Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшээд байгаа УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөртэй ярилцлаа.

-“АН-ын дарга болно, би чадна” гэж хамгийн түрүүнд хэлсэн хоёр хүний нэг нь Та. Та бусад өрсөлдөгчөөсөө юугаар давуу гэж бодож байна? Таныг “Би намын дарга болж чадна” гэж хэлэхэд хүргэсэн зүйл юу байв?

-Нэгдүгээрт, туршлага байна. Ардчилсан намын өнөөгийн байдал маш хүнд байна. Хүний амьдрал болоод улс орон, нийгэмд энхийг цаг, дайны цаг гэж байдаг. Үүнтэй адил Монголын нийгэм өнөөдөр маш хүнд цаг хугацааг туулж байна. Ардчиллаа аврах уу, сөнөөх үү гэдэг сонголт дээр бид дахиад 20 жилийн туулахаар харагдаж байна. Тэгэхээр илүү туршлагатай, сум, орон нутгийн түвшинд ажиллаж чадах, эрдэмтэн мэргэд болоод эмч, багш нартай ярилцаж, зөвшилцөж чадах, товчхон хэлбэл ард түмэнтэйгээ хэл амаа олж чадах хүн Ардчилсан намд хэрэгтэй. Би тэгж бэлтгэгдсэн хүн гэж өөртөө итгэдэг. Гурван удаа УИХ-д сонгогдож, боловсролын маш том салбарыг хариуцаж, тодорхой өөрчлөлтийг хийж, багаар нь урагш алхуулж чадсан. Үүнийгээ ч давуу тал, туршлага гэж боддог.

-Намын даргын сонгуульзарлагдсаны дараа Та “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо “Ардчилсан нам улс орныхоо төлөө золиос гаргах хэрэгтэй” гэж хэлсэн. Та ямар золиосыг хэлж байна вэ?

-Тодорхой зүйлс байгаа шүү дээ. Зарим лидер маань хойш сууж сурах хэрэгтэй, зарим залуус маань амбицаа дарах хэрэгтэй, зарим нэг нь үл ойлголцлоо мартах, өш хонзонгоо тайлах хэрэгтэй байна. Бид нэгдсэн шийдэлд хүрэхийн тулд хүн бүр өөрийнхөө “Би” гэдэг тодорхойлолтоос зарим нэг хэсгийг нь арчиж хаях хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, зөрчилтэй зүйлсээ хаяад үзэл бодол, үнэт зүйлс дээрээ нэгдэхийг би “золиосоо гаргах” гэж хэлж байгаа юм. Зарим тохиолдолд хойшоо ухрах хэрэг гарна, зарим нэг байдлаар урагшаа түлхэгдэнэ. Бид монголчуудын эрх чөлөөг хамгаалах учиртай. Монголын ардчиллыг аврах хэрэгтэй. Үүний төлөө биднээс маш их зүйлийг шаардах болно гэдгийг л хэлээд байгаа юм.

Зарим нэг хүн хохирох байх, алдах байх. Гэхдээ бидний тавьсан зорилго, хүрэх үр дүн үүнээс илүү чухал. Монгол ардчилсан орон байх юм байна, Монголын ард түмэн эрх чөлөөтэйгээ үлдэх юм байна, ард түмэн төрөө барих юм байна. Үүний төлөө Ардчилсан намд харъяалагдаж байгаа бүх хүн өөрийгөө мартаад, өмнөхөө хаяад урагшаа харах хэрэгтэй болж байна.

-Сүүлд болсон ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаас намын даргыг сунгаагаар биш, ҮБХ-наас сонгох журам баталсан. Тэгэхээр одоо болох намын даргын сонгуулиас болж хуулийн ямар нэгэн маргаан гарахгүй гэдэгт Та итгэлтэй байна уу? УДШ АН-ын даргыг бүртгэхээс олон удаа татгалзаж, хойшлуулж байсан шүү дээ?

