Пол Пеллиогийн Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүний өргөмжлөл
1921 онд Монгол улсад шинжлэх ухааны анхны байгууллага болох “Судар бичгийн хүрээлэн” Түүх, Хэл зохиол, Газар зүй гэсэн гурван тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Шинэ тутам байгуулагдсан эрдмийн ийм байгууллагад чадалтай боловсон хүчин, эрдэмтэн мэргэд хамгийн чухал хэрэгцээтэй байсан нь лав.
@SaruulerdeneM
1921 онд Монгол улсад шинжлэх ухааны анхны байгууллага болох “Судар бичгийн хүрээлэн” Түүх, Хэл зохиол, Газар зүй гэсэн гурван тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Шинэ тутам байгуулагдсан эрдмийн ийм байгууллагад чадалтай боловсон хүчин, эрдэмтэн мэргэд хамгийн чухал хэрэгцээтэй байсан нь лав. Азаар тэр үед Онходын Жамьян, Жамсраны Цэвээн, Зава Дамдин, манжич Бат-Очир нарын зэрэг үндэсний их мэргэд маань бүгд сэрүүн тунгалаг, хэлмэгдэл ч болох болоогүй, элдэв аюулгүйгээр ид бүтээлээ туурвиж явсан үе учир “Судар бичгийн хүрээлэн”-гийн суурь ч сайн тавигдсан байдаг. Манай анхдагчдад бас гадаадын монголч эрдэмтдийн заавар зөвлөгөө, нөмөр нөөлөг аргагүй хэрэгтэй байсан тул дэлхийн бусад академи, хүрээлэнгүүдийн жишгээр нэр бүхий алдартай монголч эрдэмтдийг гадаад гишүүнээрээ өргөмжилжээ. Ингээд Зөвлөлт Оросын нэрт монголч Борис Яковлевич Владимирцов, Петр Кузьмич Козлов, Польшийн эрдэмтэн Владислав Людвигович Котвич, Францын монголч Пол Пеллио нар Монгол улсын “Судар бичгийн хүрээлэн”-гийн анхны гадаад гишүүд, одоогийнхоор бол “академич” болсон байна.
Харин тэгтэл өвөрмөц сонин тохиолоор Судар бичгийн хүрээлэнгээс Пол Пеллиод дуртгасан жинхэнэ гишүүний үнэмлэх-өргөмжлөлийг харь улсад олж авдаг юм байна. Олзыг олуулаа гэдэгчлэн хав дараад суух бус, олонд бас толилуулах л хэрэгтэй.
Юуны өмнө Пол Пеллиог танилцуулах нь зүйтэй болов уу?
Эх оронч, эрэлхэг эрдэмтэн
Нэрт нанхиадач, алдарт монголч, Төв Азийн түүх, хэл судлаач Пол Пеллио (Paul Pelliot) 1878 оны 5 сарын 28-ны өдөр Парис хотноо мэндэлжээ. Анхандаа гадаад харилцаагаар мэргэжихээр төлөвлөж, коллежид хятад хэл соёл сурч байж. Тэгээд аргагүй авьяас эрдмээрээ ялгараад байсан тул нэрт нанхиадач Шаванн, энэтхэг судлаач Леви нарын хараанд өртөж, эрдэм номын зүгт эргэлтгүй жолоог алдсан гэдэг. Ингээд Пеллио 1900 онд Ханой хотноо Францын Дорно Дахины Судлалын Сургуулийн судлаачаар иржээ.
Нэг удаа сургуульдаа ном авахаар Бээжин явтал яг өнөөх зартай Боксерын бослоготой таарч, Элчингийн дүүргийн бүслэлтэд гацсан байна. Тэнд байхдаа эр зориг, арга ухаанаараа гайхагдаж байсан гэдэг. Ганцхан жишээ дурдахад, тэрхүү бүслэлтэд хоригдоод байсан Лионел Жил хэмээх өөр нэг нанхиадач эрдэмтний хожим дурссанаар: “Пеллио гэж франц эр гол хүчнээсээ таслагдаад байсан Хятадын талын бэхлэлт рүү явж цай олоод ирлээ. Хятадууд мань эрийг цэргийн үндсэн анги дээрээ аваачиж, Ма гэж хурандаатай уулзуулах гэжээ. Пеллио ч зөвшөөрч, хурандаатай нь уулзаж. Тэнд бас нэг өндөр тушаалын офицер Пеллиод сайхан хоол цай өгч, оронд нь манай талын хүч, хамгаалалт хир байгааг асуун, хахуульдах гэж оролдсон байна. Пеллио уран үнэмшилтэйеэ худал мэдүүлж, бид бүгдийг ч идэх хоолоор залгуулсаар байсан юм.” гэжээ.
