Л.Оюун-Эрдэнийн аргагүйдсэн алхам буюу түүнийг өмөөрч, дэмжихийн учир
Шинэ сэргэлтийн бодлого нь ямар ч байсан гараанаасаа хөдөлсөн. Бүрэн хэрэгжүүлж чадвал Монгол Улсад маш том сэргэлт, үр дүн бий болно. Санасан бодсоноо хэрэгжүүлэхийн тулд тэр төсөөлшгүй эсэргүүцэлтэй тулгарч эхлэнэ. Түүнээс өмнөх үеийн Засгийн газрууд, Ерөнхий сайд нарын туулсан замнал, жишгээс харахад бүгд л сайн сайхан эрхэм зорилгыг дэвшүүлэн зориод харамсалтай нь замынхаа дундаас ямагт няцаж, шантарч буцсан байдаг юм.
Яг одоо Монголын улс төрд болж буй үйл явдлыг бүрэн зургаар нь бодитойгоор харж чадах юм бол сүүлийн 32 жилийн туршид үргэлжилж, улс орныг эдийн засаг, ёс суртахууны бүрэн доройтол, ялзралд оруулсан өнөөгийн тогтолцоог өөрчлөх үү, үгүй юү гэдгээ эцэслэн шийдэх маш том зөрчил, тэмцэл эрх баригч МАН-ын дотоодод үүсч, (бараг дангаар) өдөр өдрөөр өрнөн тэлж буйг шууд анзаарч болно. Тодруулж хэлбэл УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн засаглалын гурван институцын дунд маш ноцтой зөрчил үүссэн болохыг нийгмийг тэр чигт нь цочирдуулсан “Нүүрсний хулгайн хэрэг” ил болголоо шүү дээ. Эндээс тэгээд яг юу анзаарагдаж байна вэ гэхээр нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар анх байгуулагдсан цагаасаа эхлээд л алдаатай оноотой хэдий ч цоо шинэ замаар зүтгэхийг хичээж байгаа нь харагдана.
Жишээ татах аваас “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөр нь үүний тод илрэл байлаа. Ямар ч байсан Монгол Улсын Засгийн газар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаа хөгжлийн урт хугацааны төлөвлөлт, бодлого бүхий концевци-үзэл баримтлалтай болсон нь сайшаалтай. Гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон цагаасаа санаачилж хэрэгжүүлж эхэлсэн ажлуудыг нь харахад бусдын шүүмжлээд байдаг шиг гэнэн, хөнгөн хуумгай гэхээсээ нийгмийн анхаарал, сонирхолыг илүү татсан бодитой, шинэлэг,зоримог байсан гэвэл илүү үнэнд дөхнө гэж би хувьдаа боддог. Шинэ сэргэлтийн бодлого нь үүний тод жишээ яах аргагүй мөн.
Түүний нэг алдаа нь ахмад, дээд, дунд үеийнхнийхээ нөлөөлөл, хүчийг арай буруу тооцоолж, хэт доош үнэлсэн явдал юм уу гэж харагддаг.” Шинэ үе бүхийг шийднэ” гээд зүтгэсэн нь хажуугаас нь хийгээд хаа холынхноос хүртэл маш олон “дайсан”-г гаргаж ирж, дургүйцлийг нь төрүүлсэн л дээ. Дээр нь “дайран дээр давс” болж нэмэгдэн засаглалынх нь эхний хоёр жил урьд өмнө (Картын барааны системийн үеийг эс тооцвол ) ямар ч Ерөнхий сайдын туулаагүй хүнд нөхцөлтэй тулгарч, гэтлэж гарсныг нь мартаж яагаад ч болохгүй л дээ. Гадаад, дотоодод үүссэн цар тахлын халдвар тархалт, Оросын өдөөсөн дайн байлдаанаас үүсэлтэй ямар гээчийн бэрхшээлүүд ар араасаа ундарлаа даа. Одоо ч нөлөөлөл нь үргэлжилсэн хэвээр.
