Хэн ч уншдаггүй ном

Хэрэг болгож хэвлээд өгөөд явуулсан ч тэр бүр уншигддаггүй ном бол аливаа төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавлига зэргийг угсрах ба ашиглах заавар. Техникийн болоод уран сайхны бус ном хэдий хэрэгтэй ч үнэндээ л сонирхолгүй. НЭПКО хэвлэлийн газар гэр ахуйн бараа борлуулдаггүй учир ийм уйтгартай, уншигддаггүй ном нэгээхэн ч үгүй билээ.

Хүн бүхэн уншдаг ном

Манай гаргийн хамгийн борлуулалттай ном бол бүх шашны судар. Түүний араас хувь хүний хөгжлийн ном жагсдаг. Энэ төрлийн бүтээлийн эхийг НТӨ 700-аад онд Эртний Герегийн яруу найрагч Хесоидын бичсэн “Хөдөлмөр ба өдрүүд” ном тавьсан гэж үздэг. 1859 онд хэвлэгдсэн Сэмюэл Смайлсын “Өөртөө туслахуй”-г хувь хүний хөгжлийн анхны номд тооцно. НЭПКО хэвлэлийн газар хувь хүний хөгжил бүлэгт хамаарах дэлхий дахинаа алдаршсан олон чамбай бүтээлийн эрхийг авч, хэвлэн гаргасан. Түүн дотроос Ёнсэй Их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны сургуулийн төгсөгч, Корей их сургуульд анагаахын ухааны доктор хамгаалсан У Инь Ёоны “Хүүхдэдээ юуг яаж хэлэх вэ”, Ролф Добэллигийн “Сайхан амьдрах урлаг: Аз жаргал, эд баялаг, амжилтад хүргэх 52 зөвлөмж” зэрэг хэдэн сайхан бэстсэллэр бий.

Хүн бүрийн дуртай ном

Ном унших дадлыг уран зохиолтой шууд холбож ойлгодог. Арга ч үгүй биз. Манай гаргийн номыг уран зохиол ба бусад гэж ердөө хоёрхон ангилахад ч болмоор. Дөнгөж хэвлэлтээс гарсан Мураками Харүкигийн “Радио” бол Муракамигийн үнэнч уншигч нарт барих бэлэг, бас ”Норвегийн ой” нь ч байгаа. Сүүлийн жилүүдэд монгол уншигчдын таашаал хүлээж буй Хятадын уран зохиолоос гэвэл Үй Хуагийн “Надад нэр байхгүй”, “Вэн хот” туужуудыг Мө.Батбаяр орчуулсан гэдэг нь тусдаа реклам юм даа. Нобелийн шагналт Мо Яний “Дарсны орон”, Тайваний бэстсэллэр Гуо Чяншэний “Хөгжмийн эрэлч” тэргүүт уран зохиол таныг хүлээж буй. Бусад бүтээлийг тоочиход цаг хайран учир уншигч өөрөө онгичоод үзнэ биз ээ. Харин Жон Сатэрлэндийн “Уран зохиолын товч түүх”-ийг хэвлэлийн газрын зүгээс санал болгож байна.

Хүн бүхэн шохоорхох ном

Агуулгаас гадна формат, дизайн хэвлэлт нь хараа булаасан номыг хүн байтугай хүүхэд ч шохоорхдог. НЭПКО хэвлэлийн газар Dorling Kindersley, National Geographic, Encyclopædia Britannica, Inc. ,Macmillan Publishing Group, LLC. Penguin Random House, Penguin Books Limited, HarperCollins Publishers, Discover 21, The Wylie Agency, John Wiley, Hachette Book Group, Simon & Schuster, Oxford University Press, Harvard University Press, Princeton University Press, The university of Chicago, Yale Representation, Andrew Nurnberg Associates International's offices, Phaidon, QA, Piper Verlag GmbH зэрэг 100 орчим хэвлэлийн газартай хамтран ажилладаг. Тэднээс зохиогчийн эрхийг нь авч, орчуулан монгол уншигчдадаа хүргэж ирсэн. Дэлхий даяарын уншигч түмний оюуны шүүлтүүрээр орж, өндөр босго давсан тэдгээр бүтээл хэнд ч чамлагдах нь үгүй. Манай хэвлэлийн газар олон жил хамтран ажиллаж буй Dorling Kindersley компаний “Аугаа уран зураг”, “Аугаа дизайн”, “Аугаа барилгууд“, “Уран бүтээлчид” зэрэг агуулга, өнгө будгаар зодсон бүтээлүүдийг бүгдийг нь Хонконгод хэвлэдэг учир чанарын талаар асуудал дагуулахгүй. Тэдний дундаас “Дэлхийн түүхийг өөрчилсөн тулалдаанууд” номыг онцолж ярья. Том форматын, дөрвөн өнгийн энэ номыг эрчүүд, ялангуяа хөвүүд их сонирхдог. Түүх сонирхогчид ч шүүрээд л авдаг эд. Түүхэн тулалдаануудын талаар уран сайхны кино олон бий. Тийм кино үзэхийн өмнө эсвэл үзэхдээ энэ номоос тэр тулааны тухай уншиж танилцвал ихэд таатай санагдсан. Энэ бүлэгт хамаатуулсан бүх номыг тухтайхан эргүүлбэл таашаал нь илүү.