1901 онд Ханойд эргэж очоод Пеллио бослогын үеэр гаргасан олон баатарлаг үйлсийнхээ төлөө “Хүндэт Загалмай” медалиар шагнуулсан байна. 1902 онд анх удаа эрдэм шинжилгээний тэмдэглэл бичиж, сургуулийнхаа цувралд хэвлүүлсэн нь эрдэм судлалын ертөнцөд орж ирж буйгаа зарласан, хэн бэ гэдгээ үзүүлсэн бүтээл болсон гэдэг.
Пеллиогийн судалгааны чиглэлийг өөрчлөх томоохон явдал 1906 онд тохиож. Тэр жил залуу эрдэмтнийг Дорнод Туркестан руу илгээх судалгааны экспедицид газарзүйч, зурагчин гэсэн давхар үүрэгтэйгээр томилжээ. Ингээд Дунхуаны агуй дахь түүх, соёл, хэл, шашны холбогдолт асар баялаг олдворыг нарийвчлан судалснаар сонирхол, судалгаа нь нанхиадаас хальж, монгол, түрэг, араб, перс, төвд, самгарди судлалд тэлсэн байна. Үүнийг л Монгол судлалд тохиосон том аз гэж хэлж болохоор.
1911 оноос Пеллио Коллеж дэ Франс сургуульд Төв Азийн Хэлний тэнхмийг байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд чухам энэ л тэнхмээс түүний хамгийн агуу шавь нар болох Лайош Лигети, Луи Амбис, Франсис Кливез, Ролф Штэйн, Луй Базен, Денис Синьор нар төрсөн юм. Лигети Мажарын Монгол судлалыг дэлхийн тавцанд гаргасан, Кливез Харвардад, Синьор Кеймбриж болон Индианад Монгол судлалыг үүсгэсэн гээд бодохоор Пеллиогийн дэлхийн Монгол судлал дахь нөлөө, байр суурь хир агуу болох нь тодорхой.
Дэлхийн 1-р дайны үед Пол Пеллио Хятадад цэргийн атташегаар ажиллажээ. Тэнд үүргээ гүйцэтгэж байхдаа Сибирь лүү судалгааны аялал бас хийгээд авсан байдаг.
Дэлхийн 1-р дайны үеэр
Пеллио олон талтай, судалгааны өргөн хүрээтэй эрдэмтэн учраас нөлөө нь Ази судлалын бүхий л салбарт хүрсэн байдаг. Нанхиад, төвд, энэтхэг судлаач нарыг байг гэхэд иран судлаач нар л гэхэд түүнийг агуу иранч эрдэмтэнд тооцож, ялангуяа нестор, манихейн шашин Төв Азид түгсэн талаарх судалгааг нь бахдан дурддаг. Монгол судлалын талаас нь л аваад үзэхэд түүхчид Пеллиогийн Эзэнт гүрний үеийн өргөн далайцтай судалгаа, Ил хаадын улсын түүхийг авч үзэхдээ перс хэлээрх эх сурвалжийг чадамгай ашигласан гэх мэт олон зүйлийг өгүүлдэг бол монгол хэлшинжээчид Пеллиогийн Монголын нууц товчооны галиг, франц орчуулга, өвөг монгол хэлний үгийн эхний –h гийгүүлэгчийн тухай судалгааг үлгэр жишээ бүтээл болсон хэмээн дүгнэнэ.
