Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхт хаан хэмээх Их хөлгөн судар оршвой
II БҮЛЭГ
ТҮҮНЧЛЭН ЗАЛРАГСДЫН НАСАН СҮҮДРИЙН ХЭМЖЭЭГ ҮЗҮҮЛЭХҮЙ
хэмээх бүлгийн хэсээс...
Тэр цагт үлэмж их буяныг үйлдээд Бурхан болсон Ручира-кету (Үзэсгэлэнгийн охь) хэмээх Бодьсадва тэр газарт сууж байлаа. Тэрбээр Ялж төгс нөгчсөн Шагжамуни бурхан ямар учир... энэ мэт нас сүүдэр богинохон наяхан наслах билээ? хэмээн бодов. Тэгээд тэр цааш нь бодлоо.
Ялж төгс нөгчсөн Шагжамуни Бурхан багш тэр өөрөө өнгөрсөн, одоо тоолшгүй олон түг түмэн галавд амьтны амь таслахыг огоорч, өглөг буян номын үйлд шамдан зүтгэж арван цагаан буяны замаар явж ирсэн. Тэр өөрийн бие, мах бодь, яс, цус, чөмгөө ч болов өлсөж зовсон амьтны идэш хоолонд өгч байсан. Энэ мэт олон сайхан юмсыг би хэрхэн яаж хэлж барж дуусах билээ... хэмээн бодов.
Дээд төрөлхтөн Ручира-кету ийн бодсон төдийд түүний дөрвөн зүгээс тэнгэрийн эрдэнийн дөрвөн их ширээ гарч ирэв. Ширээ бүгд тэнгэрийн олон цэцэгсээр чимэглэгдэв.
Тэнгэрийн цэцэгс дөрвөн Лянхуа нэг бүрээс Ялж төгс нөгчсөн дөрвөн Бурхан үзэгдсэн бөлгөө. Өмнө зүгээс нь Түүнчлэн заларсан Ратнакету бурхан үзэгдэв. Хойд зүгээс нь Түүнчлэн заларсан бурхан Дундубисвара үзэгдэв. Баруун зүгээс Түүнчлэн заларсан Амитаба бурхан. Зүүн зүгээс Түүнчлэн заларсан Акшобяа бурхан үзэгдлээ. Энэ цагт түүний төрөлх хотод их гэрэл гарав. Тэнгэрийн цэцэгсээр хур буув. Тэнгэрээс хөгжим дуу сонсогдов. Энэ цагт тэрхүү их хотноо амьтан бүхэн тэнгэрийн амьтан мэт төгөлдөр болов. Харалган сохор мулгуу амьтад тэд тэнгэрийн их гэрэл гэгээг харав. Тэд бүгдээрээ элдэв олон сайн өнгө гэрлүүдийг үзэх болов. Чих дүлий амьтад тэнгэрийн их дууг сонсов. Дүлий бээр сэтгэлд зохист аялгууг сонсох болов. Өвчинд нэрвэгдсэн нь өвчнөөсөө салав. Өлссөн бээр цатгалан болов. Үгээгүй ядуу нэгэн баян болж тэр цагт тэрхүү их хотод гайхамшигтай сайхан юмс агуу ихээр тохиосон гэдэг билээ.
Тэгээд Ручира-кету бодьсадва түүнд баясал хийгээд сэтгэлийн амгалан төрөв. Ялж төгс нөгчсөн Бурхан Шагжамунид тэр алга хавсран сөгдөн мөргөлөө.
