(Рокхиллын хоёр захидал, хоёр бэлэг)

Цувралын Нэгдүгээр: 6 сарын 30-ны захиа

Арван гуравдугаар Далай лам Агваанлувсантүвдэнжамц Их Британийн түрэмгийллээс дайжин, 1904 онд Монголд хүрэлцэн очиж, тэндээ гурван жил орчим саатсан билээ. 1906 онд Монголоос буцсан боловч шууд нийслэл Лхастаа очсонгүй, эхлээд Гүмбумд хүрч зургаан сар суугаад, тэндээсээ 1908 оны эхээр гарч, Утай шанд хэсэг саатжээ. Далай ламыг Утай шанд морилж ахуйд АНУ-аас Бээжинд сууж байсан сайд, Америкийн анхны төвөд судлаач, мөн анхны монгол судлаачдын нэгд ч тооцож болохуйц, эрдэмтэн Уиллиам Рокхилл бараалхан уулзаж, сонирхолтой яриа өрнүүлснээ Нэгдсэн улсынхаа ерөнхийлөгч Теодор Рузвельтэд дэлгэрэнгүй бичиж илтгэсэн байна.

Энэ бол Төвөдийн түүхэн дэх хамгийн эмзэг үе, Манж-Хятад, Их Британи, Энэтхэг, Хаант Оросын нөлөө эзэрхийлэл, хүч түрэмгийллийн дундаас тусгаар улс болон үлдэж чадах эсэх нь тодорхойгүй, хэцүүхэн цаг билээ. Энэ үеийн Төвөд Монголын түүх нягт холбоотойн учир, хоёр дахь захидалдаа Рокхилл Агваандоржиевийн тухай Ерөнхийлөгч Рузвельтэд нэн дэлгэрэнгүй танилцуулсны учир, мөн Рокхилл нь Конгрессын Номын Сан дахь Монгол номын цуглуулгыг үндэслэгчийн хувьд түүний ерөнхийлөгчдөө бичсэн хоёр захидал манай түүхчдэд чухал эх сурвалж болох юм.

Үүний тул Рокхиллын хоёр захидал хийгээд Далай ламаас Рокиллд бэлэглэсэн, өдгөө Конгрессын Номын санд хадгалагдаж буй үнэт бэлэг болох судар ном, танка зургийг гурван цуврал нийтлэлээр та бүхэнд танилцуулсу.

XIII Далай лам

Захидлын орчуулга

Америкийн Төлөөлөгчийн газар1

Бээжин, Хятад

1908 оны 6 сарын 30

Эрхэм хүнд Ерөнхийлөгч өө:

Миний бие саяхан маш өвөрмөц, сонирхолтой явдалтай учирснаа тантай хуваалцахгүй байж чадахгүй нь ээ.

1904 онд Британийн Төвөд дэх экспедицийг Лхас руу орохоос хэдхэн хоногийн өмнө Далай лам нийслэл хотоосоо дүрвэж, хойт этгээд рүү эчсээр, эцэст нь Монголын хойт хил орчим орших Өргөө хэмээх газар хүрснийг та санаж буй биз ээ. Тэндээ, тэндээ ч гэж, тэр хавийн нутагт2 ноднингийн өдийг хүртэл суугаад, эргээд өмнө зүгт явсаар Монголын нутгийг туулж, Хөхнуурын дэргэд орших Гүмбум хэмээх томоохон хийдэд саатсан юм3. Хэдэн сарын өмнө тэрбээр гурван зуу гаруй бараа бологчдынхоо хамтаар мөнөөх хийдээс гарч, эндээс баруун зүгт орших Шанси хэмээх мужийн Утай шан хэмээх Бурханы шашны өөр нэгэн томоохон төвд очжээ. Өдгөө тэндээ заларч буй. Намайг 1905 онд Бээжинд очсоны дараахан Далай лам томоохон цол хэргэмтэй лам болох хоёр төлөөлөгчөө илгээж, явдал суудлаа зохицуулж байхад нь хэрэгтэй тул цагийн байдлыг өөрт нь үе үе илтгэж байхыг надаас хүссэн юм. Хоёр ламаар надад захидал болон бэлэг сэлт илгээжээ. Миний Төвөдөөр аялсан тухай, бас намайг эх хэлийг нь мэддэг, уран зохиолыг нь уншдаг тухай сонссон гэнэ.  Төлөөлөгчидтэйгөө намайг ойртон нөхөрлөөсэй хэмээгээд өөрийнх нь хувьд Төвөд рүүгээ буцах, эсхүл Британичуудыг эх орноос нь бүрэн гарч дуустал эндээ байх хоёрын аль нь дээр болох талаар миний саналыг асуулгажээ.                   

