Макс Планкийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн зочин судлаач Др. Л.Мөнх-Эрдэнэ: Аархаж, омогшъё гэсэн ч тийм юм тун хомс байна
МУИС-ийн Антропологи археологийн тэнхимийн багш, Макс Планкийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн зочин судлаач Др. Л.Мөнх-Эрдэнэд сүүлийн жилүүдэд нийгмийн өргөн хэлэлцүүлэгт орж ирэх болсон national identity-үндэстний ижилслийг тойрсон асуудлаар цөөн асуулт и мэйлээр илгээж авсан хариултаа хүргэж байна.
Сүүлийн гурван жил монголчууд national identity гэх ойлголтыг их ярьдаг боллоо. Гэхдээ нэр томъёог монголчлохоос эхлээд асуудал их байна. “Амин чанар” гэх зэргээр ч буулгаж үзэж байна. Энэ ойлголт чухам юуг илэрхийлдэг вэ? Монголд хэлэнд оноож буулгасан тогтсон нэр томъёо бий юу?
Хуучин Зөвлөлтийн нэр томьёонд национальная общность гэдэг байсныг Монголд үндэсний нийтлэг гэж хэрэглэдэг байсан. Энэ нь үндэстнийг хүн амд нь нийтлэг (общий) байгаа, тухайлбал, хэл, соёл, зан заншил, улс төр, эдийн засаг, газар нутаг, хил хязгаар болон түүнийгээ ойлгох үндэсний ухамсар (национальное самосознание) гэх мэт зүйлүүдээр тодорхойлдог ойлголт байсан. Харин 1990-ээд оноос марксизм-ленинизм орхигдож Орос ч, Монгол ч Өрнөдийн нийгэм, улс төрийн ойлголт, ухагдахуун; Өрнөдөд хөгжсөн нийгэм, хүмүүнлэгийн ухааны танин мэдэхүйн линз, арга барил, нэр томьёо, ойлголт, ухагдахуунаар ертөнцийг харах, танин мэдэх, тайлбарлах болсон. Чухам энэ явцад national identity, национальная идентичность гэдэг нэр томьёо, ойлголт нь үндэсний нийтлэг гэдэг нэр томьёоны оронд хэрэглэгдэх болсон.
Мэдээж Өрнөдийн нийгэм, хүмүүнлэгийн ухаан нь аливаа онол баримтлалыг “бурханчлах” бус харин нийгэм, хүмүүнлэгийн үзэгдлийг тайлбарлах чадвараар нь шүүн тунгаахад оршдог учир нэгэн нэр томьёог онолчид өөр өөрөөр томьёолох, харилцан адилгүй ухагдахуун оноох, тайлбарлах, тэр ч байтугай үгүйсгэх нь түгээмэл. Ялангуяа nation болон identity гэх мэт биет бус, юм бус, нийгмийн, улс төрийн ойлголтууд ихээхэн маргаантай байдаг. Тухайлбал, юуг үндэсний ижилсэл гэж харах нь үндэстэн гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлохоос хамаарна. Үндэстнийг улс төрийн ижилсэл гэж тодорхойлбол иргэншил, нийгэм соёлын гэвэл хэл, соёл, харин нэг өвөг дээдсээс угсаа гаралтай ижилсэл гэж үзвэл яс, цус гэх мэт биологийн болон соёлын категориуд тодорхойлох учир холбогдолтой болох.
Миний хувьд уг нэр томьёог үндэсний ижилсэл гэж хөрвүүлдэг. Үгийн хувьд identity нь identify, identification, identical зэрэг үгс нь “мөнийг, адилыг, ижлийг таних, тогтоох”, ижил, адил байх гэсэн санааг агуулдаг бол identity нь шинжилгээний категорийн хувьд өөртөө ижил, адил байхын дээр өрөөлөөс өөр, ондоо байх гэсэн хоёр талыг агуулсан ойлголт. Үнэндээ аливаа юмс, үзэгдлийг таних (identify) гэдэг нь мөн чанарыг нь тогтоохын хамт, бусдаас ялгана гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн зүйлийг тухайн зүйл болгож байгаа чанаруудыг нь тогтоохын дээр бусдаас ялгарч, ондоорч байгааг нь ч тогтооно гэсэн хэрэг. Тиймээс үндэсний ижилсэл гэдэг ойлголт нь тухайн үндэстний гишүүдэд нийтэд нь ижил, адил, нийтлэг байгаа зүйлс буюу чанар болон тэднийг бусдаас ялгаж байгаа зүйлс, чанарыг хамарсан хоёр талтай ухагдахуун гэж ойлгож болно. Хэрвээ Зөвлөлтийн үндэсний нийтлэг нь улс төр, эдийн засаг, хэл, соёл гэх мэт объектив хүчин зүйлүүдийг илүү онцлохын хамт, үндэсний ухамсар гэдэг ойлголтыг хэрэглэдэг байсан бол үндэсний ижилсэл нь ухамсрын буюу үнэт зүйлс, итгэл үнэмшил, эв нэгдлийн талыг нь илүү онцолсон ухагдахуун. Нэгэнт үндэстний гишүүдийн хувьд ижил, адил, нийтлэг төдийгүй бусад үндэстнээс ялгарах чанарын тухай ярьж байгаа учир “амин чанар”, “мөн чанар” гэж ухах, ойлгох тал байхыг үгүйсгэхгүй. Угсаатны судлалын түүхэнд ингэж ойлгох тохиолдол цөөнгүй байсан. Тухайлбал Оросын угсаатны зүйн үндсийг тавигчдын нэг Николай Надеждин “национальность” гэдэг нэр томьёонд орос хүнийг орос болгож байгаа тэр зүйл, чанаруудыг л хамааруулах ёстой гэж үзэж байсан бол Дэлхийн II дайны үед Америкийн зарим эрдэмтэд япон болон оросуудын “үндэсний зан чанарыг” (national character) судалж байсан явдал бий. Эдгээр нь “амин” эсвэл “мөн чанарлаг” буюу “эссенсиалист” (essentialist) байдлаар үндэстнийг томьёолж, тодорхойлох гэсэн оролдлогын жишээ. “Эссенсиалист” хандлага нь аливаа зүйлийг, тухайлбал, үндэстнийг байгалийн ямар нэг орших зүйл мэт үзэж, түүнд ямар нэг амин, эсвэл мөн чанар байх ёстой гэж үзэх хандлага. Тухайлбал хүмүүс “цусанд нь”, “генд нь” шингэсэн, удамшсан, эсвэл “угаасаа нүүдэлчин учраас” гэх мэтээр монголчуудын зан чанар, суртахууны зүйлийг тайлбарлаж байгаа нь түгээмэл байдаг. Эдгээр нь эссенсиалист хандлагын жишээ. Харин нийгэм соёлын антропологи зан чанар, суртахууны зүйлийг өгөгдмөл гэхээсээ олдмол, сурмал зүйл гэж үздэг. Тиймээс нийгэм соёлын антропологичид монголчуудын амин, эсвэл мөн чанар гэж ярихад хүрвэл төрмөл, өгөгдмөл, эсвэл заяагдмал гэхээсээ илүү олдмол, сурмал зүйлүүдийг л ойлгох болов уу. Олдмол, сурмал гэснээрээ хуурамч гэж байгаа юм биш. Харин аливаа үндэстний нийгэм, эдийн засаг, улс төрийн байгуулал, үнэт зүйлс, ёс, зан суртахуун, хандлага нь тухайн нийгмийн гишүүдэд гэр бүл, нийгэм, сургууль, боловсролоор дамжин өвлөгдөн, тараагдаж байдаг л гэсэн үг юм. Тиймээс нийгмийн аливаа ижилсэл нь тухайн нийгмийн нийгэм, улс төр, эдийн засгийн байгуулал, үнэт зүйлс, ёс суртахуун, итгэл үнэмшил, боловсрол өөрчлөгдөхийн хэрээр өөрчлөгддөг зүйлс л гэсэн үг.
