Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай ярилцлаа.

-Таны хувьд аймгийн Засаг даргын ажлаа хүлээж авснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Аймгийн Засаг даргын алба гэдэг анх бодож, төлөвлөж байсан шиг нь байв уу? Орон нутгийн бодлого зангидана гэдэг баргийн хүний барах магадгүй хүсэх ажил биш байх?

-Аймгийн Засаг даргаар ажиллаж эхлээд хагас жил гаруй хугацаа өнгөрлөө. Анх бодож байсан төсөөллөөс зарим нэг талаараа мэдээж өөр. Засаг даргын ажил нь өөрөө хөгжлийн бодлогын чиглэлийн ажил бөгөөд өмнө нь зөвхөн төрийн албан хаагчдыг хэрхэн чадавхжуулах уу?, аймаг орон нутгаа хэрхэн хөгжүүлэх үү?, иргэдийн амьдралын чанарыг ямар замаар сайжруулах уу? гэдэг талаас нь илүү харж байлаа. Энэ хугацаанд улс төрийн ажил гэдгийг илүү их мэдэрч, ойлгож байна.

-Засаг дарга гэдэг нэг талаасаа аж ахуйтай зууралддаг, нөгөө талаас улс төрийн уур амьсгалд голлох чиг үүрэгтэй оролцох гээд байдаг талтай...?

-Магадгүй тэрийг нь дутуу тооцоолсон тал бий байх ч өөрийн сурсан мэргэжлийн дагуу мөн гаднын улсад хөгжлийн бодлого талаас нь ажиллаж байсан учир эх орондоо энэ чиглэлээр ажиллаж болох үнэхээр сайхан, гоё ажил юм.

Миний хувьд залуучуудыг одоогийнхоос илүү их хөдөө рүү тэмүүлээсэй гэж боддог. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг сэргэлт нь Хот, хөдөөгийн сэргэлт. Ерөнхий сайдын Ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах Ажлын хэсгийг ахалж ажилласан учраас үнэхээр бодитоор хэрэгжээсэй гэж хүсдэг. УИХ-аар батлуулж, Засгийн газрын гол цөм болсон энэ бодлогыг бүрэн хэрэгжүүлж чадвал эдийн засагт томоохон өөрчлөлт гарна. Том зургаар харвал Монгол Улсын эдийн засаг Улаанбаатар хотод төвлөрсөн буюу эдийн засгийн дийлэнх эргэлт нийслэлд маань төвлөрсөн байдалтай байна. 

-Бүхэлдээ л “түгжирсэн” байдалтай байна?

-Ганц замын түгжрэл ч биш. Зүйрлэвэл яг л дүүрчихсэн торх шиг. Тэгэхээр эдийн засгийн энэхүү нэмэлт өсөлтөө шингээх, цаашдаа хаашаа, хэрхэн тэлэх вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь маш энгийн. Ерөөсөө л хөдөө, орон нутаг руу чиглэх ёстой. Мэдээж Улаанбаатарын эдийн засгийг ханачихсан гэж арай хэлэхгүй л дээ. Гол нь цаашдын тэлэлт нь хөдөө, орон нутаг руу байх хэрэгтэй гэсэн үг юм.

-Ерөнхий сайдын Ахлах зөвлөхийн албатай хүн аймгийн Засаг даргаар ажиллах улс төрийн томилолттой ирсэн нь тухайн үедээ л анхаарлын төвд явсан. Орон нутгийнханд ч гэнэтийн шийдвэр болсон. Засгийн газрын тэргүүний Ахлах зөвлөх, аймгийн Засаг дарга гэдэг аль ч талаараа асар ялгаатай албан тушаал. Нэг нь бодлого тодорхойлдог бол нөгөөх нь аж ахуй тал руугаа шийдвэр гаргадаг?

-Ерөнхий сайдын Ахлах зөвлөх гэдэг бодлого тодорхойлохоос гадна аж ахуйн талын зарим ажлууд ч бий. Зарчмын хувьд мэдээж өөр. Өмнө нь миний өдөр тутмын ажил Төрийн ордонд өнгөрдөг байлаа. Харин аймгийн Засаг дарга болсноор өмнөхөөсөө илүү иргэд, олон нийттэйгээ ойр байх боломж бий болж байгаа. Зарим ажлын үр дүн нь шууд харагдах боломжтой. Ерөнхийдөө гаргасан шийдвэрүүд урт хугацаанд үр дүн өгнө гэхээс илүү иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлэхүйц байдлаар харагддаг нь бас их гоё.

