2020 оны УИХ-аас сонгуулиас хойших хоёр жил гаруйн хугацаанд үндсэндээ хоёр тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн АН-ынхан өнгөрөгч баасан гаригт ҮБХ-ны ээлжит бус хурлаа хийж, эвлэрэл нэгдлийн замыг сонгов. Ирэх лхагва гаригт буюу 18-ны өдөр намын даргыг сонгох сонгуулиа явуулахаар болжээ.

Ээлжит бус хурлыг зарласны маргааш АН-ын тамгатай ганц “хутагт” болох С.Эрдэнэ дарга “Энэ нөхөд ҮБХ-ны хуралдааныг зарлах эрхгүй субьектүүд” хэмээн мэдэгдсэнтэй харьцуулахад ҮБХ хуралдсаны маргаашнаас “С.Эрдэнэ, Х.Баттулга нар эвлэрчээ” гэсэн мессежүүд нисч эхэллээ. Энэ үйл явдлыг тохиолдуулаад Х.Баттулга нь хүртэл эргэж ирсэн гэх.

Ер нь бол АН С.Эрдэнэтэй С.Эрдэнэгүй, Х.Баттулгатай Х.Баттулгагүй ч Ардчилсан нам юм гэдгийг өнгөрсөн цөөхөн хоногт өрнөсөн үйл явдлууд бэлээхэн харууллаа. Гэхдээ хүн хүндээ илүүдэх биш. Эвлэрлийн замыг сонгосон нь үнэн бол үнэхээр сайн хэрэг. Эцсийн бүлэгт АН-гүйгээр С.Эрдэнэ хэн, Х.Баттулга хэн гэдгээ ойлгосон бол болж байгаа нь тэр. Харин ҮБХ-ны энэ удаагийн ээлжит бус хурал хүчинтэй юу, үгүй юу гэдэг дээр өөр баримт гаргаж бас болох юм.

Тодруулбал, 2020 оноос хойш АН-ын ҮБХ гурван удаа хуралджээ. 2020 оны тавдугаар сард (УИХ-ын сонгуулийн өмнө) зарласан ҮБХ-ны хуралд ҮБХ-ны 391 гишүүн оролцсон байна. 2022 оны гуравдугаар сард АН-ын Үндсэн дүрмийг шинэчлэн баталсан ҮБХ-ны ээлжит хуралд 491 гишүүн оролцож, намын шинэчилсэн дүрмийг УДШ бүртгэжээ. Үүний дараа 2022 оны зургадугаар сард ҮБХ-ны гишүүд дунд ротаци явуулахад ҮБХ-ны 252 гишүүн оролцсон байна. Харин энэ удаагийн ээлжит бус хуралдаанд ҮБХ-ны 314 гишүүн (ирцийн эхний мэдээгээр) оролцов.

Ингэхдээ өмнө хуралдсан гурван удаагийн хуралд оролцсон ҮБХ-ны гишүүдийн 50, 50 хувийн төлөөллийг оролцуулжээ. С.Эрдэнэ, Х.Баттулга нарын тус тусдаа багцалсан ҮБХ-ны гишүүдийн 50 хувь нь энэ удаагийн ээлжит бус хуралд оролцсон гэсэн үг. Товчхондоо, ҮБХ-ны хуралдаанаас гарсан шийдвэрийг ҮДШ “хүлээж авахгүй” гэх ямар нэг шалтгаан байхгүй болов. С.Эрдэнэ, Х.Баттулга нарын зүгээс ч эсэргүүцэх боломж үлдсэнгүй. Тиймээс, хэрэв энэ удаа Дээд шүүх дахиад “бүртгэхгүй”, эсвэл “биш байна” гэж гүрийвэл өөрсдөө асуудалд орно. Нэг намын шүүх шүү гэдгээ л албан ёсоор зарлана гэсэн үг.

Одоо хамгийн гол асуудал үлдсэн. Энэ бол хоёрхон хоногийн дараа болох намын даргын сонгууль. Энэ удаад АН дарга нараа дагаж мөргөлддөггүй, үзэл бодол, үнэт зүйл дээрээ нэгдсэн, дүрмээ баримталж, зарчмыг сахисан нам байгаасай, ийм шаардлага, шалгуураар намын даргаа сонгоосой гэж залбирах л үлдлээ. Намын дотоод сонгууль учраас намын гишүүд, ҮБХ үүнийг шийднэ. Хөндлөнгөөс хөлөө дүрэх боломж байхгүй. “АН эвлэрч нягтрах нь монголчуудын эрх ашиг” гэж Л.Гантөмөрийн хэлсэн үг үнэн бол энэ залбирал нөлөөлж магадгүй л юм.

Гашуун туршлага, хатуухан сургамж ч бий. Өнгөрсөн хугацаанд АН хамгийн баян “хулгайч”, хамгийн шазууртай “заргач” хоёрын дунд хэдэн жил тэссэн, тал дундуураа тас хэрчүүлэх ч дөхсөн. Харин энэ удаад хэн бяртай, бультай, хэн мөнгөтэйд нь намаа даатгах, эсвэл хэн нэгэн хүчтэй лидерийг тойрч мөлхөх биш, харин намын эв нэгдлийг хангаж, алсын хараагаа зөв тодорхойлж, түүндээ тохирсон баг бүрдүүлж ажиллах сайн менежерийг сонгох ёстой.

Учир нь АН-ын унал, мөхлийн шалтгаан нь үргэлж л лидерүүдийн зодоон байсаар ирсэн. 2000 онд арчилсан хүчний бүх намууд нэгдэж АН-ыг байгуулахад ч гэсэн ингэж ярьж байв. Ардчилсан нам лидерүүдийн нам биш, гишүүддээ түшиглэсэн нам болно гэж. Тэр цаг үе өнөөдөр ч гэсэн давтагдаж байна.

Өөрөөр хэлбэл, шинээр сонгогдох намын даргын хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол намаа бэхжүүлэх. Түүнээс биш ирэх сонгуульд ялалт авчирах нь эхний зорилго биш. Олонхи гишүүдийн хувьд (магадгүй зарим нэр дэвшигчдийн цээжний тооцоо байхыг үгүйсгэхгүй) “Нам ялбал намын дарга Ерөнхий сайд байх ёстой” гэдэг шалгуурыг эхэнд ярьж байх шиг сонсогдоно лээ. Тэгвэл уучлаарай, ирэх хоёр удаагийн сонгуульд лав АН-д ялалт байхгүй шүү. МАН муу байх тусмаа АН-д сайн гэдэг үзлээр одоо хол явахгүй. Ийм сэтгэлийн бэлтгэлтэйгээр намын даргад нэр дэвшиж, ирэх онуудад хийх ёстой ажил, хүрэх газраа төлөвлөж чадсан хүн л АН-ын дарга болох ёстой.

inews.mn