Таны доктор хамгаалсан сэдэв “Mongolian Identity and Nationalism: Origin, Transformation and Nature (From the thirteenth century to the mid-1920s)”. Таны докторын ажлаар тодорч гарч ирсэн монгол хүнийг өнөөгийн бидэнд товч танилцуулж өгнө үү. Үндсэн шинж нь юу байв?
Миний судалгааны зорилго монгол хүн гэж хэн байв гэдэг асуудал биш харин Монгол хэмээх “улс” гэнэ үү, “ард түмэн” гэнэ үү, “үндэстэн” гэнэ үү, “угсаатан” гэнэ үү энэ ижилсэл, нийтлэг яаж бүрэлдэв, хэрхэн өөрчлөгдөв гэдгийг л тодруулахыг оролдсон юм. Хялбарчилбал Монгол гэдэг ард түмэн, овог аймаг байж байгаад төр улс байгуулаад монголчууд бий болсон хэрэг үү эсвэл төр улс байгуулагдаад Монгол хэмээх ард түмэн бий болсон хэрэг үү гэсэн асуулт. Хариулт нь Чингисийн төр улс байгуулагдсанаар Монгол улс-ард түмэн бүрэлдсэн. Гэхдээ Монгол хэмээх төр улс нь өмнөх эзэнт гүрнүүдийн суурин дээр, түүний дотор, Кидан болон Хэрэйдийн хант улсын суурин дээр байгуулагдсан юм байна. Нэгэнт Хүннүгээс хойш энэ бүс нутагт төр улсууд бие биенээ халан оршиж ирсэн учир юу гэж нэрлэгдэх нь хамаагүй, харин энэ бүс нутаг, хүн ам нэгэн төр улс байх ёстой гэдэг ойлголт аль эрт тогтчихсон, нийтээрээ хүлээн зөвшөөрчихсөн зүйл байсан, чухам тэр итгэл, үнэмшлийн хүрээнд, Кидан гүрэн мөхсөний дараа, Хэрэйдийн хант улсыг түшиглэн Чингис хаан төр улсаа байгуулсан юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл Монгол улс нь өмнөх төр улсуудаас өвлөгдөн үлдсэн улс төрийн соёлын залгамж, биелэл байсан гэсэн үг. Тиймээс ч 1206 онд Монгол улс байгуулагдахаас өмнө ирээдүйн улсын улс төрийн ч, соёлын ч хил аль эрт тодорхой болчихсон байсныг сурвалжууд харуулдаг. Чухам тийм ч учраас удаах эзлэлтүүдийн улмаас Чингисийн төр улсын буюу Их Монгол Улсын хил хязгаар тэлсээр байхад “Монгол улс” буюу “Монгол иргэний” хил уг хилтэй нэгэн адил тэлдэггүй. Мөн Чингис хаан Монголын өндөрлөгт оршиж байсан Монгол, Түрэг олон овог аймгийг нэгтгэн нэгэн төр улсын жолоонд оруулсан, улмаар овог аймгийн байгууллыг халснаараа Монгол хэмээх нэгэн ард түмнийг бүрэлдэхэд хүргэсэн гэж уламжлалт түүх бичлэг тайлбарладаг. Өөрөөр хэлбэл овог аймгийн байгуулалтай, тархай бутархай ард түмэн байсан түүнийг нь Чингис хаан нэгтгэсэн гэсэн үг. Харин миний судалгаа овог аймгууд бус харин Монголын өндөрлөгийн зүүн хэсэгт Монгол, Татар мэтийн Кидан гүрний цэрэг засаг захиргааны нэгжүүд Кидан гүрний мөхлийн дараа бие даасан ханлиг, ноёнлиг болохыг эрмэлзэж байсан бол Монголын өндөрлөгийн төв хэсэгт Киданы түшмэг байсан Хэрэйдийн хүчирхэг хант улс Монголын өндөрлөг дэх Киданы хуучин засаг захиргааны нэгжүүд болон бас бус ханлиг, ноёнлигуудыг нэгтгэхийг эрмэлзэж байсныг харуулсан. Улмаар энэ тэмцлийн явцад Чингис хаан Хэрэйдийн Он ханы хан суурийг булааж, Хэрэйд улсын суурин дээр Монгол улсыг байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Монгол улс, Монгол хэмээх ард түмэн Чингисийн төр улс байгуулагдсанаар, төр улсын дор л бий болсон улс төрийн ижилсэл, нийтлэг, бүтээгдэхүүн гэсэн үг. Улмаар эзэнт гүрний хэмжээнд Монголын хаад хаана төрийн эрхээ алдана түүнтэй хамт тэнд Монгол хүн, хэл, соёл үгүй болж байсныг эзэнт гүрний задрал бутрал харуулдаг. Өөрөөр хэлбэл монгол хүн, монгол хэл, соёл гэдэг зүйлс бүгд л Монголын төрийн, эрхийн дор оршиж, дэвжиж харин хаана монголчууд төр барих эрхээ алдана тэнд үгүй болж байсан гэсэн үг. Ойрхны жишээ ч мөн үүнийг харуулдаг. Дайчин гүрний хүрээнд Манжийн холбоотны хувиар бие даасан статустай байсан Гадаад Монголоос одоогийн Монгол улс л тусгаар тогтнож өөрийн тусгаар төр улсыг байгуулж чадсанаар хагас сая гаран хүн амтай байсан Халх, Дөрвөдийн ханлигууд өнөөгийн Монгол улс болон дэвжсэн хэрэг. Гэтэл Дайчин гүрний Гадаад Монголын олонх нь болох одоогийн Өвөр Монгол болон БНХАУ-ын бүрэлдэхүүнд үлдсэн бусад Монгол газар нутагт монголчууд, монгол хэл, соёл ямар байдалтай байгааг та бид бүгд бэлхнээ тольдож байгаа. Магадгүй Хятад шиг, Энэтхэг шиг хүн амтай ард түмний хувьд асуудал өөр байхыг үгүйсгэхгүй. Харин Монгол шиг хүн амтай ард түмний хувьд тусгаар төр улс, эрхгүй л бол хүн ч үгүй, хэл ч, соёл ч үгүй болох нь ойлгомжтой. Тиймээс хилгүй л бол хэлгүй, соёлгүй, хүнгүй болно гэж ойлгоход буруудахгүй.
Монголчууд Коминтерний гараар орж большевикуудын туршилтын лабораторид хулгана болсон гэж би хувьдаа үздэг. Энэ лаборатори монгол хүнийг өөрчилсөн үү? Өөрчилсөн бол яаж?