-Таны хувьд “гоё” гэдэг үгийг хэд хэдэн удаа дурдлаа. Үнэхээр хүсч ирсэн албан тушаал болохоор ингэж тодотгоод байна уу?

-Сэтгүүлч хүн үнэхээр амттай ярилцлага хийгээд хүссэн мэдээллээ гаргаж чадвал тэр нь үнэхээр гоё. Би өөрөө яг хөгжлийн бодлогын чиглэлээр боловсрол эзэмшсэн хүн учраас хүсч, зорьсон асуудлаа газар дээр нь хэрэгжүүлэх боломж гэж хараад байгаа юм. Аймаг, орон нутагт улстөржихөөс илүүтэйгээр шударга ёсыг тогтоох боломж гарч байна гэж үзэж байгаа учир төрийн албан хаагчдын ажилдаа итгэх итгэл нь улам сэргэж, нүд нь гал цог асч байгаа гэдэгт итгэж байна.

Ерөнхий сайдын зүгээс тодорхой хэмжээнд үүрэг хариуцлага ногдуулсан. Түүнийг нь миний хувьд мэдээж хүсч, хүлээн зөвшөөрсөн болохоос биш албадан ажил хийж, хийлгэж байгаа асуудал мэдээж байхгүй. Аймаг, орон нутгаа хөгжүүлэх, амьдрал ахуйг нь ойлгох асуудал төрийн албанд ажилладаг залуучууд төдийгүй бүх хүнд байгаасай гэж боддог. Ерөнхий сайдын Ажлын албаны дарга байхдаа орон нутгаар их явна. Түүнээс ч өмнө нь Монголынхоо 21 аймагт очиж үзэж байсан. Гэхдээ очиж үзэх, суурьшин амьдрах гэдэг хоорондоо тэс ондоо. Цагаан сарын өмнөхөн өвөлжилт хүндэрсэн айлууаар орохоос гадна  “Аймгийн аварга малчин” шагналыг гардуулж сумдаар явсан юм. Ховд аймгийн хувьд эдийн засгийн 40 хувь нь хөдөө аж ахуйн салбараас хамаардаг буюу тэр дундаа мал аж ахуй. Тэрхүү салбарыг нуруун дээрээ авч яваа малчдын амьдрал ахуй ямар байгаа юм?, ямар их хөдөлмөрөөр зуд зурхныг давж гарч байгаа юм? гэдгийг газар дээр очиж, харж, мэдэрч, ойлгох нь чухал.

Хотод байгаа хүн ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ сурагчдын амралтыг мал төллөлтийн үетэй уялдуулах хэрэгтэй гэх бодол төрсөн. Өнөөдөр хүүхэд зургаан наснаасаа эхлэн сургуульд орж байна. Гэтэл энэ нь орон нутагт гэр бүл тусдаа амьдрах шалтгаан болж байна. Бага насны хүүхэд нь ганцаараа дотуур байранд амьдрахад хэцүү учраас  ээж нь зургаан настай хүүхэдтэйгээ хамт суманд, аав нь хөдөө ганцаараа мал дээрээ үлдэж таарна. Гэр бүл тусдаа байснаар гарах үр нөлөө нь их бий. Энэ мэтчилэн орон нутагт төрийн хөрсөн дээрээ буугаагүй, муу үр дагавартай шийдвэрүүд бий.

Угтаа бол аливаа төрийн шийдвэр зөвхөн Улаанбаатарт амьдардаг буюу манай улсын хүн амын 50-аас дээш хувьдаа бус нийт хүн амдаа тааруулсан байхаар гаргах ёстой. Үүнийг нээлттэй ярилцах хэрэгтэй. Байгаа асуудалтайгаа бүрэн танилцаж, ойлголцож байж шийдлээ олж, гаргалгааг нь гаргах нь чухал. Хүн бүр үүнийг илүү ойлгож, мэдэрч ажиллаасай гэж ахин дахин хэлээд байгаа нь хөдөөгийн амьдрал ямар буйг мэдрүүлэхийн тулд манлайлах ёстой юм байна гэдгээ ойлгосон.

