Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхт хаан хэмээх Их хөлгөн судар оршвой
I бүлэг
ТЭРГҮҮЛЭН ӨГҮҮЛЭХҮЙ
...Нэгэн цагт Бурхан багш гүн номын ариун орон “Тас цогцолсон” хэмээх ууланд өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн олон мянган бурхад, бодьсадва, махасадва нар болоод газар, тэнгэр, лусын эзэд, хаад нартай хамтдаа заларсан билээ. Тэд бүгдээрээ ариун шагшаабадад (сүсэг бишрэл) сайтар гэгээрсэн, Бурханы номын чанадын хязгаарт хүрэгсэд байлаа. Тэд бүгдээрээ цог жавхлан сүр хүчээрээ бүхэнд алдаршсан хичээнгүйг эрхэм болгосон билээ. Нисваанис (сэтгэлийн гэм) бүгдийг ялж дийлэх уран арга ухаанд тэд мэргэшсэн. Тэд бүгдээрээ тэрсүүдийн омгийг даран номхотгогч, амьтан бүхэнд дээдийн дээд тусыг олгогч тэвчээр төгс, асрахуй төгс билээ. Тэд бүгдээрээ их нигүүсэхүй сэтгэлд баттай оршсон ирээдүйд, хязгааргүй их нигүүсэлд тангаргыг өргөгсөд байлаа. Тэд Би-гийн үзэл, бардамнал, ихэрхэл, хийрхэл болоод бусад олон муу явдлыг машид хэтэрсэн, хоосон чанарыг илтэд болгоосон бөлгөө. Тэд Бурхан багшийн өлмий доор мөргөн Бурхан багшийг гурвантаа тойроод нэгэн зүгт сууцгаав. Тэд алгаа хавсран сууж Ялж төгс нөгчсөн Бурхан багш Шагжамунигийн нигуурыг үзэж, дээдийн номыг бишрэн соёрхов оо.
Тэгээд Ялж төгс нөгчсөн Бурхан багш чуулсан олон нөхдийг болгоож ийн номлов.
“Судрын аймгийн дээд эрхэт хаан Алтангэрэлт. Энэ номын учир нь ариун. Утга нь ариун. Хамаг нүгэл хилэнцийг арилгах ханьцашгүй дээд номлол билээ. Аливаа амьтны зовлонг нимгэлж жаргаланг би өгүүлсүгэй. Хатуу гашуун зовлонд нэрвэгдсэн. Амьдрах нас богиноссон, барагдсан. Аюул, үгүйрэл, хоосрол, хараал зүхэл болон хилэнцэт муу үйлийн зовлонд нэрвэгдсэн тэд бүгдээр судрын дээд үүнийг сонсож уншиж түгээгтүн. Машид угаагдан ариусах болно. Тиймээс судрын дээд Алтангэрэлт судар үүнийг сонсож үйлд.
Тэвчээр төгс баттай хүсэж буянт сайн сэтгэлийг санаж үйлд.
Авралт судар үүний сүр хүчээр хорлол, зовлон гачаал тэтгэр энэ мэт тэдгээр муу үйлс явдлууд ашид амирлах болно.
Бурхад, бодьсадва, махасадва нар болоод эрх дархат эзэд ноёд, газар уул ус тэнгэр лусын хаад тэд бүгд энд цуглаж өдөр шөнө алгасалгүй олдохуйяа бэрх энэ номлолыг сонсож, цааш цааш нь түгээж номлосугай” хэмээн зарлиглав. “Эл судрыг уншиж сонсож, түгээж хураасан буянд тоо үгүй. Хязгаар үгүй. Түүнийг хэмжиж жишиж чадахгүй. Хоёр биш, гурав биш, тав биш, арав биш найман түм найман мянган бурханы таалалд нийцүүлэн буяныг үйлдсэнд тооцсугай” хэмээн зарлиглав.
“Өнгөрсөн одоо цагт заларсан хамаг Бурхад бодьсадва хийгээд лусын хаад, тэнгэрийн хөвгүүд Бурханы олон шавь нараа!” гээд Ялж төгс нөгчсөн Бурхан багш шүлэг үүнийг номлов.
Судрын аймгийн эрхэт хаан
Сонсвоос машид нарийн хийгээд
Сайтар шинжвээс гүнзгий утгат
Дээд Алтангэрэлт үүнийг номлосугай!
Дөрвөн зүгийн бурхад бээр
Дээд адистэдээр адисласан
Дорно зүгт Акшобяа
Өмнө зүгт Ратнакету
Өрнө зүгт Амитаба
Умар зүгт Дундубисвара
Хамаг хилэнцийг арилгах учир
Ханьцашгүй дээд өлзийт номлол буюу
Хилэнцэт үйлийг баран үйлдэгч
Хамаг жаргаланг өгөн үйлдэгч
Хамаг зовлонг эвдэн үйлдэгч
Хамгийг болгоогч ямагтын суурийг
Хамаг цогоор сайтар чимээд
Хамаг адистэдийг оршоож өгүүлсүгэй!