Монгол улс тусгаар улс болсноор Монголд нийгэм улс төрийн асар гүн гүнзгий хувьсгал явагдаж, шинэ Монгол улс, шинэ монгол үндэстнийг, шинэ монгол хүнийг бий болгосон. Мэдээж цагаан, улаан Оросын, Хятадын, Японы хөндлөнгийн сөрөг оролцоогүй, тулгалтгүй, ноёрхолгүй байсан бол, монголчууд өөрсдөө асуудлаа шийдэх эрх мэдэлтэй байсан бол асуудал тун өөр замаар явагдах байсан болов уу. Гэхдээ хэн нэгэн нь, ялангуяа тэр большевикууд нь ч тэр ямар нэгэн туршилт хийж байна, Монгол бол тэр туршилтын лаборатори юм гэж бодож, сэтгэж ажиллаж байсан гэж бодохгүй байна. Сурвалжууд ч тийм юм хэлдэггүй. Харин тухайн үеийн олон улсын нөхцөл байдал, улс төрийн үзэл онол, оролцогч талуудын эрх ашгаа тодорхойлж байсан байдал, тэдний хүчний харьцаа л түүхийн үйл явцыг тодорхойлсон хэрэг. Гэхдээ, ер нь олон улсын харилцаанд “Хүчирхэг нь хийдгээ хийж, хүчгүй нь тэвчихээ тэвчих ёстой” гэдэг реалист зарчим үйлчилдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Биднийг лабораторийн хулгана болголоо гэж бусдыг зүхэж, уйлагнаж байхын оронд хулгана болохгүй байхын төлөө өөрөө хүчирхэг болох хэрэгтэй гэж сэтгэх хэрэгтэй мэт. Хэчнээн хүндрэл, бэрхшээл, гашуун замналыг туулсан ч 1990 онтой золгоход Монгол улс энэ их баялагтай, өргөн уудам газар нутагтай, гурван сая шахам хүн амтай, хүн ам нь бичиг үсэгт бүрэн тайлагдсан, тухайн үеийн эдийн засгийн бүх салбарт ажиллах мэргэшсэн боловсон хүчинтэй, хүн амаа бэлтгэх сургах, эмчлэх сувилах боловсрол, эрүүл мэндийн иж бүрэн тогтолцоотой, хөнгөн, хүнд, хүнсний гэх мэт аж үйлдвэрийн боломжит бүхүй л салбартай, үндэсний нийтийн урлаг, утга зохиол, спорт, соёлын боломжит бүхүй л салбар цэцэглэн хөгжсөн улс шиг улс, үндэстэн шиг үндэстэн болсон байсан гэж боддог. Мэдээж, Зөвлөлтийн, коммунист дэглэмийн хараанд бус байсан бол асуудал өөрөөр өрнөх байсан байх. Гэхдээ 1920, 1930-аад онд Монголын зарим улс төрчдийн явуулж байсан бодлого ба, 1990-ээд оноос хойш Монголын улс төрчдийн явуулсан бодлогыг харьцуулахаар Монгол “социализмаас” өөр замаар замнасан бол 1990-ээд онд хүрсэн байсан төвшиндөө хүрэхгүй л байх байсан болов уу гэсэн бодол төрдөг.
Эсрэгээр баян, хоосны ялгаа туйлдаа тулсан, хүн амын ихэнх нь боловсролгүй, үгээгүй хоосон, эдийн засаг бизнесийн, ялангуяа, үйлдвэр, үйлчилгээний салбар нь нэлэнхийдээ өнөөгийн Зүүн өмнөд Азийн орнуудын нэгэн адил Хятад хүн амын гарт, улмаар Хятад, эсвэл Хятад гаралтай хүн ам хүн амынх нь хамгийн чинээлэг, элит хэсгийг, хятад таунууд хот суурингийнх нь өнгөтэй өөдтэйг бүрдүүлсэн тиймэрхүү улс орон байх байсан болов уу гэж бодогддог. Өвөр Монголд очиж байсан биз дээ. Өнөөгийн Монголын эрх баригчид ч бодлогоо эргэж харахгүй бол, нийтийн, үндэсний, улсын гэсэн бүхнийг нулимж, уулгалан, талсан хэвээр байвал нийтийн, үндэсний, Монголын эсвэл миний эх орон гэх юм үлдэхгүй л болох болов уу. Жишээ нь нүдэн дээр ил байгаагаар нь Улаанбаатарыг аваад үз. 1990-ээд оны Улаанбаатар нэг хот байсан. Улаанбаатарчуудын хэн нь ч Улаанбаатарыг миний хот гэж хардаг байсан болов уу. Өнөөгийн Улаанбаатарыг би л лав тэгж хэлж чадахгүй. Хуучин хот нь эвдэгдсэн, гэр хороолол нь орхигдсон, шинээр баригдсан хэсэг нь бараг бүгдээрээ тус тусдаа ханатай, хэрэмтэй, хаалгатай, харуултай “таунууд”. Зарим нь “цементэн ширэнгэ” (concrete jungle), зарим нь, ялангуяа, ханатай, хэрэмтэй, хаалгатай, харуултай нь тун өөр. Улаанбаатар шиг ийм олон хана, хэрэм, хаалга, харуулаар зааглагдсан, тусгаарлагдсан хот би л лав Европт ч, Японд ч үзээгүй. Үнэндээ ханатай, харуултай хорооллууд (gated community) нь сайны биш, муугийн шинж тэмдэг. Баян хоосны ялгаа ихтэй, нийгмийн итгэлцэл доогуур, арьс өнгө, эд хөрөнгөөр ялгаварлан салгадаг улс орнуудад л байдаг үзэгдэл.
Норвегийн нэг судлаач 1990-ээд оноос хойш Монголд явагдсан эдийн засаг, нийгмийн шилжилтийг Моргентаугийн төлөвлөгөөтэй (Morgenthau Plan) зүйрэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл монголчууд гадны заавраар өөрийн улс орон, эдийн засгаа устган, сүйрүүлсэн гэсэн үг. Хорьдугаар зууны Монголын түүхийг бага сага гадарлана. 1990-ээд оноос хойш Монголын эрх мэдлийг барьж ирсэн үеийнхэн зүйрлэвэл Монголын түүхэнд 1930-аад онд зүүнтнүүдийн гүйцэтгэсэн шиг үүргийг гүйцэтгэсэн гэж бодогддог. Зүүнтнүүд өөрсдийгөө ардын эрхийг хамгаалагчид гэдэг байсан, КУТВ энэ тэрд сурсан учир өөрсдийгөө хамгийн боловсролтой нь гэж тунхагладаг байсан, тэд Коминтерны заавар номлолыг сохроор дагадаг байсан, дээрээс нь тэд Гэндэний өөрийнх нь хэлснээр луйварчид, увайгүй новшнууд байсан. Зүүнтнүүд Монголын улс төрийг ч, эдийн засгийг ч, Монголын үндэсний эв нэгдлийг ч бусниулж, яг одоо монголчууд нутаг орондоо амьдарч чадахгүй гадагшаа урсаж байгаа шиг дүрвэхэд ч хүргэсэн. Эцэст нь бослого, тэмцэл, иргэний дайнд тулж байж тэд зайлуулагдсан. Тиймээс хэрвээ Коминтерн, коммунизм хоёр Монголд ямар нэг хулгана үйлдвэрлэсэн бол тэр нь хамгийн түрүүнд зүүнтнүүд байсан шиг ОУВС, неолиберализм хоёрын Монголд үйлдвэрлэсэн хархнууд нь өнөөгийн Монголын олигархууд, тэдний клептократик дэглэм.