-Аймгийн Засаг даргын хувиар яг юу хийхээр зорьж, төлөвлөж байгаагаа дурдлаа. Ямар ч байсан орон нутагт боломж байна, бидний харж, ойлгодгоос тэс ондоо амьдралын орчин байгаа шүү гэдэг асуудлаар манлайлж ажиллах юм байна гэж ойлголоо. Гэхдээ Таныг энэ албан тушаалд томилуулсан нэг шалтгаан нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Засаг дарга болсноос хойш энэ ажилд ямар ахиц гарсан бэ? Засгийн газрын бодлого шийдвэр, хөгжлийн зорилт нь “бай”-ндаа тусч чадаж байна уу?

-Монгол Улс “Алсын хараа-2050” гэсэн ганц урт хугацааны хөгжлийн бодлоготой. 2019 онд УИХ-аас баталсан. Түүнээс өмнө олон ч хөгжлийн бодлоготой байсан, түүгээрээ явж ирсэн. Одоо бол нэг л урт хугацааны хөгжлийн бодлоготой. Түүнийх нь дунд хугацааных буюу эхний 10 жил нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д хамаарна. Нэмж бодлого тодорхойлохоос илүү хэрэгжүүлэгч нар хэрэгтэй гэсэн үг. Шат шатандаа хэрэгжүүлэх нь чухал, бидний үүрэг. Олон улсын байгууллагууд ч бидэнд нааштай хандаж байна. “Ковид”-ын цар тахлын дараа авч хэрэгжүүлсэн бодлого нь “бай”-гаа оносон байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр -4.8 хувьтай явсан эдийн засгийн уналт 4.6 болтлоо өссөн үзүүлэлттэй гарлаа. Нэгэнт бодлогоо зөв тодорхойлсон учраас одоо хэрэгжүүлэлт дээрээ анхаарвал үр дүнд хүрч чадна.

Монгол Улсын Засгийн газрын “нас” өнгөрсөн 30 жилийн хугацаанд дунджаар 1.5 жил байсан. Ямар ч сайн бодлого гаргасан, хэрэгжүүлэхэд хэцүү, бараг боломжгүй гэмээр үнэхээр богино хугацаа. Эрдэнэбүрэнгийн усан станц бол “Эрчим хүчний сэргэлт”-ийн бодлогын томоохон хэсэг нь. Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг тодорхойлсон нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол цөм. Манай улс дотоодын эрчим хүчний сүлжээний 20 хувийг гадаадаас буюу ОХУ, БНХАУ импортоор авдаг. 

-Баруун бүсийн сүлжээний дийлэнх нь ОХУ-аас хамааралтай?

-Тийм ээ. Өнөөдөр Монгол Улс өндөр үнээр импортлоод хямд өртгөөр иргэдэд нийлүүлдэг. Зөрүүг нь улсын төсвөөс төлдөг. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд эко буюу сэргээгдэх эрчим хүчний төсөл. Хүлэмжийн хийн ялгаралгүй усан цахилгаан станц бөгөөд дэлхийн чиг хандлагыг дагасан төсөл юм. Таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд  багагүй шуугиантай хэдий ч Монгол Улсын Засгийн газрын бодлого учраас цаашид үргэлжилэхээр болсон. 

-Нэг хэсэг орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр асуудлаа шийдвэрлэсэн гэсэн үг үү?

-Уг төсөл нь Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн дөрвөн сумыг хамарсан газар нутагт хэрэгжих юм. Намайг ажлаа хүлээж авсны дараа орон нутгийн иргэдийн тодорхой хэмжээний эсэргүүцэл байсан уу? гэвэл байсан. Түүнийг буруутгах аргагүй юм. Үе удам дамжин амьдарч ирсэн газар нутаг нь усан дор орно гэдэг ямар ч хүнд амаргүй. Гэхдээ улс орныхоо язгуур эрх ашгийг нэгдүгээр тавьж, тэдэнтэй ойлголцож, ойлгуулах чиглэлээр аймгийн удирдлага, яам болон төслийн нэгжийнхэн ажилласан. Надад ирүүлсэн 2022 оны жилийн эцсийн тайланд дурдсан мэдээллээр Увс аймгийн Өмнөговь сумын хамгийн их эсэргүүцэлтэй байсан ч багийн иргэд тоо 90 хувиас тав болтлоо буурсан байна лээ. 

-Иргэдийн эсэргүүцлийг 90 хувиас тав хүртэл бууруулсан нь маш бодитой ажлын үр дүн. Төр нь том төслөө явуулна гэж гэдийдэг, иргэд нь бариулахгүй гээд эсэргүүцэхээс илүү харилцан ойлголцолд хүрэх нь хамгийн чухал юм биш үү?

