Гончигжанцангийн Бадамдорж


Эргэлзээтэй оршил

Ихэнх уншигч номын өмнөх үгийг алгасчихдаг. Яг л цахилгаан барааны ашиглалтын заавар шиг анхаарал татдаггүй юмны нэг байгаа юм. Бас ашиглалтын зааваргүй цахилгаан барааг хуучин, эсвэл хулхи эд байх хэмээн сэжиглэн орхидог шиг, ямар ч өмнөтгөлгүй номд уншигчид тоомжиргүй ханддаг. Ингээд, ямар ч зохиогч хүссэн хүсээггүй оршил бичихэд хүрдэг байна.

Хэрвээ, шинэ зурагт, тоос сорогчоо өөртөө итгэлтэйгээр угсрах явцад бэрхшээл гарч, жишээлэхэд залгуурын оролт нь хаана байгаа нь мэдэгдэхээ байчихвал ашиглалтын зааврыг эрж хайн, бараг хаядгийн даваан дээр олж уншин учрыг олдог. Номын өмнөтгөл ч үүнтэй төстэй, унших явцад эргэлзээ гардаг юм уу, анхны төсөөллөөс өөр сэтгэгдэл төрвөл сая өмнөтгөлийг эргүүлэн харж, тайлбар тодотгол эрдэг юм.

ХХ зууны эхэн үеийн Монголын төр-шашны зүтгэлтэн, хувьсгалт түүхийн хамгийн “хар баатар”-ын нэг Г.Бадамдоржийн тухай өгүүлэх энэ ном таны анхны төсөөллийг өөрчилнө гэж найдаж бичлээ. Хувьсгалт түүх ба хувьсгалт төсөөллөөсөө салж чадаагүй уншигчдын чихэнд “урвах”, “дайсан” гэдэгтэй ижил сонсогддог “Шанзав”[1], “Бадамдорж” гэдэг нэрийг тойрсон түүхийг энд өгүүлнэ. 

Номын зорилго нь сайн ба мууг тодруулах, урвах эс урвахын ялгааг гаргах биш юм. Энэ бүтээл танд дайсан ч зааж өгөхгүй, түүнчлэн эх орончийг ч гаргаж ирэхгүй. Товчлон хэлэхэд, Бадамдоржийг урвагч болохыг бататгах, эсвэл нэрийг нь цэвэрлэн баатраар өргөмжлөх нь зохиогчийн зорилго байсангүй. Зүгээр л юу болсныг цугтаа эрэлхийж, нэгэн үеийн нэг үйлстний зарим нь яагаад сайнаар хэлэгдэж, нөгөөх нь юуны учир зүхүүлснийг хамтдаа эргэцүүлэх боломжийг хайна. 

Г.Бадамдорж бол хувьсгалт түүхийн үзэл суртлын золиос, хэдэн мянган хүнд ногдох лай ланчиг, хараал зүхлийг өөртөө үүрсэн нажидаа эдлэгч юм. Үнэхээр тэгэх ч учиртай юмсан уу, хэн үгүйсгэх билээ?

Түүнийг ХХ зууны эхэн үеийн Монголын язгууртнуудын эвдрэл хагарал, том гүрнүүдийн улс төрийн тоглоомын бүхий гэм бурууг ганцаараа хүлээн хувьсгалт түүхийн улаан таван хошуунд цовдлогдсон Лам-Есүс гэж ч болно. Үйлийн үр нь ч тэр юм уу, хэн мэдлээ. 

Яг л аврагч Христийг загалмайд хүлүүлэн туугдаж явахад нь зүхэж, нулимж байсан харанхуйчууд шиг бид Г.Бадамдоржийг нус шүлсээрээ, будаж шороо цацсан бөлгөө. Зөвдсөн, аргагүйдсэн, төөрөлдсөн алин болохыг хэн л шүүхсэн билээ?

Эл номоор тэрхүү нус, шүлсийг арилгах гээгүй, бас Бадамдоржийг угааж цэвэрлэх ч гэсэнгүй. Харин бидэнд тэр их шүлс, хараал зүхэл хаанаас ирж бүрэлдсэн тухай, яагаад биднийг өнгөрсөн үе рүү нулимуулсан тухай түүхийг хамтдаа эргэн харахыг хичээлээ. Ухаандаа, бид “Бадамдорж улсыг худалдсан” гэж цээжээрээ хэлдэг боловч “Улсыг худалдана гэж юу вэ, үнэхээр тэгж болдог бол дараа дараагийн шуналтай хүмүүс яагаад зарчихалгүй өдий хүрсэн бэ”, “Хэрвээ Бадамдорж байгаагүй бол Сюй Шүжэн хүрээг эзэлсэн олон цэргээ дагуулаад эргээд явах ба түүхийн хүрд буцаж эргэх байсан уу” гэж барагтай бол эргэцүүлдэггүй. 