Аливаа амьтны эрхтэн доройтсон
Амьдрах нас нь барагдсан бас доройтсон
Хотол төгс бус алин халдсан
Хамгаалах тэнгэрүүд араараа зүглэсэн
Хайрт садан төрлүүд үзэн ядсан хийгээд
Халамжлах боол, эхнэр тэргүүтэн хөнөөх
Харилцан эсрэг тэсрэг үл зохилдох
Хураасан эд хомсдож хөнөөгдөх
Халуун зовлонгоор алжаах, нэрвэгдэх
Хөнөөх аюул, үгүйрэл хоосрол болон
Од гараг ба хараал зүхэл хийгээд
Огоот дуусашгүй адаар энэлэн хохирсон
Хатуу гашуун зовлонд эвэршээж
Хилэнцэт муу зүүдийг зүүдлэх болохноо ч
Тэд бүгдээр машид угаагдан ариусах болъюу
Тиймээс судрын дээд үүнийг сонсож үйлд! хэмээвэй.
Аливаа буянт сайн сэтгэл төгс байж
Ариун хувцас дээлээр сайтар гоёж
Агуу гүн бурханы мэдлийн орон
Авралт судар үүнийг сонсож үйлдвээс
Авралт судар үүний сүр хүчээр
Амьтан бүгдийн хорлол, зэтгэр
Асар дуусашгүй зовлон энэ адилууд
Алин тэдгээр ашид амирлах болъюу.
Ертөнцийг сахигч эзэн хаад ба
Эрх дархат түшмэдийн чуулган сэлт
Олон голди тоот ягчисууд бээр
Онцолж тэдгээр бүгдийг сахьюу
Их охин тэнгэр Сарасвати ба
Ниранзана мөрд оршигч нар
Ад шулам, булаагч эх ба
Газрын охин тэнгэр Васудари
Эсрэнгийн хаад ба Хурмаст тэнгэр
Их хүчит лусын хаадууд
Эрхэт Миамжи ба Асурын эрхэт
Энэ мэтчилэн Гарьдын хаадууд
|Өмөг садан, хүчин чадал, хүлэг морьтойгоо
Үлдэлгүй тэд бүгдээр тэнд цуглаж
Өдөр, шөнө бүгдэд алгасралгүй
Өнөд тэднийг сахин үйлдюү.
Бурханы гүн явдлын орон
Бурхан бүгдийн нууц нь болсон
Голди тоот галвуудад ч олохуйяа бэрх
Гол судрыг сайтар номлосугай.
Хэн нэгэн энэ судрыг сонсох ба
Хэн нэгэн бусдадаа сонсгох ба
Хэн нэгэн даган баясах ба
Хэн нэгэн тахиж үйлдэх
Тэднийг тэнгэр хийгээд лусууд
Түүнчлэн хүн ба миамжи нар
Тэнгэр бус ба ягчис нар бээр
Тэднийг тоолшгүй олон галвуудад тахих болъюу.
Бас буян үйлдэгч амьтдын
Бултаараа хураасан буяны цогц нь
Буйн хязгаар үгүй, тоо үгүй хийгээд
Бүхний сэтгэлд багташгүй болъюу.
Арван зүгийн туулсан бурхад ба
Алин түүнчлэн гүн нарийн явдалтан
Хамаг бодьсадва тэд бүгдээр ч
Харилтгүй сайтар дэмжих болъюу.
Ариун дээлийг сайтар өмсөж
Анхилуун үнэрт хувцсыг авч
Асрахуй сэтгэлийг ойр агуулаад
Алгасрал үгүйгээр тахиж үйлд.
Өөрийн сэтгэлийг хиргүй
Агуу дэлгэр сайтар болгож
Сэтгэлээ машид тунгалаг болгоод
Судар аймгийн дээдийг сонсогтун.
Хэн нэгэн судар үүнийг сонсвоос
Тэдгээр хүмүүний дотор сайтар ирнэ
Хүмүүний төрлийг сайтар олно
Амжиргаа амгалангаар амьдрах болъюу.
Хэн нэгний чихний нүхэн дотор ч
Энэхүү номлол дуурсах болбоос
Буяны үндсийг тэд судалсан болно
Бурхан бүгд бээр машид сайшаана.
Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судраас “Тэргүүлэн өгүүлэхүй” хэмээх тэргүүн бүлэг болой.
Орчин үеийн монгол хэлэнд хөрвүүлэн бичсэн
Батжаргалын БАТБАЯР