Төрийн үнсэлт ба хазалт

-фельетон-

Манайхан төрөөс шагнал авснаа “төрдөө үнсүүллээ” гэх болж. Манай Цогоо(@satso999) ч зураад, хүмүүс ч бичээд байна. Хэдийгээр, шагнуулагчийн эрэгтэй, эмэгтэй ба бэлгийн чиг хандлагыг нь үл харгалзан ерөнхийлөгч нь үнсэн таалдаг боловч “Ерөнхийлөгчдөө үнсүүллээ”, “Ээбийдээ шимүүлсэн”, “Хүүкдээ таалууллаа” гэхчлэнгээр хэлдэггүй нь бас учиртай юм байна. 

    Ихэнх шагналыг ерөнхийлөгчийн өмнөөс Засаг дарга, эрхэм гишүүд гардуулдаг учраас тэр гэх. Тэдний үнсэлт ерөнхийлөгчийн хажууд жульдахаас гадна “Засаг даргадаа үнсүүлээд” гэхчлэн яривал хүмүүс шууд утгаар нь ойлгочихдог, тэр нь ч зөв ойлгосон хэрэг явдал болоод дуусах нь олон авай. Ингээд, бүхий л шагналыг “Төрдөө үнсүүлэх” хэмээн эзэн биегүй болгож аргалсан түүхтэй.

    Нэгэнт төрийн шагналуудыг “Төрийн үнсэлт” гэж нэрлэснээс үүдэн тэдгээрийг дотор нь ялгахаас эхлээд төрөөс оноож буй ял шийтгэлийн нэрийг ч шинэчлэх асуудал гарчээ. Хууль зүйлийн яамнаас гарсан ажлын хэсгийнхэн шагналыг ерөнхийд нь “төрийн үнсэлт”, шийтгэлийг “Төрийн хазалт” гэж томъёолсон байна. 

   Ажлын хэсэгт шургалсан, Монголын фельетонистуудын байгуулсан, Ардын Ардчиллыг Ардчиллаар нь Ардчилсан Ардуудын нам (АААААН)-ын Хүн олон чухал мэдээлэл дамжуулснаас үзвэл, дараахь нууцас илэрсэн байна.(Хуулийн төсөлд “аливаа намын гишүүнийг заасан утгатайгаар “ХҮН” гэдэг үг оржээ. Цаашид УИХ-ын гишүүнийг товойлгох үүднээс “намын гишүүн” гэдэг үгийг сангаас хасах болж. Шинэ ч юм биш. Намын Төв хорооны хүн, коминтерний хүн, Зөвлөлтийн хүн гэдэг байсан уламжлалаас авсан санаа ажгуу)

    Төсөлд туссанаар бол: Бүх шагналыг “Төрийн үнсэлт” болгон ерөнхийлэхийн дээр, Засгийн газрын жуухыг “Төрийн үнэрлэлт” гэж эхлээд, одонгуудыг “төрийн үнсэлт, гавъяат цолыг “Төрийн озолт”, улсын болон хөдөлмөрийн баатрыг “Төрийн шимэлт” болгон өгсүүлжээ. Саяны өнгөрдөг БНУ-ын баяраар нэг хүн төрдөө шимүүлж, гучаад иргэн озуулж, олон арван хүн үнсүүлсэн болж таарав.

    Гэснээс, нэг шивээсчин гар төрдөө үнсүүлсэн иргэдийн хацар дээр уруулын хээ хөнгөлөлтэй үнээр шивж өгнө гэсэн зар фээсбүүкт байршуулсан харагдана. Сэргэлэн байрын тэр золиг “Баатар цол авсан хүнд төрийн шүдний ором шивж өгөх”-өө ч мартаагүй байна лээ. За энэ ч яах вэ.

   Эрүүгийн хуулийг өөрчлөөд торгохыг "төрдөө хазуулах", тэнсэнг "төрдөө шанаадуулах" хорих ялыг хугацаанаас нь хамааран "Төрдөө элэгдүүлэх, төрдөө бөлдөгдүүлэх, насаараа хорихыг "төрдөө нам шаалгах" болгоод, шүүгч алхаа цохихдоо:

-Таныг Монголын төр 500 мянгаар хазаж байна

-Таныг төрөөс 5 жилээр бөлдөгдлөө

-Таныг төр насаар чинь нам шаалаа гэх бололтой. Харин, цаазаар авах ялыг “луугийн үнсэлт”(кино ч байдаг байх аа) гэж нэрлээд архивлах юм ажээ.

