Монголын ард түмэн ба гадаад Монголын Ардын намын төлөөлөгчдийн бичиг

Монголын ард түмний нэр бүхий төлөөлөгчид бид бүрэн эрхийн дагуу доорхи зүйлийг мэдэгдэж гуйх нь:

Орос улсын цагаан хааны ба түүний Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын автономит эрхийг тунхаглан зарласан цагаас хойш Оросын Засгийн газрын эзлэн түрэмгийлэх зорилго хийгээд ард иргэдийнхээ нийгэм, эдийн засгийн төвшинг дээшлүүлж эс чадсан феодалын хэмжээгүй эрхт ёсны байгуулал нь Монголын ард түмэнд хөнөөлт шинжтэй болохыг мэдсэн хэсэг хүн монголчуудын дотор байсан билээ. Эл хүмүүс тэр үеийн нөхцөлд өөрсдийгөө ил харуулж чадахгүй байсан бөгөөд гагцхүү Оросын хувьсгалын байлдан ололтын нөлөө, ялангуяа хятадууд Монголын автономит эрхийг устгасны дараа ардчилсан бүгд найрамдах агуулга бүхий улс төрийн мөрийн хөтөлбөр боловсруулан сэтгэлэг адил хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлж, ард иргэдийн дунд үндэсний хувьсгалт үзэл санааг дэлгэрүүлж, юуны өмнө Монгол орны бие даасан байдлыг сэргээхэд Зөвлөлт Орос улсаас тусламж эрэхээр шийдсэн билээ. Хуучныг баримтлагч-үндэсний үзэлт ноёдын ба жижиг түшмэдийн нам хятадын эзэрхэг түрэмгий нарын эсрэг нэгдэн тэмцэх санал тавьсанд Ардын нам үндэсний бие даасан байдлын төлөө тэмцэлдээ амжилт олохын үүднээс дарлагдан зовсон Монголын ард түмэнд чин сэтгэлээр туслаж чадах гагц орон Зөвлөлт улсад хандах болзолтойгоор уг саналыг хүлээн авсан бөлгөө. Ийнхүү тохиролцсоны үр дүн нь Монголын бүх ард түмний нэрийн өмнөөс бүрэн эрх бүхий төлөөлөгчдийг Зөвлөлт Засгийн газарт илгээсэн явдал мөн. Бидний төлөөлөгчдийн зорилго нь Бүгд найрамдах Орос улсын хувьсгалт ард түмэн болон Монголын хооронд бат холбоо тогтоох, зөвлөлт засаг Монголд хэрхэн хандаж буйг тодорхой мэдэх, Монголд идэвхтэй тусламж үзүүлэх боломжийн талаар Оросын төв Засгийн газартай хэлэлцээ хийхэд оршино.

Манай ард түмний хүсэл эорилгыг мэдэгдэхдээ, бидний эрмэлзлэлийг гүйцэлдүүлэхэд бололцоотой бүхнийг хийхээс Та бүгд үл татгалзах буй заа хэмээн найдаж байгаагаа илэрхийлье.

“Монгольский сборник. /Экономика, история и археология. Москва. 1959. 110-111 дэх талаас.

Ардчилсан бүгд найрамдах агуулга бүхий улс төрийн мөрийн хөтөлбөр боловсруулсан нь

Хуучныг баримтлагч үндэсний үзэлт ноёдын ба жижиг түшмэдийн нам, Хятадын эзэрхэг түрэмгий нарын эсрэг нэгдэн тэмцэх санал тавьсан гэж  бичигдсэнийг та харж байна.

Марксист түүхчид 1919-1920 онд дан ганц Ардын нам байгуулагдсан, тэд л 1921 оны хувьсгалыг хийсэн гэж өдий хүртэл номлосоор ирсэн. Тэгвэл тэр үеийн Монголд олон нам байсан байна. Ноёдын ба түшмэдийн нам гэж байсан. Ноёд түшмэдийн нам Ардын намд Зөвлөлт Оросоос тусламж гуйх  хүсэлт тавьсан улаан Орос тусламж өгсөн байна гэж ойлгож болмоор. Ийм  учраас 1921 онд байгуулагдсан Ардын намын анхны Засгийн газар буюу Бодоогийн Засгийн газар бол яах аргагүй ноёдын нам, түшмэдийн намд зохих суудал өгсөн, Ардын намаас Ерөнхий сайд тавьсан эвслийн Засгийн газар байж гэж дүгнэж болохоор.
Цаг хугацааны хувьд авч үзвэл Бодоо энэ бичгийг коминтернд өгүүтээ тун удалгүй хүрээ рүү эргэсэн гэж Х.Чойбалсан бичсэн байна. Бодоо намын нөхөдтэйгөө цуг байх үедээ МАН-ын бүх бичиг баримтыг боловсруулдаг байсан. Түүндээ эрдээд ч юм уу, бусдыгаа дарангуйлдаг байсан талаар намын нөхөд нь тэмдэглэн үлдээжээ.

