V бүлэг

ҮЙЛИЙН ТҮЙТГЭРИЙН ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ТАСЛАГЧ

Номын ёсыг барьж номын хурыг буулгаж, номын ач тусыг үзүүлж амьтан бүхнийг номын өглөгөөр цэнгүүлэн зохио. Буяны ёзоорыг үүсгэсэн амьтан бүхэнд[1] даган баясаж үйлдэх хэрэгтэй. Тэр буян тэнцэшгүй их дээд байдаг. Ийн үйлдэх хэрэгтэй.

Шарипутра аа, Энэ бол даган баясаж буян үйлдэх цогц тэнцүү ёс мөн. Үүгээр ингэж ёсчлон үйлдвээс буян хишиг хэмжээлшгүй ихээр үүсэж нэмэгдэх болно.

Шарипутра аа, Язгуурын хөвгүүн, язгуурын охин тэд гурван мянган ертөнцийн орны амьтдад хэдий амьдрахыг хүртэл нь, хувцас идээ унд хоол, өвчнийг анагаах эм болон хэрэгцээт эд зүйлсээр өглөг өгөн үйлдсэн. Даган баясаж үйлдэх хэрэгтэй. Тэр буян ихэд олон үржинэ. Тэр буян тоолшгүй их байдаг.

Тийм учраас язгуурын хүү юм уу язгуурын охин тэд тэнцэшгүй их буян хийж үнэнхүү их гэгээрлийг олж бурхан болохыг хүсэх аваас ийн үйлдээрэй. Даган баясаж үйлдээрэй Ялж төгс нөгчсөн Бурхан багш ийн зарлиглав.

Насан гавьяат Шарипутра Ялж төгс нөгчсөн Бурхан багшид хандан бас дахин айлтгав.

Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа, Ирээдүйн бодисадва, махасадва нарт болон одоо цагт байгаа бодисадва нарт зориулан сүжиг үүсгэх, хэрхэн яаж хайрлах болон сануулахын номыг айлтгаж соёрхоо хэмээв.

Ялж төгс нөгчсөн Бурхан багш бээр Шарипутрад ийн хэмээн зарлиглав.

Шарипутра аа, Язгуурын хөвгүүн юм уу, язгуурын охин тэд шарвагын хөлөг болон их хөлгөнд үнэнхүү оршсон. Тэд тэнцэшгүй их гэгээрлийг гүйцээсэн. Тэд бурхан болохыг хүсэх аваас гурван өдөр гурван шөнө, гурав гурван удаа дээдийн хувцсыг нэг мөрөндөө буулгаж, баруун өвдгөө газарт өвдөглөөд алга хавсран одоо цагт арван зүгийн ертөнцөд бурхан болсон тэдгээрт мөргөх хэрэгтэй. Тэгээд ийн өгүүлэх хэрэгтэй. “Ялж төгс нөгчсөн Бурхад минь. Орчлонгийн хамаг амьтны тусын тулд амьтан бүгдийг аврал номдоо багтааж соёрх. Амьтан бүхний төлөө номыг буулган соёрх. Соёрх, Соёрх” хэмээн өгүүлнэ.

Бас язгуурын хөвгүүн, язгуурын охин бээр өдөр шөнө гурав гурван удаа дээдийн хувцсыг нэг мөрөндөө буулгаад баруун өвдгөө газарт өвдөглөөд алгаа хавсарч одоо цагт арван зүгийн ертөнцийн оронд нас сүүдрийн хзягааргүйд хүрсэн Ялж төгс нөгчсөн бурхадад мөргөнө. Тэгээд мөргөх үедээ тэд ийн өгүүлэв. “Олон төрөлхтөн тэнгэр болон хүмүүсийн тусын тулд номын хурыг буулга. Номын хэнгэргийг машид ихээр дэлд. Номын зулыг тусгайлан зохио. Амьтан бүгдийг номын өглөгөөр цэнгүүлэн зохио. Тэнцэшгүй их бөгөөд төгс эцсийн тэнцэшгүй их бусдын төлөөх буянд зориулмой” хэмээн өгүүлэн үйлдэх хэрэгтэй. 

Энэхүү буяныг язгуурын хөвгүүн язгуурын охин үйлдэх аваас тоолшгүй хэмжээлшгүй их буяныг үүсгэх болно.

