VI бүлэг

Газрыг нэн тэтгэгч

Язгуурын хөвгүүнээ, энэ мэт бодисадва нарын ерөөлийн чанадад хүргэх арван янз ном байдаг. Тэр нь энэ мэт билээ. Амьтан бүгдийн сэтгэлийн гүнд орж түүний чин бодол санаа, хүсэл сүжиг бишрэл, сэтгэлийн гэмийг онож мэдэхэд суралцах хэрэгтэй. Амьтан бүгдийн ил бус далд цаад санаа бодол түүний үхэл дараа төрөл угсаа гэсэн гурван цогцост нэн агуулах[1] болон түүний далд нуугдмал чанарыг судалж танихад суралцах ёстой. Эрхтэн үл уйсах[2] амьсгалыг сонгож боловсруулан үйлдэх. Энэ мэт эдгээр байдаг. 

Язгуурын хөвгүүнээ, бодисадва нарын ерөөлийн чанадад хүргэхийн өмнө үйлдэх арван янз ном болвоос энэ билээ.

Язгуурын хөвгүүнээ, түүнчлэн бодисадва нарын хүчний чанадад хүргэхийн өмнө сурах арван ном байдаг. Тэр нь энэ мэт билээ. Бүх юмст билиг чанар гэж үгүй. Тэр бодит бус. Тийм учраас түүний энэ мөн чанарт суралцах ёстой. Бүх зүйлс эхэн дунд адагт тэнцүү хуваагддаг. Эхлэл ямар байна, төгсгөл тийм л байх болно гэсэн үг.

Язгуурын хөвгүүнээ, бүх юмс учир шалтгаантай. Юу ч өөрөө бий болдоггүй. Тэр бас өөрөө ор тас алга болохгүй. Аливаа юмст ирэх үгүй, одох үгүй, буцах үгүй билээ. Тийм учраас үхэл бас үгүй. Үхлээ гээд тэр ор тас алга болохгүй. Үйлдсэн үйлийнхээ үрээр тэр сайн төрөлд төрнө. Аль эсхүл тэр муу заяанд унана. Тийм учраас юунд ч билиг чанар гэж үгүй. Түүнийг таньж мэдэхэд суралцах ёстой. Энэ нь бодисадва нарын хүчний чанадад хүрэхийн өмнө үзэх арван янз ном билээ.

Язгуурын хөвгүүнээ, бодисадва нарын билиг билгүүний чанадад хүрэхийн өмнө үйлдэх ном арван янз байдаг. Тэр нь энэ мэт билээ. Цагаан зүгийн номыг машид ихээр судалж буян ном хийгээд бодь-ийн чуулган, билгүүний чуулганыг ихээр үйлдэхийг эхлэн барина. Агуу их нигүүсэх уужим ухаант дотор сэтгэлийг үүсгэнэ. Орчлон ертөнцийн орны гачаал зовлон, тачаал жаргалыг огоорч, гагцхүү таньж мэдэхийг чухалчлан үйлдэх ёстой.

Амьтны бие махбод сэтгэлийн гэмийг огоорч, үл айх ба түүнчлэн арван их хүч хийгээд заларсан бурхадын номд итгэж, хольцоо үгүй үлэмж төгс төгөлдрийг нь мэдэж үйлдэхэд суралцах хэрэгтэй. Эдгээр нь бодисадва нарыг билиг билгүүний чанадад хүргэх арван янз ном билээ хэмээн Бурхан багш зарлиглав.

Энэ мэт чанадад хүрэх утга учир юу билээ гэвэл. Энэ нь алив юмсын утга учрыг гүн судална. Түүний өөр хоорондын ялгаа, амьтны амьдрал гай түйтгэрт үл тачаан орчлон ертөнцийн жам ёсыг мэдэж ойлгон энэ мэт үйлдэх нь чанадад хүрэх утга учир билээ.

Бурханы ач тус хэмжээ үгүй их. Номын гуу сан барагдашгүй их. Эрдмийн хүч чадалд хязгаар үгүй хэмээн дотор сэтгэлдээ залбирч үйлдэх нь чанадад хүрэх учир билээ.

Буян хийгээд өглөгийн ач тус хэмжээ үгүй их. Түүний ач тусыг нь санан бодож ариун Шагшаабадын утга учирт ёроол гэж үгүй хэмээн наминчлан үйлдэх нь чанадад хүрэх учир мөн билээ.