Хүн бүхэнд хэрэгтэй ном

Хэрэгтэй гэхээр үргэлж сугавчлаад явдаг, өдөр бүр сөхөж хардаг гэсэн үг хараахан биш. Харин аваад тавьчихсан байхад хэзээ нэгтээ хэрэг нь заавал гардаг эд. Танин мэдэхүй ангилалд хамаарах номын тухай энд өгүүлнэ. Танин мэдэх бол хүн бүхний хэрэгцээ, харин салбар, сэдвээрээ л ялгаатай байдаг. Сошиал орчноос олж уншсан постоо мэдлэгтэй андуурдаг болсон өнөө цагт айл бүрт байвал зохистой ном гэвэл эднийг хэлнэ. Хамгийн эхэнд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мастер зохиолч Билл Брайсоны номуудыг нэрлэх нь зүй. Түүний “Бие эрхтэн”-ийг уншихад зугаатайн дээр эрүүл мэндийн талаар ойлголтыг энгүүнээр өгнө. Хорт хавдартай тэмцсэн түүхийг өгүүлсэн “Хорлолын хаан”, “Цэгцтэй сэтгэх урлаг”, “Эрүүл оршихуйн 10 нууц”, “Тоогүй математик”-аас гадна Нобелийн шагналт Жэймс Ватсоны “Хос эрчлээс” хэмээх хүний ДНХ-г тайлбарлан зурагжуулсан ном хүн бүхэнд хэрэгтэй ном мөнөөсөө мөн. Энэ бүгдээс гадна Б.Цэнддоогийн “Монгол 11 үгээр” номыг монгол хүн уншууштайг сануулъя. Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг олж хардаг нь бидний араншин. Б.Цэнддоогийн энэ бүтээл бол монголчуудын толгой дээр овойж явдаг бухлыг харуулаад зогсохгүй дотор нь гээсэн зүүг нь ч олоод гаргаад ирсэн эд.

Хүн бүхэн сонирхохгүй ном

Мэдээж ийм ном байж таарна. НЭПКО хэвлэлийн газарт ч бий. Улс төр, геополитик зэрэг явцуу хүрээнийхний сонирхлыг татдаг номыг энд багтаая. Дэлхий дахины шинэ хуваагдал, шинэ дэг журам гэдэг үгс олонтаа сонстох болсон өнөө цагт Тим Маршалл “Газарзүйн хориг”, “Газарзүйн хүч” хоёр бүтээлэээрээ маш сонирхолтой сэдэв хөнджээ. Ялангуяа хоёр аугаа хөршийн дунд хавчуулагдсан Монгол орны хувь заяа хэрхэн, хаашаа эргэхийг бусад улс үндэстэн сонирхдоггүй юм гэхэд монголчуудад машид эмзэг асуудал. Түүнчлэн Збигнев Бжезинскийн өнөөгийн ертөнцөд Америк яагаад оройлох ёстойг нотлосон “Шатрын аварга хөлөг” ном ч геополтик ангилалд багтана. Энэ номыг Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн орчуулсныг дуулгавал нэмэлт сурталчилгаа болох юм. Австралийн судлаач, цэргийн стратеги болон босогчидтой тэмцэх чиглэлээр мэргэшсэн, дэлхийн тэргүүлэх судлаач Дэвид Килкүллэний “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” номыг дурдах шаардлагатай гэж бодов. Украины арми Оросын эзлэн түрэмгийллээс хот тосгодоо буцаан авах хүнд хэцүү тулалдаан хийж буй өнөө цагт бол сонирхохгүй орхихын аргагүй номын нэг мөн.

Хүн бүхэнд хүртээлтэй ном

Ийм ном бий. Энэ ангилалд багтах номууд ихэвчлэн зураг чимэглэлээр баялаг, энгийн үгээр бичигдсэн байдаг. Харин сэдвийн хувьд хязгааргүй. Бүр шинжлэх ухааны нарийн ширийн ойлголтыг ч хөнгөхөн, ойлгомжтой тайлбарладаг. Үүнд дэлхий дахинаа цуутай нэвтэрхий толь мөн, насанд хүрэгчид болон хүүхдэд зориулсан шинжлэх ухааны танин мэдэхүйн чиглэлээр дагнан мэргэшсэн Dorling Kindersley компанийн бүтээлүүд зүй ёсоор багтана. Dorling Kindersley дэлхийн 100 гаруй улсын компаниудтай хамтран ажиллаж, ном бүтээл нь 63 хэлээр орчуулагддаг. НЭПКО хэвлэлийн газар тус компанийн DK How works цувралаас “Мөнгө”, “Бизнес”, “Менежемент”, “Хүнс”, “Шинжлэх ухааныг хэрхэн ойлгох вэ” номыг гаргасан. Эдгээр номын хуудсыг эргүүлэх тоолондоо “Сурах бичгийг яагаад ингэж хийдэггүй юм бол”, “Сургуульд ингээд заагаад өгчихгүй дээ” гэж бодно гэдгийг бол баталгаатай хэлье. Ном харахаас дургүй нь хүрдэг хүн ч гэсэн шүүрч аваад эргүүлнэ. Уран зохиол биш учраас авсан дороо нэг амьсгаагаар унших гэхээсээ илүү аваад тавьчихсан хойно хэрэг болох нь дамжиггүй. Үүн дотроос эрүүл мэндийн салбарт дэлхийд тэргүүлдэг Их Британийн анагаах ухааны холбоо болон DK хэвлэлийн газрын хамтын бүтээл “Анагаахын иж бүрэн гарын авлага”-ыг онцолмоор байна. Энэ номд 750 гаруй өвчний шинж, шалтгаан, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга замыг тодорхой заажээ. Өвчин тусахаараа Фэйсбүүкээс зөвлөгөө хайдаг болсон энэ цаг үед айл бүхэнд байх л ёстой номын л нэг дээ.

