1. Энэ ном 37 жилийн өмнө хэвлэгдэж байжээ. Анх “Хорьдугаар зууны Монгол” нэрээр 1996 онд худалдаанд гарахдаа 450 орчим хуудастай, 400 гаруй эх сурвалжийн эштэй байсан юм. Монголын өндөрлөгт оршиж байсан янз бүрийн үндэстэн нүүдэлчдийн түүх, ялангуяа XIII зууны Их Монгол улс, түүний байлдан дагуулалтыг товч дурдаж, ХХ зууны Монголын үнэн бодит түүхийг судлан анх удаа өргөн олонд таниулсан билээ. Тиймээс бүтээлийн нэр “Хорьдугаар зууны Монголын түүх”. Уг бүтээлийг Кэмбрижийн Их сургуулиас эрхлэн “Twentieth Century Mongolia” нэрээр орчуулан англи хэлээр Их Британид хэвлэн гаргажээ. Түүнийг англи хэлээс цааш орчуулан нэлээд оронд хэвлэн олны хүртээл болгосон. “Хорьдугаар зууны Монгол” ном нь Монгол улс ЗХУ, Хятад гэсэн хоёр хөршөөрөө тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж national-state болсон 1946 он хүртлэх үеийг хамарсан юм. 
  2. Анхны бүтээлээ 2006 онд өргөтгөн, шинэ Үндсэн хуулиа тунхаглаж, чөлөөт, ардчилсан, бие даасан Монгол улс бий болсон 1992 он хүртлэх үеийг хамарсан нь хоёрдахь хэвлэлт юм. Түүнд БНМАУ-д Зөвлөлтийн хараан дор социализм байгуулж байсан үеийг тодорхой өгүүлсэн. Ялангуяа 1946-1984 оныг нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Энэ үе бол адармаатай, Монгол улсын хувьд түүхийн том сорилт болсон цаг билээ. Иргэдийн өмчийг хүчлэн хурааж, огтоос хувийн болон хамтын өмчгүй нийгэм байгуулж, улмаар 1966 оноос тоталитари нийгмээс авторитари дэглэмд шилжсэн. Өмчгүй болсон иргэд төвлөрөл тийш тэмүүлснээр Монголын өндөрлөгт түүхэндээ анх удаа урбан нийгмийн суурь буй болж, түүнээ даган хүн ам өсөж, хот бий болон, аж үйлдвэр, дэд бүтцийн суурь тавигдсан юм. Энэ ном “История Монголии; От мирового господства до советского сателита” (History of Mongolia: From World Power to Soviet Satellite) нэрээр орос хэлнээ орчуулагдан Казань хотын “Татарское книжное икдательство” хэвлэлийн газраас хэвлэн гаргасан. Орос хэлээс дамжуулан өөр хэлээр орчуулагдан хэвлэгдсэн.
  3. 2016 онд гарсан гурав дахь хэвлэлд Монголын өнөөгийн нутагт нэн эртнээс бий болсон нүүдэлчдийн төр улсууд, нүүдэлчин ард түмний амьдрал, тэдний миграци, эзлэн түрэмгийлэл, XVII зуунаас Манж Чин улсын вассал улсаар 200 жил амьдарсан үеийг нэмж багтаажээ. Хэдийгээр энэ үе өрнө дорнын судлалд зохих байр сууриа олж чамгүй судлагдсан боловч илүү өргөн хүрээг хамарч, илүү тодорхой өгүүлэхийн тулд гадна дотнын хэдэн мянган эх сурвалжийг цуглуулан судалж түүвэрлэсэн болно. Үүнээс гадна орчин цагийн Монголын түүхийн маш онцлог үе болох 1984-1990 оны үйл явдлыг дэлгэрэнгүй бичсэн. Гуравдугаар хэвлэлийг дөрвөн ботиор холбогдох зураг чимэглэл, фото, газрын зураг, схем, диаграммаар баяжуулан, бэлэг дурсгалын зориулалттайгаар арьсан хавтастай хэвлэсэн. Энэ ном 2020 онд ЮНЭСКО-ын ивээл дор хоёр ботиор франц хэлнээ орчуулагдсан. 
  4. Дөрөв дэх хэвлэлт нь 2022 онд гарсан. Энэ бүтээлд монгол угсаатны бүх түүхийг хамруулжээ. Өдгөө Оросын бүрэлдэхүүнд багтдаг буриад, тува, халимаг болон Хятад улсын бүрэлдэхүүнд багтдаг өвөр монголчууд, дагуур, барга угсаатан нарын бүх үеийн түүхийг багтаасан. Тиймээс “Монголчуудын түүх: Нүүдэл суудал” (History of Mongols: From Nomadism to Settlement) гэж нэрлэжээ. Монгол үндэстний түүхийг бүрэн хамруулсан энэ бүтээл мянга гаруй хуудастай, 2 200 гаруй эх сурвалжийн эштэй. Баабар энэ бүтээлээ гаргахдаа 20 мянга гаруй эх сурвалжийг судлан харьцуулж шилж сонгосон ажээ. Тус бүтээлийн анхны гадаад хэлээрх бүрэн орчуулгыг Бүгд Найрамдах Түрэг Улсын Ататуркийн нэрэмжит шинжлэх ухааны түүхийн хүрээлэнгээс хийж гүйцэтгээд хэвлэлд бэлэн болгожээ.
  5. Энэ удаагийн хэвлэлт 200 гаруй түүхийн эх сурвалжийн баяжиж 12 дэвтрээр хэвлэгдээд байна. 12 дэвтрээ үндсэн дөрвөн бүлэгт хуваасан. Тухайлбал “Талын морьтон баатрууд” бүлэг нь “Талын нүүдэлчид”, “Монголын дэлхий”, “Манж, Төвөд, Зүүнгар” хэмээх гурван дэвтрээс бүтсэн. Удаах “Хутагтууд ба хувьсгалчид” бүлэг: “Монголчууд аа, мориндоо”, “Гурван талын зөрчилдөөн”, “Ардын нэрийн өмнөөс” гэдэг гурван дэвтэртэй. Дараагийн хоёр бүлэг нь “Тоглоомын бүгд найрамдах улс”, “Иргэншил, түүний өртөг” нэртэй. Тус бүртээ гурван дэвтэртэй. Энэ хэвлэлтийн бусдаасаа ялгарах давуу тал гэвэл 12 дэвтрээс аль хүссэнийгээ сонгоод унших боломжтой. Жижиг форматтай учир зуслан, аян замд цүнхлээд явахад тохиромжтой болжээ. Формат нь өөрчлөгдсөн ч түүхэн хөрөг, газрын зураг, график нь нэмэгдэж баяжсан.


