Хөдөлмөрийн баатар Л.Чинбатыг өөрсдөө “доромжилчихоод” өмгөөлсөн явдал
Хэрэг явдал ийм жишгээр, сэтгүүлчдийн нэгэн байгууллагын тэргүүн сэтгүүлчийнхээ эсрэг мэдүүлэг өгөх замаар шийдэгдэж байхад “Гүтгэх”-ийг Эрүүгийн зүйл ангид багтаавал иргэд үнэн зөв мэдээллээс эгнэгт хагацана.
УИХ-д өргөн барьсан Эрүүгийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сэтгүүлчийг ялладаг ганц заалт “Гүтгэх” зүйл ангийг нэмж оруулахаар тусгажээ. Зөрчлийн болон Иргэний хуульд давхардсан энэ зүйл ангийг эрүүжүүлэхээр завдан буй үеийг тохиолдуулав.
Өнгөрөгч долоо хоногт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ТЭДС-ийн 230 тэрбум төгрөгийг нэг компани 20 гаруй охин компаниудтайгаа нийлээд талыг нь авчихдаг байж болохгүй” гэж чуулган дээр ярьсан бичлэг тарав. Хэн гэдгийг нь ч иргэд дорхноо таасан. Миний бие яг ийм агуулга бүхий төрийн эх сурвалжтай, баримт сэлттэй мэдээ (сэтгүүлзүйн бүтээлийн төрөл) жилийн өмнө нийтэлсэн юм. Гэвч Хөдөлмөрийн баатар Л.Чинбат “худал мэдээлэл тарааж нэр төрийг нь гутаан доромжилсон” гэж 2018.11.06-нд цагдаад гомдол гаргасан байдаг. Энэ хэрэг өдийг хүртэл бүрэн шийдэгдээгүй. Харин жилийн дотор инээд ханиадтай хэд хэдэн шүүх хуралд суулаа.
Л.Чинбатын компани Л.Чинбатад хамаагүй
(“Төлбөр”-ийг “урамшуулал” гэж андуурч бичээд төдөлгүй зассанаас энэ хэрэг үүдсэн). Эрх бүхий албан тушаалтан (Эргүүлийн офицер) анхан шатны шүүхийн хэмжээнд бие даан шийтгэлийг хуудас биччихээд шүүх рүү илгээсэн юм. Үг үсгийн алдааг редакцийн хэмжээнд хариуцлага тооцдог юм гэдгийг тайлбарласан ч эрх бүхий албан тушаалтан яаж ийгээд “гүтгэсэн” гэх дүгнэлт гаргасан юмдаг. Харин шүүгч “иргэн Л.Чинбат биш Л.Чинбатын хамаарал бүхий компаниуд төлбөр авсан” гээд “гүтгэсэн” гэдэг ял тулгав. Гарчиг нь хэдий “Хөдөлмөрийн баатар Л.Чинбат ... талыг нь авчээ” гэсэн ч мэдээнд тухайн үед ашиглалтад орсон burtgel.mn сайтаас авсан Л.Чинбатын нэрээр бүртгэлтэй 7 компаний мэдээллийг хавсаргасан юм. Гэвч шүүгч гарчигаар гул барьсан байдаг. “Тунгалаг тамир” кино голын тухай биш гэж хэлсэн ч нэмэр болохооргүй юм билээ. Прокурор “субьект, хуулийн этгээд хоёрын ялгааг ч мэдэхгүй” гэсэн шүү загнаж суухад Л.Чинбатын өмгөөлөгч “Энэ мэтийн хөлсний сэтгүүлч ариун цагаан хөдөлмөрөөрөө ард түмнээ хооллож яваа Хөдөлмөрийн баатар хүнийг улс төрийн захиалгаар нэр төрийг нь гутаан гүтгэн доромжилсон” хэмээн хоолой мэдэн “өмгөөлж” билээ. Ердөө долоон өгүүлбэр бүхий мэдээ бүтэн жил мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, Л.Чинбатын арав шахам өмгөөлөгчийг ажилтай байлгах юм гэж яахин санах.
