Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа дотоод сунгаанд оролцоно
Хуучин сэтгэлгээгээр хөгжил дэвшлийг бүтээж чадахгүй. Монгол хөгжиж дэвжсэн, нэгэндээ тусалж чаддаг, нийтээрээ урагшаа хөдөлдөг, хүмүүн бүр нь эрх чөлөөтэй ийм сайн цагийг авч ирэхийн тулд Ардчилсан нам зайлшгүй ялах ёстой. МАН-ыг буугаад өгчих гэж би хэлэхгүй.
АН-ын дарга, Монгол Улсын Тэргүүн шадар сайд асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй Өдрийн сонины сэтгүүлч ярилцжээ.
-Та сар шинэдээ сайхан шинэлэв үү?
-Сайхан шинэллээ. Танай сониноор дамжуулан нийт монголчууддаа гал морин жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.
-Хаврын чуулган хагас сар орчмын дараа нээлтээ хийх гэж байгаа. Тэгэхээр энэ хаврын улс төр нэлээд бужигнаантай байх нь гэж олон хүн ярьж байна. Та улс төр хэрхэн өрнөнө гэж харж байна вэ?
-Би зарчим, дэвшил хоёрыг л голчилж үздэг хүн. Түүнээс биш тулга тойрсон асуудалд анхаарлаа ер нь хандуулдаггүй. Тэгэхээр өнөөдөр төр засагтай холбоотой зарчмын алдаатай, буруу асуудал их хэмжээгээр гарч байна. Жишээлбэл, төрийн өмчийн компанийн удирдлагууд, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төслүүдийн тухайд зарчмын шаардлагууд маш хүчтэй тавигдах болов уу гэж харж байна. Тавантолгой компани, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны ил тод байдал хүчтэй хөндөгдөх байх. Учир нь өнгөрсөн чуулганаар төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлыг шийдсэн. Нэгэнт ингэж шийдэж байгаа нь эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах хандлагыг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Тийм болохоор энэ хоёр компани дээр зарчмын асуудал яригдаж л таарна. Тухайлбал, Тавантолгойн удирдлагаар таван хүн томилно гэдэг яриа сонсогдож байна. Үүнийг юу гэж ойлгох юм. Таван том дарга нь хувааж авъя гэж байгаа юм уу.
Нэг компанийг таван хүн удирдана гэж ер нь байх уу. Ингээд л дахиад нөгөө зарчимгүй зүйл рүү явах гээд байна. Миний харж байгаагаар эдийн засаг дахь төрийн оролцоо өөрөө мухардаж байна. Эдийн засгийн өсөлт байгаад байдаг ч тэр нь айлын хаалгаар ордоггүй. Томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч түүн дээр нь алдаа гардаг. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулна гэж байгаа Зэс хайлуулах үйлдвэрийн зардал нь 200 сая, 400 сая, 700 сая ам.доллар гэсэн олон тоо яригдаж байна.
Яагаад Монголд хэрэгжүүлэх гэсэн төслүүд ингээд 2-3 дахин үнэтэй болоод байдаг юм. Ковид дуусаад удаж байна. Цар тахлын үед Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн зардал их өндөр болсон. Гэтэл яагаад буцаад бууж болдоггүй юм. Дэлхий даяар тээврийн зардал, гангийн үнэ буурчихсан. Энэ мэтчилэн материалын судалгаа дутуу хийгддэг, аудит орж өгдөггүй. Тийм учраас хаврын улс төр зарчмын асуудал дээрээ анхаарах болов уу гэж харж байгаа. Хоёрдугаарт, хаврын чуулганаар бид татварын асуудлыг шийднэ.
Ингээд харахаар дунд хэмжээний бизнес эрхэлж байгаа хүмүүс дээр татварын дарамт маш өндөр байна. Мөн шинэ бизнес эхлүүлж байгаа, өндөр технологийн үйлдвэрлэл эхлүүлье гэж байгаа хүмүүст татварын ачаалал харьцангуй өндөр байгаа. Гуравдугаарт, хөрөнгө оруулалтыг урамшуулж байгаа зүйл алга. Дөрөвдүгээрт, бага орлоготой иргэд өндөр татварт нэрвэгдэж байна. Тиймээс эхний ээлжинд энэ дөрвөн асуудлыг шийдэх хэрэгтэй. Одоо ер нь манай улс төр, нийгмийн байдал чинь өөрөө хамгийн давуу тал болж хувирлаа. Тогтвортой, ардчилсан, тусгаар тогтнол нь баталгаатай ийм улс оронд бүс нутгаа өөр рүүгээ соронз шиг татах бодлого явуулдаг.