Язгуурын хөвгүүн, язгуурын охин. Тэд хэнд болов чиг номын хурыг буулгахыг сануулах аваас тоолж баршгүй их буяныг хураах болно. Яагаад гэвэл нь Шарипутра. Би урьд бодисадвагийн явдалд хичээхдээ хүмүүсийн тусын тулд нигүүлсэх их сэтгэлийг барин номын хүрдийг машид ихээр эргүүлж машид ихээр үүнийг ийн үйлдсэн.

Үүгээр би хичээхдээ үнэнхүү ухаарсны дөрвөн хүч[2] ангижирсны арван хүч[3] Бурханы номын үл хольцох арван найман хүч[4] болоод их нигүүлсэх сэтгэл, их асрахуйг олсон. Ийнхүү би зовлон гаслангаас ангижирч салсан. Тийм учраас миний дээдийн ном төгс удаан байдаг” хэмээн Ялж төгс нөгчсөн Бурхан зарлиглав. Ийн зарлигласан билээ.

Тэгээд төгс Ялж нөгчсөн бурханд Шарипутра дахин айлтгалаа.

Бурхан багшаа, Амьтан бүхэн үнэнхүү бодь-ийг олж бурхан болохыг хүсэх аваас ямар мэт буяныг хурааж үйлдэх вэ? хэмээн айлтгав. Бурхан багш түүнд зарлиглав.

Шарипутра аа, Амьтан бүхэн бурхан болохыг хүсэх аваас энэ мэт. Тэд эхлэл үгүй төгсгөл үгүй энэ орчлон ертөнцөд оршихын тулд амьдарч байгаа амьтан бүхэнд үмх гурилыг ч үл харамлана. Алин байгаа бүхнээ зовсон зүдэрсэн олон амьтны тусын тулд зориулан өглөг болгон өгөх хэрэгтэй. Өөрсдийн дотоод сэтгэлийг номхотго. Амьтан бүгдэд алагчлах үгүйгээр наминчлан мөргөл үйлдэн барих ёстой.

Тэрбээр “Ялж төгс нөгчсөн Бурханы адилаар амьтан бүр төгөлдөр болтугай. Тэдэнд огторгуй адил төгс эдлэл эрдэнэс төгөлдөр болтугай. Буян барагдашгүй их болтугай. Ном барагдашгүй, самбаа, оюун ухаан сайн төгс чанар тэнцэшгүй их болтугай. Үнэнхүү тэнцэшгүй гэгээрлийг илтэд гүйцээж бурхан болох сайн төгс билгүүн чанарыг олох болтугай” хэмээн хэлж залбирлыг үйлдэнэ. 

“Би өөрийн буяныг амьтан бүгдэд харамгүй хайрлах болно. Түүнээс урган гарсан буян болоод өөрт байгаа бүгдийг нийлүүлээд төгс эцсийн бодь-д зориулах болно. Би өөрийн үйлдсэн буяныхаа ачаар үнэнхүү төгс төгссөн гэгээрлийг дүйцээж би бээр бурхан болох болтугай. Бүхнийг болгоогч билгүүн төгс сайн чанарыг олох болтугай” хэмээн өгүүлэн үйлдэнэ. 

“Энэ мэт урьд урьдын бодисадва, махасадва нар буян номын ёсыг барин эд бүгдийг үйлдсэн. Би тэр мэт үйлдэх болно. Би бүхнийг болгоогч төгс сайн чанарыг олох болтугай. Байгаа бүхнээ буяны тулд зориулах болтугай. Амьтан бүхэн зовлонгоос ангижирч төгс эцсийн сайн чанар гэгээрлийг олох болтугай. Амьтан бүхэн буян номд шамдан хичээж гэгээрлийг олсноор амьтан бүхэн Бурхан болох болтугай” хэмээн хичээж чармайн бодож үйлдэнэ. 

Тэр мэт бодисадва, махасадва нар гэгээрлийн тулд хичээхдээ бүхнийг огоорч зориулдаг. Амьтан бүхэн энэ мэт буян номын үйлд шамдан хичээж гэгээрлийг олоод амьтан бүхэн Бурхан болох болтугай хэмээн залбирч үйлд. Бодож үйлд. Мэдэж үйлд.