Ардын намынхан Эрхүүд байхдаа хоорондоо санал зөрөлдөн муудалцсан. Бие биетэйгээ дуугарахгүй болж, нэг гудамжны хоёр талаар явсан тухайгаа Х.Чойбалсан нарын номонд тэмдэглэн үлдсэн байдаг. Богдын тамгатай бичгийн талаарх маргаан дээр Данзангаас  Бодоогийн зан харьцааны талаар ийм үг хэлсэн байна.

Данзангаас Бодоод хандан их л уурсангүйгээр энэ үгийг хэлжээ. “Ер нь Бодоо бол хэзээнээс Консулын дэнж дээр анги бүлэг болж, Орос талаар ийм тийм хэмээн бидэнтэй нийлж хамтрахыг бодохгүй ДЭЭРЭНГҮЙЛЭН, МЭДЭЭРХЭЖ явдаг шүү” хэмээн уурсахад,

Бодоогоос: -Юу гэнэ ээ. Ер чи хүрээнд анги бүлгийн чанартай сууж, хэрэг ажлын эцсийн бүтээлт чанарыг хянахгүй, тус ангид үл бүтэх этгээдийг авч байсан учраас, гүн Нямжав урваж Хятадад ажлыг хийж байгаа шүү. Энэ үгийг танай нам нь түшмэдийн нам шүү гэж ойлгож болмоор доо гэж Бодоо уурсчээ. 


Марксизм, Ленинизмын түүх бичлэгийн арга барилаар зохиогдсон Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын бичсэн Монголын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх номоос үзэхэд Бодоо, Данзан нар хүрээнд байхдаа л зөрчилдөж эхэлсэн гэж болохоор. Данзан Бодоог нөхдөдөө дээрэлхүү гэдгийг мэддэг, Бодоогийн сээрдүү зантай үндэсний үзэлтэйг оросууд ч ажиглаж байжээ. Шумяцкий Бодоогоос болгоомжилж “Бодоо гэдэг чинь хашир чоно” гэж байсан баримт байна. Үнэхээр Бодоог улаан Оросын талаар “тийм ийм” гэж анхнаас нь дүгнэн ярьж явсныг коминтерн мэдэж, бас түшмэдийн намын толгойлогч Данзан, Ардын намын толгойлогч Бодоо хоёрын хоорондын зөрчлийг ашиглахаа оросын чекистүүд тооцож суусан байж магадгүй. Тэгээд коминтерн Бодоо, Данзан нараас жийрхэж мэдлэг, боловсрол нимгэнтэй, залуу халуун зүрх зоригтой Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нарыг олзлон авсан байх магадлалтай. Оросууд Бодоог Кремльд аваачих гэж хэд хэд ятгасан. Мөн Орос явах бололцоо Бодоод олдсоор байхад  яаж ийгээд мултарч үлдээд байсан  нь их сонин.

Оросууд коминтерний III их хуралд Бодоог онцлон оролцуулахаар урьжээ. Бодоо бас л хойш суужээ.

Бас нэг ийм бичиг МАХН-ын төв архив. Ф-4, Д-1. 69 дэх талд хадгалагдаж байх юм.

Монгол Ардын Засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газрын 13 дугаар хурлын бичиг
“...Коминтерний III хуралдаанд Бодоо, Бегзеев /Цэвээн Жамсрановын орос нэр Г.Д/нарыг намын Төв хорооноос төлөөлөгчид тохоон тавьж, томилон гаргах ажаамуу хэмээн Эрхүүгийн Шумяцкийгээс тавдугаар сарын 7-ны өдөр 355 тоот цахилгаан мэдээ ирснийг байцаан үзээд, одоо цаг чухал бөгөөд улсын албан хэрэг үлэмжхэн тул Москва хотод дарга Бодоогийн оронд Хорлоог, Түшмэл Бегзеев нарыг Монгол ардын засгаас бүрэн эрх олгож, томилон гаргахаар тогтов.
Засгийн газрын дарга Бодоо
Олноо өргөгдсөний 11 дүгээр он. таван сарын 3” гэжээ.