Баабарын бүтээлийн давуу тал

Түүхийн сурах бичгүүд мэдээллийн цуглуулга мэт бичигдсэн байдаг. Харин түүх бол "өнгөрсөн үеийн баримтын цуглуулга" биш юм. Түүх бол тухайн үеийн бичмэл баримт бичиг, соёлын олдвор эсвэл аман уламжлалд үндэслэн өнгөрсөн хугацаанд болсон явдлыг талаархи аргумент. Түүх судлал өнөө үед бодит түүхийг илүү нарийн илрүүлэн дүгнэх явдал юм.

- Түүхч эх сурвалжийг зохих тайлбартай харьцуулах ёстой;

- Түүхч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр нотлох баримтыг үгүйсгэх ёсгүй;

- Түүхч нотлох баримтад шударга хандах ёстой;

- Түүхч аливаа таамаглалд тодорхой утгаар хандах ёстой;

- Түүхч нь баримт бичгийн зарим хэсгийг орхигдуулж, буруу орчуулж, төөрөгдүүлэх ёсгүй;

- Түүхч өөрийнх нь үзэл бодолтой зөрчилдсөн байсан ч бүх баримтад хүндэтгэлтэй хандах ёстой; 

- Түүхч түүхэн хүмүүсийн сэдэл, тайлбарыг харгалзан үзэх ёстой. 


Түүхийн дүн шинжилгээ хийх үйл явц нь "юу болсон", “яагаад ийм болсныг" тайлбарласан уялдаа холбоотой өгүүлэмжүүдийг бий болгох санаа, баримт, таамаглалыг судалж, дүн шинжилгээ хийдэг. Орчин үеийн түүхэн дүн шинжилгээ нь ихэвчлэн эдийн засаг, социологи, улс төр, сэтгэл зүй, археологи, генетик, антропологи, философи, хэл шинжлэл зэрэг бусад нийгмийн шинжлэх ухаанд тулгуурладаг. Мөн шинээр нээгдсэн эх сурвалж, сүүлийн үеийн судалгааг судлах, эсвэл археологи, антропологи, генетик зэргийг зэрэгцүүлэн судлах замаар өмнөх түүхэн баримтуудыг шалгах батлах эсвэл няцаадаг. Баабар эдгээр зарчмыг баримталжээ. Үнэндээ юу болоод өнгөрснийг хөндлөнгийн нүдээр харан дүгнэлт хийж, аль болох бодитоор өгүүлэхийг хичээсэн учир цагийн аясыг даах шинжлэх ухаанч бүтээл юм.