VI бүлэг

Газрыг нэн тэтгэгч


Тэгээд Ачая-Мати (Барагдашгүй оюунт) бодисадва суудлаасаа босов. Дээдийн хувцсыг нэг мөрөндөө буулгаад баруун өвдгөө газарт өвдөглөн, алга хавсран мөргөөд Бурхан багш Шагжамуниг их цэцгэн шүхрээр тахив. Тэгээд тэр ийн хэмээн айлтгав. Ялж төгс нөгчсөн Бурхан багш аа, Бодь сэтгэлтэн гэгээрлийг хэрхэн яаж төгс төгөлдөр үйлддэг вэ? Бодь өгүүлшгүй. Сэтгэлд дүрс үгүй. Түүнийг харуулж үзүүлж болохгүй. Тэр төрөхгүй. Түүнд тулах цэг гэж үгүй. Мэдрэмж үгүй. Ялж төгс нөгчсөн Бурхан багш аа, Тэгээд яаж бодь-ийн утгыг мэдэж үйлдэхийг зааж хэлж өгөөч хэмээн айлтгав.

Ялж төгс нөгчсөн Бурхан багш бээр зарлиглав. Язгуурын хөвгүүнээ, Бодь гэдэг нь нэр юм уу дохио юм уу? Энэ чухал биш. Бодь-оос тусдаа бодь сэтгэл гэж байхгүй. Тийм учраас түүнийг өгүүлшгүй. Тэр төрөх үгүй, тулах үгүй. Тэр мэдрэх үгүй. Бодь-ийг үгээр хэлж чадахгүй. Сэтгэл ямар байна. Юмс мөн адил тийм л байдаг. Сэтгэл ямар байна түүнд орших сэтгэлтэн өөрөө бас тийм билээ. Тийм учраас сэтгэл ямар байна, юмс бүгд тийм л байх болно. 

Язгуурын хөвгүүнээ, Тийм учраас бодисадва, махасадва нар урьд өмнө хийсэн буяныхаа үйлийн үрээр тэд бодь-д хүрсэн юм. Энэ бол бодь сэтгэл юм. Бодь бол өнгөрсөн биш, ирээдүй биш, одоо ч биш. Тэндээс юу ч олдохгүй. Тэр юунд ч зориулагдан бүтээгдээгүй юм.

Тийм учраас амьтан гэж үгүй. Нэр гэж үгүй. Бурхан ч бас л үгүй. Юм бүхэн үгүй хоосон байдаг. Нэр үгүй-түүнд оноож хэлэх хаяг үгүй. Бурхад бодисадва хотол чуулган бээр хэнд ч, ямар ч юманд юунд ч тусгайлан зориулагдаж бүтээгдээгүй. Тийм учраас хэн ч, юуг ч өмчлөх боломжгүй байдаг.

Язгуурын хөвгүүнээ, Хутагтын анхны сэтгэл бол буяны сайн үйлийн ёзоор эхлэл сэдэл бүрт төрдөг. Эхлэл сэдэл бүрээс тэр төрдөг. Түүний шалтгаан нь өглөгийн чанадад хүргэдэг юм. Өглөг өгч бай. Хутагтын анхны сэтгэлийг үүсгэ. 

Хутагтын удаах сэтгэл бол бүгдийг нигүүлсэх сэтгэл. Энэ нь Шагшаабадын чанадад хүрэх ёс юм. Сүсэг бишрэлтэй бай. Хутагтын удаах сэтгэлийг ингэж үүсгэ.

Язгуурын хөвгүүнээ, Хутагтын гуравдугаар сэтгэл. Энэ бол аймшиг үгүй, эмээх үгүй сэтгэл юм. Гөрөөсний хэр чадлыг хаан зогдорт арслангийн хүчтэй болгох сэтгэл. Уг шалтаан нь тэвчээрийн чанадад хүрэхэд оршино. Тэвчээртэй бай. Хутагтын гуравдугаар сэтгэлийг үүсгэ.

Хутагтын дөрөвдүгээр сэтгэл. Энэ нь шунал үгүй сэтгэл байдаг. Энэ сэтгэлийн уг шалтгаан нь тэнгэрийн хөвгүүн адил хүч чадалд оршдог. Шударга хичээнгүйг, шунах үгүйг туйл мэт үзэж бай. Хичээнгүйн чанадад хүргэх болно. Хичээнгүй бай. Үнэнч бай. Хутагтын дөрөвдүгээр сэтгэлийг үүсгэ.

