Үндэсний түүхийн музей үзээд ичиж үхэхээ шахав
Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэр бүлээрээ музей үзлээ. Маршал Х.Чойбалсангийн тухай үзэсгэлэн гарсаныг дуулаад тэр. Нэгэн үеийн түүхийг анд нөхөд, ард түмнийхээ цусаар будан байж хойч үедээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг үлдээсэн энэ хүний тухай хүүхдүүддээ үзүүлэх, ярих юм их байсан тул зорьж очлоо.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэр бүлээрээ музей үзлээ. Маршал Х.Чойбалсангийн тухай үзэсгэлэн гарсаныг дуулаад тэр. Нэгэн үеийн түүхийг анд нөхөд, ард түмнийхээ цусаар будан байж хойч үедээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг үлдээсэн энэ хүний тухай хүүхдүүддээ үзүүлэх, ярих юм их байсан тул зорьж очлоо. Тэгээд бодлоо. Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгаж түүхийн хуудаснаа мөнхөрсөн энэ эрхэм хүнээс өдийхөн зүйл үлдээ гэж үү. Өнөөгийн ямбатан ихэс шиг уул уулын амаар газар хашиж, алт мөнгөний орд дээрэмдэж, улсын санг хоосолж яваагүй болохоор биднээс хойшхи үе ч түүнийг лав сайнаар дурсаж суу алдар нь тэнгэрийн од мэт үржих биз ээ. Харин улсаа дээрдэмдэж эгэл түмнээ хуурч яваа өнөө цагийн дээдэс хорвоогоор нэг тарааж хаясан офшор дансан дахь мөнгө, дэлхий даахгүй шахам эд хөрөнгө нь түмэн үеэр адлагдах хараал болон газрын үндэс мэт ургаж дэлгэрэх буй...
Нэгэнт Үндэсний түүхийн музейд ирсэний хэрэг юу билээ дотогшоо орлоо. Эхний танхим хүний үүсэл хөгжил хийгээд, хүрлийн үеийн үзмэрүүд байна. Бид багадаа мөн ч их үзсэн дээ. Эртний хоёр хүн гал асаах гээд сууж байдаг үзмэрийн цогшиж буй гал мэт харагддаг улаан гэрэл нь унтарчихаж. Бодвол ламп нь шатсан бололтой. Сэгсгэр үстэй тэр хоёр “нөхөр”-өөс өөр сонирхох юм энэ танхимд алга. Хүрэл зэвсгийн үед хамаарагдах сумны зэв, мохоо хутга, сүхний ир ваар савны хэлтэрхий хаана ч байх үзмэр. “Тэгээд ч хүрлийн үеэс өөр бидэнд юу үлдээ аж” хэмээн сүрхий зөвтгөж бодлоо. Ингээд дараагийн танхим болох хоёр давхар руу нь гарав. Монголын үндэстэн, ястаны өөр өөрийн онцлог бүхий хувцас. Яахав дээ, л үзмэр боловч гарцаагүй энд байх ёстой. Дараагийн танхим нь Чингис хаан болон Их Монгол улсын тухай үзмэр бололтой. Үүдэнд нь Чингис хааны хөрөг байна. “За одоо л гоё юм эхлэх байх даа...10 жилийн өмнө Байгалийн түүхийн музейд очиж үзэхэд Чингис хааны ганц хөрөгнөөс өөр юм байгаагүй дээ. Одоо сайжирсан байлгүй ” гээд орж явчихлаа. Их санасан газар есөн шөнө хоосон гэж тэр дээ. XIII зууны үеийн цэргийн гутал, хөө хуягны тасархай, баахан сумны зэв байна. Бас нэг хар сүлд байх. Есөн үе дамжуулж ирсэн энэ сүлдээ музейд өргөсөн гэсэн тайлбар байхаас яг ч бас XIII зууны үеийнх гэдэг нотолгоо байхгүй. Гүег хаанаас Ромын папад илгээж байсан захидлын хуулбар энэ танхимын гол чимэг нь. Чингис хааны хоёр зураг байна. Нэг том самбар дээр Чингис хааны дэлхийд оруулсан хувь нэмэр гээд.....за хэлэхэд ичмээр юм бичжээ. Ямар ч тоо баримт нотолгоо алга. Өгүүлбэртэй бодлого мэт байх албагүй ч энэ бол түүх. Энэ бол музей. Тиймээс бүх юм нотолгоотой ганцхан хариутай байх ёстой. Уг нь энэ танхим руу ороход газар газрын эрдэмтэн, түүхчдийн Чингис хааны тухай хэлсэн үгнээс ишлээд өлгөчихсөн байсан нь их сүртэй байсан сан. Ихэнх жижиг сажиг үзмэрүүд нь XV -аас цааш зуунд хамаарч байлаа. Цонжин болдог дахь Чингисийн ташуур музей Өвөрхангай аймгийн харьяат П.