Өнөөг хүртэлх бүх үйл явц маш хурдан байлаа. Хувьсгалын цэг хүртэлх цаг хугацааны агшилт эхний үед маш хурдтай байв. Гэвч ойртох тусам улам холдоод байх шиг санагдана. Энэ бол тал дундах ууланд авирахын үлгэр мэт ажээ.

Египетэд хувьсгал ялж байсан тэр шөнө манай О.Магнай нойргүй хоно­жээ. Өглөө 4 цаг 17 минутад мэссэж ирэв. Хөгшин нь хувьсгалын тактикаа олчихлоо. Бид гарцаагүй ялна. Маргааш нь ажил дээрээ хүлээсэн авч ярьсангүй оройхон ярьтал "Баатараа, яасан сонин юм бэ? Египетэд хувьс­­гал ялсны төлөө на­дад баяр хүргээд, хоол өгөөд, тэгээд зуу татаад..."

Өөр хүн бол Мубарак унасан нь нөгөө “Амьдрал яах Анжела Девис юу болж байна?” гэдэг шиг манайхны архи уух шалтаг л гэж "үзэж" болох авч манай О.Маг­найн найзууд хувьс­галын төлөө залуу насаа үрж байгаа түүнийг бо­ломж л олдвол сэтгэлээр дэмжихийг хичээдэг юм.

Ингээд Мубарак унасны нөгөөдөр нь уулзахад төлөвлө­гөөгөө хэлж бай­на. "Бид нэг л хүн дээр “фо­кус­лах” ёстой юм байна. Чи хар даа, Египетийн хувьсгал ялсан гол шалт­гаан нь Мубаракт л бүх­нийг төвлөрүүлсэнд бай­на". Хариуд нь би "Тийм бай­на, өмнө нь хувьсгал ялсан орнууд дандаа Ерөнхийлөгчийн засаглал­тай байсан. Нэг хүнд үзүүлсэн дарамт хүнд тусна, харин 76 гишүүнтэй парламент бүгд мангуу бүр ямаанаас бүрдсэн байсан ч дарамт мэдрэхгүй" гэж зөвшөөрлөө. Гэхдээ бас нэг юм байна. "Сү" уналаа гээд дараагийнх нь алхам юу вэ?, пар­ламент бай­саар байвал яах вэ? О.Магнай хэлж байна "Үгүй ээ, хөгшөөн ийм юм бай­гаа юм...". "...".

Нэлээд ярилцаад “зөв” гэж үнэлэв. Бидний яриа хувьсгалын явцад ил бо­лох байх. Тайван замаар, үр дүнтэй, ямар ч айдасгүй, шаргуу тэмцэх л хэрэгтэй болох нь. Үүнийг мэд­мээр байвал хувьсгалд оролцож болно.

"СҮ"-Г СҮЙРҮҮЛЭХ ТАКТИК

Сү.Батболд бол өнөө цаг үед бидэнд чухамдаа “бурхны бэлэг”. Түүн шиг олон "но"-той хүн Засгийн эрхэнд байна аа гэдэг нээ­рээ сайхан боломж. Тиймээс үйл ажилла­гааны тактикийн хувьд эхлээд ганцхан "Сү"-г онилох ёстой.

Бид энэ тухай ил тод ярих нь зөв гэж шийдсэн. Анхны төлөв­лөгөө ярьсны дараа би өөрөө нэгэн намын даргатай энэ талаар ярих "үүрэгтэй" гэж бодож очоод ярьтал хэдийнээ мэдчихсэн сууж байдаг юм. Мэдээлэл сайхан л тарж байгаа юм байна.

Нөхөр даргаас "Та хэнээс мэдэв?" гэвэл "Би мэднэ ээ, духан дээрээ үнээ наачихсан нөхөд та нарын хажуу­гаар гүйлдэж байдаг юмшдээ” гээд хэд хэдэн жишээгээр батлав. Нөгөө Пифаго­рын теоремыг 380 аргаар батал­даг шиг. Нээрээ тийм л дээ, бидний тооцоо амжилттай л хэрэгжиж яваа юм байна. Ма­найхан тагтаануудаа сайтар хооллоод "үүр лүү нь нисгэчихэж". Тэр "тагтаанууд" хөөрхий эрх баригч­дын тагтан дээр торон дотор атга будаагаар амиа зогоож, ард түмэн аз жаргал мэдрүүлэхээр нисч явдаг юм хөөрхийс.