Тэгш орших дияан тэнцүү ямагтыг эргэж үл буцахаар баттай үйлдэх нь чанадад хүрэх учир билээ. Тэвчээр хичээнгүй хоёрт суралцаж үйлдэх нь чанадад хүрэх учир билээ. Үл мэдэх мунхаг ухаанаар муу заяанд унасан олон амьтан бүгдийг сэтгэлдээ багтаан бодь-ийг барьж үйлдэх нь чанадад хүрэх учир билээ.

Бурханы ариун орон, Бурханы билгүүн номыг машид гүйцэд судалж арван хүч болон Бурханы ном тэр өөрөө тэнцэшгүй харьцашгүй агуу их хэмээн залбирч үйлдэх нь чанадад хүрэх учир мөн билээ.

Тэнцэшгүй үнэнхүү төгс бодь-ийг машид ёсчлон гүйцээж номын хүрдийг арван хоёр янзаар эргүүлэн үйлдэх нь чанадад хүрэх учир билээ хэмээн Бурхан багш зарлиглав.

Язгуурын хөвгүүнээ, бодисадва, махасадва нарын арван газарт арван шинж үзүүлдэг. Эдгээр арван газар нь энэ мэт билээ. Бодисадвагийн анхдугаар газрын шинж тэмдэг нь түг түмэн голдиор дүүрсэн байхыг үзэх болно.

Язгуурын хөвгүүнээ, бодисадвагийн хоёрдугаар газрын шинж нь түг түмэн олон мянган эрдэнэсээр чимэглэгдсэнийг үзэх болно.

Язгуурын хөвгүүнээ, бодисадвагийн гуравдугаар газрын шинж нь зэр зэвсэг хөө хуяг агссан баатар эрс буян номыг эсэргүүцэгч бүгдийг номхотгон байхыг үзэх болно.

Язгуурын хөвгүүнээ, дөрөвдүгээр газрын шинж нь их газрын хот мандалд элдэв янз олон өнгөт цэцэгс илтэд цацрахыг үзэх болно.

Тавдугаар газрын шинж нь үзэсгэлэнт бүсгүйн оройд замбага цэцэгст эрх зүүсэн болохыг үзэх болно.

Язгуурын хөвгүүнээ, бодисадвагийн зургадугаар газрын шинж нь удвал, гүмүда, цагаан лянхуа цэцэгст алтан элстэй тунгалаг усыг үзэх бөгөөд тэнд та өөрөө тоглож байхыг үзэх болно.

Язгуурын хөвгүүнээ, бодисадвагийн долдугаар газрын шинж нь баруун зүүн хоёр зүгт тамын амьтны газрыг үзэх бөгөөд тэнд та өөрөө унаж доройтолгүй эргэн буцахыг үзэх болно.

Язгуурын хөвгүүнээ, бодисадва, махасадва нарын наймдугаар газрын шинж нь хоёр мөрөндөө арслангийн титмийг зүүгээд чи өөрөө араатан бүгдийг захиран суухыг үзэх болно.

Язгуурын хөвгүүнээ, есдүгээр газрын шинж нь Загарвардын хаан[3] болоод элдэв янз их эрдэнэсээр чимэглэгдсэн цагаан шүхэр бариад түг түмэн төрөлхтнөөр чи хүрээлэгдэн суухыг үзэх болно.

Язгуурын хөвгүүнээ, ийнхүү бодисадва, махасадва нарын орны аравдугаар газрын шинж нь түүнчлэн заларсан бурханы лагшинг олсны хүчинд алтан өнгийн гэрэл цацруулан түг түмэн олон эсрэнгээр тойруулан хүрээлүүлэн тэдэнд чи ном заахыг үзэх болно.

Эдгээр арван шинж тэмдэг болбоос бодисадва, махасадва нарын газрын арван шинж тэмдэг мөн билээ.

Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судраас “Гадрыг нэн тэтгэгч” хэмээх зургадугаар бүлэг болой.


Орчин үеийн монгол хэлэнд хөрвүүлэн бичсэн
Батжаргалын БАТБАЯР


БАДАМХАНД МУЗЕЙ



[1] Энэ мэт: Аливаа сайн мууд үл орших. Үл хадгалах. Үл хичээх, үл тоох гэсэн утга агуулдаг.

[2] Тааламжтайд үл шунах. Хөгжөөнтэй, зугаатай, таатай сайхан юмсыг бүү тоо. Хажуугаар нь нүдээ аниад өнгөр. Дараа нь харамсахгүй байсан нь дээр хэмээх утга агуулдаг. 

[3] Очирт хүрдийн баян хаан. Бурхан багшийн үед амьдарч байсан. Бурхан багшийн шавь бөгөөд асар их номын буян өглөгийн буян үйлдсэн.