“Энэ мэт Ялж төгс нөгчсөн Бурхан Будда Шагжамуни тэр өөрөө гэгээрлийн зүрхэнд цогцолсон машид хир үгүй багташгүй их цагаан бурханы бясалгалд оршсон юм. Тэр өөрийн дотор орших хилэнц ихт муу шулмасыг дарж барьж бодож мэдэж үйлдсэн билээ. Тэрбээр үүр хаяарах тэр цагт төгөлдөр сайн төгс билгүүнийг хүртсэн. Үхэшгүй мөнхийн рашааныг хүртэж Бурхан болсон. Тэрбээр тэнцэшгүй төгссөн гэгээрлийг гүйцээж Бурхан болсон. Энэ мэт амьд амьтан бүхэн зовлонгоос ангижирч төгс эцсийн сайн чанар гэгээрлийг олох болтугай. Амьтан бүхэн буян номд шамдан хичээснээр гэгээрлийг олоод амьтан бүхэн бурхан болох болтугай. Энэ мэт Ялж төгс нөгчсөн бусад Бурхад бүгд тэнцэшгүй их бодь-ийг илтэд гүйцээж Бурхан болсон. Тэд бурхад амьтан бүхний тусын тулд номын хүрдийг машид ихээр эргүүлсэн. Энэ мэт би амьтан бүхэнд нигүүлсэхүй амгалан ерөөж ийн үйлдэх болтугай” хэмээн өгүүлж үйлдэнэ.

Шарипутра аа, Энэ нь төгс чанарт зохилдсон залбирал бөгөөд өмнөх бусад залбирал бүгдээрээ нийлээд чиг үүний зууны нэг хувьд ч хүрэхгүй. Энэ залбирал үлгэр домог мэт урт настай барагдахгүй их байдаг. Язгуурын хөвгүүн, язгуурын охин алин болбоос энэ мэт дээд Алтангэрэлт их судрыг үйлдэх юм уу түгээх аваас түүний буян нь тоолж барахгүй их арвижих болно. Гурван мянган ертөнцийн олон амьтан бүгд хэн боловч үүнийг үйлдэх аваас хүний төрлийг олох болно. Төгс эцсийн төгөлдөр сайн үйлдэх хэрэгтэй. Сайн зүйлсийг өргөж, шүтэж хүндлэн үйлд. Зовлон бүхнээс гэтлэх болно. Бурхадад, бусдад бэлэг үйлдэж үйлд. Есөн эрдэнэ хийгээд шүхэр жанцан нарийн хиураар, даузаар тахиж үйлд. Амар амгалан аз жаргалыг олох болно хэмээн Бурхан багш зарлиглав. 

Шарипутра айлтгав. Ялж төгс нөгчсөн бурхад олон. Түүнчлэн заларсан бурхад олон билээ хэмээн айлтгав.

Бурхан багш зарлиглав. Язгуурын хөвгүүн, язгуурын охин энэ судрыг (Алтангэрэлт судар) унших юм уу сонсох, ерөөл талбих амьтанд хүргэх аваас буян олныг олох болно. Буяны цогц нь түүнээс ч их бөгөөд түүний өмнөх насны буяны цогц нь энэ буяны зууны нэг хувьд хүрэхгүй. Энэ нь үлгэр адил төгсөшгүй. Яагаад гэвэл язгуурын хөвгүүн, язгуурын охин энэ номд орших болно. Тэд арван зүгийн ертөнцийн орны Ялж төгс нөгчсөн бурхадад түүний өмнө үйлдсэн их буяныг сануулна. Алтангэрэлт судрыг уншсан түгээсэн номын хүрдийг ихэд эргүүлснийг нь тэдэнд сануулах билээ. Өглөг буян бүхний дотроос энэ мэт номын өглөг нь дээд хэмээн Бурхад бүгд номлосон хэмээн Бурхан багш Шагжамуни зарлиглав. 

Тэгээд тэд бүгдээрээ дээдийн хувцсыг нэг мөрөндөө буулгаад суудлаасаа босов.

Ялж төгс нөгчсөн Бурхан байгаа тэр зүгт баруун өвдгөө газарт өвдөглөөд алга хавсран тэд мөргөв. Тэгээд тэд Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа, Бид Алтангэрэлт судар үүнийг шүтье. Бусдад түүний агуу ихийг үзүүлж шүтье. Сударт оршиж шүтье. Бид бүгдээрээ Бурхан болохыг хүсэж дээдлэн шүтье хэмээн айлтгав.

Тэгээд тэнгэрийн хаан хурмаст Каушика Ялж төгс нөгчсөн Бурханд Мандарваа цэцгийн тахил өргөлөө.

Тэгээд тэрбээр Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа, Номын тийн тоо[5]. Энэ нь бодисадва нарын буяны үндсийг бүтээхэд чухал уу? Энэ нь муу үйлийн түйтгэрийн үргэлжлэлийг тасалж зогсооход ямар байдаг вэ? хэмээн айлтгав. Ялж төгс нөгчсөн Бурхан багш зарлиглав.