-Олон улсын байгууллагуудад ажиллаж, томоохон төсөл, хөтөлбөр хариуцаж байсан хүний хувьд хэлэхэд аль нэг эсэргүүцэл нийгмийн сүлжээгээр явахад хэтэрхий томоор хүлээж авах гээд байдаг нь ажиглагддаг юм. Гэтэл дэлхийн бүх улс орны томоохон төслүүд бүгдээрээ л ийм эсэргүүцэлтэй нүүр тулсан байдаг. Гайхаж хүлээж авах, эсвэл улс орны хөгжлийг эсэргүүцээд байгаа юм биш гэсэн үг. Байгаль орчин, нийгэм эдийн засгийн төсөөлөл, тооцооллыг иргэддээ сайн ойлгуулах ёстой юм л даа. 

90 мВт-ын усан цахилгаан станц барьж байсан туршлага Монгол Улсад байхгүй. 12 мВт-ын Дөргөний болон Тайшир хоёр өнөөдөртөө хамгийн том усан цахилгаан станц. Тэгэхээр Эрдэнэбүрэнг дагасан томоохон нуурыг хүний гараар барьж байгуулах, цэвэр усны нөөцтэй болох, түүнээс үүдэх шилжилт хөдөлгөөн, нүүлгэн суурьшуулах, соёлын өв зэрэг олон зүйлээс бид өөрсдөө суралцаж яваа. Төслийн том зорилт нь тодорхой. Ерөөсөө л ОХУ-аас эрчим хүчний хараат явдаг асуудлаа шийдвэрлэх. Төслийг амжилттай биш байгаасай гэж боддог хүмүүс байдаг эсэхийг үгүйсгэхгүй. Фотошоп хүртэл хийж, нийгмийн сүлжээнд тавиад иргэдийн бухимдлыг төрүүлсэн тохиолдол бий. Зорилготой, шалтгаантай болоод л тийм зүйл хийсэн байж таарна. Хамгийн гол нь, Монгол Улс эрчим хүчний хараат байдлаасаа гарах гэж том төслөө явуулж байгааг ойлгох хэрэгтэй. Төслийг ашиглалтад оруулсны дараа буюу таван жилийн дараа баруун бүсийг тэр чигт нь дотоодын эрчим хүчээр хангана. Монголдоо үлгэр болохуйц ногоон эрчим хүчээр бүс нутгаа хангах ач холбогдолтой.

-Дэлхийн улс орны жишгээс харахад усан цахилгаан станцыг тэр бүр дуртай газраа барьдаггүй гэж сонссон. Олон жилийн судалгаа, тооцоолол, эргээд гарах үр дүнг нь нарийвчлан тогтоосны үндсэн хэрэгжүүлдэг гэсэн. Тэр дагуу л баруун гурван аймгийн дөрвөн сумын бүс нутгийг хамруулсан байх?

-Санал нэг байна. Тэр хавцал, усны урсгал зэрэг нь бүгдээрээ тохирсон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дуртай гол дээрээ усан цахилгаан станц барих боломжгүй. 90 мВт-ын өгөгдөл бүхий усан цахилгаан станц барих бүс нутаг нь байгаад бид баярлах ёстой юм болов уу? гэж боддог. Үүний дараагийн алхам нь мэдээж Эгийн голын 315 мВт-ын усан цахилгаан станц буюу Эрдэнэбүрэнгээс дөрөв дахин том төсөл. Ногоон хөгжлийн зорилтоор байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдээ Монгол Улс барих л ёстой.

-Дараа дараагийн том төслийг хөдөлгөх, хэнээс ч хамаарахгүйгээр тогтсон цаг хугацаанд нь ашиглалтад оруулах баталгаа бас дархлаа нь өнөөдөртөө Эрдэнэбүрэн л байна. Та Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа шалтгаан нь ч энэ. Тэгэхээр дараагийн хүн нь ирсэн ч төслийн бүтээн байгуулалт явдгаараа явсаар, магадгүй ашиглалтад оруулахад бэлэн болсон байх баталгааг Та өгч чадах уу? Алдах, шалтгаан яриад суух эрх Танд байхгүй гэдгийг хэлэх гээд байгаа юм?

-Эхний ээлжид төслийн барилга, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх нь чухал байна. Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын дийлэнх хугацаа нь усан сангаа бүрдүүлэхэд байдаг. 