Хэн, хэзээ хэлснийг мэдэхгүй “Оршъё гэвэл ондоош” гэх хэлцээр түрий барьж national identity-үндэстний ижилслээ тодорхойлох ёстой гэдэг үзэл сэхээтнүүдийн явж байна. Үүнийг өнөөгийн мухардал төөрөгдлөөс гарах боломж гэж хараад байх шиг. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна.
Оршихын тулд ондооших гэдэг нь хаашаа юм бэ. Гэхдээ туурга тусгаар бол тусын дайсан гэж бий. Үндэсний ижилслийн тухай ярихын тулд үндэстэн гэж юуг ойлгож буйгаа тодорхойлох хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл үндэстнийг улс төрийн, соёлын, эсвэл биологийн категориор, эсвэл энэ гурваар гурвуулангаар нь тодорхойлж байна уу гэдгээ тогтоох хэрэгтэй байх. Энд судалгаа шинжилгээний байр суурь нэг хэрэг, мөн хүн ардын, нийгмийн гишүүдийн итгэл үнэмшил бас өөр хэрэг. Гэхдээ nationгэдэг үг Дундад зууны их сургуулийн оюутнуудын бүлгийг ч, хожим Францын хувьсгалын үеэс улс орны иргэдийг заах болсон үеэс ч дээрх гурван санаа түүнийг сүүдэр мэт дагасаар ирсэн. Гэхдээ өнөөдөр дийлэнх судлаачид үндэстнийг улс төрийн категори, тухайлбал өөрөө өөрийгөө захиран засагладаг, тусгаар тогтносон төр улст ард түмэн, эзэн эрхт иргэдийн нийгэмлэг гэж ойлгож, иргэншлээр тодорхойлдог. Энэ нь Монгол улсын иргэн хэн бүхэн нийлж Монгол үндэстнийг, өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө захиран засагладаг, тусгаар тогтносон, эзэн эрхт Монголын ард түмнийг бүрдүүлдэг, энэ утгаараа Монгол улсын иргэн бүр Монгол үндэстний гишүүн, улмаар Монгол улс нэг үндэстэн гэсэн хэрэг. Энэ ойлголтын үндэстэнтэй Монголын улс гэдэг ойлголт илүү дүйцдэг. Үүнийг үндэстнийг ойлгох иргэнлэг ойлголт, энэ ойлголт дээр суурилсан үндэсний үзлийг иргэнлэг үндэсний үзэл гэж нэрлэх нь бий.
Гэтэл нөгөө талд нь судлаачид төдийгүй, хүн ардын дунд үндэстнийг хэл соёл, яс цусаар харах хандлага түгээмэл байдаг. Итгэл үнэмшил бодитой, хүчтэй зүйл. Ингэж харахад хүргэх нийгмийн тодорхой үндэс ч бий. Учир нь АНУ мэт ихэвчлэн цагаачаас бүрдсэн Америк тивийн улс орнуудыг эс тооцвол өнөөгийн дийлэнх улс орнуудын иргэншил “цусаар” (jus sanguinis) өөрөөр хэлбэл эцэг, эх нь эсвэл тэдний аль нэгийнх нь иргэншлээр хүүхдийн иргэншил, улмаар үндэстний харьяалал нь тодорхойлогддог. Нөгөө талаар хөрш зэргэлдээ орон нутаг, ялангуяа байгаль цаг уурын хувьд ижил төстэй орон нутагт оршин суудаг хүн ам хороондоо ижил төстэй байхын дээр, түүний дотор аливаа улс орны хүн ам урт удаан хугацааны туршид нэгэн газар нутаг дээр, нэгэн төр, засаг захиргааны хүрээнд оршин амьдарч ирсэн байх учир ихэвчлэн нийтлэг хэл, соёл, аж төрөх ёс, зан заншлыг бий болгосон байдаг. Улмаар нэгэн төр улсын харьяат хүн ам, иргэд хоорондоо гэр бүл болох нь ноёлох байдал. Өөрөөр хэлбэл аливаа үндэстэн тодорхой хэмжээгээр эндогами буюу дотооддоо гэрлэдэг, өөрөө өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэдэг хүн ам байдаг. Дээрээс нь одоогийн үндэстэн-yлс гэж нэрлэгддэг бараг бүх улс орнууд нь улс төрийн тэмцлийн үр дүнд байгуулагдсан тиймээс өмнөх төр улсуудын хүн амыг Гадаад Монголынх шиг хуваасан, салгасан нь түгээмэл. Тэгж салгагдсан хүн амын дийлэнх нь өөрсдийгөө нэг үндэстэн, ард түмэн гэж үзсээр, харсаар байдаг. Тухайлбал Монголын тухайд л гэхэд л долоон зууны турш нэгэн улс төрийн туурган дор оршиж, өөрсдийгөө нэг улс, нэг оронтой, нэг хэлтэй, нэг овогтон гэж үзэж ирсэн хүн амыг 1915 онд хүчээр таслаад, салгаад өөр өөр төр улсад хамааруулсан байх жишээтэй. Тиймээс үндэстнийг улс төрийн бус категориор, тухайлбал хэл, соёл, яс, цусаар тодорхойлох нь түгээмэл. Нөгөө талаар өнөөгийн улс төрийн болон судалгааны шинжилгээний хэлэнд ч тусгаар төр улстай хэсгийг нь үндэстэн-улс гээд, тусгаар бусыг нь улс төрийн гэхээсээ хэл, соёл, зан заншлын буюу угсаатны, эсвэл цөөнхийн бүлэг гэж ангилах нь түгээмэл. Улмаар ийм бүлэгт хамаарах хүмүүсийг угсаатны бүлэг, тэдний байр суурийг угсаатны үзэл, угсаатны үндэсний үзэл гэх мэтээр нэрлэдэг. Гэвч үнэн хэрэг дээрээ аль аль нь бүрэн дүүрэн утгаараа иргэншлийн, улс төрийн эрх, эрх чөлөөний тухай асуудал байдаг. Чухам тийм ч учир миний хувьд үндэстнийг улс төрийн категори, ялангуяа өөрөө өөрийгөө захирдаг, тусгаар тогтносон төр улст, эзэн эрхт ард түмэн гэсэн ойлголтыг илүү оновчтой гэж үздэг. Дээр дурдсан миний судалгаа ч үүнийг харуулсан.