Ингээд Бодоо Москва явахаас хоёр удаа  мултран үлдсэн баримт энэ. Гурав дахь удаагаа бол Данзан тэргүүтэй төлөөлөгчид Москва явж Ленинтэй уулзсан домогт уулзалтыг Монголын түүх их л тодорхой өгүүлдэг.  Гэхдээ төлөөлөгчдийн ахлагч нь Д.Сүхбаатар байсан мэтээр түүхийг гуйвуулдаг юм. Коминтерний тооцоолсноор Монголын төлөөлөгчдийг Ерөнхий сайд нь ахалж очих ёстой байлаа. Тэгээд Лениндээ хувьсгалыг Монголд ингэж хийсэн гэж ажлын тайлангаа тавих цаг үе.  Гэтэл Монголын Ерөнхий сайд Бодоо ажилтай гэж Москвад очихоос өөрөө татгалзсан байна.

Харин Алс дорнодын Монгол, Хятадыг хариуцсан коминтерний төлөөлөгч Кремльд Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулахдаа Д.Сүхбаатарыг Монголын Ардын намын Засгийн газрын Ерөнхий сайд гэж “зориудаар андууран”, Данзанг Сангийн сайд гэж танилцуулсан байдаг. Орос гэлтгүй Монголын түүх бичигчид энэ үеийн Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Д.Сүхбаатар ч байсан юм шиг, Ерөнхий сайд Д.Сүхбаатар Орост айлчилж, Ленинтэй уулзсан юм шиг болгон кино, ном, шүлэг, найраглал бүтээчихсэн. Социализмын үеийнхэн Д.Сүхбаатар Москваг зорьж, Ленинтэй уулзсан Д.Сүхбаатар Ерөнхий сайд байсан гэсэн ойлголттой үлдсэн. Эрхүүд суурьшсан коминтернийхэн Д.Сүхбаатарыг Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын төлөөлөгчдийн тэргүүн гэж танилцуулж, Ленинтэй уулзуулсан гэж бичиж байна. Ленин Д.Сүхбаатар хоёр уулзсан уулзаагүй гэж олон түүхчид маргалддаг. Харин Ленин Д.Сүхбаатар хоёр уулзсан бол Ленин Монголын төлөөлөгчдийн тэргүүн Данзанг хүлээн авч уулзсан баймаар. Харин Шумяцкий өөрийнхөө бичсэн номонд Д.Сүхбаатар Ленинтэй уулзаад дараа нь “Монголчууд “Ерөнхий сайд Бодоогоо Орост суух элчин сайд болгоод өгөөч” гэж хүсэлт тавьсан гэж тэмдэглэжээ. Орос явах төлөөлөгчдийг Ерөнхий сайд Бодоогоор ахлуулж, ирүүл гэсэн цахилгаан утасны хариуд Бодоо “Төрийн ажил барагдахгүй тул эрхбиш Сангийн сайд, цэргийн сайд нар Москва явах буй за. Өчүүхэн би шинэ тулгар төрийн их ажлыг та нарыг иртэл амжуулж явахыг хичээсүгэй” гэж байжээ. Ямар ч байсан Бодоо Москва явахгүй мултарч үлдсээр нэгэн биеийг дуусгасан нь ямар учиртайг хэн ч үл тайлна. Тэр үеийн Москвад улаантны аллага ид гаарч байлаа. Коминтернд элссэн хэн боловч коминтерний үзэл суртлыг дагаж, нийтийн дайсны эсрэг тэмцэнэ. Эс биелүүлбэл буудан хорооно. Эсвэл баривчлан цэргийн гэмт хэрэгтэн болгон Москвад аваачин шүүнэ гэдэг хууль үйлчилж байв. Москва аллагын газар, Эрхүү хавь цөллөгийн газар болж оросууд хоорондоо орос хэлээр биш гар буугаар ярьж байсан хэцүү цаг.