-Улстөрийн намын хуулиар төлөөллийн төв байгууллага нь олонхиороо шийдвэр гаргаад, намын их хурал нь батламжилсан тохиолдолд намын даргыг чинь бүртгэнэ гэдгээ Дээд шүүх хэлж байгаа. Тэгэхээр энэ удаад асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

-С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр эвлэрч, нэг тал болсон ч юм шиг мэдээллүүд яваад байсан. Дахиад хоёр тусдаа сонгууль явуулаад, шүүх дээр маргаан үүсгээд эхлэх юм биш биз. Эв нэглийн ажлын хэсэг энэ хоёр хүнтэй зөвшилцөлд хүрч чадсан уу?

-Эхний ярилцлагууд бол болсон. Зөвшилцөлд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна. Ямар ч тохиолдолд олонхийнхоо шийдвэрийг цөөнх нь хүндэтгэн дагах учиртай. Олонх ямар шийдвэр гаргана, тэр шийдвэр дээрээ цөөнх нь миний яриад байгаа “золиосыг” гаргаад нэгдэцгээе гэж байгаа юм. Маш ойлгомжтой.

-АН-ын эв нэгдлийг хангахын тулд Та юу хийх вэ? Тодорхой хугацаанд хоёр талд явсан нам шүү дээ? Намын даргаар сонгогдсон тохиолдолд шинэчлэлийг хаанаас эхлэх вэ?

-Сөрөг хүчнийхээ ажилд АН-ын гишүүн бүр орох хэрэгтэй. Сөрөг хүчний ажил” гэдэг маань монголчуудад тулгамдаж байгаа бэрхшээл, зовлон бүрийг сөрнө өө л гэсэн үг. Ядуурлын эсрэг, авлигын эсрэг, ажилгүйдлийн эсрэг бүгдээрээ босох хэрэгтэй. Ард иргэдийнхээ дунд орж, ард иргэдээ хамгаалах үүрэгтэй. Тэгсний дараа сонгуульдаа бэлдье, үргэлж завгүй байцгаая. Товчхондоо АН-ын эвлэлдэн нэгдэх, нэгтгэх үнэт зүйл бол “эрх чөлөө”. Эрх чөлөөгөө баталгаажуулж чадсанаар хөгжил дэвшил рүү явна, элбэг хангалуун амьдарна. Бид хөгжлийн төлөөх хөтөлбөр лүү ард түмэнтэйгээ хамт орох ёстой. Гишүүдээрээ хэлэлцэх, бүх салбаруудаар хэлэлцүүлэх хэрэгтэй. Бүх салбарын мэргэжилтнүүдийн дэмжлэгийг авах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бодлогыг малчидтайгаа, тариаланчидтайгаа хэлэлцэх хэрэгтэй. Бид асар завгүй хоёр жилийг өнгөрөөж байж намынхаа, ард түмнийхээ эв нэгдлээ хангаж чадна. Бүгдээрээ завгүй байя.

-Та өмнө өгсөн ярилцлагадаа” Ардчилсан намын ахмад, дунд, залуу үе хоорондоо ярилцдаггүй” гэсэн байсан. Таныг би дунд үеийн төлөөлөл гэж харж байна. Ахмад болон залуу үетэйгээ хэр холбоотой, харилцаатай байдаг вэ?

-Ер нь бол бид ахмадуудтайгаа холбогддоггүй юм байна лээ. Энэ их буруу юм байна. Ахмадуудтайгаа байнга уулздаг байх хэрэгтэй. Залуучуудтайгаа ярилцдаггүй юм байна лээ. Ярилцах ёстой юм байна. Ярилцахгүй байна гэдэг асар том алдаа. Тийм учраас залуучуудынхаа дуу хоолойг сонсох, тэдэнтэйгээ хамтарч ажиллах, хамтдаа бүтээх хэрэгтэй. Хамтдаа бүтээж байж нэг нь нөгөөгөөсөө сурдаг. Залуучуудаасаа авах юм бидэнд их бий. Ахмадуудаасаа ч авах юм их бий. Буцаагаад өгөх юм ч бидэнд бий. Ахмад үе, дунд үе, залуу үе гэсэн залгамж чанар байж нам ч тэр, төр ч тэр тогтвортой байдаг. Өнгөрснөө харахгүйгээр, өмнөх хүмүүсийнхээ сэтгэл зүрхийг танихгүйгээр, тэр хүмүүсийн үйл хэргийг мэдэхгүйгээр, цоо шинээр юмыг бүтээх гэж оролдохоор л дандаа алддаг. Өмнө нь хэн нэгний хийгээд алдчихсан алдааг дахиад давтдаг.