Эрдэнэчулуун агсаны хувийн цуглуулгаас бүрддэг гэдгийг бүгд мэднэ дээ. Ганцхан хүний хувийн цуглуулгаас бүхэл бүтэн улсын Үндэсний түүхийн музей тохой доогуур байна гэдэг тоогүй. Чингис хаан хэмээх энэ агуу байлдан дагуулагч хаан дэлхийд Монгол улсаар овоглодог. Гэтэл дэлхийн мянганы хүний өлгий нутагт нь, Үндэсний түүхийн музейд нь юу ч байдаггүй ээ. Ойлгож байна аа, Чингис хааны эдлэж хэрэглэж байсан зүйлсээс олдсон юм байхгүй гэдгийг. Тэгвэл Өвөрмонголын Ордост тийм их эд өлгийн зүйл олдоод байгаа хэрэг үү. Үгүй шүү. Тэд зөвхөн түүхийг нөхөж, үзмэрийг орлуулж бүтээсэн учраас олны анхаарал татаад байгаа юм. Бид тэгж болохгүй юу. Ядаж л их хааны хэрэглэж байсан гэр тэргийг нь 21 аймгаасаа урчууд цуглуулаад зохиомжлон хийчихэж болмоор. Чингис хааныг есөн өрлөгтэй нь чаддаггүй юм гэхэд дөрвөн хатантай нь лааны тосоор хийгээд хувцас юуг нь асаагаад тавьчихад хэцүү гэж үү. Тэмүүжин, Жамух хоёрын анд барилдаж буйг, хожим эвдэрч 20 жилийн турш үхэлдэн тэмцээд Жамухын цаазлуулж буйг баримлаар бүтээж чаддаггүй юм бол ядаж зураад дор нь тайлбар бичээд тавьчих юмсан. Чингисийн дөрвөн хүүг, болдоггүй юм бол ядаж хаан ширээ залгамжилсанаар нь Өгөдэйн ч болов нэрийг энэ музейд багтаах юмсан. Домогт Алангуа эхийн таван сумны тухай зураг зураад тавихад хэцүү биш. Үлгэр домог гэхээсээ монголчуудын үе улиран захиж ирсэн эв нэгдлийн гэрээслэл шүү дээ. Энэ бүхнийг хийж бүтээхэд гагцхүү сэтгэл дутаад байгаа нь ил. Музейд тайлбарлагч алга. Тайлбарлагчтай үзье гэхэд “Байхгүй ээ, үзмэрийн дор бичиг байгаа” гэв. Бичиг үсэг мэддэггүй хүн яах болж байна аа. Биднийг музей үзэж явахад гадаадын хэд хэдэн хүн явж таарсан. Гайхсан, эргэлзсэн байдалтай тэднээс ичсэн гэж тоймгүй. Яг 10 жилийн өмнө би Швед найздаа музей үзүүлэх гэж ороод нэг их ичиж билээ. Тэгээд “Байгалийн түүхийн музей үзээд ичих нүүрэндээ илэг наав” гэсэн нийтлэл бичээд музейн захиргаанд загнуулсан юм даг. Арван жил өнгөрсөн ч хэвээрээ. Үүнийг бичигч дэлхийн 20 -иод орны Үндэсний музейг нь үзсэн. Музей гэдэг тухайн улс үндэсний түүх соёлын дурсгал төдийгүй ямар учраас уусан алга бололгүй оршин тогтнож байсаных нь толь болдог. Улс гүрний үндэс суурь нь хичнээн бат бөх болохыг түүх соёлоороо харуулж бардамнаад цаашид хөгжиж, хүчирхэгжин мандахын билэгдэл нь байдгаараа аливаа улсын Үндэсний музей чухлаас чухал билээ. Харамсалтай нь манайд ийм бодлого, ийм хүсэл хамгийн гол нь чин сэтгэл алга. Англи, орос, хятад, япон хэл дээр орчуулга тайлбартай автомат хөтөч өгдөггүй юмаа гэхэд музейн үзмэрээ өнгөтөөр хэвлээд хэдэн үгээр тайлбар биччихсэн ил захидал шиг юм байсан ч яахав дээ. Соёлын сайдтай, яамтай боллоо л гэсэн. Цэдэвдамбын Оюунгэрэл гэж үлэг гүрвэлийн ястай л хөөцөлдөөд, өөртөө сурталчилгаа хийгээд явсанаас Монголын соёлын ертөнцөд юу хийсэн юм бол доо...
За Чингис хааны түүхтэй хэсэгт баахан гацчихлаа. Тэрнээс цааш Манжийн дарлал дахь Монгол орны түүх эхэлж байгаа бололтой. Бололтой гэдэг нь хүн хорьдог мүглэн хайрцаг байснаас л тэгж таасан хэрэг шүү. Музейн дэглэлт энэ тэр гэж огтоос байхгүй юм чинь дээ. Манжийн дарлалд 200 гаруй жил байсан улс гэхэд үзмэр даанч муу. Богд хаан, Дондогдулам хоёрын ямбаны бүрэн хувцастай суумал баримал байна. Гэтэл тайлбар алга. Чингис хаан, Бөртө хатан хоёр ч юм уу, Ц.Элбэгдорж, Л.Болормаа ч юм уу, бүү мэд. Тэр танхимд харин Хотгойдын Шадар Ван Чингүнжавын туг сүлд, Манлай Баатар Дамдинсүрэнгийн отго жинс бүхий малгай байсан нь сонин байсан шүү. Гэвч Чингүнжав гэж хэн болох тухай бас байхгүй ээ. Ер нь энэ музейгээс цэгцтэй мэдээлэл олж авна гэж үгүй. Энэ тэндээс самардсан, оог цоог хийсэн, хүн хуурсан л юм үзнэ. Үзээд ч цааш нь лавшруулж эрж сурах, асууж лавлах сэтгэгдэл огт төрөхгүй. Харин Ардчилсан хувьсгалын түүхийг үзүүлэх гэж зорьжээ. Үзмэр хангалттай биш ч чамлалтгүй. Гэхдээ энэ түүхийг тусад нь музей болгомоор юм билээ. Амралтын өдөр хүүхдүүдээ дагуулан зорьж очсон музейн сэтгэгдэл нэг иймэрхүү. Гарч ирээд хүүхдүүдээсээ ”За асуух юм байна уу” гэхэд хүү маань “Ээж ээ Үндэсний түүхийн музей байж яагаад Чингис хааны тухай юу ч байхгүй байгаа юм бэ” гэж асуухад надад хариулт олдоогүй юм.