Далай ламын хоёр төлөөлөгч маш сонирхолтой улс байсан бөгөөд миний бие 1905 онд болон хойтон жил нь байнга уулзаж байв. 

Энэ оны тавдугаар сард чөлөөгөө дуусгаад энд буцаж ирээд байхад минь тэр хоёрын нэг нь (нөгөө нь өмнөхөн нь нас баржээ) надтай уулзахаар Далай ламын захидал, бэлэг сэлтийг дайж ирсэн юм. Би түүнд Дээрхийн гэгээнтэн өдгөө Бээжинд харьцангуй ойр буй учраас биеэр уулзаж, надад хайрласан өглөг буян, өршөөлт сэтгэлийнх нь төлөө талархлаа өөрөө илэрхийлбээс ихэд баясах болно гэдгээ хэлэв. Тэрбээр Далай лам таныг хүлээн авахдаа ихэд таатай байх болно хэмээгээд намайг аянд бэлд хэмээн шамдуулсан билээ.  

Ингээд энэ сарын 13-ны өдөр, Төлөөлөгчийн газар яаралтай ажил байгаагүйн тул, нэг жуузанд хоёр луус хөллөн сууж, бас нэг луус тэргэнд ачаа ачаад, Чили хэмээх хөндийг туулж, баруунтай нь орших уулсыг даван, таван өдөр аялсны эцэст Утай шанд хүрч очлоо. Тэнд миний бие хорин гурван жилийн өмнө бас нэгэнтээ зочилж байсан билээ.

Намайг очсон өдөр миний найз, Далай ламын төлөөлөгч мөнөөх лам надтай уулзаж, Дээрхийн гэгээнтэнд маргааш нь (6 сарын 19) намайг бараалхуулахаар бүхнийг зохицууллаа. Далай ламын заларч буй сүм нэлээд өндөр, эгцэвтэр толгойн орой дээр байх бөгөөд урт гантиг шат тэр өөд хүргэх аж. Шат өгссөөр сүмд орох хаалганд тулна. Сүмийн хаалганаас хөх бааюугаар бүрсэн жижигхэн асрыг хүртэл нэгэн зам байхын нэг талд Лхасад үйлдвэрлэсэн Мартини винтовоор зэвсэглэсэн Далай ламын бие хамгаалагч, нөгөө талд нь Засгийн газраас Далай ламыг Утайд байх хугацаанд нь хамгаалуулахаар явуулсан хятад хамгаалагч зогсож байв. Хаалган дээр намайг Төвөдийн лам, хар олон албан тушаалтан хүлээж байсан бөгөөд хоёр нь надад ёслолын тууз4 (төвөд хэлээр катак гэдэг) барилаа. Ийм хадгийг зочиндоо барьдаг ёстой, би маш том нэгийг нь аваад ирсэн буй.                 

Дараа нь намайг хоёр лам дагуулан, Далай ламын залрах, хооронд нь хонгилоор холбосон хоёр өрөө бүхий жижиг байшинд аваачив. Баруун талын өрөөнийх нь үүд болох шар торгыг сөхвөөс Далай лам адраас багаахан өндөрлөсөн түшлэгтэй сэнтийн дээр сууж байлаа. Түүний дүр төрхийг хараад би ихэд гайхав. Би бол даяанч маягийн, олбог дээр бөгтийн завилж суусан, бясалган бодлогоширсон, бага залуу хүн хэмээн төсөөлж байсан юм. Гэтэл яг эсрэгээр, гучин гурван насны, хар бараан гэхээсээ цайвар тунгалаг царайтай, уруул болон эрүүндээ сахалтай хүн байх нь тэр. Бүлтгэр биш боловч том нүдтэй, хөмсөг нь сүм өөдөө бага зэрэг өргөгдсөн нь хөнгөн хошин төрхийг бүрдүүлжээ. Том амтай, яралзсан цагаан шүдтэй юм. Халзан боловч хэд хоног үсээ хусаагүй нь эгэл боргил дүртэй болгож. Гялгар шар дээл өмсөж, бүхий л лам нарын хэрэглэдэг орхимжийг зүүн мөрөн дээрээ тохсон нь улаан хүрэн өнгөтэй ажээ. Хөх үдээстэй шар гутал гишгэж. Чих нь том боловч хэлбэр сайтай, нарийхан сайхан гартай юм байна. 