Денис Синьор шавиар нь Пол Пеллиогийн талаар яриулсан минь
Агуу эрдэмтэн Пеллиогийн гарын шавь нар болох цөөн хүнийг өмнө дурдсан билээ. Молхи миний бие 2003 оны 12 сарын 15-ны өдөр Пеллиогийн гарын шавь нарын нэг, нэрт монголч эрдэмтэн Денис Синьортой уулзаж, багшийнх нь талаар яриулах боломж тохиосон юм. Синьор багш тэгэхэд нас сүүдэр 88 зооглож байсан ч ухаан санаа цоо эрүүл, Пол Пеллиогийн талаар үнэхээр сонирхолтой зүйлсийг хуучилсан билээ. 20-р зууны нэрт монголч эрдэмтдийн талаар нэг нэгээр нь асуусаар Пеллиогийн ээлж ирэхэд Синьор багш ийн хуучлав:
“Пеллиoгийн хувьд ч ярих юм бий шүү. Түүнийг би сайн мэднэ. Yнэндээ Пеллиoтoй сайн танил эрдэмтдээс би л ганцаараа амьд байна. Пеллиoтoй би 1939 оноос 1945 оны 10 сарын 26 буюу насан эцэслэх хүртэл нь холбоотой байсан. Герман Францыг эзэлсэн, хэцүүхэн үе байлаа. Унгарын Боловсролын Яaмны багаахан тэтгэлгээр докторынхоо шалгалтад бэлдэх нэрээр, үнэндээ бол Пеллиoтoй ойртож, юм сурах үүднээс би Парист ирсэн юм. Унгар дахь 2 багшийн маань нэг Лигети өөрөө Пеллиoгийн шавь, Түрэгч багш Гюла Немет ч намайг "хязгааргүй мэдлэгтэй" тэр хүнээс суралцахыг зөвлөсөн юм.
23 настай залуу, Парист ирснийхээ дараахан Пеллиoгийнд очив. Yүдээ нээгээд оруулсан ч үгүй, 10 сард эхлэх хичээлдээ сууж болохыг хэлээд явуулж билээ. 37 онд Хайниш, 38 онд Отто Франкынд очсонтой харьцуулахад тийм ч дотно уулзалт болсонгүй. Цаг өнгөрөхөд анхны энэ сэтгэгдэл эрс өөрөөр эргэсэн юм. Анх уулзуут л дотносоод явах нь Пеллиoгийн зан биш ээ. Тэр том профессoр гэхэд туслах авдаггүй. Одоо бол багахаан коллежийн залуухан профессoрууд л гэхэд туслахуудаараа ажлаа амжуулдаг болж дээ. Бүх ажлаа өөрөө, гараараа бичдэг, бичгийн машин ч бараг хэрэглэдэггүй. Би дараа нь албан ёсоор туслах нь болсон, гэхдээ надаар юугаа ч хийлгэдэггүй, харин ч надад тусалж Төв Евразийн судлалд анхаарлаа төвлөрүүлэхэд минь ихээхэн дэмжлэг болсон.
Тамхийг угсруулан татна. Шавь цөөтэй, Лигети, Кливез, Луй Амбис, Ролф Штэйн, Луй Базен нарыг би өөрөөсөө гадна нэрлэж чадна. Багш Францаар уран яруу, нэг ч сул үггүй ярьдаг тул оюутнуудаа бас хэлзүйн алдаа гаргахад маш дургүй байлаа. Шууд л эвгүйхэн хэлнэ. Азаар би Швейцарын франц хэлтэй сургуульд сурч байсан тул санаагаа зөв хэлж чаддаг байсан юм. Даруухан хүн байсан гэж хэлмээргүй, өөрийнхөө судалгааны хүрээнд хүн оруулах маш дургүй, дургүй хүнийхээ шавь нарт юм хэлж өгдөггүй. Соёлтой, сайхан эрийнх нь хувьд бүсгүйчүүд багшид ихэд дурладаг, өөрөө ч бүсгүй хүний үзэсгэлэн гоог хүндэлдэг хүн байсан даа. Олон талын мэдлэгтэй, нөлөө бүхий тэр эрдэмтнийг үгээ хэлэхэд Францын Академи, улс төрийн ертөнц сонсдог байлаа...”