Бурхад бодьсадва, тэнгэр, уул, усны эзэд тэргүүтэн бүгдээрээ ялж төгс нөгчсөн бурханд сөгдөн мөргөв. Тэгээд Бурхан багш Ручира-кету бодьсадвад зарлиглав. “Язгуурын хөвүүн бодьсадва минь ээ! Ялж төгс нөгчсөн Шагжамуни Бурхан яагаад энэ мэт нас ахархан наслах билээ? хэмээн бүү сэтгэгтүн. Учир хэмээвээс: Язгуурын хөвгүүн ээ! Ертөнц тэнгэр газар хаана хэн боловчиг Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Шагжамуни Бурханы насны хэмжээг мэдэж хэлж чадахгүй” хэмээн зарлиглав. Тэгээд олон түмэн бурхад бодсадва махасадва нар болон тэнгэр газрын хөвгүүд тэд бүгдээрээ хамтдаа Ялж төгс нөгчсөн Шагжамуни Бурханы нас сүүдрийн хэмжээг ийн магтан айлтгалаа:
“Хамаг далайн ус бүгдийн
Дусал бүрийг тоолж чадна
Шагжамуни бурханы насны хэмжээг
Хэн бээр ч тоолж үл чадна.
Хамаг Сүмбэр уул бүхэнд буй
Хамгаас нарийн тоосыг тоолж чадна
Харин Шагжамуни бурханы насны хэмжээг
Хэн бээр ч тоолж чадахгүй билээ.
Гэгээрсэн бурхад хэдий оршино
Гэгээрсэн Бурхан багш төдий их насална
Далайн усыг дусал бүрээр нь тоолж болно
Харин Шагжамуни Бурханы насны хэмжээг тоолж үл чадна.
Сүмбэр уулын тоосны хэмжээг нэг бүрээр нь тоолж чадна
Харин Шагжамуни Бурханы насны хэмжээг тоолж үл чадна
Хамаг бүх газрын нарийн тоосыг ширхэг бүрээр тоолж болно
Харин Шагжамуни Бурханы насны хэмжээг тоолж барахгүй.
Огторгуйн хэмжээс бүрийг жишиж хэмжиж болно
Харин Шагжамуни Бурханы насны хэмжээг хэмжиж үл болно.
“Галав ертөнц цорын нэг. Ганцхан байдаг. Аль эсхүл галав ертөнц нэг зуун нэг гэх адил. Энэ мэт тоог тааж олж хэлж үл чадах билээ. Гэгээрсэн Ялж төгс нөгчсөн Шагжамуни бурхан түүний зарлигт ийн айлдсан. “Аливаа муу үйлийн үрээс хагацах шалтгаан нь хоёр байдаг. Уг шалтгаан нь өөрөө бас хоёр янз байдаг хэмээн айлдсан. Энэ нь аливаа бусдыг үл хөнөөх болоод амьтанд өглөг өгөх гэх мэт. Энэ хоёр шалтгаан байдаг хэмээн айлдсан. Тиймийн тулд уг мөн чанартаа түүний насны хэмжээг тааж олох боломж үгүй. Эргэлзэх хэрэг үгүй. Өчүүхэн ч бүү эргэлз. Шагжамуни бурханы насны тоо хаана ч байхгүй” хэмээн тэд бүгдээр номлов.
Тэгээд Ручира-кету бодьсадва Шагжамуни бурханы нас сүүдрийн номлолыг энэ мэт сонсоод ийн айлтгав. “Ялж төгс нөгчсөн Шагжамуни Бурхан аа! Тэрбээр заларсан Бурхан мөн атал яагаад түүний насны хэмжээ ахархан богинохон наяхан байдаг билээ? Яагаад энэ мэт ахархан богинохон насыг тэр үзүүлэх болов? хэмээсэнд Бурхан багш Ручира-кету бодьсадвад зарлиглав.
“Ялж төгс нөгчсөн Бурхан багш бээр муу хүсэл шунал сэтгэлийн гэмээс үүрд ангижран салсан байдаг. Эгэл хүмүүст туслахаар тэр энэ ертөнцөд ирсэн. Шагжамуни бурхан багш тэрбээр буян ном үйлдэх эс хүсэлтэн, сүшиг бишрэл үгүй нэгэнд туслах гээд энэ ертөнцөд ирсэн. Бас уур омог хүсэл шуналын доройтолд орсон нэгэнд туслахаар тэр энэ ертөнцөд ирсэн. Тэрбээр бас тэрсүүд нарт үнэн мөн чанарт шингэсэн тэнцэшгүй их бодийг олгуулж үлгэрлэн үйлдье хэмээн энэ ертөнцөд заларсан”.