Би Далай ламын өмнө зогсоод тонгойн мөргөж, гар дахь хадгаа өлмийд нь тавьсанд тэрбээр мөн өөрийн барьсан хадгаа миний гарт атгууллаа. Дараа нь намайг малгайгаа авсны дараа өөдөөс нь харсан сандал дээр суулгав. Бид хоёроос гадна тэнд ердөө хоёр туслах, орчуулагч хамба, намайг дагалдан яваа Төлөөлөгчийн газрын ноён Хаскинс нар л байлцлаа. 

Нэг туслах нь Далай ламд аягатай цай барьсанд уруулдаа хүргэлээ. Дараа нь надад бас цай авчирч, дэргэдэх жижиг ширээн дээр тавив. Удалгүй эхлээд Далай ламд, дараа нь надад бас бэрээс5 авчирч өглөө. Дараа нь миний өмнө боов, хатаасан жимс, амттан өрсөн явган ширээ авчирч тавив. 

Далай лам эхлээд надаас Бээжингээс хэрхэн явж ирэв, Хятадад хэр удаан сууж байна гэх мэт олон асуулт асуулаа. Өмнөө зогсоо хамбад тэрбээр тун нам дуугаар өгүүлэхэд хамба надад Дээрхийн гэгээнтэний юу хэлснийг хятад хэлээр давтаж байв.    

Дараа нь Далай лам миний тухай ихийг сонссоноо, надтай уулзаж буйдаа таатай байгаагаа хэлэв. Ялангуяа намайг эх хэлээр нь ярьдаг тухай сонссоноо онцлон дурдлаа. Би үүнд төвөд хэлээр хариулсанд тэрбээр ихэд баярлаж, нүд нь гэрэлтэн, инээхэд нь бүх шүд нь тод харагдав. Хагас цаг орчим ийн ярилцсаны эцэст Далай лам “энэ бол таны анхны албан ёсны бараалхал байлаа, гэвч таныг Утай шанд хэд хоног саатаж, дахин уулзах завшаан тохионо гэдэгт итгэж байна” хэмээв. Би ч дуртайяа тийн үйлдэхээ өчив.

Хорин нэгний өдөр Далай лам намайг ахин ёслолын байдалтай хүлээн авч, энэ удаад бид хоёр цаг хагас ярилцав. Тэрбээр надаас Энэтхэг-Төвөдийн харилцаа, саяхан тогтоосон Төвөдийн тухай худалдааны хэлэлцээр, Банчин рэнбүчи ламын Бээжинд хийхээр төлөвлөж буй айлчлал гэх мэтийн талаарх миний санаа бодлыг асуулаа. Тэрбээр Бээжинд очиж Эзэн хаантай уулзах нь сайн хэрэг хэмээн бодож байгаа боловч чухам тэгэх эсэхээ шийдээгүй буй гэнэ. 

Төвөдийн талаарх янз бүрийн асуудлаар ийнхүү дориухан хугацаанд ярилцсан бүхнээ танд илтгэж чилээшгүй, ямартай ч эцэст нь тэрбээр надтай уулзсандаа, намайг Төвөд орны болоод Төвөдийн ард түмний анд нөхөр гэдгийг мэдсэндээ баярлаж буйгаа ахин илэрхийлээд, хэрэгцээтэй үед санаа оноо асуух нөхөртэй байхыг хүсэж буйгаа илэрхийлэв. Мөн намайг Бээжинд Сайдын албыг сайн хашиж буй хэмээн сонссоноо илтгэж, бололцоотой үедээ захидал бичвэл ихэд талархана, өөрөө ч мөн хариу тийн үйлдэнэ хэмээв. Би хариуд нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно хэмээгээд, тийм боловч Бээжинд албан үүрэг хашиж байгаа учраас тодорхой хязгаарлалтууд намайг барьж буй, тйимээс тус болох тодорхой зарим зүйлийг л хийж чадна гэдгийг минь ойлгох ажаамуу хэмээв. Далай лам үүнийг сайтар ойлгож байгаагаа илэрхийлээд, Бээжин дэх төлөөлөгчидтэйгөө намайг эгээ л өөртэй нь ярьж байгаа мэтээр харилцаж байхыг хүсэж, тэр тохиолдолд үнэн зөв илтгэл дамжиж ирнэ хэмээв.

Дараа нь Далай лам надаас “Танай Эзэн хааны”6 гэрэл зураг байна уу хэмээн асуулаа. Бээжинд буй хэмээвээс өөртөө илгээхийг хүссэн билээ. Өнөөдөр би яг таны зургийг илгээгээд сууж байна. 