Үндэстэн гэдэг ойлголтыг ингэж тодорхойлохдоо эзэн эрх (sovereignty) гэдэг ухагдахууныг хамгийн түлхүүр ач холбогдолтой гэж боддог. Энд эзэн эрх гэдэг ойлголт нь зөвхөн гадаад улс орноос хараат бус, тусгаар тогтносон байх гэсэн ойлголт төдий бус, харин иргэд улс орныхоо буюу өөрсдийн нийтийн хэргийг өөрсдийн хүсэл зоригоор шийдэх бүрэн эрхтэй эзэн нь байх ёстой гэдэг зарчим шийдвэрлэх учир холбогдолтой. Чухам тиймээс л үндэстний улсууд нь онолын хувьд бүгдээрээ эзэн эрхт иргэдийн нийгэмлэг, иргэд бүгдээрээ, нийтээрээ засаглах төр улсын хэлбэрээр оршдог. Чухам энэ санаанаас л репаблик, республик буюу бүгд найрамдах улс гэдэг нэр томьёо гарсан хэрэг.
Чухам энэ утгаар Монголын өнөөгиийн мухардал төөрөгдөл гэж таны томьёолж байгаа зүйлийг Монголын үндэсний ижилсэлтэй холбож авч үзвэл Монголын иргэд улс орныхоо, өөрсдийн бүгд найрамдах улсынхаа бүрэн эрхт эзний эрхийг ч, үүргийг ч тун тааруухан хэрэгжүүлж байна гэж хэлнэ. Суурь асуудал нь иргэд улс орноо, төр-хууль-ёсоо бидний нийтийн, бидний үр хүүхдийн амьдрах орон зай, гэр орон, халдашгүй дархан байх зүйл гэж хардаггүй мэт. Эсрэгээр тэдгээр нь бусдын хэрэг, дарга нарын мэдлийн асуудал, миний хувийн эрх ашиг хөндөгдөхгүй л бол надад хамаагүй гэдэг “хувиа хичээх, довоо шарлуулах” хандлага, сэтгэлгээ давамгайлдаг мэт. Нэг ёсны түрээсийн байранд амьдарч байгаа хүмүүс шиг ч гэх юм уу даа. Нэг тийм хоноцын хандлагатай мэт. Хэрвээ минийх, биднийх гэж хардаг, ханддаг байсан бол дарга нар нь Улаанбаатар хотын нийтийн орон зай, сургууль, цэцэрлэгийн талбайнуудыг дамлаад, “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд ашигт малтмалын ордуудыг нь хувааж тоноод оффшордчихгүй л байсан болов уу. Итгэж найдаж хашуулсан төрийн албадыг нь бүр ил цагаанаар өөрсдийг нь, эрхийг нь төлөөлсөн улсын их хурлын гишүүдтэй нь хамт дарамтлах, дарангуйлах хэрэгсэл болгохгүй л байсан болов уу. Гэтэл бүр өөрсдийг нь харьяат албат бус харин эзэн эрхт иргэн болгож байгаа, нийтийн, бүгдийн итгэлийн хэрэг болсон бүгд найрамдах төр улсынх нь төр, засаг захиргааны албан тушаалуудыг нь үнэлээд зарж борлуулахаар ярьж төлөвлөж байсан нам, улс төрчдийг үл тэвчих нь битгий хэл дэмжээд, сонгоод явж байх. Тэр ч байтугай өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг эрхэм “Нохой нь нохой. Гэхдээ манай нохой” гэсэн байх аа. Хулгайч нь хулгайч, гэхдээ манай хулгайч гэсэн үг бус уу? Төрийн эрх барих гэгч хулгайч, луйварчдын хэрэг болсныг нийгмээрээ хүлээн зөвшөөрөөд, эвлэрээд, тэр дэглэмээр аж төрдөг болсон гэсэн хэрэг бус уу? Гэтэл хулгай, худлыг цээрлүүлэх, гэсгээх гэж төр засаг оршдог бил үү эсвэл хулгай, худлын хөсөг болох гэж төр, засаг оршдог бил үү? Тиймээс, Монгол улсын иргэд, иргэнийхээ, үндэстнийхээ гишүүнийхээ улс төрийн эрх, үүргээ ухамсарлаж улс орондоо эзэн шиг байя гэвэл төр засгийн эрх мэдлээ хулгай, худлын гараас чөлөөлөх хэрэгтэй мэт.
Өдгөө монголчууд “жинхэнэ монгол хүн”-ий эрэлд гараад байх шиг. Одоо “жинхэнэ монгол хүн” олдох уу? Хайя гэвэл ямар шинж тэмдгийг нь гол болгох хэрэгтэй вэ?
Монгол улсын иргэн хэн бүхэн л жинхэнээс жинхэнэ монгол хүн болов уу. Харин бидний одоогийн жинхэнэ монголчууд маань бидний хүссэн төр-ёс суртахуун, жудаг, зан чанарт л тэнцэхгүй байгаа юм болов уу гэж бодож байна. Гэхдээ тэр төр-ёс суртахуун, жудаг, зан чанарт тэнцэхгүй байгаа монголчууд нь ихэвчлэн түмний танил, төрийн ордон, (бас төв цэнгэлдэх) хавиар эргэлддэг л этгээдүүд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Төр, ёс, жудаг барьж, сахиж, түүний үлгэр, биелэл болох ёстой нь төр бус, ёс бус, жудаг бус бүү хэл, түмнийг жигшээсэн, хорсгосон үг, үйлдэл гаргаад, гэмт хэрэг хийгээд, ичгүүр ч үгүй, гэмшил, шийтгэл ч үгүй яваад байвал ухвар мөчид ард ямар сургамж авах билээ. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг бус уу? Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг зарчим үйлчлэх бус уу? Дээдс нь суудлаа олохгүй бол доодс нь гүйдлээ олохгүй гэдэг энэ бус уу? Тиймээс жинхэнэ монгол хүний хайгуул хийж байгаа бол хүсэн хүлээсэн төр ёс суртахуунд чинь нийцэхгүй байгаа этгээдүүдээр төрөө ч, ёсоо ч, хуулиа ч, засгаа ч бариулахаа л больчих. Тэгвэл сайн нь биш юмаа гэхэд хэвийн нь дүүрээд ирнэ. Ер нь “өт хүртэл өөрт нь хүрэхэд атирдаг” гэдэг байх аа. Шударга бусаар хийгдэхийг адгийн новш ч тэвчдэггүй. Энэ бол хүний суурь мөн чанар, ёстой нөгөө амин чанар нь. Бид бүгдээрээ өөр өөрсдийнхөөрөө шударга оюун санаа (righteous mind). Тийм учраас л төр-ёс, хууль цааз, засаг захиргаа гэж юм байдаг бөгөөд тэдгээрийн хамгийн үндсэн үүрэг нь шударга бусыг цээрлүүлж, шударга ёсыг (justice) тогтооход оршдог юм. Тиймээс л төр тал тохой татахгүй, төмөр нүүртэй байх учиртай юм. Тиймээс сайныг эрэхийн оронд хэн хүнгүй мууг гэмшвэл, жигшвэл, үл тэвчвэл яасан юм бэ?
Өнөөгийн Монгол Улсын иргэн монголчууд болон ӨМӨЗО-ы монголчууд, ОХУ-ын харьяат монголчууд хоорондоо ямар ялгаатай вэ? Үүнд юу нөлөөлсөн бол?