Төв Азийг бид татаж болж байна. Энэ бүсэд хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудын төв оффисс Монголд байдаг байж болно. Ингэхийн тулд бид татварын ямар бодлого барих юм. Мэдээж Монгол Улс татварын диваажин болж болохгүй гээд энэ зүйлс дээр их анхаарах ёстой. Тиймээс миний хувьд энэ бүхэн дээр нэлээд төвлөрч ажиллаж байна. Хүмүүстэй хамтарч мэдээлэл цуглуулж, дүгнэлтүүд гаргаж байгаа. Тодорхой шийдлүүдийг санал болгоно.
-Танай намын бүлэг оны өмнөөс л Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө, тавина гэж ярьсан. Тэгвэл энэ асуудал хаврын чуулганы үеэр яригдах уу. Таны хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
-Би өөрөө энэ намын дарга байсан хүний хувьд өнгөрсөн сонгуулийн амжилтыг Ардчилсан нам ерөөсөө чамлаж болохгүй. Өмнөх 2-3 сонгуультай харьцуулахад бид асар том ялалтад хүрсэн. Үр дүн бол үр дүн. Бид хэдхэн сарын өмнө хамтарч засаглаж байсан. Өөрөөр хэлбэл, эрх барих хэмжээний улс төрийн хүчин болсон гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Бид эрх баригчийн түвшинд очсон. Тиймээс энэ ялалтаа манай намынхан байнга хамгаалж байх ёстой. Үүнийг хамгаалснаар дефакто Ардчилсан нам бол хамгийн олон гишүүнтэй бүлэгтэй.
МАН дотор юу болж буйг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн засаг төрийн үйл ажиллагааг хөтлөх эрх Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлд нэгэнт шилжсэн. Үүн дээр намын дарга урагшаа харсан бодлого гаргаад явах ёстой. Өөрөөр хэлбэл, 2028 онд биднээс ч ялгаагүй ард түмэн хариуцлага нэхэхээр байна. Учир нь бид дефакто олуулаа гэдгийг ард түмэн харж, мэдэж байгаа. Тийм болохоор энэ 42 гишүүн цул байхын тулд дотоод сонгуулиуд эв нэгдэл дээр суурилсан байдлаар явагдах хэрэгтэй. Тиймээс би өнөөдөр огцруулна, огцруулахгүй гэж хэлэхээс илүүтэй олон болсон энэ хүчийг Монголын хөгжилд яаж зориулах вэ гэдгээ бодох нь чухал.
Ардчилсан намын бүлэг дэд сайд байх боломжгүй гэж байгаа бол тэднийгээ Засгийн газар чөлөөлөх ёстой. Тавьж байгаа шаардлага нь 100 хувь биелэх ёстой. Үгүй бол Засгийн газар цаашаа алхах боломжгүй. Үүнийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Нэг удаагийн санал хураалтаар Засгийн газраа авч үлдэж болно. Гэхдээ л цаашаа алхахгүй. Хэрвээ тоо ойлгодог, ардчиллын зарчмыг ойлгодог улстөрч бол шаардлагуудыг шууд хүлээж авах ёстой.
Ингэж хамгийн олон гишүүнтэй бүлэгтэйгээ ойлголцолд хүрч байж улс орны хөгжил дэвшлийн бодлогууд гарна. Харин ойлголцолд хүрэхгүй бол дандаа доройтлын бодлогууд л гарна гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэвч болж байгааг нь жадлан эсэргүүцэж болохгүй. Ингэвэл бид олон биш болчихно.
-Морь жилийн босгон дээр Ерөнхий сайд манай улсын эдийн засаг 6.2 хувиар өссөн гэж мэдэгдсэн. Гэтэл ард түмэнд энэ нь мэдрэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Бид 6.2-6.5 хувийн өсөлт гарна гэж тооцож байсан. Яагаад гэвэл зэс, алтны үнэ нэмэгдэх нь тодорхой байсан юм. Хоёрдугаарт, Оюу толгойн үйлдвэрлэл нэмэгдсэн. Үүнийг бид тооцоод УИХ баталчихсан тоо шүү дээ. Үүнийг гэнэт олж хараад, гэнэтийн бэлэг болгоод байх хэрэггүй. Зүгээр л унаж байна гэдэг сэтгэл зүйг өөрсдөө оны дундуур бүрдүүлчихсэн. Татварын бүрдүүлэлт нэг тусдаа. Эдийн засгийн өсөлт дахиад тусдаа зүйл байхгүй юу. Хэрвээ бидний төсвийнхөө хүчийг хөгжилдөө зарцуулъя гэдэг шийдвэр явсан бол их олон компанийн орлого нэмэгдэж, тэр хэрээрээ татварын орлого өсөх байсан. Ер нь эдийн засаг өсөх нь ойлгомжтой байсан гэдгийг дахиад хэлье.
