Ийм нэртэй өгүүллийг би 2003 онд бичиж хэвлүүлж байжээ. Энэ өгүүлэл өнөөдөр ач холбогдолтой санагдаад дахин хэвлүүлж байна. Сүүлийн нэлээд хэдэн жил монгол төгрөгийг ганц америк доллартай уяснаар төгрөгийг ам.доллартай харьцуулсан ханш өөрчлөгдөөгүй боловч долларт уягдсан төгрөг дагаж ханш унасаар ихээхэн хямралд орж байна. Таван жилийн өмнөхтэй харьцуулахад төгрөгийн хятад юаньд харьцуулсан ханш маш ихээр уналаа. Энэ нь ам.долларын ханш унаж байгаатай холбоотой. Сүүлийн гурав дөрөвхөн жилд бараг хорин хувиар унажээ. Нефтийн болон хүнсний үнэ огцом дэлхий даяараа огцом өсөж байгаатай энэхүү ханшны уналт хавсарч өдгөө инфляцийн төвшин 30 хувь аль хэдийнээ гараад явчихлаа. Ийм өндөр инфляцийн үед хөрөнгө оруулалт зогсож, эдийн засгийн өсөлт зогсоно. Сая сая хүмүүс нүдэн дээрээ мөнгөө “шатаалгаж” ядуурал гуйранчлал гаарна. Энэ бол ердөө л хууль. Инфляцийг эмчилдэг ганцхан арга бий нь цаасан мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах. Ашгүй Монгол банк ч ийм арга хэмжээ аваад эхлэх шиг. Гэтэл ганц хийдэг эмчилгээг нь эсэргүүцдэг “ухаалаг толгойнууд” зурагтаас салахаа болилоо. Хөрөнгө оруулалт зогсож, банкууд зээл өгөхөө болилоо гэх мэтээр тайлбарлаж байна. Фридман инфляцийн эмчилгээг яг л архинд орсон хүнийг эмчлэхтэй адилтган зүйрлэсэн байдаг. Ухаантнуудын анхааруулга бол архи нэхэж буй организм. Харин цаасан мөнгө нийлүүлэхгүй байгаа нь өнөө дон болсон сархадыг нь өгөхгүй байна гэсэн үг. Монгол банкны одоогийн авч байгаа арга хэмжээ тун зовиуртай, гэхдээ өөр арга үгүй. Ийм зовлонд унахгүйн тулд ядахнаа таван жилийн өмнөөс арай ухаалаг байж, “архинд орохгүй л байх байсан юмдаа”. Иймээс архинаас гарах гэж байгаа тэднийг дэмжиж энэ өгүүллэгээ дахин хэвлүүлж байна.   


Хүн төрлөхтний түүхийн олон жилийн туршид бараа үйлчилгээний төлбөрийн хэрэгслэлийн үүргийг өнөөгийн соёлжсон цаасан болон зоосон тэмдэгт биш, өөр зүйл гүйцэтгэдэг байжээ. Алт, мөнгө, тамхи архи, сүх, үхэр гэх мэт. Одоо ч Монголын шоронд төлбөрийн хэрэгслэлийн үндсэн нэгж нь тамхи, нинжа нарын хувьд пенцелиний шилтэй үйрмэг алт, ууланд буй самарчдад цайруулсан самар ийм үүрэг гүйцэтгэдэг.  Эртний хаад өөрийн дүрс бүхий алт, маөнгө, хүрэл цутгамал үйлдэн албатаа шагнадаг байсан нь нэг тал руугаа төлбөрийн хэрэгслэл, нөгөө тал руугаа одон медаль болон хөгжсөн гэдэг. Дараа нь хятадууд цаас үйлдвэрлэж түүнээ солилцооны хэрэгслэл болгосон нь цаасан мөнгөний анхдагч болжээ.

    Төр, өөрөөр хэлбэл хаан, эсвэл парламент цаасан мөнгөний үйлдвэрлэлийн тоо хэмжээг тогтоож зах зээлд гаргадаг байв. Цаасан мөнгө нь өөрөө үйлдвэрлэхэд хямд эд, иймээс дайн байлдаан болон өөр зарлага хэрэгтэй болохоор Төр цаасан мөнгийг тэрдор нь хэрэгцээнээс их үйлдвэрлэдэг аж. Ингэхээр нэгж тэмдэгтийн ханш унах ба үүнийг инфляц гэнэ. Маргарет Тэтчэр нэгэнтээ “Нийгмийн ядуурлын жинхэнэ эцэг нь инфляц” гэж хэлсэн байдаг. Инфляц хэрхэн аюултай үзэгдэл болохыг монголчууд ерээд оны дундуур үзэхээрээ нэг болсон.

    Засгийн газарт үргэлж мөнгө хэрэгтэй, хэрэгтэй хэмжээгээрээ үйлдвэрлэчихээр инфляц үүсч нийгэм хямрана. Ингэхээр нь анх англичууд, дараа нь америкчууд Төв Банк гээч юм бодож олжээ. Нийгэмд хэрэгцээний хэмжээгээр цаасан мөнгийг үйлдвэрлэж зузаатгал хийх онцгой эрхийг энэ институц эдлэнэ. Төв Банк сайн талдаа сайнтай, муу талдаа муутай. Юутай ч Америкийн Төв Банк (Өөрснөө Холбооны нөөцийн банк гэнэ) 1929 онд дэлхийг нөмөрсөн Их хямралын гол буруутан байсан нь өнөөдөр хөдөлбөргүй нотлогдсон.

    Үнэндээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт Төв банк хэрэг байдаггүй, тэртээ тэргүй захиргаадчих л юм чинь. Иймээс манайд дөнгөж 1991 онд анх Төв банк буй болсонд гайхах явдалгүй. 1 төгрөг 60 мөнгөний гурилны үнийг 300 төгрөг болгодог буруутан чинь тэнд конторлож байсан юм шүү дээ. Чухам тэр конторт улс орны эдийн засгийн өсөлтийг тооцоолоод зах зээл рүү Чингисийн зурагтай гарын үсэг бүхий өнгөт цаас хэчнээн хэмжээнийхийг шинээр үйлдвэрлэх вэ гэдгийг тооцож суудаг юм. Тооцоод үнэн гаргадаг бол ч яахав. Буудаа ч уу, үгүй юу, буудлаа гэхэд сум нь олдоо ч уу, үгүй юу, сумтай гэхэд оноо ч уу, үгүй юу, онолоо гэхэд алаа ч уу, үгүй юу. Засгийн газарт инфляци хэрэгтэй учраас янз бүрээр найзан дундаа шахана. Шахуулсан хүн нь дараа нь ичих ч үгүй “мөнгөний ханш унах нь эдийн засагт эерэгээр нөлөөлдөг юм” гэж хүүхэд хуурч байгаа юм шиг марзганана. Тийм бол мөнгөний ханш уналт 360 хувь хүрч байсан 1995 онд Монгол улс хөгжлийнхөө оргилд явж байж л дээ. Одоо ч хөгжүүлэх гэж ухаан зарах хэрэг юу байна, ширхэг нь хоёр центний өртөгтэй 20 мянгатын дэвсгэрт Монголын хүн болгонд 100 сая ноогдохоор үйлдвэрлээд цацчихаач.

    Нийгмийг явуургаараа хамгийн их хорлогчид нь өөрийгөө ухаантай гээд бодчихсон шийдвэр гаргагчид байдаг. Тэд л ална даа. Нийгэм өөрийгөө хамгаалахын тулд тэднээс хамааралгүй болж авах хэрэгтэй байдаг. Мөнгөн тэмдэгтийн хэт олшрол буюу инфляци нь нийгмийг хорт хавдар лугаа балладаг эд. Үүнийг буй болгогч конторын шийдвэр гаргагч хархнуудаас хамгаалах сайн аргыг ухаантай хүмүүс бодож олоод зарим газар туршсан нь маш хурдан сайн эмчилгээ, дархлаа болж байна. Үүнийг Эстоний туршлага ч гэж нэрлэх юм.

    Эстоничууд Төв банкаа байхгүй болгоод Валютийн хороо байгуулжээ. Зах зээл дээр хэчнээн хэмжээний цаасан мөнгө гаргахыг энэ хороо шийдэхгүй. Эд евро, ам. доллар гэх мэтийн хэдхэн валюттай өөрийн мөнгийг холбож уяад мөнгөний зузаатгал хийнэ. Ерөнхий сайд нь ямар ч арилжааны банк хувааж идъе гэж панаалдаад нэмэргүй, зузаатгал евро, долларын ханшнаас л хамаарна, тэр нь хуульчлагдчихсан. Ханш гайхалтай тогтворжиж, үүнээ дагаад инфляци ердийн нормд очжээ. Эдийн засгийн өсөлт бууралт гэж баахан худлаа тоо гарган хүн хуурах ч хэрэг байхгүй, орон тоо нь ч байхгүй болсон. Олон хоолны сав тэжээхээ болилоо гэсэн үг шүү дээ. Тэртэй тэргүй хангалттай боловсрол мэдлэг байхгүй байж тархиа дэмий гашилгах ч хэрэг байхгүй. Цаана чинь илүү туршлагатай, илүү бололцоотой америкчууд, англичууд, жүүд нар бодож байна шүү дээ.

    Өнөөдөр хууль эрхийн хувьд шилжилт хийж буй орнуудаас хамгийн амжилт олсон нь Унгар. Нууц нь ердөө л тэдний парламент Австрийн хуулиудыг орчуулж батлах ажил хийдэг аж. Тэртээ тэргүй олон жил мөрдөгдөж сайн муу талаа харуулан зөндөө засварлагдсан эд шүү дээ. Унгаруудын ухаалаг нь тэд шинээр дугуй зохион бүтээхийг ер бодсонгүй.

    Манайх Валютийн зөвлөл байгуулсан л гэсэн, гэхдээ Төв банк (Үүнийгээ бид Монгол банк гэж нэрийднэ) юу гэж тоох билээ. Бидэнд шинэ зарчим хэрэгтэй байна. Энэ шинэ нь бусдын туршлагаар, толгойгоор, мөнгөөр хийгдсэнийг өөриймшүүлэх. Хатуу валюттай, технологитой, бас тэгээд хариуцлагатай орнуудын Төв банкуудын өөрсдийнхөө мөнгийг унагахгүй аваад явж дөнгөнө. Тэрэнтэй манай төгрөгийг уяснаа хуульчилчихаад, хууль хэрхэн биелүүлж байгааг нь УИХ байнга хянаж байвал барав. Монгол төгрөгийг ам. доллар, евро, рубль, Япон иен, юань, Солонгос вон гэсэн хэдхэн валюттай холбоод зузаатгалаа зохицуулаад явах аваас хайран сайхан цоодон шинэ тархиа цаас мэрж, авилга хахуульд өртөж, муу нэр дуулахад зарцуулах биш, дэлгүүр орж, хүүхдээ хүмүүжүүлж, мөрийтэй тоглож, хүүхэн эргүүлэхэд зориулах бололцоотой болно, энэ нь ард түмэнд ч, улс оронд ч, өөрсөд нь ч өлзийтэй бус уу.