   Улмаар, хилсээр шийтгэгдвэл “төрд хүчиндүүлэх”, хэлмэгдэхийг “Төрөөс хүсээгүй жирэмсэлсэн” болгон найруулж байгаа гэх.

   Бас , та “Төрийн зуултын Ерөнхий Газар” гэсэн хаяг харвал гайхах хэрэггүй, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын нэр гээд ойлгочих. 

Түүнчлэн аливаа анкетанд "Та төрдөө үнсүүлсэн, хазуулсан эсэх" гэдэг асуулт оруулах юм байна. Ажлын зараар ирсэн хүмүүстэй өрнүүлэх яриа дараахь маягаар явах нь:

-Та чинь төрдөө хазуулснаа нуугаад байгаа юм биш үү?

-Агаа нь төрийн зуултын газарт биеэр хазуулаад гарснаас гадна, “хазуулалттын оромтой байх хугацаа” дууссан юм аа.

-Улсад ажиллах хугацаандөө төрдөө гурав үнсүүлж, нэг озуулсан даа гэх мэт. 

Томоохон ойгоор “Төрийн хазалтыг тавиулах” хууль гарч таарна.

Төрийн үнсэлт ч яах вэ ингээд болчих юм байж. Нэгэнт шагналаа үнсэлт болгосных жинхэнэ үнсэлтээ “төрийн шагнал” болгож нэрлэхээс өөр мэхгүй.

Жаал хөвүүн бээр найз охиноо үнсчихээд:

-Би чамд “анхны шагнал”-аа гардууллаа гэх нь байна. 

Үнсэлтээ ч дотор нь эрэмбэлээд озохыг Сүхбаатарын одон, унтвал гавъяат болох, за тэгээд хөл хүндэрснийг хөдөлмөрийн баатар хүртэх гэхчлэн явах бөлгөө. Харин сээтэгнэх, хандрахыг баярын бичиг өгөх, жуух гардуулах хэмээмүй.

   Хүүхэмсэг, шалиг гэсэн хэллэг янаг амрагийн явдлаас хасагдаж, оронд нь “шагналын сан царайлсан”, “одон, тэмдэгт нугасгүй”, “Медаль хараад энгэрээ(гонжоомныхоо) дэлгэдэг”, “ жуух бичигт л унадаг амьтан”, “Голын хүүхнүүдийг шагнаад барсан”, “Хавийн харчуулын одонг цуглуулсан” гэхчлэнгийн ойлголт гарч ирнэ. 

Хүүхнүүдийн аминчхан яриаг сэм чагнаваас:

-Яана аа, тэр залууд ганцхан удаа л гавъяат цол олгосон чинь хүүхэдтэй болчихлоо, яах вэ?

-Бид хоёр аль хэдийнэ одон өгөлцсөөн. Тэгсэн чинь одоо, нэгэнт одондоо тулсан юм чинь, гавъяат хийе гээд байна.

-Манай хар юм  өөр хүнийг шагначихаад “Хөдөлмөрийн хүндэт медаль л өгсөн. Юун сүртэй юм бэ” гэнээ. Салнаа,чамаас.

-Тааралдсан хүүхэн болгон руугаа баярын бичиг, Засгийн газрын жуух шидэлсэн шагналын сан шиг юмтай ч үерхэхгүй ээ.

-Би тэр хүнээс л хөдөлмөрийн баатар болмоор байна. 

-Цаадах чинь цаанаа гавъяаттай юм биш үү гэсэн аминчхан яриа өрнөнө.

Эмнэлгийн үр хөндөх тасагт:

-Ээ, бүсгүй минь! Эр хүний хайрласан төрийн шагналыг даах л хэрэгтэй гэдгийг бодолцсон уу?

-Та гавъяат цолоо хураалгахдаа үнэхээр итгэлтэй байна уу гэхчлэнгийн ятгалга, анхууруулга сонсдоно.

Мэдээжийн нэг зүйл бол “Шагналын замын өвчин”, “Одонгоос хамгаалах хэрэгслэл”, “Олон шагнагчтай байхын эрсдэл", “тохиолдлын шагналаас сэргийлэх” гэхчлэн хэллэг үгсийн санд нэмэгдэх нь гарцаагүй.

Гэр бүлийн маргаанд цэг тавьж буй шүүгч:

-Та энэ эмэгтэйг хөдөлмөрийн баатар болгочихсон учраас төрийн хуулийн дагуу “баатар, гавъяат цолтонд сар тутам олгох урамшуулал”-ыг төлөх үүрэгтэй гээд алхаа цохино.

Нэг иймэрхүү л сонинтой доо, ойрдоо.

2024.11.27