Аллагын яг ийм механизм коминтерний туршлагаар Монголд хэрэгжиж байсан баримт оллоо. Албан бичгийн журмыг чандлах тухай Засгийн газрын Ерөнхий дарга Бодоогийн гэсэн нэг ийм бичиг МАН-ын архивт үлджээ. Уг бичигт “Энэхүү өдрөөс эхлэн ардын хэргийг мөчийн төдий саатуулан боогдуулах явдал гаргагчид байх ахул коминтерн буюу бусад нэгэн аргаар Москва хотын хорооноо мэдэгдэн шийтгүүлэх арга хэрэглэнэ.
Засгийн газрын Ерөнхий дарга Бодоо
Нарийн бичгийн дарга Батхаан” гэжээ.


Бүх шийтгэлийг коминтерн оногдуулна. Коминтерн юу гэнэ тэр бол хууль. Улаан оросын нэгэн адил Ардын засгийн явдлыг эсэргүүцсэн хэнтэй ч буугаар ярьдаг яргалал эхэлж байсан эрх зүйн баримт Бодоогийн нэрээр гарчээ.

Иймэрхүү бичгийг Ерөнхий сайд Бодоо үйлдээд зогсож байлаа гэж үү гэж гайхмаар.  Ер нь Бодоо, Чагдаржав нарыг баривчилж, буудан алсны дараа гэзэг үс хяргах, өмч хөрөнгө хураах зэрэг төр засгийн хамаг муу муухай, соёлгүй бүдүүлэг хэт хувьсгалжсан, зүүнтэн болгох ажлыг Бодоо нарын хийсэн жүжиг болгон тавьжээ. Архивт байгаа Бодоогийн цуглуулга баримт бичигт Бодоо гэгч нь ядаж Ерөнхий сайдынхаа албан тушаалыг ч нэг янзаар бичиж чаддаггүй хүн гэж ойлгогдохоор янз бүрийн бичгүүд Бодоогийн нэртэй үлджээ.

Жишээлбэл: Шавь сайд Бодоо, Засгийн газрын Ерөнхий дарга Бодоо, Засгийн газрын дарга Бодоо, Ерөнхий Гадаад яамны тэргүүн сайд Бодоо, Ерөнхийлөн шийтгэх бөгөөд Гадаад яамны сайд Бодоо, Монгол ардын засгийн хэргийг бүгдэд  захиран шийтгэх газрын ерөнхий дарга Бодоо, МАН-ын төв хорооны бошгыг халах тэргүүлэх дарга Бодоо, Засгийн газрын гишүүн Бодоо гээд ганц албан тушаалыг хичнээн янзаар бичжээ. Аль нь ч түүхэн баримт аль нь зассан, хассан, нэмсэн баримт гэдэг нь мэдэгдэхээ больжээ. 

Бодоо Чагдаржав нар 1922 оны есдүгээр сард алагдсан. Зарим түүхч наймдугаар сард алагдсан гэж мэдээлдэг. Алуулсан сар, өдрийг нь хүртэл олон янзаар бичиж үлдээжээ. 1935 оноос МАН-ын түүхийг марксист ёсоор анх оросууд бичиж өгсөн. Түүнээс хойш түүхийг монголчууд бичсэн боловч бүгдийг оросууд, Зөвлөлт холбоот улсын коммунист нам зөвлөж, МАХН үзэл сурталдаа зориулж засч, редакторлаж хэвлүүлдэг байсан. МАХН-ын түүхийн архивыг үзэхэд бүх сайн сайхныг Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар хийсэн гэж мандуулахын тулд Бодоог гол дайснаар тодруулж түүхэн баримт бичгийг хүртэл энэхүү үзэл сурталдаа зориулан бэлтгэсэн гэлтэй.

Бодоогийн тухай түүхэн баримтын цуглуулга гэгчид ядаж он сарын хувьд дэндүү алдаатай, улс төрийн үйл явдлын дараалалгүй болгожээ. Ерөнхий сайд Бодоог  бие муу учир ажлаас чөлөөлж өгнө үү гэж намын төв байгууллагадаа, Засгийн газартаа өргөдлөө гаргаагүй байхад коминтерн Бодоогийн Ерөнхий сайдын ажлыг өөрчилж, Зөвлөлт Орост суух элчин сайдаар томилчихсон инээдэмт түүх байна.  Бодоо тэр үед Ерөнхий сайдын ажлаа үнэнч хийж байсан.