Хүн бүхэн сонирхох ном

Улс үндэстнийхээ түүхийг сонирхдоггүй хүн гэж үгүй. НЭПКО хэвлэлийн газрын бүтээгдэхүүнд түүх, тэр дундаа Монголын түүх зонхилдог. Баабарын түүх гэж уншигчдын дунд нэршсэн бүтээл энэ удаа 200 гаруй түүхийн эх сурвалжийн баяжиж 12 дэвтэр, жижиг форматаар хэвлэгдсэн учир зуслан, аян замд цүнхлээд явахад тохиромжтой. Мөн түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярын “Монголын гээгдсэн түүх” 1, 2 дэвтэрт дурдагдсан сэдвүүд бүгд дараа дараагийн эрдэм шинжилгээ, судалгааны бие даасан том сэдэв болж эргэлтэд орох биз ээ. Дэлхий дахинд танигдсан олон авторын бүтээл дотроос дахин хэвлэгдсэн Хэнри Киссинжерийн “Хятад”-ыг уншигчид нэгэнт мэдэх болжээ. Үүний зэрэгцээ заавал дурдах ёстой ном бол Сүнь Шүсүний “Хятадын түүхийн атлас” хэмээх зурагт түүх. Таван мянган жилээр тоологддог соёл иргэншлийн түүхийг зураг, чимэглэл ашиглан тун ойлгомжтой өгүүлсэн буй. Түүнчлэн ОХУ-д зохиол бүтээлийг нь хэвлэхийг хориглосон Евгений Трифоновын “Зөвлөлт-Монгол: Далд түүх” гэх мэт зөвхөн НЭПКО хэвлэлийн газар эрхийг нь авсан түүхийн олон бүтээл бий дээ. 

Энэ бүлэгт “Хүмүүн хорвоо” нийгэмлэгээс эрхэлдэг “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралыг багтааж байна. XXI зуунаас хойш монголчууд өөрийн намтраа бичих бас бичүүлэх явдал өргөн дэлгэрсэн. Гэхдээ ингэж тодорхой байгууллага эрхлэн Монголын түүхэнд мөрөө үлдээсэн хүмүүсийн намтрыг дагнан цувралаар гаргасан нь үгүй. Энэ цуврал хувь хүний намтар мэт боловч Монголын түүхийн зүйдлийн өчүүхэн хэсэг учир энд багтаасан болно.

Хүн бүхэнд уншдаг ном бий

Номтой нөхөрлөдөг хүмүүс “заяаны хань”-аа сонгочихсон байдаг. Хайр дурлалаас хавьгүй үнэнч гэж мэдээрэй. Хөлбөмбөгийн аль нэг клубын үнэнч дэмжигчтэй зүйрлэж нэг болох. НЭПКО хэвлэлийн газрын асраас энэ ангилалд хамаарах уншигчдад зориулсан ном чиг л олдоно. Эдийн засгаас эхэлье: Марк Скаузэний “Эдийн засгийн эдүгээчилсэн замнал”, Николас Вапшотын “Тулаан: Кэйнс VS Хайек”, эхнэр нөхөр Фридманы “Хувь заяагаа сонгох нь”. Либертари сангаас эрхлэн гаргадаг “Чөлөөт зах зээлийн хувьсгал”, “Үнэ чөлөөл”, Вацлав Клаусын “Супермаркетаас ч илүүг хүссэн юмсан” гэх мэт. Түүнчлэн эдийн засгийн салбарын Нобелийн шагналтан Даниэл Канэманы “Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү” номыг ч энэ ангилалд багтааж болно. Эцсийн бүлэгт уншигч та хүсэл сонирхолдоо нийцэх номыг Сүхбаатарын талбайд 2023.05.26-28 өдөр зохиогдох Номын баярт 33 дахиа оролцож буй НЭПКО-ийн газрын асрыг сайтар нэгжвээс олоод зогсохгүй, хямдралтай үнээр авна.