Пеллиог сайн мэдэх хамгийн сүүлчийн хүн бол шавь Денис Синьор нь байлаа. Түүнтэй тухтай ярилцаж авснаа нэн азтайд тооцож явдаг билээ.
Үүний дараа Синьор багшаас би Францыг чөлөөлөх дайнд оролцсон тань Пеллиoтoй холбоотой юу? хэмээн асуусан юм.
Тийм ээ. Тэрнээс өмнө болсон нэг явдлыг ярьж өгье. 1940 оны 6 сард Франц улс эзлэгдэхэд надад гуних, харамсах сэтгэгдэл нэг их төрөөгүй. Тэгэхэд, бас тэрний дараахан Парисын Унгар Судлалын Хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохдоо ч би мажар сэтгэлтэй, мажар хүн л байв. 1940 оны 8 сарын 30-ны өдөр Венийн 2-р Тунхаглалаар Румын, Унгараас 1920 онд авсан Трансилванийн нэг хэсгээ буцааж өгөхөөр болов. Энэ чухал үйл явдлыг манай хүрээлэнгээс тэмдэглэх хэрэгтэй боллоо. Хэцүү асуудал бол дээрх тунхаглал Германы хүчтэй нөлөөгөөр хийгдсэн тул германчуудыг уримаар байдаг, гэтэл франц германууд нэг дор хэрхэн баярлацгаах билээ. Ингээд би нэг ч герман хүн уриагүй юм.
Тавь, жараад хүн цугласны дотор миний франц багш Пол Демиевилль, Рэнэ Грoссэ, нэрт түрэгч Жеан Дени, мэдээж Пол Пеллиo нар байлаа. Хорин дөрөвхөн насандаа ийм том хүлээн авалт зохион байгуулсандаа би ихэд баярлаж байв. Эхлээд Унгарын Ерөнхий Консул, дараа нь би үг хэлээд, Унгарын сүлд дууг дуулсны эцэст алдарт Марселийг эгшиглүүлэв. Тэгэхэд Францын Германд эзлэгдсэн нутаг дэвсгэрт Марселийг дуулах хориотой байсан юм. Энэ дуу бүгдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж билээ. Грoссэ нүдэндээ нулимстай, сэтгэлийн хөдөлгөөн маш багатай Пеллиo багш хүртэл миний гарыг удаан атган зогссон сон. Бүх насаа эрдэм шинжилгээний үйл хэрэгт зориулсан хүн атлаа Франц улс гэдэг түүний хувьд үргэлж анхдагч, эрхэм зүйл нь байжээ. Тэр орой би Рубиконоо гаталж, (Рубикон – Италийн хойд хэсэгт оршдог гол. Энэ голыг гаталснаар Юли Цэзарь аян дайнаа эхэлсэн гэдэг. Рубиконыг гатална гэдэг эргэж буцахын аргагүйтэйгээ эвлэрнэ гэсэн үг. M.C.) Францад орсон юм даа.
1942 оны 10 сард би эхнэрийнхээ хамтаар баривчлагдахаас зугтан Францын Германд эзлэгдээгүй хэсэг рүү гарахаар болж, Унгарын ерөнхий консул, Пеллиo багш хоёртой үдэлтийн зоог барив. Тэгээд Марсельд ирэхэд тэр хэсэг ч бас эзлэгдсэн тул тэнд байх ч хэрэггүй болж эргээд Парист 1943 оны дундуур ирсэн юм. Пеллиo багш намайг дотно хүлээн авав. Дайны явц нөгөө тал руугаа орчихсон үе. Багш нэг өдөр надаас дайн дуусахаар яaх гэж байгааг минь асуув. Yнэхээр төлөвлөсөн зүйл байсангүй. Би одоо ч тэр мөчийг мартдаггүй. Нүүрэндээ огт инээмсэглэлгүйгээр, өмнө минь эгц зогсоод " Vous devez rester en France. Je m’occuperai de vous" (Синор багшаар өөрөөр нь орчуулуулав: Чи Францад үлдэх ёстой. Би бүгдийг зохицуулна. М.С.) гэв. Энэ бол тушаал, амлалт байлаа. Хэдхэн секундын дотор Пеллиo ийнхүү миний амьдралыг өөрчилсөн билээ. Ингээд би Францыг чөлөөлөх дайнд явсан юм. 1945 онд бид ялж, Германы нэгэн жижиг хотыг төвхнүүлж байхдаа багшид захиа бичин өөрийгөө цэргээс татаж авахыг хүслээ. Хүсэлтийг ёсоор болгож, нөлөө ихтэй багш маань бүхнийг зохицуулж, би цэргээс халагдав. Харамсалтай нь талархлаа өөрт нь хэлж чадсангүй. 1945 оны 10 сарын 31 – нд түүний шарилын дэргэд, цэргийнхээ дүрэмт хувцастай, нүдэндээ нулимстайгаар, чимээгүйхэн талархаж зогссон сон...