“Түүнчлэн заларсан Бурхан багш ертөнцийн хүний насны тоог нэг зуун жил хүрэхээр тогтоосон. Иймийн тул тэр энэ ертөнцөд заларсан өөрийн насны тоо хэмжээг энэ мэт адил богинохон эгэл нэгэн хүний адил болгон үзүүлсэн. Тэрбээр орчлонгийн жам ёсонд зохицон амьдарсан” хэмээн зарлиглав.
“Ялж төгс нөгчсөн Бурхан багш. Буян номын ёзоор муутай. Би-гийн үзэл бодолд нэвчсэн. Зөвхөн өөрийн амин хувийн ашиг хэрэгт хэт их шунасан. Тэдэнд мөнх бусын үнэнхүү үзэл бодлыг төрүүлэхийн тулд, тэр энэ ертөнцөд ахархан богино насыг үзүүлсэн. Бурхан багш тэрбээр эгэл нялхаст (мунхаг нэгэн) туслах гээд тэр энэ ертөнцөд богинохон насалсан юм”.
“Язгуурын хөвгүүн ээ! Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багш тэр энэ орчлон ертөнцөд хааяа нэг ганц нэгхэн удаа ирдэг. Үлгэрлэвээс Удамбар цэцэг ганц нэгхэн ховор цөөхөн ургадагтай адил нэг. Тиймээс тэрбээр учрахуйяа бэрх хэмээх шалтгааныг эс үзүүлэх аваас, Ялж төгс нөгчсөний зарлигласан судрын хүчинд итгэх бусдын итгэл суларч мэдэх билээ. Тийм учраас тэр энэ ертөнцөд ийм ахар богинохон насалсан билээ”.
“Язгуурын хөвгүүн ээ! Энэ амьдралд хэн ч мөнхрөхгүй. Хүний амьдрал богинохон. Ихдээ л нэг зуу насална. Үхэл бол гарцаагүй ирнэ. Үхлээ гээд тэр бас ор тас алга болохгүй. Үхэвч дахиад төрнө. Үйлдсэн үйлийнхээ үрээр тэр нэг бол сайн заяанд төрнө. Аль эсхүл тэр муу заяанд унана. Үүнийг тэр өөрөө өөрөөрөө үзүүлэх гээд энэ богинохон насыг энэ ертөнцөд үзүүлсэн хэмээн Бурхан багш Ручира-кету бодьсадвад зарлиглав.
Түүнчлэн заларсан дөрвөн Бурхан үл үзэгдэх болов.
Тэгээд бодьсадва Ручира-кету болон найман түм найман мянган бурхад бодьсадва нар эрхэс тэнгэр газрын хаад бас лусын хаад Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багш Шагжамунигийн өлмийд оройгоороо мөргөөд нэгэн зүгт суулаа. Энэ цагт Түүнчлэн заларсан дөрвөн Бурхан бээр Ялж төгс нөгчсөн Бурхан Шагжамуни байгаа Тасын цогцолсон хэмээх тэр ууланд дахин залрав. Бурхад Ялж төгс нөгчсөн Бурхан багшийн өлмийд оройгоороо мөргөн айлтгавай. “Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан. Энэ судар маш их гүн гүнзгий билээ. Үүнийг хамаг амьтны тусын тулд, бүгдийг амгалан сайн болгохын тулд бид судрыг Даган баясан зохиох болно” хэмээн дөрвөн бурхан тэд айлтгав.
Ялж төгс нөгчсөн Бурхан багш бээр “Сайн болой” хэмээн зарлиглаад тэрбээр эдгээр зарлигийг номлов.
Орчин үеийн монгол хэлэнд хөрвүүлэн бичсэн
Батжаргалын БАТБАЯР