Монгол болон Хятад улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ганц, хоёр баталгаажуулах асуудал бий. Өнгөрсөн намар геологийн ажлыг ямар ч ажлын саад бэрхшээлгүй бүрэн явуулах тал дээр ажилласан. Энэ жилээс барилгын ажил эхлүүлэхээр тооцоолж байна. Хоёр орны хоорондын харилцаа, Засгийн газрын бодлого, ард иргэдийн дэмжлэгийг авсан төсөл учираас Эрдэнэбүрэнгийн төсөл хэрэгжих нь чухал юм.

Ер нь ямар ч ажил нэг хүнээс шууд хамаарахгүй. Эрдэнэбүрэн усан цахилгаан станцын төсөл ямар ч байсан амжилттай явна гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар, Эрчим хүчний яам, төслийн нэгж гээд энэ бол олон хүний хүч, хөдөлмөрөөр бүтэх төсөл. Монгол болон Хятад гэсэн хоёр улс хоорондын харилцаа ч хамаатай. Орон нутгийн удирдлага бол нэг л хэсэг нь. “Шинэ сэргэлтийн бодлого” тэр дундаа “Эрчим хүчний сэргэлт”-ийг хэрэгжүүлэх нь миний ажлын нэг хэсэг. Үүнээс гадна олон талаас нь харж намайг энэ албанд томилсон болов уу? гэж харж байгаа.   

-Ажлын нэг хэсэг гэхээсээ Танд оноосон үүрэг нь...?

-Тиймээ, надад өгсөн олон үүрэг даалгаврын нэг нь. Үүнээс гадна олон талыг харж өнцгөөс харж Засаг даргаар томилсон болов уу. Би үүнийг ганцхан надад өгсөн боломж бус нийт залуучуудад асар том боломж өгсөн гэж хардаг. Мөн анхны эмэгтэй Засаг дарга гэдэг утгаараа эмэгтэйчүүд маш том боломжийг нээсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг газар дээр нь хэрэгжүүлэх чухал бөгөөд тухайлбал хотоос хөдөөг чиглэх Хөдөөгийн сэргэлтийг би өөрийн биеэр үлгэрлэн харуулж байгаа гэж хэлж болно. 

-Ингэхэд нутгийн иргэдтэйгээ яаж учраа олсон юм бэ?

-Ерөнхийдөө учраа олох, олохгүй гэхээс илүүтэй байнгын үнэн зөв мэдээлэл хүргэж, шийдвэр гаргалтад ойрхон байлгах нь чухал. Албан үүргээ хүлээж авснаас хойш Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн газар дээр нь ирж ажилласан. Увс, Баян-Өлгий аймгийн удирдлагууд анхаарал хандуулж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам иргэд маань ойлгож эхэлж байна. Аймгийнхаа бусад сумдаар явж ажиллахад Эрдэнэбүрэнгийн төслөө хурдан явуулаач гэх иргэд ч их байна. Мэдээж голын голдирол, бэлчээрт, иргэдэд ямар нөлөөтэй вэ? гэх зэрэг тодорхой хэмжээний санаа зовнил байдаг. Мөн иргэд ч асуудаг. Нэг өдөр ойлголцоод, өөр өдөр нь ойлголцохгүй явна гэж байхгүй. Ард иргэдтэйгээ байнгын уялдаа холбоо, харилцан хамааралтай байж, мэдээллээ хүргэж энэ төсөл хэрэгжих юм.

-Ерөнхий сайд хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Засаг даргыг огцруулаад оронд нь Ахлах зөвлөхөө нэр дэвшүүлж томилуулсан нь Э.Болормаа гэдэг хүнийг Л.Оюун-Эрдэнэ мундагдаад тавиуллаа гэсэн яриаг хүссэн ч, эс хүссэн ч улс төрийн түвшинд гаргасан. Ер нь Ерөнхий сайдаас дэмжлэгтэй гэсэн яриа энэ хугацаанд арилсан уу?