Ялгаагаа гэхээсээ холбоогоо хаана хаанаа ухаарч байвал зүгээр болов уу. Өөрийгөө Монгол гэж үздэг сүүлчийн хүн амьсгал хураах хүртэл монголчуудын хувь заяа харилцан хамааралтай байх болов уу. Мэдээж Монголын төр ёс, соёлын голомт, тусгаар улсын хувьд Монгол улс хүчирхэг, хөгжингүй байвал бүх монголчуудын хувь заяанд нааштай байх нь ойлгомжтой. Ямар ч байсан тусгаар тогтносон Монгол улс оршиж байгаа нь хоёр хөршийн монголчуудын хувьд Монголоо Монголоор нь хадгалах, Монгол соёлоо сэргээх, хөгжүүлэхэд нь урам зориг, итгэл найдвар, гал голомт, эх уурхай нь болдог төдийгүй, бас өөртөө засах (автономи) эрх, байдлаа хадгалахад нь ч түшиг, бамбай болдог болов уу гэж боддог. Мөн түүн шиг Монгол ахан дүүсээрээ хүрээлүүлэн оршиж байх нь ч Монгол улсын хувьд ч жийрэгтэй байх биз ээ. Таны түрүүний хайсан жинхэнэ монгол хүн энэ асуулттай чинь холбоотой бол эдүгээгийн Монгол улсын нутаг Дайчин гүрэн, Хаант Орос хоёрын хооронд өмнүүрээ говиор, умраараа Сибириэр зах алсалсан, дээрээс нь өвлийн хүйтнээрээ ертөнцөөс “таслагддаг” байсан учир XX зуунд тусгаар тогтнолтой залгахдаа, “харанхуй бүдүүлгийн туйл” буюу Монголоос өөр соёл бага нэвтэрсэн “хязгаар” байсан юм. Тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш энэ газар нутаг дээр үзэл суртал нь улаан байсан ч үг хэл, төр захиргаа, соёл нь монголоор л явагдсан юм. Бусад монголчуудын хувьд тийм боломж хомс байсныг бид бүгдээр гадарлах.
National identity-үндэстний ижилсэл гэж ярихаар эрлийзийн тухай бодол хар аяндаа орж ирдэг. Аливаа үндэстний доторх эрлийзүүд тухайн үндэстнийхээ нэг хэсэг болж чаддаг уу эсвэл тэр чигтээ харь элгийн хүнээрээ үхдэг үү?
Харь элэг гэж өөр улс орны төлөө, эсвэл улс орныхоо төлөө бус гэсэн санааг хэлж байна гэж ойлговол ирмэл нь харь элгээрээ дууслаа гэхэд төрмөл нь, өсмөл нь ядаж нөгөө газартаа ч харь болох болов уу. Гэхдээ агуулж байгаа нийгэм нь, орон нь ялгаварлан гадуурхах, эсвэл элсүүлэн авахаас ч олон зүйл шалтгаалах болов уу. Эрлийз гэдэг ойлголт аль эртний Грек, Ромын үеэс л байсаар ирсэн хэл яриа. Ялгаварлан гадуурхах үзлийн нэг хэлбэр. Эртний грек, ромчууд “зэрлэгүүдтэй” (barbarians) холилдохыг цээрлэдэг байсан. Биологийн гэхээсээ илүү нийгэм, улс төрийн ойлголт. Ялангуяа Европын колоничлол арьс өнгөөр ялгаварлан дарангуйлах системийн дэлгэрлийн эрин үеэс дээд арьстны цэвэр байдлаа (racial purity) хадгалах, шилмэл арьстан үндэстнийг үржүүлэх хөгжүүлэх (eugenics) зэрэг үзэл, онол урсгалуудын хамт газар авсан ойлголт. Мэдээж, өөрсдийгөө цэвэр, дээд төрөлт арьстан, үндэстэн гэж үзэгчид, номлогчид нь доод төрөлтний цусаар бохирдохыг үл хүсэх. Тиймээс дээд, доод, эсвэл иргэншсэн ба зэрлэгүүдийн цус холилдохыг эсэргүүцдэг, эрлийзийг өөрсдийнх нь дээд төрлийг бохирдуулагч гэж, доод төрөлтөн, зэрлэгүүдээс ч гадуурхаж үздэг тал байсан. Энэхүү арьс өнгөөр ялгаварлах үзэл ХХ зууны сүүл хагасаас колонийн дэглэм унаснаар мөхөх замдаа орсон. АНУ хар, цагаанаар салган тусгаарлах (segregation) дэглэмээ халсан нь 1970-аад он бол, Өмнөд Африкийн БНУлс апартейд дэглэмээ халсан нь 1990-1994 он. Колонийн дэглэм, арьс өнгөөр ялгаварлан дарангуйлах систем нурсны дараа голдуу Энэтхэг гаралтай нийгэм, соёл, улс төрийн салбарын хэсэг эрдэмтэд эрлийзийн асуудлыг хурц тавьж, ялангуяа цэвэр соёл, хүчирхэг хөгжингүй ба дорой буурай соёл гэх ойлголтуудыг шүүмжилж аливаа соёл бие биенээсээ харилцан байнга авч, савлаж, зээлж ирсэн учир соёл угаасаа эрлийз шинжтэй гэж, ерөнхийдөө эрлийз байдлыг магтан дуулсан. Угаасаа ч Энэтхэг мэтийн колонийн хүн ам, нийгмүүд эрлийз шинжтэй болсон байсан. Эрлийз байдал нь, өөрөөр хэлбэл нэгэн зэрэг Энэтхэг, бас “Бритиш” мэт байх нь ч тэдний хувьд давуу тал байсан. Энэ үзэл санааны нөлөөн дор Урадын Булаг Өвөр Монголын “эрлийз” байдлыг магтан дуулсан (celebrate) удаа ч бий.
Өөр нэг эх сурвалж нь үндэстэн улсын систем, үндэсний үзэл. Эзэнт гүрнүүдийн хүн ам хэл соёлын хувьд хэзээ ч нэг төрлийн байгаагүй. Монголын эзэнт гүрэн ч тийм. Харин төр улсыг хаадын, династийн гэхээ больж, тодорхой ард түмнийх гэж үздэг болсон цагаас эхлээд, үндэстэн, үндэстний төр улс, үндэстний эрх чөлөө зэрэг ойлголттой холбоотойгоор, улс орон ч, улс орнуудын хоорондын дайн ч улс, үндэстэн, ард түмэн хоорондын болж хувирсан. Энэ үеэс эхлээд улс үндэстний нэгдмэл байдал, хүн амын хэл, соёлын нэгдмэл байдал, улс үндэстэндээ үнэнч байх явдал зэрэг үнэт зүйлс, ойлголтууд маш хүчтэй тавигдах болсон. Тийм учир Франц, Герман зэрэг Баруун Европын үндэстэн улс байгуулах үйл явц нь ихээхэн хүчирхийлэл дагуулсан үйл явц байсан. Өөр шашин, өөр хэл, өөр аялгатай цөөн тооны хүн амыг эрх баригчдын шашин, хэл, аялгад хүчээр уусгасан төдийгүй, зарим тохиолдолд хядлага, мөрдлөгө ч хийж байсан. Тухайлбал Францад гугенотуудыг XVII зууны туршид хяхаж, хавчиж, мөшгиж мөрдөж байсан. Ийм эмгэнэлт үйл явдал Европын олон орон болон дэлхийн өнцөг булан бүрт л тохиолдсон. Угсаатны цэвэрлэгээ (ethnic cleansing) гэдэг нэр томьёо сонссон байх. Өөрөөр хэлбэл үндэстэн улс, үндэсний үзэл нь өөрийн хүн амыг хэл, соёл, шашин шүтлэгийн хувьд нэгдмэл, нийтлэг, нэгэн төрөл (homogeneous) байхыг эрхэмлэдэг байсан учир өөр шашин шүтлэг, ер нь аливаа өөр гэж үзэгдсэн хүмүүсийг урвалага, салан тусгаарлахын уг сурвалж гэж сэжиглэж ханддаг байсан.