Энэ ном бол бидний түүхийн эргэлзэх дургүй өнцгүүдийг хамтдаа харахын тулд бичигдсэн болно. Бас Бадамдоржийн “их” дүгнэлттэй “бага” намтрыг эргэцүүлэх төдий биш, харин түүнийг тойрон өрнөсөн үйл явдлуудын хамгийн эргэлзээтэй хэсгүүдийн талаарх эргэлзээнүүдийн хэлхээс болно. Тийм учраас энэхүү өмнөтгөлийг уншиж байгаа гэж бодож байна. 

Энэ номыг бичих урам сэдэл өгсөн, баримт бичгээр тусалсан, эрэл хайгуулын чиг баримжаа өгсөн олон хүнд, тухайлан эрхэм анд Баабар болон академич С.Чулуун, доктор Ч.Болдбаатар, доктор Н.Хишигт, доктор М.Саруул-Эрдэнэ, яруу найрагч Б.Ичинхорлоо нарт гүн талархлаа дэвшүүлнэм. 


Зохиогч Бямбажавын Цэнддоо

Нэгдүгээр хэсэг

“Улс доторх улс” нурав


Үл үзэгдэх эзэд буцав

...ХХ зуун гарлаа. Тал дүүрэн мал бэлчинэ. Чингис хааны үед ч тал дүүрэн бэлчиж байсан тэр л янзаараа. Малын эзэн ч солигдсонгүй. Харин малчны эзэн ойр ойрхон солигдох цаг иржээ. 

Заяа зургийн сударт: Бээжинд манжийн төр халагдана, малчин ардын үзэл суртлыг Москвагаас чиглүүлнэ. Шашнаас өөр юмгүй тал нутагт шашнаас цэвэрлэгдсэн үеийнхэн эзэгнэх үе ирэхийг зөгнөн бичсэнийг хэн таах билээ. 

Нүүдэлчдийн үзэл санааны төв болсон Богдын хүрээ Сандо[1] амбаны мэдлээс, удалгүй шинэхэн хаан Жавзандамба хутагтын захиргаанаас гарлаа. Өвс тэжээл иддэг морины оронд газрын тос идэн хурдалдаг төмөр тэрэгтэй хятад генерал Хүрээнд ирлээ. Монголчуудад Богдод мөргөж, Богд нь Да Жунтанд[2] мөргөхийг үзэв. Түрүүчийн мэдээ, хов яриа зах хязгаар нутагт хүрч амжаагүй байхад дараагийнх нь залгах ажээ.

Нийслэл хүрээ болоод удаагүй Богдын хүрээ нэг мэдэхэд Генерал Сюй Шүжэнийх[3] болж гамин[4] цэргүүд хүрээг эзлэн хяналтаа тогтоов. Богдын Хүрээнд ямар дэглэм тогтоно, орон даяар түүнийг хүлээн авдаг байлаа. Тэртээ XVII зуунд, анхдугаар Богдыг дагасан нүүдлийн хүрээ Долоннуур орж Манжийн ивээлд орсноор тал нутаг Чин гүрний вассал болж байв. Харин 1911 онд VIII Богдын хүрээнээс манж амбаныг хөөн явуулснаар Алтайгаас Хянган хүртэлх малчин ардууд тусгаар тогтнолоо зарласан бөлгөө. 

Угаасаа, нүүдэлчдийн засгийн эрх шилжих процесс их өвөрмөц. Хүн ам цөөнтэй, байнга нүүдэллэн амьдардаг учраас тодорхой нутаг дэвсгэрт өөрийн хууль тогтоомжоо тулган хянах боломжгүй.

Иймээс отог, овгийн сүлд, улмаар аймаг улсын засаглалынх нь бэлгэдэл болсон тамга тэмдэг хэний гарт очсоноос ихээхэн хамаарч байсан байна. Сүлд, тамгыг сонгуулийн бус аргаар хулгайлаад авчихсан байлаа ч гэсэн хамаагүй, гартаа оруулсан этгээдэд захирах, засаглах эрхийг хүлээнэ. 

Эрх мэдлийг нь дагаж төрийн тамга ирдэг гэхээсээ илүү тамгатай болсон явдлыг дагаж эрх мэдэл шилждэг гэсэн үг. Угаасаа ч элчилгүй тал, хангай хөвчөөр нутаглах нүүдэлчин нэг бүрт хүрч очин нэгтгэх аргагүй. Тэд нар нь шинэ эзэн биечлэн ирэхийг хүлээхийн оронд “тамга хэнд байна, тэр миний эзэн” гэсэн логикоор хандаж байжээ.

Харин дорно дахины улс гүрнүүдийн харилцаанд тамганы хүчин зүйл нь Манжийн хаадыг хүртэл үргэлжилжээ.
Тэд Хубилайн тамгыг авсан гэдгээрээ Өвөр Монголын ноёдыг итгүүлэн дагуулсан ажээ. 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулахад тусгаар тогтнолыг бэлгэдсэн ямар нэг тамганы эрэл сурал болоогүй, Чингисийн үеэс улбаатай төрийн эрх барих тэрхүү лиценз байгаа тухай олигтой яриа хөөрөө гарсангүй. 