Далай лам тэгээд надад алтадсан Бурхан, ёслолын том хадгийн хамт танд өгөөрэй хэмээн бариад, надад ч бас олон тооны бэлэг өгснөөр миний бие өмнөх жаягаар гарч одсон бөлгөө. Түүний хэлсэн сүүлчийн өгүүлбэр нь: “Би тантай Бээжинд найман сард уулзаж магадгүй” (9 -10 сар гэсэн үг)7.

Ярилцах явцдаа Далай лам эх орноо ихэд алслагдан тусгаарлагдсан болохыг, мөн гадаадад ганц ч анд нөхөргүй болохыг өгүүлж байв. Би түүнд андуурч байгааг нь хэлж, Америк болоод бусад улсад Төвөд, Далай ламд сайн сайхныг хүсэгч олон хүн буй, тэд Төвөдийн ард түмнийг бадран хөгжөөсэй хэмээн хүсдэг хэмээн өчив.Тэгээд түүнтэй энд ярилцсан бүхнээ Ерөнхийлөгч танд илтгэх санаатай гэдгээ хэлж, Бээжинд ахин уулзах завшаан тохиовол ихэд баярлана, тэр цагт миний хэлсэн бүрийг батлах захиаг Ерөнхийлөгч танаас авсан байгаад, түүнд гардуулж ч болох юм хэмээсэн билээ.

Энэ бүхэн маш сонирхолтой, урьд тохиож байгаагүй явдал боллоо. Далай лам билиг ухаантай, өргөн уужим сэтгэлтэй, өнгөрсөн дөрвөн жилийн туршид үзэж туулснаасаа болоод ч тэр үү, хүлээн авч буй зочиндоо нийцтэй, эелдэг, халамжтай нэгэн бөгөөд хүний хувьд нэр төртэй, гэвч бас хурдан зантай, гэхдээ тэр нь сэргэлэн хөгжилтэй талдаа хүмүүн ажээ. 

Энэхүү аяллынхаа тухай би өөр ихийг өгүүлж чадах боловч хөөрсөндөө болоод хэдийн дэндүү ихийг нуршчихсан болов уу хэмээн эмээж байна. Нууцлаг эзэн, Жанрайсиг бурханы амилсан дүр энэ хүнтэй уулзаж, хоёронтоо ярилцсандаа миний мэтийн амьдралынхаа олон жилийг Төвөдөд зориулсан хүн гүн сэтгэлээсээ баярлахгүй байхын аргагүй билээ. Далай ламтай дотно ярилцан суух минь, хамба нарынх нь нэг нь миний ард зогсох нь, Дээрхийн гэгээнтэний дэвүүрээр толгойноос минь ялаа үргээх нь, аягатай цайг минь байнга дүүргэх нь, Далай лам надаас холбоотой байхыг хүсэх нь, зөвлөхөө, анд нөхрөө болоосой хэмээх нь, ерөөс энэ бүхэн дэндүү гайхамшигтай байлаа. Би бүр нүд чихэндээ итгэж өгөхгүй нь.

Би Далай ламын танд бариарай хэмээсэн Бурхан болон том цагаан хадгийг хайрцаглан илгээлээ. Миний ажлыг дэмжин сонирхож байдгийн тань тул таныг нуршуу үгээр залхаагаагүй гэдэгтээ итгэнэм. Далай лам өнгөрсөн хэдэн жил нэлээд хэдэн орос хүнтэй уулзсан, тэр уулзалтууд илүү албаны, бас богинохон байсан тул надтай тохиосон энэ явдлыг харин та сонирхон сонсох биз ээ.

Ноён Тафтын8 амжилтын төлөө танд чин сэтгэлийн баяр хүргэе. Түүнийг нэр дэвшсэнтэйгээ адил бүгдийн саналаар сонгогдоно гэдэгт би итгэж байна. 

Хатагтай Рузвельтэд халуун мэндийг минь дамжуулж өгнө үү.