Гэхдээ хамгийн гол өдөөгч нь тухай улс, үндэстний хувьд заналхийлэгч, эсвэл заналхийлэгч гэж үзэгддэг улс орон үндэстэн. Чухам тийм заналхийлэл гэж үзэгдсэн улс орон, үндэстэнтэй холбоотой, хамааралтай гэж үзэгдсэн хүмүүс, хүн амын бүлэг эрлийз гэдэг, үл итгэх, ялгаварлан гадуурхах үзлийн бай болдог. Тухайлбал нацистууд болон Сталины дэглэмээс гадна Америк гэхэд л Перл-Харборын дараа Дэлхийн II дайны туршид 120 шахам мянган япон гаралтай Америк иргэдийг бөөнөөр хорих лагерьт нүүлгэн, шилжүүлж хорьж байсан. Мөн герман гаралтай хүмүүсийг мөрдөж мөшгиж 12 мянга шахам хүнийг барьж, хорьж байсан гэдэг. Өнөөдөр ч исламын шашинтнууд болон Ойрх Дорнодын гаралтай хүмүүс янз бүрээр сэжиглэгдэх нь цөөнгүй тохиолдол.
Монгол дахь эрлийзийн асуудал дээрх хоёр шинжийг, өөрөөр хэлбэл цэвэр цус, үндэсний мөхөл, уусалт, ба улс үндэстэндээ үнэнч байх эсэхэд эргэлзэх гэсэн хоёр талыг хоёуланг нь агуулахын хамт заналхийлэл гэж үзэгддэг урд хөршөөр тодорхойлогддог нь ажиглагддаг. Чухам тийм ч учраас Орос, Баруун Европ, Америк, эсвэл Казах, Япон, Солонгос ч юм уу тэдний “эрлийзүүд” Монголын “эрлийзийн асуудалд” хурцаар тавигддаггүй болов уу. Монголчуудын Хятадаас болгоомжлох, Хятадыг заналхийлэл гэж хардаг нь түүхтэй ч юм, гашуун туршлагатай, жишээтэй ч юм. Манж-Дайчин гүрний үед манж, монголчууд нэг талаас цөөхөн, нөгөө талаар өөрсдийгөө Хятадаас дээр гэж үздэг байсан учир, өөр хоорондоо гэрлэдэг ч, хүн амаа Хятад хүнтэй гэр бүл болохыг хориглодог байсан. Хятад иргэдийг гэр бүлтэйгээ Монгол нутагт суурьшихыг ч хориглодог байсан. Гэвч эмсгүй Монголд ирсэн хятад худалдаачид, эрсээ сүм, бурханд алдчихсан монгол эмэгтэйчүүдийн дундаас хүүхэд төрдөг л байсан. Гэтэл Европын колонийн өнгөлзлөг Хаант Оросын нөлөөнөөс айсан Манжийн захиргаа хятад түшмэдийн санал санаачлагаар Монголыг алдахгүйн тулд Монголыг Хятад иргэдээр колоничлох, түүний тулд нүүдлийн хятад иргэдийг олноор Монголд түлхэн оруулах төдийгүй монгол, хятад иргэнийг гэрлэхийг хориглосон хуучин хуулийг халсан. Энэ нь Манжийн шинэ засгийн бодлого гэгчийн жишээ. Хуучин хуульд мөн Монгол хүнийг хятад хэл сурах, хятад сургуульд сурах, хятад хувцас өмсөхийг хориглодог байсан бол Шинэ засгийн бодлого энэ бүхнийг хөхүүлэн дэмжих болсон. Өөрөөр хэлбэл Манжийн шинэ засгийн бодлогын илт зорилго нь Монголыг колоничлох, уусгах, хятадчлах явдал байв. Тийм ч учир 1911 онд Монголын тусгаар тогтнолыг сэргээгчдийн нэг том айдас нь Хятадад уусч алга болох явдал байсан. Тиймээс цусаа бохирдуулах, бузарлуулах болон үндэстний хувьд уусч, устаж үгүй болох гэдэг айдас нь монголчуудын хувьд хамгийн эртний айдас. Нөгөө талаар чухам Хятад л монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бараг хагас зуун жил боогдуулсан мэт. Дээрээс нь Өвөр Монголыг салгаж авсан бус уу. Өнөөгийн Өвөр Монголыг харж байгаа монголчууд Хятадын энэ бодлогын учир холбогдлыг бэлхнээ тольдож байгаа болов уу.
Хоёр дахь нь мэдээж эрлийзүүд Монгол улсад, Монголын үндэсний эрх ашигт үнэнч байх уу үгүй юу гэдэг эргэлзээ. Мэдээж улс төрийн асуудал. Аль 1930-аад онд Ерөнхий сайд П.Гэндэн ЗХУ-т цөллөгт байсан Ц.Дамбадоржид “Цэрэндорж та нарын ахмад хувьсгалчид эрлийзүүд байсан, бидний залуу хувьсгалчид луйварчид” гэж агсан тавьсан гэж Оросын мэдээлэгч бичиж үлдээсэн байдаг. Ц.Дамбадоржийг түлхэн унагаагчид түүний хятад эхнэр авсныг нь ч асуудал болгон тавьсан байдаг. Тиймээс эрлийзийн улс төрийн учир холбогдлын асуудал бүр тэр үед л тавигддаг байсан мэт. Хожим Хятад-Зөвлөлтийн хагарал, улмаар Ю.Цэдэнбал хятадуудыг хөөн гаргаж, нутаг зааснаар хужаа, эрлийз гэдэг ангилал нийгэмд гадуурхагдсан ангилал болж хувирсан болов уу. Ер нь монголчууд Хятадыг заналхийлэл гэж харсаар байгаа нөхцөлд Хятадын эрлийзийн талаарх энэ асуудал орхигдохгүй л болов уу. Монгол төдийгүй дэлхий нийт мандан хүчирхэгжиж байгаа Хятадын аюyлаас болгоомжилж байна. АНУ гэхэд л хятад оюутнууд, эрдэмтэд төдийгүй, хятад гаралтай америк эрдтэмтдийг хүртэл Хятадын талд тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж мөрдөж, мөшгиж, барьж байцааж байсан нь цөөнгүй. Одоо ч энэ асуудал хурцаар тавигдаж байгаа асуудал. Тиймээс энэ асуудал тийм ч амар алга болохгүй болов уу.
