зүйл нь хийж хэрэгжүүлж байгаагаасаа тэс өөр. Улс төрд орох гэж хэлж ярьдгаасаа буцах байтугай хүнээ гээж байгаа тэд босго давалгүй шороотой хутгалдаж эхэллээ.
Сурталчилгааны хугацааны дунд үеэс өөрийгөө магтаж дуусаад өрсөлдөгчөө гутаах тактик руу шилжих үедээ л хэн болохоо харуулаад эхэлсэн зарим нэр дэвшигчид хугацааны сүүл хэсэг рүү мөнгө тараах, худал ярих байтугай “хүн хулгайлахдаа” тулжээ.
Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа Т.Доржхандын штабынхан өрсөлдөгчийнхөө ухуулагчдыг “хулгайлж” байгаад урвуулсан, улмаар худал гүтгэлэг цацуулсан гэх мэдээлэл цацагдлаа. Мөн зарим тойрогт нэр дэвшигчид зөвхөн сонгуулийн үеэр өрсөлдөгчийнхөө эсрэг гүтгэлэг гаргаад хаах зорилготойгоор мэдээллийн сайтуудыг ашиглаж байгаа гэх.
Өнөөдрийнхөө өчүүхэн зорилгодоо хэт хөтлөгдөж, маргааш гэж өдөр болохгүй юм шиг ийм явцгүй зүйл хийж байгаад нь гайхширмаар. Даравч дардайж, булавч бултайх зүйлээр хэдий болтол хаана хүртэл хэнийг хуурч, ямар хонжоо олно гэж бодсон юм бол?! Сонгууль гэдэг хоног хугацаатай зүйл учраас амжаад азаа үзье гэж бодсон нэр дэвшигч энэ бохир тоглоомынхоо ард хэчнээн хүний нэр, нүүрийг хөөдөж байгаагаа огтхон ч бодоогүй биз ээ.
Улс төрд карьер нь эхлээ ч үгүй хэрнээ итгэл үнэмшил, арга ажиллагаа нь хэдийнэ бохирдчихсон ийм л “шинэ, залуу үе”-ийнхэн энэ удаагийн сонгуульд илд, жад агсан эрдэж явна. Энэ бохир тоглоомдоо гэмгүй ажлаа хийж явсан бусдыг татан оролцуулж, нэг өдөр “ашиглахын” тулд нэр нүүрийг нь насан туршийн хөө толботой үлдээхээ юман чинээ эс тоож байгаа тэд шударга ёс, ёсзүй ярьж сургаж яваа нь өрөвдөлтэй. Хэлдэг үг хийдэг ажил нь угаас зөрдөг тэд сонгуулийн дараа ялагдлынхаа бурууг бусдаас хайж, бохир улс төр, шударга бус тогтолцооны шоглоом болсон мэтээр уйлагнан ярьж, уран цэцэн донгодох л байх даа. Тэмээн хяруул аюулаас зугтахдаа зөвхөн толгойгоо нуудаг юм гэсэн. Түүний тэр том тэнтгэр биеийг хэн ч харахгүй гэж итгэдэг тийм л гэнэн. Өөрсдийнх нь башир аргыг бусад хүмүүс мэдэхгүй гэж итгэж байгаа улстөрчид яг тэмээн хяруулыг санагдуулж байх аж.