Хятадыг хамгаалсан нь
Монголчуудын эсрэг хийсэн Хятадын тэмцэл
(1209-1370)
Энэхүү бүтээлд улирч одсон мянганы нэн чухал нэгэн үйл явдлын тухай өгүүлнэ. Энэ тухайд барууныхны мэдлэг туйлын нимгэн. Гэхдээ энэ бол хачин гайхалтай зүйл. Монголчууд тухайн цаг үед нэг сая ч хүрэхгүй тоотой байсан бөгөөд хятадуудын үздэгсэнчлэн ганцхан бэсрэг сууринтай “зэрлэг” нүүдэлчид нэг зуун сая хүн амтай, олон зуун хот тосгодтой, дэлхийн хамгийн том агаад эртний эзэнт гүрэн рүү халдаж, эзлэн эрхшээсэн нь гайхалтай. Хэрхэн яаж энэ үйл явц хэрэгжсэн гэдэг нь жишээлбэл, 1210 оны үед амьдарч асан маш ухаалаг монгол, эсвэл хятад хүүхдийн хувьд хариулт нь үл олдох начиртай. Гэхдээ л тэр нь тухайн цаг үед амьдарч асан олон хүүхдийн амьд ахуйд хэрэгжсэн байдаг. Нийт Хятад, түүний эргэн тойрны олон улс гүрэн хүн төрөлхтний түүхэнд байгуулагдсан хуурай газрын хамгийн том эзэнт гүрний эрхшээлд орсон юм.
Тэрхүү байлдан дагуулалтын ул мөрийг үл тоомсорлохын аргагүй. Домогт Хубилай хааны үед Номхон далайгаас Хар далай хүртэлхийг эзэгнэсэн их гүрний атганд Хятад улс орсон, тэгээд Хубилай өөд болсны хойно тэр эзэнт гүрэн тарж бутарсан нь зүгээр нэг ойлголт гэж үү? Үгүй. Хубилайн ноёрхлын жинхэнэ ул мөр тэр үед ч, эдүгээ ч түүний үр дагавартай холбоотой. Хубилайн үеийн Хятад нь өнөөгийн Хятад, гэхдээ түүний бүтцэд нэгэн онцгой газар нутаг эс хамаарна. Тэр нь Хубилайн уугуул нутаг, Монгол өөрөө юм. Яагаад Юньнань Хятадынх вэ? Яагаад бас Түвд? Яагаад тэрсүү, лалын шашинт уйгар үндэстний Шинжаан ч Хятадынх гэж? Тэгвэл яагаад Япон, Вьетнам, Ява арал, Мьянмар нь Хятадынх биш юм? Хариулт нь Хубилай хаан өөрөө. Учир нь түүний зорилго, түүний ялалт, бас түүний ялагдалтай холбоотой бөлгөө.
Монголчуудын хүчин чадавхаас илт хол давсан үйл явц руу Хубилай яагаад зүтгэсэн юм гэж уншигч та асуух болов уу. Хариулт нь хоёр талтай. Эхнийх нь гэвэл, дэлхийг эзэгнэх хэмжээний асар холын алсын хараанд хөтлөгдсөн. Түүнийгээ өвөг эцэг Чингис хаанаас өвлөсөн учиртай. Чингис бол үй олноор хөнөөгч нэртэй бөгөөд ер нь тийм л нэгэн байсан. Гэхдээ тэрбээр түрүүч Наполеон, эсвэл байлдагч Гитлер хоёроос ялгагдах алуурчин байсан гэж үү? Тэрбээр нэгэн омгийн алагдсан толгойлогч, орхигдсон эх хоёрын хүү байсан болохоор хэнд ч эс анзаарагдсан жирийн жаал хүү байв. Гэвч энэхүү дорой байдал, магадгүй тэр нь ч мань эрийг эзэнт гүрний тухай мөрөөдөхөд хүргэсэн байж мэдэх. Нэн ухаалаг удирдагчийн хувьд тэрбээр мөрөөдлөө аугаа их үйлсийн бодит биелэл болгон хувиргасан түүхтэй. Тэгээд ч эзэн тэнгэр өөрөө дэлхийг монголчуудын эрхшээлд оруулж, энэхүү гайхалтай үйл явцыг даян дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх зорилгыг түүнд болоод түүнийг залгамжлагчдад хайрласан мэт. Бидний хувьд эдүгээ дээрх үйлсийг ойлгох нь нэн амаргүй, тэгэхэд энэ дэлхийн энг багцаалах хүмүүн байгаагүйг мартах ёсгүй. Тэр тусмаа олон зууны тэртээх алс бөглүү тал нутгийн бэсрэгхэн омгийн толгойлогчийн хувьд бүр ч хэцүү байх биз. Чингисийн ач хүү Хубилайн эрх мэдэл мандах үед өвөг эцгийнх нь байгуулсан эзэнт гүрэн Ром, Александр хоёрыг нийлүүлснээс ч давуу том болчихсон байж. Чингис хаан өөрөө тухайн цагтаа Алтан улс гэгдэж асан хойд Хятадыг эзлэхийн даваан дээр тэнгэрт хальсан юм. Тэр нь Сүн хэмээх Өмнөд Хятадаас тусгаар байсан түүхтэй. Хубилайд Алтан улс өвлөгдөв. Ах Мөнх нь 1251 онд хаан ширээнд суухдаа өмнөд Хятадыг дайлан эзлэхийг Хубилайд даалгаж, чингэхийн тулд эхлээд тэр цагт тусгаар байсан Юньнанийг эзлэх ёстой гэжээ.