Гэхдээ хамгийн гол нь Монголын улс төр ийм бохир, улс төрийн анги нь нэлэнхүйдээ хулгайч, луйварчдаас бүрдэж байгаа өнөөгийнх шиг нөхцөлд энэ асуудал улам л хурцдаж, газар авах болов уу. Ялангуяа эрлийз гэж нэрлэгдэж байгаа улс төрчид нь авилгачид, оффшорчид байгаа нөхцөлд энэ асуудал намжих тухай саналтгүй л болов уу. Харин улс төрөө хулгайч, луйварчдаас цэвэрлэж, төр-хууль-ёсоо ягштал мөрддөг улс төртэй, улстөрчидтэй болсон цагт л ийм сэжиг, хардлага намжих болов уу. Гэтэл Монголын одоогийн улстөрийн эрхийг барьж байгаа этгээдүүдээс ийм зүйл хүлээх хэрэггүй мэт. Үнэнийг хэлэхэд орчин үеийн төр шашныг тусгаарласан, ардчилсан бүгд найрамдах улсад иргэдийн итгэлээр төрийн сонгуульт алба хашиж байж, төрийн ёслолоос гадуур элдэв лам хуврагт сунаж мөргөөд явж байгаа этгээд төр тэргүүлнэ, ерөнхийлөгч болно гээд зүтгэж яваа улс төр шүү дээ.
Түүнээс биш энгийн иргэдийн хувьд эрлийз асуудал болдог гэж бодохгүй байна. Харин энэ итгэл хөсөрдүүлсэн улс төрчид, бохир улс төрөөс болж энгийн, жирийн иргэд нэгнийгээ ялгаварлан гадуурхдаг явдал тогтохвий гэж болгоомжилж байна. Хэрвээ тэгж ялгаварлан гадуурхдаг явдал тогтвол асуудал ёстой чөтгөрийн тойрогт (vicious cycle) орох болов уу. Чөтгөрийн тойрог гэснээс энэ асуудал зөвхөн эрлийзэд төдийгүй Монголд Коминтерн ба зүүнтнүүдийн бий болгосон олон “ястнуудын” хувьд ч адил учир холбогдолтой зүйл. Хүн амаа халх, дөрвөд, казак, урианхай гэж ялган, ангилдаг тэр нь ялгаварлан гадуурхалтын хөрс, суурь болж, ингэснээрээ улс үндэстнээ өөрсдөө хагалан бутаргадаг ухаангүй бүртгэлээ халах хэрэгтэй. Хэрвээ тэр “ястан, үндэстэн, угсаатны бүлэг” гэдэгт итгэдэг залуус байвал өөрсдөөсөө би, бид өөрсдийгөө энэ “ястан, угсаатны” хэмжээнд түгжээд байвал миний, бидний өсөх, хөгжих, тэлэх, авирах орон зай хаана байх вэ, би, бид хаа хүрэх вэ гэж асууж үзээрэй гэж хэлмээр байна.
Эрик Хобсбаум (Eric Hobsbawm: The Invention of Tradition)-ынхаар бол уламжлал, түүнчлэн үндэстнийг ч бий болгох боломжтой мэт. Үнэхээр үндэстнийг шинээр бүрэлдүүлж, цогцлоож болдог уу?
Өдөр болгон биш юм гэхэд үе болгонд л үндэстнийг шинээр нөхөн үйлдвэрлэж байгаа шүү дээ. Яагаад төр улс болгон боловсролын систем гэдэг асар том “үйлдвэртэй” байдаг гэж бодож байна. Яагаад ерөнхий боловсрол гэдэг нь төр засаг захиргааны онц эрхэнд байдаг төдийгүй, төр засаг захиргаа нь боловсролыг үнэ төлбөргүй олгодог төдийгүй хүүхэд бүр заавал сурах үүрэгтэй байдаг гэж бодож байна. Улс-үндэстнээ тасралтгүй нөхөн үйлдвэрлэх гэж. Боловсролын зорилгын талаар янз бүрийн байр суурь бий. Гэхдээ хэзээ ч үл орхигдох хоёр суурь зорилго нь 1) залуу үеээ нийгэмдээ нийгэмшүүлэх, 2) ертөнц, юмс, үзэгдлийг аль болох ортойгоор, бодитойгоор танин мэдэхүйд сургах. Өөрөөр хэлбэл, эхнийх нь залуу үеэ өөрийн нийгмийн гишүүн болгох, түүний тулд түүнд шаардагдах мэдлэг, чадвар, үнэт зүйлс, итгэл үнэмшлийг сургадаг, суулгадаг гэсэн үг. Энэ нь улс үндэстнээ дахин үйлдвэрлэж байгаа хэрэг. Нөгөөх нь мэдээж шинжлэх ухааны мэдлэг, боловсрол олгож байгаа хэрэг. Тиймээс боловсролын салбар онцгой салбар. Шавийн эрдэм багшаас гэдэг байх аа. Монголын багш нар ямар байхаас монгол үндэстэн ямар байх нь шууд шалтгаална. Харамсалтай нь ОУВС, неолиберал клептократик дэглэм хоёрын хамгийн түрүүнд золигт гаргаж, гаргуунд нь хаясан салбар эрүүл мэнд энэ хоёр. Хүнээ хийх, хүнээ хамгаалах, өөрөөр хэлбэл үндэстнээ үйлдвэрлэх, хамгаалах салбарууд.
Монголчууд бидний дунд “аархал”, “омогшил” гэдэг хэллэг үндэсний үзэл, "омогшил"-той холбогдон бий болоод байна. Та юугаар ”аархаж”, юунд омогшдог вэ?
Наад үгнүүдтэй чинь холбоотой авир зан, үйл байдлыг сайн юм гэж хардаггүй. Дээрээс нь монгол хүний хувьд, ялангуяа энэ цаг үед амьдарч байгаа монгол хүний хувьд гээд аархаад, омогшоод байх зүйл тун ховорхон. Харин ичих, нүүр улайх, санаа зовох нь илүү. Гэхдээ ичих, нүүр улайх, санаа зовох нь энгийн, жирийн монголчуудын авир зан, аж амьдралаас бус харин Монголын эрх баригчид, улс төрчид, “элитүүд”, сэхээтнүүд гэгчдээс. Төр, засгийн чинь эрх мэдлийг хулгайч, луйварчид гартаа авчихсан, улс оронд чинь клептократик дэглэм ноёрхож байна. Орлого, авилга, зээлжих зэрэглэл энэ тэрээс эхлээд их дээд сургууль хүртэлх элдэв индекс, эрэмбэ, жагсаалтыг хар л даа. Аархаад, омогшоод байх юм юу байна? Үнэндээ “Монголын аливаа үйлс осол мэт санагднам. Төр мэдэхүй сайдаа гадаа суулганам, зэвийн морио гэр зуур унанам, өчүүхэн мэдэх хүнээр төр бариулнам, үрээ мориор зэвлэнэм, босгуул хүнээр төр мэдүүлнэм, борви хөхүүрт сархад хийнэм, буур үгүй тэмээ, бух үгүй үхэр, азрага үгүй адуу, хуц үгүй хонь мэт” гэж Тогоон тайш нэгэнтээ хэлсэн гэдэг. Эдүгээгийн Монгол ингэж л харагдаад байгаа юм даа. Тиймээс аархаж, омогшъё гэсэн ч тийм юм тун хомс байна даа.
Зочин
ишш
иргэн
ха ха
Зочин
Зочин
Jiriin 1 hun oigohgui l dee
Зочин
Зочин
Арай арай
Х
эрдэнэ
unshigch
Зочин
Зочин
Бигэр
onom