-Энэ асуултыг надаас илүү Ховдчуудаас асуусан нь зохимжтой байх. Засаг даргаар томилогдох явцын тухайд аймгийн ИТХ-ын хурлаас нэр дэвшүүлсэн бөгөөд тэр нь ч дэмжигдсэн. Энэхүү асуудлыг хүний нөөцийн бодлого талаас нь харвал нээх тийм гайхаад байх зүйл биш. Жишээ нь, урд хөршийн хүний нөөцийн бодлого ч гэсэн төвөөс албан тушаалтнуудаа урт болон богино хугацаанд томилоод Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн явуулдаг. Мөн Дэлхийн банканд ажилладаг байхад аливаа нэг улсад Суурин төлөөлөгч илгээхдээ тухайн улсын иргэнийг сонгодоггүй. Энэ нь ашиг сонирхлын зөрчил гарах магадлалтай гэж үзэж, дотроос нь сонгохгүй байх зарчимыг баримталж байгаа хэрэг л дээ. Тэгэхээр үүнийг хүний нөөцийн бодлого талаас нь илүү харах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд мэдээж аливааг бодохгүйгээр шийдвэр гаргаагүй нь тодорхой. Цаагуураа залуучууд болон эмэгтэйчүүдийг дэмжиж байна гэж мөн харж байна. Энэ мэтчилэн гаргасан шийдвэр нь илүү үр дүнтэй болж байвал цаашид жишиг болгоод явахад болохгүй зүйлгүй гэж бодож байна. Тэр нь заавал Ерөнхий сайдын Ажлын албанд ажиллаж байсан нэгэн байх албагүй. Аймаг, орон нутгаа хөгжүүлэх залуучуудад тийм боломжийг нээгээсэй. Нутгийн хүн биш гэхээс илүү тухайн хүний давуу тал, чадварыг нь чухалчлан харах  ёстой болов уу.

Анх томилогдож байх үеийн уур амьсгал эсэргүүцлээс илүү бодит санаа зовнил байсан байх. Манай аймагт амьдардаггүй байж яаж бодлого тодорхойлох юм. Одоо бол аймагтаа ажиллаж, амьдраад хагас жил өнгөрч байгаа болохоор харах өнцөг нь өөр болсон болов уу. Долоо хоног бүрийн Пүрэв гарагт хүсэлт тавьсан иргэдтэйгээ нээлттэй уулзаж байна. Энэ уулзалтаасаа ерөнхий баримжаа авахад намайг дэмжих нь илүү олон болсон байх гэж санагдсан. Мөн аймгийнхаа сум бүрд хоёроос гурван удаа ажиллаж, ард иргэдтэйгээ уулзлаа. Манай аймгийн хувьд нэлээд хүнд өвлийг өнтэй давж гарсан ч одоо хаврыг давна. Энэ бүгдийг иргэдтэйгээ уулзаж, хамт ажиллаж байж мэднэ. Хагас жил гэдэг нэг бодлын урт, нэг бодлын их богино хугацаа юм даа.   

-Яг ийм жишгээр хүний нөөцийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлье гэхээр хүндрэлтэй талууд бас бий. Наад зах нь хаана улстөржилт хамгийн их байна, орон нутагт л байгаа шүү дээ? Албаа хүлээж аваад хагас жил болж байгаа ч үүнийг хамгийн сайн мэдэрч байгаа хүн нь Та байх?

-Анх ирэхдээ л нэг зүйлийг хэлсэн байдаг. Юу гэхээр өөрийгөө улстөрч гэж харахаас илүү хөгжлийн бодлогын буюу мэргэжлээрээ ажиллаж байна гэж харах ёстой гэж. Сэтгүүлч хүн сэтгүүлчээрээ, инженер хүн инженерээрээ ажиллаж байгаатай л яг адилхан. Гэхдээ Таны хэлсэнчлэн Монгол Улсад, аймаг, орон нутагт улстөржилт асар их байна. Энэ бол маш харамсалтай үзүүлэлт.

Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Гэтэл хэн хэнийгээ  энэ намын хүн, тэр намын хүн гэж цоллодог. Сумдад очиход улстөржилт нь бүр их болдог. Сонгуулийн үеэр гэр бүлийн хоёр хүн хоорондоо ярьдаггүй гэж шог болгож ч ярьж байна. Уг нь бидэнд тэгж улстөржих цаг зав байхгүй. Нийтээрээ, нийгмээрээ, улсаараа хөгжье гэвэл хүн бүр хичээх ёстой. Ийм цөөхүүлээ, энэ том газар нутгийг авч явж, амьдралын чанараа сайжруулна гэвэл хүн болгон үр бүтээлтэй ажиллах учиртай. 

Бодит байдал дээр амьдралынхаа ямар их цаг, завыг улстөржиж өнгөрөөж байна вэ? гэдэгт харамсдаг. Төрийн ордонд хамгийн их улстөржилт байдаг байх гэж хүн бүр бодож байгаа байх. Гэхдээ миний туршлагаар хамаагүй бага улстөрждөг байсан юм билээ. Тэгэхээр орон нутагт байгаа улстөржилтийг аль болох багасгах тал руугаа явах нь зөв. 