Зөвхөн "Сү"-г унагах нь амжил­тын үндэс гэж бодсон бол энэ санааг булаацалдах амархан л даа. О.Чу­луунбат Ерөнхий сайдаас "Чин­гис", "Бороо"-гийнх нь талаар тайлбар шаардав. Уг нь тэр энэ тухай хамгийн сайн мэдээлэлтэй хүний нэг. Гэхдээ зарчим бол өөрөөр тавигдана. О.Чулуунбат гишүүн мэдэж байж болно, түүний мэдэж байгааг ард түмэн мэдэх эрх­тэй, харин ард түмэн мэдэх эрхтэй­гээ мэдэхгүй байвал О.Чулуунбат сануулаад өгч болно. Монголбанк­ны Ерөнхийлөгч байсан хүн ингэж шаардана гэдэг "Сү"-д тун ноцтой дохио өгч буй хэрэг.

Дараа нь АН-ын онц хурлынхан шүүрч аваад гүйчихдэг юм аа. Гэхдээ АН-ынхан дандаа л нөгөө хоосон торх шиг их дуутай, бараа сүртэй "ажилладаг" хойно. Гэвч нам нь "торх" бол онц их хурлынхан ч "молоконы лаазархуу" л чимээтэй өнхөрч байгаад чимээ тасарч байна. Асуудлын гол нь Сү.Батбол­дыг унагах процесс нийгэмд дуу чимээтэй явагдах уу? Эсвэл нам жим явагдах уу? гэдэгт байгаа юм. Хэрэв Сү.Батболдыг дуу чимээтэй унагах шаардлагатай гэж үзсэн бол тэдэнтэй тэдэнгүй хөгжмөө чанга­лаад, тугаа бариад гарчихна биз дээ. Эрх баригчид ард түмэн "синд­ром" гэдэг өвчтэй тэр нь хавар сэдэрдэг гэж ярьдаг. Гэвч эхлээд чимээгүй, дараа нь ...

ДАРААГИЙН ДАРГА ХЭН БЭ?


Нийгэм нам гүм байгаа боловч О.Магнайн "фокуслах" санаа, түү­нийг эзэнд нь хүргэх цуурхал л Сү.Батболдыг Засгийн газартай нуман тулгуурт хийчихлээ. Өнөөдөр МАН-ынхан дотроо дараа­гийн даргаа товлож, зүтгүүлэхийг хүссэн хоёр аравны таван бүлэг­лэлтэй болчихоод байна. Нөгөө хүчин хийсэн хасаг "Яагаад кагас кийсэн байдаг билээ" гэхэд "цагдаа ирсэн" гэж хариуллаа гэдэг шиг лидер нь байгаа ч хөдөлж төвдөх­гүй, хагас хийчихсэн нэг бүлэг ч бас бий л гэсэн үг.

МАН-д Сү.Батболдын оронд “залах” хоёр дарга тодорчээ. Нэг дэх О.Чулуунбатын зүтгүүлж бай­гаа Ө.Энхтүвшин. О.Чулуунбат "Нам­даа хэн ч биш, ганцаараа" энэ тэр гэх байх л даа. Гэхдээ хэрэв МАН-ынхан хамгийн либерал, үгүй ядахдаа хамгийн дэвшилтэт эдийн засаг-санхүүгийн бодлого томьёолж явуулъя гэвэл О.Чулуунбатаас өөр үнэтэй зөвлөгөө өгөх хүн үзээд өгье гээд хүн байхгүй. Яахав "Харвардын коммунист" гэлээ гэдэг шиг шил, костюм, зангиа гурваар боловсролоо илэрхийлдэг "шил толь шиг гялалзаж, шингэн чацгаа гоожуулсан..." нусгай нар зөндөө л бий, гэхдээ л О.Чулуунбат шиг "10 тэрбумыг хуссан хэргийг нь Монго­лын цагдаа тэр чигээрээ гурван жил мөрдөөд тогтоож чадахгүй хэлээ унжуулаад суух хэмжээнд үнэлэгдсэн" хүн хэрэгтэй шүү дээ. Түүний талынхны зорилго мэдээж "Таван толгой".