Гэхдээ л төр солигдсоныг тамгаар дамжуулан баталгаажуулсаар явлаа. 1915 онд Автономи болоход ч, 1919 онд Хятадын ерийн муж хэмээн зарлахад ч цоо шинэ гоёмсог тамгыг үйлдэн, түүндээ мөргүүлж байв. 

1990 оны ардчиллын нэгэн том бэлгэдэл нь шинэ Үндсэн хууль баталж, төрийн шинэ тамгыг Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулах ёслол байсан билээ. Өнөөдөр ч шинэ сайд томилогдоход хуучин нь тамгаа хадгийн хамт хүлээлгэн өгснөөр төр-засгийн шийдвэр албаждаг журам хэвээрээ байна. Улмаар албаны тамгаа өгөхгүй байх нь Засгийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн томоохон акц болон хөгжсөн байдаг. Эдгээрээс хамгийн дуулиантай нь 1988 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэг өөрийг нь өөрчилсөн тухай Засгийн газрын шийдвэрийг үл даган тамгаа авч зугтаасан явдал юм. 

Хэдийгээр хуучин “тамга”-ыг олзолсон этгээдийг дагаж төрийн эрх шилжих явдал ХХ зуунаас хоёр зууны тэртээд больсон ч монголчуудыг нэгтгэдэг өөр хүчин зүйл гарав.
ХХ зууны эхээр удирдан захирагчийн Тамгын газар байрласан хүрээ хотыг даган эрх мэдэл шилжиж эхэлжээ. 

Богд эзэн, төрийн тамга хоёр байрласан Өргөөг Хятадын гамин цэрэг эзэлсэн явдлыг ч малчин, нүүдэлчин монголчууд ийм утгаар харж байлаа. Тамга хэнд байх нь хамаагүй, хүрээ Сюй Шүжэний гарт байгаа учраас тэр генерал тал нутгийг эзэгнэнэ гэсэн үг. 

Гэхдээ тал нутгийн засаг, захиргааг эзэгнэх асуудал өөрөө их өвөрмөц. Манжийн хараат Гадаад Монголд насыг барахдаа нэг ч амьд манж хүний бараа харалгүй насыг барсан монголчууд нэн олон. Учир нь Улиастайн жанжин ба түүний жасаа, Хүрээ, Ховдын Сайдын газарт л хэдхэн “эзлэн түрэмгийлэгч манж хүн” хүн суухаас биш орон нутаг, хошуу тамга, сүм хийдэд ямар ч суурин төлөөлөгч, зөвлөх байхгүй учраас тэр. Хэрвээ “Эрхбиш амьд хүн байна, биднийг хоёр зуун жил дарлаж байгаа этгээдийн нэг харж, сайтар жигшиж аваад үхэх юмсан” гэж бодогдоод болохгүй бол Хүрээ, Улиастай ороод хэргээ бүтээж болох л байсан байх л даа.

ХХ зууны хориод оныг дамнан Хятадын гамин цэрэг, барон Унгерний цагаантны гарт ороод гарсан монголчуудын үлэмж нь амьд гамин, жинхэнэ цагаантан харж амжаагүй үлдсэнд эргэлзэх юм алга.

Гэвч, үзэж амжаагүй байхад тогтоод өнгөрдөг засаглалын эрин дуусаж, үе ясанд нь тултал үзэл суртлаа мэдрүүлдэг дэглэм айсуй явааг хонио хариулж, адуугаа гилж яваа нүүдэлчид даанч анзаарсангүй. Хэтэрхий урт хугацаанд бага юм үзсэний хариу гэлтэй богинохон хугацаанд хэтэрхий их юм үзэх нэгэн эрин цаг тосон ирлээ. Үзээд л байж дээ...

[1]Сандо (Саньдо) амбан (1876-?). Хүрээнд байсан Манж Чин улсын сүүлчийн амбан, яруу найрагч. Өвөр Монголын Шулуун цагаан хошуунд төрсөн монгол хүн. 1909-1911 онд Хүрээнд суугаад хөөгдөж явсан. 1920-иод оноос Жан Золинийн засгийн газарт ажилласан ба Манж-го улсад хүчин зүтгэж байжээ. Археологи их сонирхдог, яруу найрагч байсан ба шүлгийн долоон ном гаргажээ.



[2]Да Жунтан. Үгчилбэл, Их дарга гэсэн утгатай бөгөөд Хятадын БНУ-ын ерөнхийлөгчийг хэлдэг байв.



[3]Сюй Шүжэн (1880-1925). “Бяцхан Сю” хочтой авантюрист. Хятадын цэрэг улс төрийн зүтгэлтэн, яруу найрагч. Японд цэргийн сургуулийг төгссөн. 1914 онд цэргийн яамны дэд сайд байсан. Хүрээнд 1919-1920 онд байсан байна. Тэрээр 200 гаруй шүлэг, 60 гаруй нийтлэл хэвлүүлсэн ба Төрт улсын түшмэл, Өнгөрснийг эргэн харахад, Шүлгийн түүвэр зэрэг нь алдаршжээ.



[4]Гамин. Хятадын БНУ-ын зэвсэгт хүчин буюу “хувьсгалт цэрэг” гэсэн үг.