Муу сайнаараа чичлүүлж, дуудуулсаар ямар ч байсан хамгийн хүнд үеийг даваад гарчихсан шүү гэдгээ шинэ оноор ард түмэндээ итгэлтэйгээр хэлж чадсан ганц улстөрч нь Л.Оюун-Эрдэнэ байлаа шүү дээ. Монголыг тэр чигт нь хэрсэн авлига, хээл хахууль, хулгай, луйвар, албан тушаалын гэмт хэрэгтэй хайр найргүй тэмцэнэ гэдгээ төр, засгийн үе үеийн тэргүүнүүд, улстөрчид ямагт амлан, зарим нь бүр амь насаараа дэнчин тавьж байгаад зарладаг байсан ч, Л.Оюун-Эрдэнэ шиг бодитойгоор хэрэгжүүлэн тэмцэх гэж оролдож байсан нь үгүй л дээ. Ёстой хэн ч байгаагүй юм. Тэр бараг л ганцаараа зүтгэж байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ нь мэдээж Засгийн газарт нь болон өөрт нь асар эрсдэл үүсгэж байгаа нь анзаарагддаг. Яг одоо түүний энэ тэмцэлд УИХ болон Ерөнхийлөгчийн зүгээс ямар ч дэмжлэг алга байна. Энэ бол үнэн.
ЖДҮ, Хөгжлийн банк, бусад нэр бүхий олон төрийн өмчит аж ахуйн нэгж, компаниудыг тойрсон хулгай, луйвар, дээрмийн хэргийг цэгцлэхийг хичээн оролдож, үр дүн гаргаж эхэлсэн цагаасаа өөрсдийнхөнтэйгөө, намынхантайгаа тулах болсон.
Шинэ сэргэлтийн бодлого нь ямар ч байсан гараанаасаа хөдөлсөн. Бүрэн хэрэгжүүлж чадвал Монгол Улсад маш том сэргэлт, үр дүн бий болно. Санасан бодсоноо хэрэгжүүлэхийн тулд тэр төсөөлшгүй эсэргүүцэлтэй тулгарч эхлэнэ. Түүнээс өмнөх үеийн Засгийн газрууд, Ерөнхий сайд нарын туулсан замнал, жишгээс харахад бүгд л сайн сайхан эрхэм зорилгыг дэвшүүлэн зориод харамсалтай нь замынхаа дундаас ямагт няцаж, шантарч буцсан байдаг юм. Үгүй гэсэн тохиолдолд заалттайгаар огцорч хоцорсон тийм л гунигтай түүхүүдтэй байдаг. Үнэхээр ямар ч Ерөнхий сайдыг санаснаараа ажиллах нөхцөлгүй болгож, шанталж мохоодог системийн тогтолцоотой улс шүү дээ Монгол бол.
Л.Оюун-Эрдэнийн нэг сайн тал нь амархан шантарч, буцдаггүй араншинтай юм байна. Энэ бол маш давуу өгөгдөл. Тэрбээр зорьсондоо хүрэхийн тулд яг одоо эцсийн алхмаа хийж байгааг бид харж байна.
Хэдхэн хоногийн өмнө тэрбээр хэл ам, дуулиан шуугиантайгаар УИХ-ын гурван гишүүнд давхар дээл өмсгөн, танхимдаа сайдаар оруулаад ирлээ. Маш ихээр хараалгуулж байна. Арга ч үгүй юм. Ард түмэнд “Арван хувь” хэмээх алдар цуутай, бүр нэг дүүрчихсэн, цайчихсан “хулгайч” нэгнийг багтаа багтаачихлаа шүү дээ. Эрүүл ухаанаар бодоод үзсэн хэнд ч Л. Оюун-Эрдэнэд эрхбиш Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, С.Чинзориг гурваас арай дээр хувилбар олдох байсан. Гэвч тэр тэгсэнгүй. Яагаад??? Үүнд л гол учир байгаа юм. Яагаад гэвэл Засгийн газрынхаа хэрэгжүүлэхээр зорьсон өөрчлөлтийг нь өнөөгийн энэ Ц.Даваасүрэн шиг ясны популист, шантаажны гишүүд яагаад ч хийлгэхгүй байсаар ирснийг бид мэднэ. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ цаашаа харж уйлж, наашаа харж инээж байгаад энэ нөхдүүдийг сайдаар батламжилсан гэдэгтээ ёстой юугаар ч мөрийцсөн алдахгүй гэдгээ мэдэж байна би. Энэ шийдвэртээ хамгийн гонсгор үлдсэн хүн бол тэр өөрөө. Хэрвээ энэ хувилбарыг сонгохгүй бол түүний Засгийн газрын насны хугацаа дуусах байлаа. Тиймээс хэрэг үйлсээ гүйцээхийн тулд аргагүйдэн, энэ заваан шантаажчин гишүүдийн тулгалтыг хүлээн зөвшөөрсний дараа, тэдний ил тодоор, ичгүүргүйгээр баярлалдан их хурлын чуулганы танхимд олны нүдэн дээр озолдохыг нь хамгийн гунигтайгаар харж суусан хүний нэг Л.Оюун-Эрдэнэ байсан гэдэгт эргэлзэх юм огтоос алга. Хэнд ч ойлгомжтой түүний эцсийн алхам нь байлаа шүү дээ.