Пол Пеллиогийн Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүний өргөмжлөл
Чухам ийм л агуу эрдэмтнийг Монгол улсын Судар бичгийн хүрээлэн 1925 онд анхныхаа гадаад гишүүдийн нэгээр сонгон өргөмжилжээ. Пол Пеллио өмнө нь 1922 онд бас ЗХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгогдоод байж.
Өргөмжлөл
Гадуур нь гоёмсог цэцэгсийг гараар урлан, хичээнгүйлэн бичсэн энэхүү өргөмжлөлд ийн сийлжээ:
“Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Судар Бичгийн Хүрээлэнгээс:
Франц улсын их эрдэмт Пеллио таны биеийг, манай Монгол улсын урьд эдүгээгийн түүхийг бүртгэн зохиож буй зэрэг их эрдэмд баясч, манай Судар Бичгийн Хүрээлэнгийн Жинхэнэ Гишүүнд өргөмжлөн сонгосон учрыг илтгэн бичиж хадгалуулав. Гэгээн эрдмийг инагш хандуулахыг ямагт эрмэлзэн хүсмүй.
Монгол улсын Арван тавдугаар он. Найман сарын ...”
хэмээгээд өдрийг орхисон, эсвэл яг гардуулахдаа нөхөж бичсэн нь баларсан байна. Гэвч Пеллиод энэхүү өргөмжлөлийг нь яг биечлэн гардуулсан эсэх тодорхойгүй. Албан ёсны намтар зэрэгт нь Азийн Нийгэмлэг, ЗХУ-ын ШУА зэрэг олон улсын нэр цуутай байгууллагуудын гишүүн гэдгийг нь дурддаг боловч Монгол улсын Судар Бичгийн Хүрээлэнгийн жинхэнэ гишүүн гэсэн мэдээ огт байхгүй юм. Манайхан өөрсдөө хөөцөлдөж, намтарт нь энэ мэдээг оруулах нь зүйтэй биз ээ. Пеллиог чухам юуны учир өргөмжлөн сонгосноо “манай Монгол улсын урьд эдүгээгийн түүхийг бүртгэн зохиож буй зэрэг их эрдэмд баясч” хэмээн тодорхойлсон нь сонирхолтой байна.
Пеллио 1945 оны 10 сарын 26-нд нас барсан, насан өөд болохоосоо өмнөхөн АНУ-д түр ирээд буцсан аж. Тэгэхэд эзэнтэйгээ тив дамжин аялсан ч байж болох, эсвэл эзэндээ огт хүрээгүй ч байж мэдэх ийм нэгэн өргөмжлөл, манай Судар бичгийн хүрээлэнгийн төдийгүй дэлхийн монгол судлалын онц ховор дурсгал тив алгасан аялсаар өдгөө гэрийн маань хананд заларч буйг толилуулахад ийм буюу.
Бичгийг нь ойроос татвал:
дашням
Баярлалаа
Ганаа
Г. Э...н
Дорж
LIN TSU
jagaa
Зочин
..
жабаа
Сайн
нано
нано
нано
нано
Зочин
Зочин
Zochin
Enkhbadral
талархаж байна
бмхө
Зочин
bat
Зочин
Зочин
Зочин
мерси мессе
IRGEN
e-bat