Хэдийгээр нүүрсний үнэ унасан ч манайхны экспортын хүчин чадал нэмэгдчихсэн. Үүнийг улстөрчид хийхгүй. Компаниуд угаасаа тийм чадалтай болсон. Тийм болохоор авлига авахгүй, элдэв садаа болохгүй л бол хөгжлийн горимоороо 100 сая тонн хүрэхээр харагдаж байсан. Тиймээс бид 90 сая гэж төлөвлөсөн. Тиймээс энэ тоо тэгж гайхуулаад байх зүйл ерөөсөө биш. Гол нь хүмүүсийн амьжиргааг яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр маш тодорхой шийдлүүдийг гаргах ёстой байсан. Харамсалтай нь, энэ нь үлдчихлээ л дээ. Дандаа л үлдээгээд байгаа юм.
Ер нь энэ бол эдийн засгийг чөлөөлөх л асуудал. Бид Эдийн засгийг чөлөөлөх багц хууль гэдэг зүйл ярьж байсан. Хоёрдугаарт, төрийн албаны цомхотгол гарцаагүй хийгдэнэ. Тэндээс олон авьяастай хүмүүс эдийн засгийн салбар руу шилжинэ. Одоо чинь хувийн хэвшил нь хүний нөөцийн хомсдолтой бол төрийн алба нь илүүдэлтэй байгаа. Популизм, халамж, мөнгө тараах гэсэн гурван замаар явах юм бол улс орон доройтдогийг бүгд харсан. Өнгөрсөн 10 жилийн амьдрал яг л энэ гурваар явж ирсэн.
-Таны хувьд хамтарсан Засгийн газрын хоёр дахь хүн байсан. Олон ч том төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Энэ бүхнээ цаашид тогтвортой үргэлжлүүлэх, хийж хэрэгжүүлэх тал дээр анхаарч байна уу. Ер нь та сүүлийн үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй уулзав уу?
-Ардчилсан нам өнөөдөр хэдийгээр сөрөг хүчний байрлалд шилжсэн ч гэсэн Засгийн газрын дөрвөн жилийн төлөвлөгөөг боловсруулсан нам. Мега төслүүдийг дэвшүүлж, УИХ-аар батлуулсан. Тийм учраас энэ мега төслүүд бүгд хэрэгжинэ гэдэг дээр Ардчилсан нам өөрөө урагшаа хармаар байгаа юм. Би УИХ-ын гишүүний хувиар эдгээр төслүүдийг заавал ажил хэрэг болгохын төлөө явна. Яагаад гэвэл энэ өөрөө итгэл үнэмшил, Монголын хүч байгаа юм. Монгол хүчтэй болох хэрэгтэй. Өөрсдөө юм хийж чаддаг, өөрсдөдөө итгэдэг байх ёстой. Ингэхийн тулд л эдгээр төслүүдийн ард гаръя гээд байгаа юм.
Бид өнөөдөр эдийн засгийн хувьд ОХУ болон БНХАУ-аас бүрэн хараат байгаа. Энэ хараат байдлаас бид зарлаж байгаад гарах ёстой. Бид бие даасан эдийн засаг, аж үйлдвэртэй болно гэдгээ энэ улсуудад зарласан. Манай хамтарсан Засгийн газрын хамгийн том хүч тэнд байсан. Аль ч улсынх нь удирдагчтай уулзсан бид өөрсдөө асуудлаа шийддэг улс болно. Харин энэ хоёр том зах зээл рүү экспорт хийдэг хүчээ улам нэмнэ. Та бүхэн худалдааны хувьд адилхан зарчим баримталж өгөөч ээ л гэж хэлдэг байсан. Тийм ч болохоор ОХУ саяхан худалдааны хоригуудаа авсан. Одоо БНХАУ-тай ярилцаж, тэдний талаас тавьж байгаа бүх хоригийг арилгах ёстой. Энэ ажлыг бид хийж байсан юм. Тэгэхээр бид байхгүй учраас үүнийгээ одоо боль гэж хэлж ерөөсөө болохгүй.