Зөрчлийн хуулийн зөрчилтэй хэрэглээ
Сэтгүүлчийг хашраадаг сүрхий заалт “Зөрчлийн тухай хууль”-ийн 6.21-д бий. “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэл ... дэлгэсэн ... тараасан бол...” гэж. Энэ зүйлчлэлээр ял авсан сэтгүүлч олныг эс тоочин яасхийгээд ялтан болгодгийг нь яривал сонин. Жишээ нь: “Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 15 удаа гадаадад аялсан” гэж бичсэн сэтгүүлч буруутсан байдаг. Шүүгч Ц.Мөнхнасан “15 биш 13 удаа гадаадад аялсан” учир “худал мэдээлэл” гэж үзжээ. Харин Л.Чинбатын маргаан дээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх «... хууль зүйн техник буюу хуулийн үг, найруулгын үүднээс авч үзвэл тус заалтад “... Нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэл...” гэсэн 3 нөхцөл нь үг хоорондоо таслалгүй байгаа нь хууль тогтоогчийн санамсаргүй алдаа биш бөгөөд 3 нөхцөл нэгэн зэрэг хангасан байх шаардлагыг тавьсан байна. Нийтлэл нь иргэн Л.Чинбатын нэр хүндэд “гутаан доромжилж” хандаагүй, мөн “үнэн” байсан тул “Гүтгэх” зөрчлийн урьдчилсан нөхцөлийг бүрэн хангаагүй» гэж үзсэн юм. Гэтэл гүтгэсэн эсэхийг тогтоох учиртай мөрдөн байцаагч шүүхийн өмнөөс “бие даан” зөрчил тогтоодог явдал харагдсан. Мөн анхан шатны шүүхийн шүүгч нар мэдлэгээр дулимаг бололтой юм. Ухаан нь анхан шатны шүүхийн шийдвэрт “... Л.Чинбатын нэр төр, алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон, худал мэдээллийг... ” гэж нөхцөл бүрийн дунд таслал тавиад алхаа тогшчих жишээтэй.
Баримт олдсон ч баас арилахгүй
Миний анхны өмгөөлөгч жирэмсний амралтаа авч, удаах нь түдгэлзэж; Л.Чинбатын өмгөөлөгч хурал зарлах тоолонгоор нэмэгдэж, солигдсон зэргээс хэрэг явдал ихэд сунжирсан. Энэ зуурт Л.Чинбат ТЭДС-аас төлбөр бас урамшуулал авсан нь нэмэлт баримтаар нотлогдоод ирлээ. ТЭДС-ийн захирал В.Үнэнбат СБД-ийн Цагдаагийн I хэлтэст (2018.12.14№01/1124) ирүүлсэн албан бичигтээ Л.Чинбатын хамаарал бүхий компаниуд “урамшуулал аваагүй” гэсэн атлаа СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн бичигтээ (2019.04.24 №01/251) Л.Чинбатын хоёр компани “урамшуулал авсан”-ыг нэр заагаад, ТЭДС-ийн дансны хуулгаар баталгаажуулсан байдаг. (Л.Чинбат Эрүүгийн болон Иргэний шүүхийн аль алинд гомдол гаргасан. Энэ тактикийг хожим тайлбарлая) Түүнчлэн Хөдөлмөрийн баатар Л.Чинбат өгсөн мэдүүлгээ “үнэн” хэмээж гарын үсгээ зурсан байдаг. Гэтэл ТЭДС-ийн нэг баримт түүний мэдүүлэгтэй зөрөөд байдаг. Ийм тохиолдол Зөрчлийн хуулийн практикт ганц энэ биш. Шүүхээр сэтгүүлч ял авснаас хойш хөдөлбөргүй баримт гарч ирэхэд хэргийг эргэн хэлэлцэхгүй гэдгээр тэр чигтээ өнгөрдөг юм билээ. Сэтгүүлч насаараа “гүтгэгч” ялтай явна гэсэн үг. Харин Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын өмгөөлөгч шүүх хурал дээр “Л.Чинбат худал мэдүүлэг өгсөн бол хариуцлага хүлээх ёстой” гэсэн нь чин шударга хуульчийн байр суурь биз ээ.