Монгол Улс энэ асар том нүүрсний сав газрыг эргэлтэнд оруулахаас өөр аргагүй болчихоод байна. Одоо яаж эргэлтэнд оруу­лах нь чухал биш, хэн оруулах нь, бүр нарийндаа эргүүлэгт орох үед тэртэй тэргүй залуургүй жолоон дээр нь хэн сууж “харагдах” нь чухал байна. Үндэсний компаниуд эдийн засаг-санхүүгийн бодат бөгөөд бодлогын нөлөө, бас алсыг харах чадвараар их л номчилж хэлэхэд "бодат ба хийсвэр шунал" зэргийг нь харгалзан үзээд О.Чулуунбатыг түлхэж байгаа юм.

Харин О.Чулуунбат ухаалаг хүн тул улстөрчийн дүрд тоглохгүй, өмнөө Ө.Энхтүвшингээ барьчихаж байна. Хэрэв Сү.Батболд унахдаа тулбал М.Энхболд үеийн нөхрөө дэмжиж чадна. Тиймээс Ө.Энхтүв­шин дарга болох боломжтой, дээр нь XXVI Их хурлаар авсан "өндөр" санал ч нөлөөлнө. О.Чулуунбатын бодат хүчийг нь олж харъя гэвэл шаардсаны нь дагуу Сү.Батболд МҮОНТВ-ээр "Чингис", "Бороо"-гоо бүтэн цаг тайлбарлаж байна. Яриагаа олон давхар өөхөнд боосон ч гэсэн үнэндээ энэ ярилцлага Чукагийнхаа шаардла­гыг л хангах зорилготой байсан шүү дээ.

Харин нөгөө талаас С.Баяр Н.Энхболдыг зүтгүүлж байна. Тий­мээс Монголд хүндэт зочны хувиар эргэн ирэв. Үй зайгүй найзууд учраас Н.Энхбол­доор араа хамгаалуулах ёстой. С.Баяр бол яахав дээ, цаашдаа нэг их холын шунал зорилго байхгүй, өмнөхөө шингээх л хүсэлтэй гэж улс төрийнхөн ярьж байна. Тиймээс ард нь хаалт хэрэгтэй. Ингэж бод­вол С.Баяр, Н.Энхбаяр хоёрын зовлон нэг юм байна. Н.Энхбаяр ч араа л хамгаалах гэж үйлээ үзэж байгаа амьтан биш үү?

С.Баяр бол Таван толгойд ямар ч ашиг сонирхолгүй, харин Сү.Бат­болд бол өөр л дөө. О.Чулуунбат өнөөдөр "Чингис", "Бороо" хоёроор нь шахаж байгаад жиргүүлчихэж чадсан, маргааш "Таван толгой", "Ухаа худаг"-аа тайлбарла гээд шахчихвал яана. Тайлбар­лахгүй бол өмнөхөө нуугаагүй байж одоогоо нуулаа гэж хяхна, тэр тусмаа “Таван толгойг” ашиглах гэж байхад шүү. Дээрээс нь манай үндэсний хөрөнгөтнүүд Таван толгойг геостратегийн хувьд маш ашигтай байдлаар зохицуулах төлөвлөгөө гаргачихаад Засгийн газартаа санал болгож байна.

Өөрөөр хэлбэл таван толгойг хэн нэгэн улстөрч биш санхүү-бизнесийнхний оролцоотой ший­дэх ёстой. Өөрийнхөө баялгийг өөрсдийн­нхөөсөө булааж аваад гадныханд өгчихөөд жаргаж суудаг улстөрч байх ёсгүй, тэгж яривал улстөрчид бизнесийнхнээр хахаж үхтлээ л тэтгүүлсэн. Зөвхөн бизнесийнхэн ч биш МАН-ынхан ч бас ярьж байна аа. "Оюу толгой"-н гэрээнд манай хамгийн залуу сайд л зурсан. Гэтэл нөгөө талаас АН-ынхан олонх болж зурж байна. Манай экс Ерөнхий сайд ер нь манай талын хүн үү, нөгөө талын хүн үү? АН-ынхан хамтарсан энэ тэр нь маньтайгаа хамтарсан хэрэг үү, манай даргатай хамтарсан хэрэг үү? гэж асууж байна.