Таныг хүндэтгэсэн

Рокхилл



Ерөнхийлөгчийн хариу

АНУ-ын 26-р Ерөнхийлөгч Теодор Рузвельт дээрх захидал болон Далай ламын бэлгийг хүлээн аваад 1908 оны Наймдугаар сарын нэгний өдөр Рокхиллд хариу захидал бичжээ. Захидалдаа Ерөнхийлөгч:

Эрхэм ноён Рокхилл

Миний бодлоор бол энэ болбоос та бидний үед аж төрж буй хэнбугайд ч тохиолдож болох хамгийн сонирхолтой хийгээд гайхамшигтай явдал мөн байна. Миний л мэдэхээр ийм хэрэг учрал өмнө огтоос тохиолдож байгаагүй билээ. Үнэхээр таны хэлсэнчлэн, ийм явдал тохиосон гэхэд итгэхэд ч бэрх юм. Танд гүнээ талархахын ялдар ийм үйлд хүргэж чадахуйц дипломат төлөөлөгчтэйнх нь хувьд Америкийн Нэгдсэн Улсад бас баяр хүргэх учиртай.

Өдгөө Бурхан бүхий хайрцаг, том цагаан торгон хадгийнх нь төлөөнөө миний бие хэрхэн талархах нь зүйтэй вэ? Хариуд нь ямар бэлэг илгээвээс зохистой вэ? Далай ламын юунд дуртай байж болох талаар надад ямар ч төсөөлөл алга. Пап ламд бол би өөрийнхөө бичсэн номуудыг[9] илгээсэн юм. Пап ганцынх нь гадар хавтсыг хараад л орхисон ч байж мэднэ, харин Далай ламын тухайд бол бүр харж төвдөхгүй ч байж мэдэх юм. Үүнийг надад мэдүүлж өгнө үү!

Хүндэтгэн ёсолсон

Гарын үсэг

Теодор Рузвельт


Theodore Roosevelt


Уиллиам Рокхиллын захидал Конгрессын Номын Сангийн Азийн тасагт хадгалагдаж байгаа бол Рузвельтийн хариу захидлын уг эх Харвардын их сургуульд бий, үүнийг онлайнаар үзэх боломжтой.

Захидлын тайлбар, зүүлт

[1] Элчин Сайдын Яам байхгүй тохиолдолд Legation хэмээх Төлөөлөгчийн газар барууны улс орнуудыг албан ёсоор бусад улсад төлөөлдөг байжээ. Элчин Сайдын Яам-ыг Ambassador хэмээх Элчин сайд тэргүүлэх бол Төлөөлөгчийн газрыг Minister хэмээх сайд даргална. Уилиам Рокхилл Бээжин дэх АНУ-ын Төлөөлөгчийн газрын Сайд байжээ.

[2] Өргөөд морилсон боловч “чухам Өргөөд бус, тэр хавийн нутагт байсан” гэж Далай ламыг Ханддорж вангийн нутагт аж төрснийг хэлж буй хэрэг бөгөөд энэ нь Рокхилл мэдээлэл сайтай байсны гэрч баримт мөн.

[3] XIII Далай ламыг Гүмбумд саатсан тухай, тэнд байхдаа ярьсан олон сонин домог хуучийг Гүмбум хийдийн хамба лам бөлгөө Ажаа гэгээнтэн хуучилдаг билээ. Хожим тусгай нийтлэл болгон өгүүлэх нь зүйтэй. 

[4] Хадгийг ойлгуулахын тулд Ерөнхийлөгчид “Ёслолын тууз” гэсэн маягаар тайлбарлан бичжээ. 

[5] Sweetened rice буюу “чихэрлэг будаа” хэмээн уг захианд байгааг “бэрээс” хэмээн орчуулав.

[6] Ерөнхийлөгч Теодор Рузвельтийг хэлж байна.

[7] Далай лам билгийн тооллоор Найман сард гэснийг Рокхилл бээр Ерөнхийлөгчид аргын тооллоор бол “ес юм уу арван сар” хэмээн хаалтан дотор тайлбарлаж өгчээ. 

[8] Ерөнхийлөгч Уиллиам Ховард Тафтын тухай өгүүлж байна. Теодор Рузвельт түүнийг 1907 онд тухайн үед Дайны Яам хэмээн нэрийддэг байсан Батлан Хамгаалах Яамныхаа сайдаар томилоод, 1908 онд өөрийнхөө залгамжлагчаар буюу Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигчээр зарласан юм. Тафтын кампанит ажил амжилттай болж, тэрбээр 1909 онд АНУ-ын XXVII Ерөнхийлөгч болсон билээ. 

[9] АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рузвельт авьяаслаг нийтлэлч, номын зохиогч байв. 1882 онд анхныхаа номыг бичиж хэвлүүлснээс хойш 1907 он буюу энэхүү захиаг бичих хүртлээ даруй 17 ном бичиж хэвлүүлээд байжээ.