Муухай дээр улцан
Өчигдөр багш нарын улсын зөвлөгөөн дээр үг хэлсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Багш нарын улсын зөвлөлгөөнийг 11 жилийн дараа анх удаа зохион байгуулж байна” гэж зала
Өчигдөр багш нарын улсын зөвлөгөөн дээр үг хэлсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Багш нарын улсын зөвлөлгөөнийг 11 жилийн дараа анх удаа зохион байгуулж байна” гэж залав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа түүнд ингэж тайлагнасан юм байх. Үнэн чанартаа бол өмнөх парламентын үед буюу 2012-2016 онд боловсрол, шинжлэх ухааны салбар бусад салбартай харьцуулахад хамгийн их хөл хөдөлгөөн өрнөсөн салбар. Ерөнхий боловсролын салбарт сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монголын бүх сум, суурингаас 1000 гаруй багшийг СТӨ-нд уриад улсын зөвлөгөөн зохион байгуулж, тэр нь цаашаагаа дүүргүүд, аймгуудыг хамарсан том давалгаа болж байв.
Харин үүнээс өмнө 2007 онд Ё.Отгонбаяр сайд “Багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” гэгчийг зохион байгуулж байж. Тэр үеэс хойш тоолбол гурав дахь зөвлөгөөн болох нь. Харин Л.Гантөмөр сайдын зохион байгуулсан улсын зөвлөгөөнөөс хойш ердөө гуравхан жил өнгөрч байна. Тэгэхээр У.Хүрэлсүх сайд энэ удаа “11 жилийн дараа анх удаа” гэсэн нь худал үг болж таарав. Худал хуурмагаас ажлаа эхлэх нь энэ засгийн ёс уу? МАН-ын засаглаагүй жилүүд Монголын түүхийн цагаан хуудас болох уу?
У.Хүрэлсүх сайдын багш нарын өмнө “2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй том хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө” гэсэн нь анхаарал татав. Улсын төсөв болон гадаадын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 46186 суудлын хүчин чадалтай 99 сургууль, 2090 орны хүчин чадалтай 19 дотуур байр, 20140 орны хүчин чадалтай 127 цэцэрлэгийг барьж эхэлнэ гэлээ. Энэ нь боловсролын салбарт гурван жил хийсэн (2012-2015 онд 12735 ортой 127 цэцэрлэг шинээр барьж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдагсдын тоо 61,125 хүүхдээр нэмэгдсэн. 37760 суудалтай 79 сургууль, 4160 ортой 39 дотуур байр, 33 спорт заал барьж ашиглалтад оруулсан) хөрөнгө оруулалтаас давж унав.
Гэтэл ердөө хорь хоногийн өмнө Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Баригдаж дуусаагүй сургууль цэцэрлэгийн барилгыг дуусгахад багахан хэмжээний мөнгө нэмж төсөвлөсөн. Өөрөөр төсвийн бодлогод өөрчлөлт оруулаагүй” гэсэн билээ. Нэг амаараа “төсөв байхгүй, татвар нэмлээ” гэчихээд нөгөө амаараа “Урьд хожид байгаагүй бүтээн байгуулалт хийнэ” гэж ярих Ерөнхий сайдын үгэнд ямар логик байна аа?
Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр МАН-ын Засгийн газруудын хийж байгаа, манай Ерөнхийлөгчийн байж байгаа хоёр дүндээ дүн л болж байна. Төмөр замаар танк ороод ирнэ гэж айлгадаг байсан нэг сайд Ерөнхийлөгч болонгуутаа Монголын залуусыг эр, эмгүй гурван жилийн цэрэгт дайчилна гэлээ. Цэргийн цалинг хоёр сая төгрөг болгож, 500 мянган цэргээр төмөр замын бүтээн байгуулалтаа хийх гэнэ. Ийм нэг эрүүл, галзуу нь үл мэдэгдэх хоёр хүн энэ улсыг залж байна. Сайтар бодоод үзвэл нийгмээ төөрөлдүүлэх, нөхцөл байдлыг мартагнуулах гэсэн улстөрчдийн ов мэх л харагдаад байна. Юу тарьсан, түүнийхээ үрийг хүртэнэ гэдэгчлэн бид ч бас хүртэх ёстойгоо л хүртэж байгаа нь энэ буюу.
Зочин
Зочин
Баасчин
ард
mongol hvn
би
Г.Батнасан
Хилийн цэрэг
Зочин