Түүнд одоогоор түшиг найдвар болж байгаа ганц хүн гэвэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан л байх шиг байна. Тэгээд ч танхимынхаа сайд нарын сайдаар буюу ЗГХЭГ-ын даргаараа түүнийг томилсон нь ч учир шалтгаантай. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар хувь хүнийхээ хувьд хэн байх нь хамаагүй, хамгийн гол нь тэдний баг Монгол Улсын болон МАН-ын улс төрийн амьдралд амьдаараа буг болж, сайнаасаа саарыг өвлүүлэх нь их болсон бүлэглэлээс хамгийн түрүүнд салах ёстойгоо ойлгосон нь төдийгүй Монголын нийгэмд асар ач тус, эрүүл орчин, эм эмчилгээг буй болгох гэж зориг гарган зүтгэж байгаа хандлага нь чухал юм. Тэр хэрээрээ тэдний баг эсэргүүцэлтэй тулсаар байгаа.
“Нүүрсний хэрэг”-ийн дуулиан яагаад замхарч эхэлснийг сэтгүүлч Н. Өнөрцэцэг тодорхой хэлсэн байсан. Энэхүү том дүнтэй хулгайн хэргийн гол учиг нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу нийтээс нууцалсан оффтэйк гэрээнүүдэд байсан гэдгийг өрнөсөн үйл явдлууд нотлодог. Өөрөөр хэлбэл нүүрсний хулгай болон ил, далд үйлдэгдсэн олон хулгай луйврын хэргийн учрыг Монгол Улсын ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд асан, эдүгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зайлшгүй мэдэх хүний нэг байдаг юм. Гэвч тэрбээр энэ талаар нэг ч үг, өгүүлбэр амнаасаа унагаагүй боловч, Засгийн газрын эхлүүлсэн тэмцлийн галыг цурманд оруулахыг эрмэлзэх болсон нь илт анзаарагддаг юм. Шууд хэлэхэд эндээс өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, экс Ерөнхийлөгч Х.Баттулга нар Л.Оюун-Эрдэнийн эсрэг нэг багт орохоос аргагүй нөхцөл үүссэн байх магадлал маш тодоор мэдрэгддэг.
Өнөөдөр энэ бүх бэрхшээлийг хамгийн хүчтэй мэдэрч байгаа учраас Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар засаглалын тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгосон эрх зүйн орчинг ард түмний оролцоотойгоор нэг мөр болгон зайлшгүй өөрчлөхийн чухлыг яриад байгаа юм. Энэ бол бас л эцсийн бөгөөд хамгийн зөв гаргалгаа мөн л дөө. Үүнийг өөрчилж эс чадваас Монголд нийгмийн ялзрал доройтол, авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэг, улстөрчдийн эрээ цээрээ алдсан хулгай дээрэмтэй тэмцэх хуулийн тэмцэл мөддөө эргэж сэргэхгүйгээр нам дарагдана. Монголчууд бид дахин дахин төрийн эрх баригчдын балиар шантааж, төрийн түшээдийн бүр саяын тохиолдлоос ч заваан үнсэлт, хулгай, ёс суртахууны ичгүүрийг харсаар байх болно. Энэ бол монголчуудад учрах хамгийн том гарз бөгөөд аюул юм. Л.Оюун-Эрдэнэд яг одоо аль ч утгаар нь аваад үзэхэд маш тууштай, том дэмжлэг хэрэгтэй байгааг хэлэх хэрэгтэй байна. Энэ нь ард түмний түүнд итгэх, түүнд өгөх итгэлээс өөр юу ч биш билээ.