Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг гол асуудлаар иргэдийн санал аваад, түүний үндсэн дээр дахин боловсруулж шийдвэл зөв болно. Ийм шийдвэрийг Улсын Их Хурал гаргах гэж байгаа бол иргэд дэмжих байх. Тэгэхдээ ард түмний саналыг ямар асуудлаар, яаж авах гэж байгааг тодорхой болгох ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу? Үгүй юу? гэсэн ерөнхий асуулт тавьж санал авах биш харин улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой, Үндсэн хуульд тусгагдан шийдэгдсэн байх шаардлагатай гол цөөн асуудлаар, ялангуяа төрийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар тодорхой асуудал тавьж санал аваад, тэдгээрийг тусгасан төсөл шинээр боловсруулж шийдвэл зөв ажил болно.

Монгол улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр дараах тодорхой асуудлыг тавьж иргэдийн санал авах нь зүйтэй:

- Парламентийн засаглалтай байх уу?, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу?

- Парламентийн засаглалтай байх нөхцөлд Парламентийн хууль тогтоох асуудал хариуцсан танхим, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, Шүүх засаглал гэсэн засаглалын гурван байгууллагын үйл ажиллагаанд ард түмний нэрийн өмнөөс хяналт тавьдаг байх Төрийн эрх барих дээд байгууллага буюу Парламентийн дээд танхимтай байх нь зөв эсэх?.\Энэ бол засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх тухай Үндсэн хуулийн суурь заалтыг хэрэгжүүлэх санаа.\

- Нам удирддаг засаглалтай байх уу?, Төр удирддаг засаглалтай байх уу? Улс төрийн намд тавих шаардлагыг өндөржүүлж, Монгол улсын нийгэм эдийн засгийг урт дунд хугацаанд хөгжүүлэх бодлого төлөвлөгөө боловсруулсан, боловсон хүчний нөөц бүрдүүлсэн улс төрийн намд төрийн удирдлагыг сонгох сонгуульд оролцох эрх олгож байх нь зөв эсэх?

- Монгол улсын нийгэм, эдийн засгийг урт, дунд, богино хугацаанд хөгжүүлэх бодлого төлөвлөгөөтэй, тэр хөгжлийн бодлого төлөвлөгөөг хариуцсан яам засгийн газрын бүтцэд байх нь зөв эсэх?

-Төрийн эрх барих дээд байгууллага буюу парламентийн Дээд тархимын гишүүдийг сонгох сонгуулийн хуулийг боловсронгуй болгож, намын болон хувийн эрх ашгийг биш ард түмний эрх ашгийг эрхэмлэж ажиллах шударга хүмүүсийг парламентийн гишүүнд сонгохоор нэр дэвшүүлэх эрхийг иргэд, олон нийтийн байгууллага, төрийн захиргааны байгууллагад олгох зөв эсэх?

Иргэдийн ихэнх дээрх гол асуудлуудаар зөв гэсэн санал өгч Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдвал засгийн эрх ард түмний мэдэлд ойртох, төр ард түмний харилцан итгэлцэл, эв нэгдэл бэхжих, нийгэм эдийн засгийг цэгцтэй бодлогоор тогтвортой хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Улс төрийн намын нэрээр эрх мэдэл албан тушаалтай болж ашиглах завших оролдлогод хаалт болно.

Иргэдийн санал авахын өмнө дурьдсан асуудал нэг бүрийн утга учир, эерэг сөрөг талуудыг үнэн зөвөөр тайлбарлах ажлыг иргэн нэг бүрт хүргэн зохион байгуулах зайлшгүй шаардлагатай. Шийдэх асуудлын ач холбогдлыг ойлгоогүй, буруу ойлгосон, бусармаг үзэл бодолтны сурталчилгаанд автсан хүн зөв сонголт хийхгүй байх эрсдэл байдаг. Санал авах гол асуудлуудыг оновчтой тодорхойлох болон тодорхойлсон асуудал нэг бүрээр ямар санал өгвөл ямар эерэг, ямар сөрөг үр дагавартай байж болохыг ойлгуулах сурталчилгааг боловсруулж хэрэгжүүлэхэд хугацаа шаардагдана. Мэрэгшсэн гэж үздэг УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн нөхөд хэдэн жил төсөл боловсруулахдаа нэгдсэн ойлголтод хүрсэн оновчтой шийдлийг тодорхойлж чадаагүй, тийм учраас иргэдээс санал авая гэж байгаа бол иргэдээс зөв шийдлийг олсон саналыг гаргуулахын тулд тэдэнд ойлгох, зөв шийдлийн саналыг бодож гаргахад нь хэдэн сарын хугацаа өгөх хэрэгтэй. Зөвлөлдөх санал асуулга нэртэй тархи угаалга хийж байсан алдааг давтаж хэрхэвч болохгүй.

Дээрх асуудлуудаар иргэдийн ихэнх зөв гэсэн санал өгсөн нөхцөлд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дахин боловсруулах, холбогдох бусад хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай зэрэг хуульд оруулах өөрчлөлтийг харилцан уялдаатайгаар иж бүрэн боловсруулах шаардлагатай. Энэ их ажлыг цаг хугацаанд шахагдаж хагас дутуу, чанаргүй хийж болохгүйг анхаарч байгаа биз.

Алтан Чой овогт Думаагийн Содном
2019 – 09 – 09