-ҮБХ-ны гишүүдийн олонхи нь намын даргыг дараагийн Ерөнхий сайд гэж харж байгаа. Таны бодлоор энэ боломжтой юу? АН эрх барихад хэр их хугацаа, хэдэн сонгууль хэрэгтэй гэж Та харж байна вэ?

-Бидэнд ард түмэнтэйгээ ойлголцох, ярилцах, хамтрахад цаг хугацаа хэрэгтэй. Үүний төлөө бид маш их ажиллах ёстой. Ард түмэнтэйгээ хамт байхад бид засаг авна. Засгийн ажил гэдэг бол бодлого. Тэгвэл бид ямар бодлого гаргах ёстой вэ?. Татвараа зөөлөн болгоё, экспортоо нэмэгдүүлье, авлига хээл хахуулийг алга болгоё, хотын хөгжлийг төлөвлөе, холын хөгжил рүү алхая, ирээдүйдээ хөрөнгө оруулья, эдийн засгаа солонгоруулья. Ийм л цөөхөн даалгавар бидэнд байна. Үүнийгээ нэг, нэгээр нь барьж аваад хийх хэрэгтэй.

-МАН-ын сүүлийн үед шударга ёсны тухай их ярих болсон. Албан тушаал, авлигын хэрэгтэй тэмцэж байгаа гэдгээ харуулж байна. Гэхдээ тэмцэж байгаа хэлбэр нь зөв, үр дүнтэй юу? Та юу гэж харж байна. Эсвэл зүгээр улс төрийн “Пи Ар” яваад байна уу?

-Гэмт хэрэг хийсэн хүмүүсийг шийтгэх ёстой. Гэмт хэргийг илрүүлэх үүрэгтэй. Энэ бол цагдаа, хуулийн байгууллагын зайлшгүй хийх ёстой ажил. Харин улстөрчид юу хийдэг вэ гэхээр, гэмт хэрэг хийхэд хүргэж байгаа тэр бүтэц, үндэс суурийг нь задлах ёстой байхгүй юу. Уг шалтгааныг нь устгах нь улс төрийн бодлогын ажил байгаа юм. Үндэс шалтгаан нь тэгвэл хаана байна? Төсвийг шилэн болгоё, ухаалаг төртэй болъё, хэмнэлттэй амьдаръя, төсвийн зардлыг буураалья, бизнесийг либералчилъя, бизнесийн салбарт төрийн оролцоог багасгая, төрийг данхайлгахаа больё. Ердөө л энэ. Энэ ажлынхаа араас л үнэнчээр явах ёстой.

Түүнээс биш нэг хулгайчийг барих, цээрлүүлэх бол хуулийнхны ажил. Хуулийнхан энэ ажлаа хийх ёстой. Гэвч авлига, хулгай гараад байгаа үндэс суурийг нь, бүтцийг нь өөрчлөхгүйгээр дараагийн ялтан л төрнө. Нэг хүнийг яллалаа гээд нөгөөх нь айгаад больчихдог зүйл биш байна. Сүүлийг хорин жилийн хугацаанд хэдэн мянган хүн шоронд хорилоо. Суурь бүтэц нь арилгахгүй, мөн чанар луу нь орохгүй болохоор дараагийн шоронгийн хүнийг л бэлтгээд байгаа байхгүй юу. Ийм л юм.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай МАН дахиад ярьж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ? Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг хугацаа, нөхцөл байдал мөн үү, биш үү?

