Энэ 7 хоногт
Хөгжил дэвшил ба боолчлол
Дэлхий дээр хиймэл боолууд бий болсноор, хүн хэмээх хагас боолууд ямар ч хэрэгцээгүй болох нь.
Хархны уралдаанаас эрх чөлөөт нийгэм рүү
Эртний Грек болон орчин цагийн Монголын ардчилалд зөвхөн “иргэн хүн” улс төрд оролцдог, сонгууль өгдөг гэдгээрээ ижил төстэй. Гэхдээ гол ялгаа нь “иргэн” хэмээх ойлголтод оршино.
Эртний Грекийн нийгэм нь нэг талаас иргэн, нөгөө талаас боол эсвэл харийнхан гэсэн хоёр анги давхаргаас бүрдэж байсан хэдий ч “иргэн” гэдэг нь зөвхөн эрх чөлөөтэй бөгөөд боол эзэмшдэг нийгмийн анги давхарга байжээ. Грекийн нийгэмд боол эзэмшинэ гэдэг нь тухайн иргэн чөлөөт цаг ихтэйг илтгэх ба Грек хүний ойлголтоор зав чөлөө (Грек хэлний “schole”) гэдэг нь суралцах, бодож сэтгэх, унших зэргээр оюун ухаанаа хөгжүүлэх, цаашилбал ном зохиол бичих, уран зураг зурах, яруу найраг, утга зохиол туурвих зав чөлөөг илэрхийлдэг байж. Иймээс л эртний Грекийн “чөлөөт цаг” бол нийгмийн өндөр статусыг илэрхийлдэг, хамгийн нандин эрдэнэ байсан юм.
Өөрөөр хэлбэл Грекийн ардчилалд иргэн хүн л оролцож байсан гэдэг нь чөлөөт цагаараа байнга сурч боловсорч байдаг, эрдэм боловсролтой хүмүүс оролцож байсныг илтгэх ба үүгээрээ л Монголын ардчиллаас ялгарч байна. Харин Грекийн чөлөөт ангийг ийнхүү сурч боловсрох, хөгжих чөлөөт цагийг нь олгож байсан тухайн үеийн нийгмийн чухал бөгөөд салшгүй хэсэг нь боол анги байв.
Хөгжил дэвшил ба боолчлол
АНУ-ын иргэний дайны эцэг хэмээн алдаршсан John Caldwell Calhoun 1860-аад онд боол эзэмшигч Америкийн өмнөд мужуудыг хамгаалж, ширүүн тэмцэж байсан.
Тэрээр: “... түүхэнд өндөр соёл иргэншилтэй аль ч нийгмийг харахад нийгмийн нэг анги давхарга нь нөгөө анги давхаргын хөдөлмөр дээр үндэслэж байж л хөгжиж, цэцэглэж байсан” гэжээ. Мөн “Britannica” толь бичигт “...боолын зохион байгуулалт байсан учраас Грекийн Афины хөгжил цэцэглэлт, язгууртнуудын чөлөөт цаг бий болж, ингэснээр Афины эрх чөлөөт анги өнөөгийн Өрнөдийн соёл иргэншлийн эхлэл гэж тооцогдох өндөр соёл иргэншлийг бий болгожээ” хэмээсэн байдаг.
Иймээс Аж үйлдвэрийн хувьсгалаас өмнөх үеийн бүхий л нийгэм чөлөөт анги, боол анги (эсвэл ажилчин, тариачин) гэсэн ерөнхий хоёр анги давхаргад хуваагдаж, улмаар эрх чөлөөт анги давхарга буюу язгууртнууд өнөөдрийн бидний мэдэх арвин их оюуны өв, соёлын өв, хөгжил цэцэглэлтийн эхлэл үндсийг тавьж байжээ.
Хар ажлаас чөлөөлөгдөх гэдэг нь түүхийн бүхий л эрин үед хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл байсаар ирсэн. Иймдээ ч хуучны язгууртны нийгэмд, өнөөдрийн нийгэмд ч ялгаагүй эрх чөлөөт хүмүүс баян тансаг амьдрахаас гадна гэрийн үйлчлэгч, зарцтай (боолтой) амьдардаг нь нууц биш.
Эрх чөлөөнд хөтөлсөн түүхэн хоёр хувьсгал
МЭӨ750-аад онд хөдөлмөрийн хуваарь бий болсон нь хүн төрөлхтнийг эрх чөлөөнд хөтөлсөн анхны хувьсгал байв. Гэхдээ уг хувьсгалын үр дүнд нийгмийн зөвхөн нэг анги давхарга эрх чөлөөтэй болж, эсрэгээрээ нөгөө анги давхарга нь боол болжээ. Ингэснээр тухайн үед цөөн тооны сурвалжтанууд урлаг, шинжлэх ухааныг хөгжүүлж эхэлсэн байдаг. Энэ талаар Аристотель“Метафизик” номынхоо оршил хэсэгт “анх хүмүүс чөлөөт цагтай болсноор урлаг, шинжлэх ухааныг нээжээ. Тухайлбал Египетэд анх чөлөөт цаг бүхий анги давхарга бий болсон нь математикийн шинжлэх ухааны үндэс суурийг тавьжээ” хэмээн дурдсан байдаг.