Миний хувьд манай, танай аймаг гэж ярих дуртай төрлийн хүн биш. Бид бүгдээрээ нэг л Монгол Улстай. Монгол хүн хаана ч амьдрах эрхтэй. Аль ч аймгийн хүн Ховдод ирээд ажиллаж, амьдрах эрхтэй. Ер нь аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогын хязгаарлагч хүчин зүйл нь улстөржилт юм биш үү? гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Ямар ч байсан зургаан сар ажиллах хугацаанд үүнийгээ л багасгая гэж уриалмаар санагдаж байна.

-Ховд аймаг баруун бүсийн тулгуур төв гэж явдаг. Бусад аймагтайгаа харьцуулахад эдийн засаг талаасаа ч хөгжлийн багана бүрэн боломжтой гэгддэг. Сүүлд баруун таван аймгийг цементээр хангах үйлдвэрийг ашиглалтад орууллаа?

-Баруун бүсийнхээ бусад дөрвөн аймагтайгаа хиллэдэг нь давуу тал. Баруун босоо тэнхлэгийн олон улсын чанартай замын дийлэнх нь Ховдоор дамжин өнгөрдөг. ОХУ, БНХАУ хоорондын транзит тээвэр Баян-Өлгий, Ховдоор дамжин яваад эхэллээ. Одоо бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал яригдаад явж байна. Зарим нь ярьдаг даа. Бид хэтэрхий хуваагдаад тарчихсан юм биш үү? нэгтгэх бодлого гаргавал яасан юм гэж. Гэхдээ аймаг нэгтгэх тухай ярих бус бүсчилсэн хөгжлийн бодлого гаргах, бусадтайгаа хамтарч ажиллах боломж нь их байна гэж харсан. Тээвэр логистик, аж үйлдвэржилтээ яаж хөгжүүлэх вэ? гэдэгт хэрхэн уялдаа холбоотой ажиллах нь чухал.

Энэ хүрээнд “INVEST Khovd” арга хэмжээнд баруун таван аймгийн удирдлагуудыг урьж, хамтдаа аялал жуулчлалын бодлогоо тодорхойлохоос эхлээд бүс нутгийн хөгжлийн асуудлаа ярьсан. 

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нь байна уу?, хэн нь ч байсан Баруун бүсийн зөвлөлийн дарга гэж явдаг. Бүсийн уялдааг хангах үүрэгтэй гэсэн үг.

-Аймгийн Засгаас гадна Баруун бүсийн зөвлөлийн дарга гэсэн статус байдаг хэрэг үү?

-Тийм ээ. Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа хүн давхар энэ албыг хариуцдаг. 

-Баруун таван аймгийнхаа бүсийн хөгжлийн бодлогыг зангидана гэсэн үг үү?

-Зөвлөл гэдэг утгаараа аймаг хоорондын уялдаа холбоог хангах ёстой албан тушаал.

-Аймаг гэдэг тусдаа төсөвтэй, бодлоготой, өөрийн гэсэн онцлогтой. Зарим асуудалд бүх хүчээ дайчилж байж ажил урагшилна. Магадгүй диктатур ч хэрэг болох үе бий. Энэ хугацаанд шантрах үе гарав уу?

-Давуу тал нь олон юм болов уу гэж хараад байгаа юм. Ялангуяа Монгол Улсын Засгийн газрын бодлого тодорхойлох ажилд өөрийн биеэр оролцож, хэрэгжүүлээд яваа нь асар их давуу тал. Аймаг, орон нутгийн ажил өөр хоорондоо уялдаагүй явах зүйл мэр сэр харагддаг. Түүнийг нь аль болох багасгах нь чухал. Би өөрөө аль болох оптимист үзлээр асуудалд ханддаг хүн. Сөрөг гэхээсээ давуу талыг нь хардаг. 

-Гэхдээ Засаг даргын гаргасан шийдвэр бүхэн орон нутгийн иргэдийн ахуй амьдралтай шууд холбогддог учраас ямар нэгэн байдлаар сөрөг хандлага ирж таарна. Хүн бүхэнд таалагдах албагүй гэдэг шиг л...?

-Хүн бүр өөр өөрийн бодолтой. Гол нь олон нийт өөр хоорондоо ярилцаж байгаа нь зөв. Монгол Улсын хүний нөөцийн бодлого яаж явагдах ёстой том зургаараа олон нийт ярилцаж байна гэсэн үг. Хувь хүн дээр төвлөрч ярьдаг зүйл нь хэдий эмзэг ч аль болох гуравдагч этгээдийн нүдээр харахыг хичээдэг. Миний хувьд аймгийн анхны эмэгтэй Засаг дарга гэдгээрээ илүү анхаарлын төвд байдаг юм шиг байгаа юм. Энэ дунд зохион байгуулалттай ч юм бий.