Жич: ТЭДС-ийн захирал В.Үнэнбат адил агуулгатай хоёр асуулгад өөр өөр хариу өгсний учрыг хэн олж, хужрыг нь яаж тунгаах юм бол?!?
Зодууранд дасгаж аваад дөнгөлөх тактик
ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл - “Гүтгэх” зүйл анги зөвхөн сэтгүүлчид хамаатай заалт биш гэж тайлбарлахыг оролдох юм билээ. Магадгүй мань дарга 2002 онд УИХ-аар баталсан Иргэний хуулийн 21 дүгээр зүйл “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” тухай байдгийг тухайн үед санаагүй ч байж мэднэ. Хүн л болсон хойно юу эс тохиолдох билээ. Харин Хөдөлмөрийн баатар Л.Чинбат ганц Д.Батбаярын нэр дээр Эрүүгийн болон Иргэний шүүхэд хоёр гомдол гаргах боломж бий. Түүнийгээ ч ашигласан. Ядаж аль нэгээр нь, чадвал давхар торгуульд унагана. Энэ цоорхойг П.Сайнзориг “харахгүй”, ямар өөрт нь хамаатай ч биш. Харин сэтгүүлчид хоёр шүүхээр орж, давхар торгууль төлчихөөд ёо гэлгүй өнөөг хүрсэн бол өөрсдийнх нь л хохь. Ёстой заяа чинь тэр дээ... Гэтэл Эрүүгийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд “гүтгэх”-ийг багтаажээ. Зодуур даадаг зовлогонд дөнгө углах нь дээ. Төсөлд бичснээр гүтгэсэн бол “нийтэд тустай ажил хийлгэх”, “нэгээс зургаан сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэх аж. Мэдээж торгох ял ч бий. Энэ ч бараг шагнал юм билээ. Одоогийн Эрүүгийн хуулийн 19.8 зүйл буюу Экстремист үйл ажиллагаа явуулах зүйл ангид нэгээс таван жил хүртэл хорих заалттай. Миний өнөөг хүрсэн туршлагаар бол сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжлийн хариуцлагагүй, болгоомжгүй алдааг энэ гэмт хэрэгт ч тооцож болохоор. Уул нь мэргэжлийн алдаа дутагдлыг Монголын хэвлэл мэдээллийн Ёс зүйн зөвлөл шийдэх учиртай. Гэхдээ хууль тогтоогчид хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг боомилсон олсоо улам чангалсаар. Энэ бүхний эцэст сэтгүүлч хохироод үлдэхгүй. Татвар төлөгчид татварынх нь мөнгөөр үүтгэсэн төрийн элдэв сангийн тэн хагасыг хэн ганцаараа, яаж авдгийг л мэдэхгүй хоцорно. Аюул нь энэ. Хууль санаачлагчдын хүсэл ч тэр бололтой.
Ёс зүйн зөвлөлийн ёс зүй хаана байна?