Харин одоо Таван толгойд ашиг алдана гэж юу байхав, С.Баярын хэлснээр л "Та­ван толгой"-д ашиг сонирхлын зөрчилтэйг нь золбин нохой ч мэддэг Сү.Батболдоор Таван тол­гойг янзлуулна гэж ч юу байхав.

Гурав дахь нь буюу хагас нь У.Хүрэлсүх. Уг нь асуудал хоёр туйлтай бол зүгээр л байдаг. Гурав­дагч хэцүү, гэхдээ хэрэг болбол М.Энхболдын бүлэглэл түүнийг дэмжихэд бэлэн байгаа, гагцхүү энэ бүлэглэл “Таван толгой” дахь санхүү­гийн ашгаа тооцоогүй тул АН-ын хоол болох аюултай, дээрээс нь бараг л дагнасан улс төрийн бүлэг­лэл. Хуучин МАСЗХ-ны хувьд за­рим нэг санхүүгийн юм байдаг л юм, гэхдээ жинхэнэ цусалдагуудын дэргэд тэр нь хүүхдийн тоглоом шиг гэнэн эд, улс төрийнхөн яг л тэгж будлиулдаг байхгүй юу.

Харин үүний эсрэг Сү.Батболд боломжит ресурсээ шавхаж байна. Лав л хөдөлгөөнүүд түүнийг унага­на гэдгээ нуугаагүй, ил хэлсэн болохоор тэр хэнийг ч худалдаж авч чадахгүй. Өөрөөр хэлбэл мөнгө гүйхгүй, далд тохироо байхгүй болсон гэсэн үг. Сү.Батболдын хүчин чадал мөнгө л юм. Тиймээс маш осолтой алхам хийж эхэллээ.

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ

Үйл явц эрчимжиж эхэлмэгц тоглолтын хүрээ маш огцом тэлсэн. МАН дахь бүлэглэлүүд идэвхжиж, тэр нь парламентад халдварлав. АН яг алийг нь сонгохоо харзнаж байна. Сү.Батболдод дарамт учирч тэр бууж өгвөл хуулиар Засгийн газар огцорно гэсэн үг. "Ерөнхий сайд огцорвол Засгийн газрын кабинет тарна".

Ийм нөхцөлд АН хамтарсан Засгаас гарах үгүйдээ тулна. Ер нь бол МАН л шийднэ. МАН Засгийн газраа огцруулаад, Ө.Энхтүвшин, Н.Энхболд аль нь ч бай Засгийн газрын тэргүүн болбол цаашдаа хамтрах болов уу. Хуулиар тогтоо­сон намын дүрэм ёсоор намын дарга Ерөнхий сайд болох ёстой, энэ нь Ерөнхий сайд огцорсон тохиолдолд эргэж үйлчлээд Ерөн­хий сайд болсон хүн намын дарга болох учиртай. Сү.Батболд яг энэ практикаар намын дарга болсон, яаж авсан тэгж өгөх болох нь. МАН Намуудын тухай хуулийг зөрчсөн түмэн зүйл факттай байгаа, дээрээс нь энэ нэмэгдвэл бүрмөсөн балар­на.

Ерөнхий сайд унавал Засаг унана, засаг унавал хамтрал тар­на, хамтрал тарвал парламент хямарна, парламент хямарвал ээлжит бус сонгууль руу орно. Зарим нь "Та нар түр азнавал тэртэй тэргүй есдүгээр сард ээлжит бус болно" гэж байх юм. Наадахь чинь хууран мэхлэлт, ээлжит заль, хаврыг өнгөрөөвөл та нар 2012 руугаа зүтгэнэ шүү дээ.

