Эрх баригчдын хэтийдсэн “пиар”, сөрөг хүчнийхээ намын удирдлагыг онилсон нүүр, нүдгүй сохор дайралтын эсрэг АН-ын гишүүд дахин нэгдэж, нягтарч эхэллээ. Боловсролын зээлийн сангийн асуудлаас болж намынхаа дотор, гаднаас багагүй шахалтанд ороод байсан АН-ын дарга Л.Гантөмөр ирэх 2024 оны сонгуульд намаа удирдаж орох нь тодорхой болов.

Тодруулбал, АН-ын “МонДе” фракци өнгөрөгч хагас сайнд “Гүн Галуутай”-д цуглаж, 2024 оны сонгуулийнхаа стратегийг ярилцжээ. Энд яригдсан бас нэг чухал зүйл нь сүүлийн үед намын зарим фракциас сэвж, дэвээд байсан “Л.Гантөмөрийг намын даргаас огцруулах” тухай яриаг нэг мөр хааж, намын даргатайгаа нэг баг болж, дэмжиж ажиллахаар болцгоосон байна. “МонДе” фракцид АН-ын энэ цаг үеийн нүүр царай болсон голлох лидерүүд буюу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, хуульч Г.Эрдэнбат, эдийн засагч Р.Даваадорж, Нийслэлийн АЗХ-ны тэргүүн н.Өлзийбаяр нар багтдаг, ҮБХ дотроо нэлээд томд орох фракци юм байна.

“Гүн Галуутай”-д болсон энэ уулзалтын маргааш АН-ын “Нэг Монгол” хөдөлгөөнийнхөн бас “Асем Вилла”-д цуглаж хуралдсан бөгөөд намын даргаа дэмжиж, нэг баг болж ажиллахаар тогтжээ. Сонирхолтой нь, БЗС-гаар шалтаглан АН-ын шинэ дарга руу хийсэн эрх баригч намын зорилтот пиар  зорилгодоо хүрэлгүй унаж, эсрэгээрээ тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн АН-ын фракциудыг эргүүлэн нэгтгэж эхэллээ. Тухайлбал, өмнө нэг удаа намын даргын сонгуульд ялалт байгуулсан ч С.Эрдэнээс тамгаа авч чадалгүй буцсан М.Тулгатын тэргүүлдэг “Од” фракци, Да.Ганболд, Б.Гарамгайбаатар нарын МҮДН, УИХ-ын гишүүн Д.Ганбатын “Хийморь” зэрэг АН дотор хүч, нөлөөтэй байгаа бүх фракциуд бүгд ирэх 2024 оны сонгуулийг кампанит ажлыг Л.Гантөмөр удирдах ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна.

Учир нь, 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш “ах” нарын зодоонд үрэгдэж, албан ёсны намын даргагүй болчихоод байсан АН-ын эргүүлж нэгтгэсэн, албан ёсны нам болгосон хүн нь Л.Гантөмөр. С.Эрдэнэ, Женко, Ц.Элбэгдоржийн хэн нь ч үүнийг чадаагүй, зөвхөн өөрсдийн эрх ашгийг өмнөө тавьж, намын гишүүдээ талцуулж хуваасаар өдийг хүрсэн билээ. Харин Л.Гантөмөрийн хувьд намынхаа бүх фракц, бүлгүүдийг цуглуулж байгаад сонгууль явуулсан, олонхийн саналаар намын дарга болсон, намаа Дээд шүүхэд бүртгүүлсэн ганц хүн нь. Үүнийг хэн гуай нь ч өөрчлөх гээд өөрчлөх боломжгүй юм.  

Хоёрдугаарт Л.Гантөмөр АН-ын дарга болоод хийсэн нэг том дэвшил бол сая УИХ-аар баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт буюу сонгуулийн холимог тогтолцоо. Сүүлийн хоёр сонгуулийн хугацаанд МАН-ын парламент дотор гарсан ЖДҮХС, Хөгжлийн банкийг тоносон хэрэг, Нүүрсний хулгайгаас болж “Үндсэн хуульд өөрчлөлт хийх ёс суртахууны эрхгүй парламент” хэмээн чичлүүлж, чичирч байсан эрх баригч намыг энэ галаас хөтөлж гаргасан хүн нь АН-ын дарга Л.Гантөмөр. Хэдийгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн автор нь МАН болж харагдаж байсан ч гэлээ “Энэ бол АН-ын арван жилийн өмнө гаргасан бодлого, тавьсан зорилго шүү. Хэн эрх барьж байгаагаас шалтгаалж АН өөрийн бодлогооосоо ухрах ёсгүй” хэмээн намынхаа гишүүдтэй хүртэл тулж байж батлуулсан. Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоо АН-ыг парламентад дахин олонхи болох, олонхи болдоггүй юм гэхэд хүчтэй, бодитой сөрөг хүчин байх боломжийг авчирсан. Ямар ч байсан сүүлийн хоёр сонгууль шиг нийт сонгогчийн 40 хувийн саналыг авсан нам парламентын 80 хувийн суудлыг эзэлж, 100 хувь эрх барьдаг цаг эргэж ирэхгүй нь баталгаатай.

Өмнөх сонгуулиудын жишгээс харахад АН ардчиллын 30 жилийн түүхэнд ганцхан удаа парламентад хамгийн олон суудлыг авч, эрх барьсан нь 2012 оны сонгууль байсан. Эрх барьж байх хугацаандаа Үндсэн хуулийн хамгийн том өөрчлөлтийг эхлүүлсэн боловч тухайн үеийн сөрөг хүчин болох МАН “үхрийн сүүлэн дээр хутга” тавиад энэ шинэчлэл унасан, ухарч буцсан билээ. Тиймээс АН-ын даргын хувьд энэ өөрчлөлтийг МАН-аар өөрөөр нь хийлгэх нь бодитой бөгөөд боломжтой ганц гарц байсан нь ч ойлгомжтой. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад ирэхээр МАН-ын гишүүд, хууль санаачилсан Засгийн газар нь хүртэл “Сонгуулийн тогтолцоог өөрчлөх чинь АН-ын ч гэсэн бодлого байсан шүү” гээд Л.Гантөмөрийн араар нуугдахыг бүгд л харсан шүү дээ. Товчхондоо МАН дангаараа энэ өөрчлөлтийг хийх боломжгүй, ёс суртахууны хувьд тийм эрхгүй гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн хэрэг. Харин Л.Гантөмөрийн хувьд ойрын зорилго, богино зайны улс төрөөс илүү Монголд олон намын тогтолцоо жинхэнэ утгаараа ажиллах, парламентыг улс төрийн олон урьгалч үзэл санаа уралдаж байдаг эрүүл мэтгэлцээний талбар болгох холын бодлогоо хамгаалж үлдсэн. Энэ л улстөрч хүний зангараг, явах ёстой зам мөр юм л даа.

iNews.mn