Харин хоёрдугаар хувьсгал буюу Аж үйлдвэрийн хувьсгал 1750-аад оноос эхэлсэн ба энэхүү хувьсгал өнөөг хүртэл үргэлжилж буй. Аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд өмнө нь боолын хөдөлмөрөөр бий болдог байсан үйлдвэрлэл автоматжиж, хөдөлмөрийн нөхцөл эрс өөрчлөгдөж, ажилчид өмнөх үеэсээ илүү чөлөөт цагтай болжээ.
Тухайлбал 1850-аад онд хүн, малын булчинг ашиглаж нийт бараа бүтээгдэхүүний 95 хувийг үйлдвэрлэж байсан бол 1950-аад онд нийт бараа бүтээгдэхүүний 84 хувийг машин техникээр үйлдвэрлэж, үлдсэн 16 хувийг хүн болон малын хүч хөдөлмөрөөр бүтээж байсан статистик судалгаа байдаг. Аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд хүн төрөлхтөн гурван хэсгээс бүрдэх аж амьдрал буюу 8 цаг ажиллаж, 8 цаг унтаж, үлдсэн 8 цагийг хүссэн зүйлээ хийж өнгөрүүлдэг болжээ. Хүмүүс илүү эрх чөлөөтэй болжээ. Энэ ч утгаараа түүхэнд эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх хамгийн үр дүнтэй тэмцэгч нь Мэри Уоллстонкрафт биш, харин “угаалгын машин” байсан хэмээх яриа байдаг.
Чөлөөт ангиас чөлөөт нийгэм рүү
Ийнхүү эрт эдүгээ цагаас өнөөг хүртэл аливаа нийгэм чөлөөт анги давхарга, ажилчин (эсвэл боол) хэмээх ерөнхий хоёр анги давхаргад хуваагдаж байсан. Харин орчин цагийн хүмүүсийн дийлэнх хэсэг нь хоол хүнс, хувцас, орон байр гэсэн Масловын суурь хэрэгцээгээ хангахад насан туршдаа хөдөлмөрлөдөг. Үүнийг Өрнөдөд “хархны уралдаан” гэдэг. Хархнууд бол эрх чөлөөгүй, хагас боолууд юм.
Гэтэл боол байх эрх чөлөөнд аюул занал учирчээ. Орчин цагийн боолын хамгийн том өрсөлдөгч бол машин юм. Он жил өнгөрөх тусам аливаа үйлдэл автоматжиж, хүний булчингаар бүтдэг зүйл нэг ч үлдээгүй. Хамгийн аюултай нь “хиймэл оюун ухаан” бий болсноор энгийн ажилчин хүний оюун тархиар ч бүтэх зүйл ховор болох эрсдэлтэй байна. Иймээс ирээдүйд эрх чөлөөтэй байх л эрх чөлөө үлдэж, боол байх эрх чөлөө үгүй болох юм.
Аж үйлдвэрийн хувьсгал гэдэг нь ердөө л хүний хөдөлмөрөөр бүтэж болох зүйлсийг машин, роботоор хийж гүйцэтгэх тухай асуудал юм. Өдгөө Аж үйлдвэрийн III хувьсгал өрнөж байгаа ба 2017 онд “робот буюу хиймэл оюун ухаан 2049 он гэхэд хүний хийх ажлын дийлэнхийг булааж авах ба хамгийн өндөр борлуулалттай ном зохиол туурвих боломжтой болно” гэсэн нь судалгааг Оксфордын их сургууль, Йелийн их сургуулийн хамтарсан эрдэмтэд гаргасан байдаг.
Өөрөөр хэлбэл дэлхий дээр хиймэл боолууд бий болсноор, хүн хэмээх хагас боолууд ямар ч хэрэгцээгүй болох нь.
Гэхдээ энэ бүхнийг би өөдрөгөөр харж байна. Автоматжуулалт буюу машин нь хиймэл булчин, хиймэл оюун ухаан (хиймэл боол) учраас Монголчуудад ч гэсэн машин буюу хиймэл боолын эзэн болж, аливаа дорд хөдөлмөрөөс бүрэн чөлөөлөгдөж, нийтээрээ эрх чөлөөтэй нийгэм рүү давшилт хийх боломж бий. Гэхдээ үүний тулд бид нэг зүйлийг эртний Грекчүүдээс суралцах ёстой юм.
Тэр нь эртний Грекийн эрх чөлөөт анги давхаргын нэгэн адилаар чөлөөт цаг гэдгийг суралцах, боловсрох, соёл иргэншлийг бүтээх эрх чөлөө хэмээн ойлгож, энэхүү эрх чөлөөгөө шинээр зохион бүтээх, соёл иргэншлийг шинээр хөгжүүлэхэд ашиглах учиртай юм.
2020.12.06
Э.ХУНШАГАЙ
Дели Их сургуулийн улс төр судлаач