Хубилайг өмнөд Хятад руу чухам юу түлхсэн вэ хэмээх асуултын хариуны дараах хэсэг нь гэвэл, тэрбээр өөрөө 1260 онд хаан болохдоо дэлхийг эзэгнэх тэнгэрийн заяатай өвөг эцгийнхээ алсын хараанд зоригжсон байсан төдийгүй хойд Хятад болоод лалын ертөнцийн эд баялгийг эзэгнэсэн их гүрний сүр хүчинд дулдуйдан хүчирхэгжсэн байлугаа.
Дээрх үйл явцад чилийсэн 20 жил зарцуулагдсан түүхтэй. 1279 он хүрсэн гэсэн үг. Энэ л Жэймс Вотэрсоны өгүүлэн буй үйл явдлын гол хэсэг нь болой. Энэхүү аугаа их довтолгоо нь Трой[1]-г дайтан эзэлсэнтэй эн дүйхүйц Азийн дайн байсан гэж миний бие үзнэ. Хэрэв туурвиж чадах аваас энэ нь домогт туульсын бүтээл болох учиртай. Сянян (эдүгээ Сянфань болж хувирсан) хотод л гол тулалдаан өрнөсөн аж. Сянфань бээр эрт цагийн өмнөд Хятад руу нэвтрэх хаалга байсаар иржээ. Учир нь уг хот бол Хань голыг хамгаалж орших бөгөөд тэр гол Хөх мөрөнд цутгадаг авай. Хөх мөрөн нь эртний Сүн улсын нийслэл Ханжоу хот руу хөтөлсөн усан тээврийн гол судас байв. Сүнг эрхшээхийн тулд эхлээд Сянфаньг эзлэх ёстой байж. Тэр нь 5 км чулуун хэрэм, өргөн сувгаар хүрээлэгдсэн бөгөөд мөнөөх голд тулж оршдог. Тэгээд Сүнг аврахын тулд уг хотыг хамгаалахаас өөр аргагүй болж. Дайн 5 жил (1267-73) үргэлжлэв. Хоёр талын олон мянган жижиг усан онгоц нь давшиж, хамгаалж, хүч зузаатгах, бас амсхийх цэргүүдийг зөөж байлаа. Хамгаалах байгууламж олноор барьж, нурааж эцэс төгсгөлгүй үзэлцэв. Монголчууд асар том чөдөр оньс зөөж ирсэн нь тулалдаанд шийдвэрлэх хүч нэмж хүнд их буу мэт догшин зэмсэг болжээ. Тэр нь загалмайтнуудын орд харшийг сүйтгэхийн тулд лалынхны ашиглаж ирсэн дүүжлүүрт шидэгч зэвсэг байв. Хубилай энэ зэвсгийг мэддэг байсан хэрэг. Учир нь түүний зээ Абахай нь Персийг захирч байсан учраас морин өртөөгөөр хүсэлт илгээжээ. Хариуд нь хоёр лал инженер хүрэлцэн ирэв. Баруун, зүүний хооронд мэдээ, мэдээлэл чөлөөтэй урсаж байсан нь их гүрний давуу талыг чингэж харуулсан байна. Тэр зэвсэг нь Хятадад урьд өмнө хэзээ ч харагдаагүй асар хүчирхэг чөдөр оньс байлаа. Дөчин тонн жинтэй тэрхүү аварга зэвсэг бол 100 кг хадыг 200 метр хол харвах шидтэй байж. Тэнд ганц ч юм уу, магадгүй хэд хэдэн тийм аварга чөдөр оньс суурилуулсан хэрэг. Тэр ганц нь ч юм уу, эсвэл олон тийм зэвсэг үүргээ гүйцэтгэжээ. Сянян ниргэгдэн бууж өгч, Сүн рүү зам нээгдэж, Хубилайн хүчирхэг арми Хөх мөрөн рүү түрэн хүрч, Ханжоу руу хөдлөн, улмаар ялалт байгуулсан хэрэг мандчухуай.