Тийм болой, Каушика. Тэр тийм. Тэнгэрийн хаан аа. Би үүнийг илтэд мэднэ. Тоолшгүй олон галвын дараа түүнчлэн заларсан дайснаа дарсан, тэнгэр болоод хүмүүсийн их багш Бурхан Маха-арчи-сканда (Их гэрлийн цогц) ертөнцөд ирэх болно. Тэр ертөнцөд жаран голди жил наслах болно. Түүний сайн бүгдийн цогц анхны чуулган нь зуун мянган буман голди байх бөгөөд тэнд дайснаа дарсан бурхад бүгд байх болно. Түүний шарвагын хоёрдугаар чуулган нь зуун голди 98000 байх бөгөөд Тэнд төгс Ялсан бурхад бүгд ирэх болно. Тэд бүгд дайснаа дарсан сэтгэлийн гэмээс салсан байх болно. Түүний гуравдугаар чуулган нь зуун голди 99000 байх бөгөөд тэд бүгд дайснаа дарсан сэтгэлийн гэмээс салсан байх болно.

Тэр цагт Гангын Лхам гэдэг нэгэн эхнэр байх бөгөөд тэр эхнэр хурсан олон бурхад тэдгээрийн дотор суух болно. Тэрбээр Бурхан Маха-арчи-скандигаас олж сонссон номын тийн тоог өөрт багтаан аваад олон амьтанд номлосноор тэнцэшгүй их буяныг үйлдэх болно. Тэр эхнэр үнэнхүү бодит гэгээрэлд оршино. Тэгээд тэр эхнэр дараа дараагийн төрөлдөө эр хүн төрлийг олох бөгөөд цааш үргэлжид тэнгэр ба хүмүүний дотор төрөх болно. Найман түм дөрвөн мянган удаа тэр хаан төрөлд төрөх болно. Түүнчлэн тэрбээр заларсан Бурхан Ратна-арчи (Их эрдэнийн гэрэл цацруулагч) хэмээгч болох болно.

Каушика аа, Эндээс зүүн зүгт бурханы оронд Ялж төгс нөгчсөн Бурхан Радна-арчи ном номлож байгааг би одоо харж байна. Бурхан Ратна-арчигийн нэрийг сонсох төдийд амьтан бүхэн зовлонгоос салах болно хэмээн зарлиглав.

Тэгээд Бурхан багш зарлиглав. “Язгуурын хөвгүүнээ, дээд Алтангэрэлт судар номын ач тус асар их бөгөөд гай зовлонгийн үргэлжлэл тасрах болно. Бас гэлэн болон гэлэнмаа нар дээд Алтангэрэлт судрын номыг номлох дэлгэрүүлэн унших аваас тэр номын ач тус нь дөрвөн янзаар үзэгдэх болно. Тэр нь тэр нутгийн хаан эзэн хийгээд ард иргэд нь өвчин үгүй, хорлол үгүй, нас урт, гай барцад үгүй, алив дайсан бүхнээ дарагдахгүй. Тэд бүгдээр амгалан тайван аз жаргалтай амьдрах болно. Тэднийг дээд тэнгэрийн эзэд бурхад болон Эсэр сахигч дөрвөн ягчисын эзэн тэргүүтэн ивээлдээ авах болно. Тэднийг хамгаалан сахих болно хэмээн зарлиглав.

Тэгээд Ялж төгс нөгчсөн Бурхан багш тэнгэр болоод бурхадад хандав. “Тэр тийм шүү, Тийм” хэмээн зарлиглав.

Хурмаст тэнгэрийн бурхад хийгээд Эсрэн тэргүүтэн тэд бүгдээрээ “Тэр тийм билээ” гээд Ялж төгс нөгчсөн Бурхан минь. Аль ч газар оронд Алтангэрэлт судрыг уншсан болон тараасан тэр орны хаан хийгээд ард иргэдийг бид сахин хамгаалах болно. Гаслан өвчин зовлон, хорлол барцад муу бүгдийг бид үгүй болгож үйлдэх болно. Тэр газарт урт нас, амгалан тайван, өлзий төгөлдөр бүхнийг бид бүтээж үйлдэх болно. Хаан болон ард иргэдэд нь илүү ихээр баясгалант сайн сэтгэлийг үйлдэх болно. Түүний цэргүүд баатарлаг их үйлсийг бүтээх болно хэмээн Ялж төгс нөгчсөн Бурхан багшид айлтгав.