Сэтгүүлчтэй мэргэжлийн хариуцлага тооцдог ТББ дэлхийн ардчилсан улсуудад бий. Үг хэлэх эрх чөлөөг хамгаалдаг шалгарсан тогтолцоо юм даа. Монголын хэвлэл мэдээллийн Ёс зүйн зөвлөл 2015 онд бий болсон. Хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн нэр хүнд, сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалах, чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх зорилгоор сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулах чиг үүрэгтэй. Энэ ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Монгол ТВ-ийн гүйцэтгэх захирал Ч.Номин. Олны мэдэхээр бол Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын охин. Би сэтгүүлчийн хувиар аавыг нь “гомдоохоор юм” хийсэн бол надтай хариуцлага тооцох эрх бүхий этгээд. Мөнөөх мэдээтэй холбогдуулан аав нь сэтгүүлчийг хоёр ч шүүхэд өгөхийг зогсоон бүрэн эрхийнхээ хүрээнд Ёс зүйн зөвлөлөөр асуудлыг авч хэлэлцье гэдэг санал тавих боломж байсан гэж үздэг. Гэтэл дахин мөрдөн байцаалтад гэрчийн мэдүүлэг өгөх замаар аавынх нь талаар “худал мэдээ тарааж нэр хүндэд нь халдан гутаан доромжилсон” гэсэн байдаг. Гомдмоор. Ядаж гэрчээр мэдүүлэг өгөх ёс зүй байхгүй гээд татгалзах боломж ч байсан гэж боддог. Ёс зүйн Удирдах зөвлөлийн даргын хувьд шүү дээ. Мөрдөн байцаагч ямар үндэслэлээр охиноор нь аавыг нь гутаасан доромжилсон эсэхийг гэрчлүүлдэг юм, ёстой чөтгөр бүү мэд. Гэхдээ “Хаалтын гэрээ хийдэггүй” телевизийн захирал Ч.Номин дээрх мэдээ нийтлэгдэв үү үгүй юү “Гацуурт” ХХК-аас хүнээр яриулж “мэдээгээ авчих” гээд мөнгө амалсныг бол харин ёстой мэдээгүй гэж бодож яваа.
Гарчгийн учгийг тайлахад...
Сүүлийн шүүх хуралд Л.Чинбатын хоёр шинэ өмгөөлөгч оролцлоо. Өмнөх өмгөөлөгч нарынхаасаа өөр, шинэ нотолгоо гаргаж ирлээ. “Хөдөлмөрийн баатар Л.Чинбат ТЭДС-гийн үрийн буудайн төлбөрийн талыг авчээ” гэдэг мэдээн дорх сэтгэгдлүүд Л.Чинбатыг гутаан доромжилсон агуулгатай байна гээд нэлээн хэдийг түүснээ уншиж сонирхуулав. Харин хоёр өмгөөлөгчийн хэн хэн нь “Урьд нь энэ мэдээг уншаад надад яг ийм сэтгэгдэл төрсөн” гэдэг байгаа. Сөрөг сэтгэгдлүүдийг үндэслэн “гутаан доромжилсон” гэж нотлоод зогсож байгаа өмгөөлөгч нар шүү дээ. Зүгээр л сонирхуулахад прокурор надаас “Энэ мэдээг ямар зорилгоор бичсэн бэ” гэж асуусан. Хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл түгээх зорилготой бөгөөд түүний ажилтан-сэтгүүлч нь тэр ажлыг хийдэг хэмээн хариулсан. Энүүхэндээ гэхэд мэдээний сэтгэгдэл бүгд сөрөг байгаагүй. Гэтэл Л.Чинбатын өмгөөлөгч нарт яагаад сөрөг сэтгэгдэл төрсний учрыг би шүүх хурал дээр асуух эрхгүй юм билээ. Зарим хүн шиг Л.Чинбатыг “гутаан доромжилчихоод” эргээд өмгөөлж байгааг нь ойлгох гээд ч ухаан хүрээгүй...
Хэрэг явдал ийм жишгээр, сэтгүүлчдийн нэгэн байгууллагын тэргүүн сэтгүүлчийнхээ эсрэг мэдүүлэг өгөх замаар шийдэгдэж байхад “Гүтгэх”-ийг Эрүүгийн зүйл ангид багтаавал иргэд үнэн зөв мэдээллээс эгнэгт хагацана. Гарцаагүй.
Dr urologist
Зочин
А
Aimaar um
Пяхлуу
boogii
Зочин
Зочин
зочин
Зочин
222