Гэхдээ нэн амаргүй даваа байлаа. Сүн улс 300 жил оршин тогтнож ирсэн түүхтэй бөгөөд зэрлэг дайнд идэгдэн сүйрсэн олон зуун ноёд түшмэд нь харийн түрэмгийлэгчдэд бууж өгөхөөсөө илүү амь насаа егүүтгэж байв. Сүнгийн хааны ордон Ханжоугаас дүрвэн нүүж өмнө зүгийн нэгэн арал дээр буужээ. Тэгээд ч эцэст нь далайн галзуу тулалдаанд залгиулж, тэргүүлэгч нэгэн түшмэл нь 5 настай эзэн хаанаа тэврээд далайд үсрэн мөнх бусыг үзсэн болой.
Хубилайн үед Хятад орон тийнхүү 1279 онд өнөөгийн хил хязгаараа олж авсан бөгөөд түүнд нь Монгол багтсан байлаа. Хятад байхын учир нь дэлхий ертөнцийг монголчуудад эзэгнүүлэх тэнгэрийн бошготой хэмээн итгэсэн гар хоосон нэгэн монгол эрийн алсын хараанаас үүдсэнтэй холбоотой. Энэ бол түүхийн олон тооны илт тохуурхлын нэг нь болой. Харин Монгол өөрөө эдүгээ их хань үндэстэнтэй ямар ч хамаагүй. Энэ улс тэднээс бүтэн зууны өмнө салсан билээ. Хятад тэгэхэд сул дорой, шинэ ЗХУ (Зөвлөлт) хүчирхэг байсан цаг. Урьд цагт Хятадын тасархайд тооцогдож байсан монголчууд тэдэнтэй хамт байхдаа хэзээ ч жаргаж байгаагүй бөгөөд салж одохдоо Зөвлөлтийн сүүдэрт багтсан учиртай. Гэвч Хубилай хаан Юань хэмээх хятад маягийн төр засаг байгуулж, түүнийхээ уг сурвалжийг өвөг эцэг Чингистэйгээ холбосон нь Чингис болоод түүний ард түмэн нь хятадууд гэж үзэх учир шалтгаанд хүргэсэн байх. Миний хятад орчуулагч нэг удаа ‘Чингис хаан бидний бахархал. Учир нь тэрбээр Европыг эзэлсэн цорын ганц хятад удирдагч’ гэж билээ. Тэр эмэгтэй 1241 онд монголчууд Унгарыг эзэлсэн тухай ярьсан хэрэг. Үнэндээ Чингис хаан тэнгэрт хальснаас хойш 14 жилийн дараах үйл явдал шүү дээ. Түүний үгийг би чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн бөлгөө.
Нэг өдөр Монгол нь хань үндэстний гэр бүлд эргэн нэгдвэл тэд дахиад л тэдний дүрэм журамд орно гэдгийг хятадууд чин зүрхнээсээ мэдэрч байгаад л хамаг учир оршиж байгаа юм.
Энэ номд яригдаж буй үйл явдал чухам яагаад ач чухал холбогдолтой гэдгийг уншигч Та одоо ойлгосон болов уу. Учир нь тэдгээр үйл явдал зөвхөн өнгөрч одсон түүхийг биш, харин бас ирээдүйг ойлгох түлхүүр мөн.
Жон Мэн, 2013
[1] Эртний герегчүүдийн зүгээс трояныг дайлсан, Орч.
Tomas
Сэтгэлгээ
Гялалзуур
spartacus
Socrat
Matelda
Roza
Matelda
American X history
Fuck You
Why?
Ben Hur
Leon
Good will Hunting
God Father
V for Vendita
Narangerel Purevdorj
Зочин
ККК
Уншигч
Зочин