Ялж төгс нөгчсөн Бурхан бээр “Сайн болой” хэмээн зарлигдаад “Сайн болой, Сайн болой”. Язгуурын хөвгүүдээ. Хаан эзэн эрдэм номтой байх аваас түүний албат нар ард иргэд ч бас хаан шигээ номтой болно. Номхон болно. Тэр цагт тэнд сайн бүгд цогц иж бүрэн орших болно. Тийм учраас эндээс тэр бүгдийг тэргүүлж дагуулан үйлдэх хэрэгтэй. Хурмаст тэнгэр бурхад эсрэн нар Ялж төгс нөгчсөн Бурхан миний зарлигласан ёсоор үйлдтүгэй хэмээн Ялж төгс нөгчсөн Бурхан багш зарлиглав.

Тэгээд Ялж төгс нөгчсөн Бурхан бээр зарлиглав. Алтангэрэлт судрын номыг дэлгэрүүлсэн тэр улс оронд тэр орны хааны түшмэл нарт дөрвөн янзын эрдэм ирнэ. Тэд нэг нэгэндээ бишрэлтэй сайн сэтгэлтэй болно. Ашиг хонжоо алдар нэрийг үл эрнэ. Гэсэн хэдий ч тэд бүгдийн алдар нь зүг бүрт дэлгэрэх болно. Урт настай амгалан тайван болно. Эдгээр дөрөв билээ.

Бас тэр орны буянтан бярман нарт дөрвөн янзын эрдэм ирнэ. Тэд эд баялаг эрүүл мэндээр үл хоосрох болно. Сэтгэл нь баясгалантай амьдрах болно. Хаана боловч амгалан тайван орших болно. Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болно. Эдгээр дөрөв билээ.

Түүнчлэн Алтангэрэлт судар оршсон тэр газарт өвчин үгүй болно. Амгалан тайван оршил бүгд арвижих болно. Эд зүйлс эрдэнэс арвидаж, арилжаа худалдаанд орших саад тотгор үтэр түргэн арилж их үйлс бүтээхэд түргэн бүтэж буян улам арвижих болно. Эдгээр бүгд төгс төгөлдөр бүтэх болно хэмээн зарлиглав.

Тэгээд Хурмаст тэнгэр болон Эсрэн, Дөрвөн Махаранз нар Бурхан багшид хандан ийн айлтгав. Ялж төгс нөгчсөн Бурхан минь. Алтангэрэлт судар ном ертөнцөд үл орших тэр цагт дээдийн ном ч үл орших болов уу? хэмээн айлтгав.

Бурхан багш зарлиглав. Тиймээ. Язгуурын хөвгүүд ээ, Тийм учраас та бүгд дээд Алтангэрэлт судраас адаглаад нэг үг юм уу, нэг шүлэг, нэг бүлэг чадвал бүтнээр нь үнэнхүү сэтгэлээрээ уншиж үйлд. Цээжилж үйлд. Санаж бүтээж үйлдээрэй. Түүнийгээ орчлонгийн олон амьтны тусын тулд гээд олон амьтанд номлож дэлгэрүүлэн түгээж үйлдэх аваас тэр буян хэмжээ үгүй төгөлдөр их болно хэмээн зарлиглав.

Ялж төгс нөгчсөн Бурханы зарлиг мөнхөд орших авай.

Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх
их хөлгөн судраас “Үйлийн түйтгэрийн үргэлжлэлийг таслагч” хэмээх тавдугаар бүлэг болой.


Орчин үеийн монгол хэлэнд хөрвүүлэн бичсэн
Батжаргалын БАТБАЯР





БАДАМХАНД МУЗЕЙ



[1] Сахил хүртсэн, сүсэг бишрэлт нэгнийг хэлжээ.

[2] Заларсан бурхад бээр номыг шүтсэн. Бүхнийг ухаарсан. Үнэнхүү ухаарлыг олсон. Тэд дөрвөн аймшгийг үгүй хийсэн. Тэд арван их хүч чадлыг олсон. Ийнхүү тэд бодь-ийг олсон билээ.

[3] Заларсан бурхад бээр номыг шүтсэн. Бүхнийг ухаарсан. Үнэнхүү ухаарлыг олсон. Тэд нар дөрвөн аймшгийг үгүй хийсэн. Тэд нар арван их хүч чадлыг олсон. Ийнхүү тэд бодь-ийг олсон билээ.

[4] Бурханы номын 18-н хүчтэнд сайн бүхний үндэс үл тасарна.

[5] Олон олон номын чуулган. Номд хязгаар үгүй. Түүнд хэмжээс гэж үгүй. Тэр юунд ч үл оршино.