Хутагтын тавдугаар сэтгэл. Энэ сэтгэл нь буяныг үлэмж ихээр үйлд гэсэн сэтгэл. Уг шалтгаан нь дияаны зэрэгт хүрэх болно. Буян үйлд. Бусдад тусал. Хутагтын тавдугаар сэтгэлийг үүсгэ.

Хутагтын зургадугаар сэтгэл. Уг шалтгаан нь оюун ухааны билгүүний чанадад очих болно. Нарны хот мандлын орны гэрлийн туяаг харах болно. Түнэр харанхуй адил мунхгийн гай барцад арилах болно. Мунхгийг тэвч. Оюун ухааныг шүт. Билиг билгүүний чанадад хүрэх болно. Хутагтын зургадугаар сэтгэлийг үүсгэ.

Хутагтын долдугаар сэтгэл. Энэ нь санаа бодол бүгдийг бүрэн төгс гүйцээнэ. Хүссэн хүслээ болгоох мэргэн аргын чанадад хүргэх болно. Бодолтой бай. Зорьсон зорилготой бол. Хутагтын долдугаар сэтгэлийг ингэж үүсгэ.

Хутагтын наймдугаар сэтгэл. Түүний уг шалтгаан нь ерөөлийн чанадад хүргэх билээ. Энэ нь саад түйтгэр бүгдийг гүйцээж бүрэн арилгаж чадна. Багшийг шүт. Номыг шүт. Хутагтын наймдугаар сэтгэлийг үүсгэ.

Хутагтын есдүгээр сэтгэл. Энэ нь ариун Бурханы ёсоор гүйцээж байгуулсан мэт үзэх бөгөөд үүний уг шалтгаан нь хүчний чанадад хүрэх болно. Бурхадыг шүт. Буяныг шүт. Хутагтын есдүгээр сэтгэлийг үүсгэ.

Хутагтын аравдугаар сэтгэл. Энэ нь эрдэм чадал, оюун ухааны хүчээр аливаа юмсыг урвуулж хувилгах авшгийг олох болно. Уг шалтгаан нь билиг билгүүний чанадад хүрэх болно. Билиг билгүүнийг шүт. Эрдэм ном, оюун ухааныг шүт. Хутагтын аравдугаар сэтгэлийг үүсгэ.

Язгуурын хөвгүүнээ, бодисадва нарын сэтгэлийг үүсгэх нь эдгээр арав мөн болно. Эдгээрт тэд бодисадва нар төгс төгөлдөр байдаг. Тийм учраас тэднийг бодисадва хэмээн нэрлэсэн юм. Үнэмлэхүй их утгадаа бол бодь гэж үгүй. Бодь үгүй тул бодисадва ч үгүй, бодь сэтгэл ч үгүй хоосон байдаг. Хоосон чанар гэх аваас энэ байдаг билээ хэмээн Бурхан багш зарлиглав.

Бурхан багш зарлиглав. Язгуурын хөвгүүнээ, бодисадва нарын Шагшаабадын чанадад хүрэхийн өмнө одуулах ёстой арван ном байдаг. Арав нь алин билээ? гэвэл. Энэ мэт. Бие, хэл, сэтгэл гурав цэвэр тунгалаг байх ёстой. Ариуссан байх ёстой. Амьтныг хөнөөх тэр мэт муу заяанд унагах муу үйл үйлдлээс нэн тэвчих арга ухааныг олсон байх ёстой. Чөлөө үгүй найман нүглийг[1] үйлдэх үйлийн үрийг ухаарч таниад, нэн тэвчээрт суралцсан байх ёстой. Өмнө одуулах шарвага ба брадигабудын газраас гэтэлсэн байх хэрэгтэй. Сайн ерөөл, сайн санаа бодлоос урган гарч ирсэн бүгдийг бурханы номын хүчинд гүйцэд төгс хийж дуусгах хүч чадал төгс байхад суралцах хэрэгтэй. Эдгээр арав байдаг. 

Язгуурын хөвгүүнээ, бодисадва нарын тэвчээрийн чанадад хүрэхийн өмнө одуулах ном арван янз байдаг. Эдгээр нь энэ мэт байдаг. Аливаа сайн мууг даган тачаах сэтгэлийг огоорох тэвчээр. Өөрөөр хэлбэл өөрийн бодлоор явах тэвчээрт суралцах ёстой. Уурын мунхгийг тэвчих тэвчээр. Зөвхөн Би-гээс ангижирч бусдын хүчинд итгэх тэвчээр. Бусдыг хайрлах асрах, энэрэн нигүүсэх сэтгэлийг үүсгэх тэвчээр. Үл мэдэх үл чадахыг огоорч номын хүчинд итгэл сүсэг бишрэлтэй байж ихэд сүжиглэхүй тэвчээр. Эдгээр аравт суралцах хэрэгтэй. Энэ мэт арав билээ.