Бид бүгдээрээ л суралцаад явж байна. Би ч суралцаж байна. Хүн л юм болохоор алдаа оноотой байхыг үгүйсгэхгүй. Хэзээ бид эрэгтэй дарга нарын гадаад үзэмжид анхаарч байлаа? Магадгүй энэ нь “дабль стандарт” юм биш үү? Ганцхан миний гадаад өнгө төрхийг тойрч байгаа ч илүү нээлттэй ярилцах сэдэв. Эрэгтэй хүнд ханддаг хандлага эмэгтэй хүнийхээс яагаад өөр байгаа юм бэ? гэдгийг бодох ёстой. 

Аймгийн “Аварга малчин”-ы шагнал гардуулж байх үеэр айл гэрийн хойморт суулгаад ууц хөнд гэх үед  анхандаа бэргэж, эмээсэн ч ахмад буурлуудын зүгээс “Миний охин Төрийг төлөөлж байгаа хүний хувьд хөндөх ёстой” гэсэн. Тэнд байгаа залуучууд, магадгүй эмэгтэйчүүд хойморт нь эмэгтэй аймгийн дарга заларч байгааг анх удаа харсан байж болно. Ийм үзэгдэл хэвийн болоосой гэж боддог. Монголчуудын бидний төрт ёсны соёл нь өөрөө гайхамшигтай. 

-Магадгүй Та Ерөнхий сайдын Ахлах зөвлөхөөр ажиллах хугацаанд өөр “Болормаа”-г Ховд аймгийн Засаг даргаар томилсон бол хөндлөнгөөс хэрхэн дүгнэх байсан бол?

-Үнэхээр бүх түвшинд тултал нь дэмжих байсан байх даа. Асуудал иргэн Болормаадаа биш зөв гэж бодсон учраас Ерөнхий сайдын саналыг хүлээн зөвшөөрсөн. Түүнээс би гэдэг хүндээ биш. Миний бодлоор хүний нөөцийн бодлого ийм байх ёстой гэж боддог. Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь эмэгтэй. Ардчилсан улс гэдэг өөрөө төлөөллийн зарчимтай. Тэнд удирдах албан тушаалд яагаад эмэгтэй хүн байж болохгүй гэж.

-Ерөнхий сайдын зүгээс санал тавихад хэр “бэлтгэл”-тэй байсан бэ?

-Тодорхой хэмжээнд Ерөнхий сайдын Ажлын албаны дарга хийгээд “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулахад ажилласан ч ямар нэгэн байдлаар “бэлтгэл”-тэй байх боломжгүй. Гэнэтийнх л байсан. Гэхдээ өөрчлөлт, шинэчлэлт гэдэг тодорхой хэмжээний өвдөлттэй байдаг. Ямар нэгэн байдлаар цочрол өгнө гэдэг нь буруу зүйл биш. Намайг нэр дэвшүүлснээр тодорхой хэсэг бүлгийн эрх ашгийг хөндсөн л байх. Тендер болгоныг зохицуулдаг бүлэг орон нутагт байдаг юм байна. Газар дээр нь байгаа болохоор харж л байна. Түүнийг нь таслан зогсоохоор уурлалгүй яах вэ? 

-Өөрчлөлт, шинэчлэлийн хамгийн хэцүү нь тэр үү?

-Бусадтай хамт олон болж ажиллаад үр дүн гаргаад явж л байна. Гэхдээ өөрчлөлт, шинэчлэлийн хамгийн хэцүү нь хүний тархинд хийх өөрчлөлт. Ховдчууд бүгдээрээ миний харж байгаа өнцгөөс хараасай! гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Юу гэх гээд байна вэ? гэхээр манай Ховд аймаг дэлхийн жишгээр амьдралын чанарыг дээдэлж, хөгжих бүрэн боломжтой гэдгийг харах. Өөрөөр хэлбэл, Болормаа ганцаараа хүсч, мөрөөдөөд ямар ч нэмэргүй. Төрийн албан хаагч, аж ахуй нэгж, ард иргэд, бид бүгд нэг зүгт харж байж өөрчлөлт гарна гэж итгэдэг.

Ярилцсанд баярлалаа.

UZEG.INFO