Яагаад гэвэл бид дефакто хамгийн олон гишүүнтэй бүлэг. Өнөөдөр Монгол төрийн бодлого Ардчилсан намын зөв санаачилга дээр гарна. Тиймээс би энэ мега төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд МАН-ын лидерүүдтэй хэлэлцээр хийхээс илүүтэй АН дотроо үүн дээрээ итгэл үнэмшилтэй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа. Ингэж байж Монголд ардчилал баталгаажна. Одоо бидэнд эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн бодлого хэрэгтэй. Энэ гурван зүйлийн ард монгол хүн эрх чөлөөтэй оршино. Амьжиргааных нь наад захын баталгаа гэдэг зүйл яригдах учиртай. Одоо бид хөгжиж, боловсорч байгаа ард түмэндээ ямар бодлогын дэмжлэг үзүүлэх юм.
Мега төсөл ярихаар хүмүүс эдийн засагт төр оролцох гээд байна гээд андуурдаг. Хоёр л зүйл байгаа. Нэгд, эдийн засгийг бүрэн чөлөөл. Эсвэл бүрэн дэмж. Гэтэл одоо болохоор бүрэн чөлөөлөхгүй хэрнээ дэмжихгүй байна. Татварын болон төсвийн бодлого, төрийн өмчит компаниудаараа дамжуулаад оролцох оролцоо, хүнд суртлаа нэмээд байгаа юм. Харин бүрэн дэмжлэг үзүүлэх нь энэ төслүүд юм. Хил гаалийг нь бүрэн чөлөөлж, дэд бүтцийг нь бүрэн байгуулж, түүхий эдийн боловсруулалтыг нь хийж өгч байж Монголын эдийн засаг, хувийн хэвшил цэцэглэж байх ёстой. Ийм бүрэн дэмжлэг л уг нь шилжсэн. Яагаад гэхээр социалист бодлого манайд давамгайлчихсан.
Сүүлийн 36 жилийн 30-д социалист нам эрх барилаа. Тэгэхээр социалист бодлогын ард эдийн засгийн бүрэн чөлөөлөлт гарч ирэхгүй. Тийм ямар ч боломжгүй. Тийм учраас л бүрэн дэмжлэг рүү шилжих хэрэгтэй. Даанч төрийн бодлогын заримдаг байдлаас болж энэ бүрэн хэрэгжихгүй байна. Би тухайн үед хамтарсан засаг байгуулахдаа социалист сэтгэлтэй хүмүүс, тийм бодлого дэвшүүлдэг намтай хамтарч байгаагаа маш сайн мэдэж байсан. Тийм болохоор л хувийн хэвшил дэх дарамтыг алга болгоё гэж тохирсон.
Хоёрдугаарт, эдийн засгаа бүрэн дэмжих дэд бүтцийн бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлье гэсэн. Ингэснээр зах зээлийг нь тэлж өгөх бодлого давхар орж ирнэ. Энэ маш энгийн зүйл. Та МАН-ын лидерүүдтэй ярьж байна уу гэж байх шиг байна. Харин миний зүгээс харж байгаа байр суурь бол одоо МАН-ыг гуйхгүй. Бид хамтдаа төрийн бодлогыг УИХ-аар баталчихсан. Ард түмэн эрх мэдлээ УИХ-д өгчихсөн. Тиймээс УИХ өөрийгөө эрх мэдэлгүй гэж худлаа ярихаа болих хэрэгтэй.
-Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тийм ч болохоор он гарснаар энэ сонгуулийн сунгаа албан бусаар эхэлчихлээ гэж ярьж байна. Таны хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?
-Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл намын шинэчлэлийн бодлогыг танилцуулахдаа гуравдугаар сард багтаагаад намынхаа дотоод сонгуулийг хийж дуусгаад, дөрөвдүгээр сард намын Их хурлаа хийж удирдах дээд байгууллагаа сонгоно гэсэн. Үүний дараагаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгааг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ нь тавдугаар сараас эхэлнэ байх гэж харж байгаа. Ерөнхийлөгчид нэр дэвших болзол ерөөсөө насны хязгаар л бий. Би ийм насанд хүрсэн хүн. Барилддаггүй бөхийг бөх гэж хэлэхгүй биз дээ гэж нэг удаа О.Цогтгэрэл дарга хэлж байсан юм. Тэгэхээр өрсөлддөггүй, бодлогоо хэрэгжүүлэхийг зорьдоггүй улстөрчийг улстөрч гэж хэлэхгүй.