-Үндсэн хууль бол Монголын тусгаар тогтнолын баталгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Гэхдээ өөрчилж болохгүй зүйл биш. Гэхдээ өнөөдөр Монгол Улсад байгаа энэ бужигнаан, доройтлын үндсэн шалтгаан бол ёс суртахуунгүй байдал шүү дээ. Би түрүүн хэллээ шүү дээ. Бүтэц нь зөв байгаад, аль болох авсаархан, үйлчилгээний зориулалттай төрийг бүтээж чадвал Үндсэн хуулийн ямар ч зөрчил гарахгүй. Одоогийн энэ суурь ёс суртахуун, дээр нь энэ их данхайсан төр, төр бүх юманд оролцох гэдэг хандлага, уламжлалт социалист сэтгэлгээгээ хадгалаад Үндсэн хуулиа өөрчлөх юм бол юу ч өөрчлөгдөхгүй. Бүх юм хэвээрээ л байна. Харин ч Үндсэн хуулиндаа ойр ойрхон гар хүрснээр урт хугацаандаа ардчиллыг устгах аюул бол харагдаад байгаа юм.

Тийм болохоор мөн чанараа тойрч ярих хэрэгтэй. Ер нь маш их ярилцах ёстой ажил шүү дээ.

-Монголд хурцдаад байгаа хүний эрхийн асуудлын талаар Та юу хэлэх вэ? Үзэл бодлооо илэрхийлсэн, эрх баригчлыг шүүмжилснийхээ төлөө маш олон залуус баривчлагдаж, хоригдож, ял шийтгүүлж байна. Үүний эсрэг, хүний эрхийг хамгаалахын тулд АН юу хийх вэ? Ялангуяа сүүлийн хоёр жилд ард иргэд “Ардчилсан намын дуу хоолой хаана байна аа?” гэж маш олон удаа асуусан шүү дээ?

-Албан ёсны толгойгүй болсноос хойш АН ард түмнээ хамгаалах ажлаа хийж чадаагүй, үнэн. Би ярилцлагын эхэнд ч хэлсэн, сөрөг хүчин ард түмнийхээ талд байх ёстой. Дуу хоолойгоо гаргаж байгаа залуучуудаа хамгаалдаг байх ёстой. Тэрийг бид парламент дээр л хамгаална. Парламент дээр хамгаалах арга зүйг нь АН, намын аппарат гаргаж өгнө. Хамгаална гэдэг нь хүнийг барьж аваад явахаар нь гүйж очоод салгаад явдаг юм биш. Парламентын түвшинд ажиллах, нийтийн сонсгол хийх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага хүчний биш, үйлчилгээний байгууллага, иргэнийхээ төлөө байгууллага болгох тэр эрх зүйн орчин луу нь явах ёстой. Үүний төлөө парламент явж байж хүний эрхийг хамгаалж чадна. УИХ өөрөө хөдлөхгүй, хэт олонхиороо хүч түрээд, цөөнх нь удирдлагагүй, системгүй байгаа учраас тэр залуусын араас явах, хөдлөх бүрэлдэхүүн алга.

Тэгэхээр АН ардчиллаа аваръя, намаа эвлэрүүлье нэгтгэе гээд байгаа шалтгаан нь ердөө энэ үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эргүүлж авъя, энэ эрхэнд халдаж байгаа халдагыг таслан зогсооё, тийм төр засагтай болъё л гэж байгаа юм.

Бидний үеийн парламент, би жишээ нь арван хэдэн жил УИХ-д суухдаа зөндөө шүүмжлүүлдэг, заримдаа ч доромжлуулдаг л байсан. Тэглээ гээд нэг ч хүнийг шүүхэд өгч үзээгүй. Нэг ч хүнийг цагдаагаар айлгаагүй. Яагаад гэхээр бусад хүмүүсийн үг хэлэх, үзэл бодолтой байх эрх чөлөөг бид хайрладаг. Энэ бол бидний мөн чанар байхгүй юу. Энэ мөн чанараа бид хамгаалж чадахгүй байгаа учраас түмэн олон оволзоод байна шүү дээ. Та нар юм хийгээч ээ гээд. Тийм учраас сөрөг хүчин сөрж чаддаг, сөрөхөөрөө зогсоож чаддаг л байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Сонгуульд тань амжилт хүсье!

inews.mn