Гэтэл саяхнаас Үндсэн хуулийг өөрчлөх, хоёр танхимтай парла­мент бий болгох юм болоод явчих­лаа. Нэг талаас үүнийг Э.Бат-Үүл хэлж байсан, нөгөө талаас ҮШН ийм хувилбар бэлэн хийчихсэн байгаа. Эрх баригчид өөрийгөө хамгаалахдаа цуурдаг шиг Мон­голд "Ерөнхийлөгчийн засаглал тогтооё" гэсэн эрмэлзэлтэй нэг ч бодитой хүчин байхгүй юм. Алсдаа шинэ хувилбарыг батлуулахгүй л гэвэл иймэрхүү санаа цухалзаж магадгүй. Эрх баригч, сөрдөггүй сөрөг, жижиг сөрөг, гудамжныхан бүгдээрээ парламентын засаглалыг л сайж­руулах эрмэлзэлтэй. Чухам яг амбицан дээр нь Сү.Батболд тог­лож байна. Тэр нам дотроо, парламентад дэмжлэг султайгаа мэдэж байгаа учраас гудамжнаас “дэмжлэг” горьдож байна уу?

Тэрээр шинэ Үндсэн хуулийн хувилбарыг хэлэлцүүлж эхэлснээр цаг хожино гэж бодож байна. Үндсэн хуулийг цаад зах "Нэмэлт өөрчлөлт оруулдаг шиг" нэг хаврын чуулганы хугацаанд хэлэлцээд өөрчилчихдөггүй байх. Нэмэлт бол өнгөрсөн 20 жилд Үндсэн хуулинд хүрсэн том нүгэл байсан учраас цаад зах гэж үзэж байгаа юм шүү.

Энэ нь сөрөг хүчний дунд том хагарал үүсгэнэ. В.И.Ленин "Сэхээт­нүүд бол баас" гэдэг шиг нам болж тоглогчид "Шинэ Үндсэн хуулинд санаагаа тусгуулъя, энэ бол хувьс­гал л гэсэн үг" гээд давхичихаж магадгүй л дээ. Гэвч тэр Үндсэн хуу­лийг нь батлахгүй байж болно, аягүй бол ахиад 20 жилийн дараа хувьсгалт үзэл санаа дэлгэрвэл хэрэглэхээр өнөөгийн ухаантан бид боловсруулаад далд хийх гэж байсан юм гээд нэг орой хүлээн авалт хийгээд өнгөрч ч болно. Тэгээд 20 жилийн дараа тэр “нууц” Үндсэн хуулийг нь олох гэж Холливудын кинонд гардаг шиг адал явдал өрнөнө гэж хэлэх байх.

Гэхдээ л магадгүй зарим намын алсын хараатай зальжин удирдаг­чид "цусгүй, зөөлөн хувьсгал" хий­хийн тулд нөхцөл байдал дээр айлгаж шахсан байж болно, ер нь "Үндсэн хууль" өөрчлөх асуудлыг яриад эхэлнэ гэдэг өөрөө хувьсгалт шинжтэй өөрчлөлтийг дуудаж бай­гаа хэрэг мөн үү гэвэл яахын арга­гүй мөн юм. Магадгүй чухам үүнд мөнгө гүйчихсэн байхыг үгүйсгэхгүй байна. "Хуулиа золиод хувалзнууд нь үлдэх" ийм хувьсгал 1917 оны 2 дугаар сард Оросод гарсан. Тэгэ­хэд Ленин "Бид биш ч бидний үр хүүхэд хувьсгал хийнэ" гэж байсан. Дараа нь 10 дугаар сард юу бол­лоо. Хувьсгалаа хийчихсэн шүү дээ. Киргизэд ч бас тэгсэн.

Мэдээж Октябрийнх шиг хувьс­гал хэрэггүй л дээ, дутуу орхисон жам ёсны үзэгдэл заавал биелэх­дээ давж алдаг л гэсэн үг. Тиймээс ахиад жаахан шахаад үзье, гэхдээ зөвлөх маягаар биш, бодат байд­лаар. Тэгээд үндсэн хуулийн өөрч­лөлтийн асуудлаар ярилцах нь уу, эсвэл өөр байдлаар явах нь уу гэдгээ харцгаая.