Язгуурын хөвгүүнээ, бодисадва нарын хичээнгүйн чанадад хүрэхийн өмнө оруулах ном арван янз байдаг. Эдгээр арав нь алин бэ? хэмээвээс энэ мэт билээ. Бусдын гэмийг санагалзах хэрэггүй. Өөрийн сэтгэлийн гэмээс салж хагацаж чадах хэрэгтэй. Нүглийг аминд тулавч бүү үйлд. Нүглийг нүглээр угаадаггүй. Амьтан бүгдийн буяны үйлсэд даган баяс. Эргэж буцах сэтгэл үгүйгээр мятрашгүй их хичээл зүтгэлээр буян номын ёсонд чармайж суралцах хэрэгтэй. Дурьдлыг дотоод сэтгэлдээ агуулж хадгалах тэвчээрт суралц. Нисванисыг номхотго. Бүх юмсад ижил төгс төгөлдөр нүдээр харж үйлдэхэд суралц. Эдгээр арав нь хичээнгүйн чанадад хүрэх арав болно.

Язгуурын хөвгүүнээ, бодисадва нарын дияаны чанадад хүрэхийн өмнө одуулах арван ном байдаг. Эдгээр нь алив хэмээвээс энэ мэт билээ. Тэгш төгөлдөр оршихуй буяны номыг дияаны ба нэн гэтлэхүйн бясалгалд оршиж үйлдэнэ. Самадийн хүч түүний эрхэт ёсыг цогц гүйцээ. Дээдийн номыг төгс сахин, амьтан бүхний сэтгэлийн гэмийг тэвчиж үйлдэх ухаанд суралцах ёстой. Энэ нь бодисадва нарын дияаны чанадад хүрэхийн тулд үйлдэх арван ном билээ.

Язгуурын хөвгүүнээ, түүнчлэн бодисадва нарын билиг билгүүний чанадад хүрэхийн тулд үйлдэх ном бас арван янз байдаг. Тэр нь энэ мэт билээ. Түйтгэр саад үгүй билиг оюунд хүрэхийн тулд энэ бүгдийг чармайж үйлдэнэ. Юмс бүгд хоорондоо нягт холбоотой. Бүгд бие биеэ шүтэн барилдаж үүссэн. Тийм учраас тэдгээр хоорондын учир шалтгаанаас үүдэн юмс төрж бий болох ба үл төрөхийн үнэн ухаанд суралцана. Түүнд итгэх оюун ухаан, итгэлийн тэвчээр цогцод болон махбодын оронд мэргэжих ухаанд суралцах хэрэгтэй. Түйтгэр үгүй, саад үгүй үйлийг хүсэх аваас энэ мэт арван янз номыг үйлдэхэд суралцах ёстой.

Язгуурын хөвгүүнээ, бодисадва нарын мэргэн аргын чанадад хүргэх арван янз ном байдаг. Тэр нь энэ мэт билээ. Аливаа амьтны үйлийн утга учир түүний шалтгааныг бүрэн гүйцэд ойлгоход суралцах хэрэгтэй. Үүнд үл уйсаж (зөв ойлгож) үйлдэнэ. Таньж мэдэхэд суралцаж үйлдэнэ. Асар их энэрч нигүүсэх сэтгэлийг үүсгэхэд чармайж үйлдэнэ. Амьтны үйлийн үрийг сайтар бодож боловсруулах бөгөөд билиг билгүүн болон өөр бусад арга ухааны хоорондох ялгаа ялгамжит чанарыг ойлгож суралцана. Орчлонгийн хоосон чанар хийгээд түүнийг онохуйн эцэст хүрэх боломжийг судлан боловсруулж, мэдлэг болоод сэтгэлийн их хүчийг гүйцэд дайчлан үйлдэнэ. Энэ нь бодисадва нарын мэргэн аргын чанадад хүрэхийн өмнө гүйцээж хийх арван янз ном билээ.


Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судраас “Гадрыг нэн тэтгэгч” хэмээх зургадугаар бүлэг болой.


Орчин үеийн монгол хэлэнд хөрвүүлэн бичсэн
Батжаргалын БАТБАЯР





БАДАМХАНД МУЗЕЙ