Би одоо 53 хүрч байна. Ухамсарт амьдралынхаа ихэнхийг улс төрд зориулсан. Монгол Улс ямар улс байх вэ, хөгжил дэвшил гэж юу вэ гэдгийн араас л миний амьдралын цагийн 70 хувь зарцуулагдсан. Тийм болохоор би нэрээ дэвшүүлж, намынхаа дотоод өрсөлдөөнд орно. Олон хүн энэ өрсөлдөөнд орох хэрэгтэй. Тэгж байж олон хүний оюун санааг шингээж Монгол төрийн бодлого ариун нандин гарна. Тиймээс энэ сунгаанд Л.Гантөмөр гэж хүн ялахын тулд нам дотроо бодлогоо олонхоор нь дэмжүүлэх хэрэгтэй. Харин олон хүн өрсөлдсөнөөсөө болоод нам салаад уначихаж болохгүй. Хувийн амбицаа дарж чаддаг нам байж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Задрахын тулд 1-2 жил болсон бол эвлэж нэгдэх гэж маш их хугацаа зарсан шүү дээ.
-Таны хувьд намаа эмхэлж цэгцэлж, нэгтгэсэн хүн. Ингэснээр хоёр ч сонгуульд амжилттай оролцсон. Тэгэхээр танай нам ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэр амжилттай оролцоно гэж харж байна. Ард түмний дэмжлэг Ардчилсан намын талд байж чадахаар байна уу?
-Яг өнөөдөр рейтингээрээ Ардчилсан нам нэгт байгаа. Үүнд ямар ч эргэлзээ алга. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам цул, нэгдмэл оролцож байж ялна. Энэ бол баталгаатай зүйл. Харин МАН манай намыг хагалах ажлыг л хийнэ. Үүнд нь өртөхгүй байх нь Ардчилсан намын гишүүн бүрийн, УИХ-ын 42 гишүүний журамт үүрэг байх учиртай. Яг одоо бид монголчууддаа санхүүгийн эрх чөлөө авч ирж чадах уу үгүй юу гэдэг цаг дээр оршиж байна. Дэлхий дахинаараа самуурч байгааг бид харж байгаа. Энэ үед өөрсдийн асуудлаа дотооддоо шийдэж чаддаг гэдгээ дэлхий дахинд нотолж чадах юм бол манай улсын хүч улам оргилно.
Харин манай дотоод асуудал хүмүүсийн амьжиргаа, итгэл үнэмшил болчихоод байна. Зүгээр нэг амьжиргаанд санаа зовдог биш оршиж, амьдарч чаддаг ард түмэн болох ёстой. Түүнээс бидэнд бусад шиг айдас хүйдэс алга. Хуучин сэтгэлгээгээ халаад арай илүү шинэ сэтгэлгээ рүү гарч ирж чадах уу гэдэг асуудал байна. Хуучин сэтгэлгээгээр хөгжил дэвшлийг бүтээж чадахгүй. Монгол хөгжиж дэвжсэн, нэгэндээ тусалж чаддаг, нийтээрээ урагшаа хөдөлдөг, хүмүүн бүр нь эрх чөлөөтэй ийм сайн цагийг авч ирэхийн тулд Ардчилсан нам зайлшгүй ялах ёстой. МАН-ыг би буугаад өгчих гэж хэлэхгүй.
Гэхдээ тэд одоо жаахан ухаан гаргах хэрэгтэй. Бид 10 жил явлаа, гэвч мухардаад байна гэдгээ ойлгох ёстой. Бүгд л Монгол төрийн төлөө явж байгаа аавын хүүхдүүд. Би бол жолоочийн л хүүхэд. МАН-д жолоочийн хүүхдүүд бий. Түүнээс биш МАН гэхээс тусдаа, Ардчилсан намынхан гэхээр тусдаа хүмүүс гэсэн үг биш. Бид нэг л Монгол Улс. Бидэнд хөгжиж дэвших, урагшлах гэсэн нэг л даалгавар байгаа. Монгол хүний саруул ухаан руу шилжмээр байна. Тэгэхгүй бол дандаа л муу муухайг ярьдаг, түүндээ ороогдоод байна гэж би хардаг. Тиймээс одоо урагшаа харж, ийм ийм зүйлийг хийж чадна гэж итгэх хэрэгтэй.
Гэхдээ бодит байдлаа хая гэж байгаа юм биш. Өөрсдийгөө үнэнээр нь дүгнээд алдаагаа сайжруулна, засна гээд явмаар байна. Сар шинийн өдрүүдэд ярьж хэлж байгаа шигээ амны бэлгэтэй зүйлсийг ярьж, түүнийгээ бүтээхийг зоримоор байна. Хүний оюун санаа, гэрэл гэгээг харсан үедээ хүчтэй байдаг. Харин оюун санаа доройтоод л байвал хүнээс хүч гардаггүй гэдгийг шинжлэх ухаан баталчихсан.
Өдрийн сонин

