Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: Би ажлаа л хийж яваа хүн
Манай энэ удаагийн “VIPerson” зочноор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ уригдлаа. Бидний урилгыг хүлээж аван, чин сэтгэлээ дэлгэсэн эрхэм Ерөнхийлөгч танд баярлалаа.

-НҮБ-ын Ерөнхий Асамблейн индэр дээрээс НҮБ шинэчлэгдэх ёстой гэж Монголын Ерөнхийлөгч мэдэгдэл хийлээ. Бас л содон сонсогдож байна шүү.
-Яахав, НҮБ-д өөрчлөлт хийнэ гэдэг бол олон жил л яригдсан зүйл. Монгол Улс ч эхэлж хэлж байгаа юм биш. Олон жил хэлж ярьсан л сэдэв. Тэр байр сууринд л бид нэгдэж байгаа юм.
-Гэхдээ таны дараагийн буудлыг НҮБ гэж хардаг шинжээчид бий. Та хувь улстөрчийнхөө хувьд ийшээ чиглэж бодлого явуулдаг уу. Хувийн мөрөөдөл бий юу. Айлчлал энэ тэр сурвалжлаад явж байхад тэнд бол танд бас нэлээд дэмжлэг байдаг ?
-Ер нь НҮБ ч бай аливаа олон улсын байгууллагууд өөрийн гэсэн дотоод журамтай. Тийм учраас хүссэн бүхэн юм уу, мөрөөдөлтэй бүхэн очоод ажил хийчих тийм боломж маш бага. Санхүүжилт, татвар, бүс, тив гээд олон зүйл бий. Нөгөө талаар бас тэнд очиж ажиллая, олон улсын хэмжээнд хийх боломжтой зүйлээ хийе гэсэн хүмүүс маш их байдаг байх. Миний хувьд тийм зүйл бодож суух нь цагийн гарз гэж би боддог.
-Нэг хүүгээ ч гэсэн тэнд аваачих юмсан гэж ард түмэн мөрөөдөж байх нь бол дэмий зүйл биш биз дээ?
-Зүгээр хувь хүний хувьд бол тэр тийм амар бүтдэг, мөрөөдсөний зоргоор биелчихдэг юм биш л гэж хэлж байгаа юм.
-Таны мөрөөдөл бүхэн биелдэг болохоор асуусан юм.
-Тийм үү.
-Ойрхон болж өнгөрсөн том айлчлалууд, түүнийг дагасан дуулиан дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Гадаад дотоодын хэвлэл мэдээллийн агентлагууд хангалттай мэдээллээ. Тийм болохоор нарийвчилж асуух зүйл надад бол алга. Гэхдээ, Ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улсыг төлөөлөн явуулж буй гадаад бодлого, дэлхийн дайдад тоглож буй таны тоглолт, хүчин зүйлсийг бид бахархан харж, талархан дэмжиж байна. Гадаад ертөнцөд дэрвэж байгаа Монгол тугны тухайд нүүр улайх юм алга. Танд уншигчдаа төлөөлж баяр хүргэх ёстой гэж бодож байна.
-Баярлалаа. Гэхдээ би бол ажлаа л хийж байгаа хүн. Энэ ажлыг хий гэж ард түмэн надад итгэл өгсөн. Тэр даалгаварыг нь л биелүүлж яваа. Бид нар дор бүрнээ л ажлаа сайн хийж чадах юм бол Монгол Улс босно шүү дээ. Миний гадаад бодлого дээр барьж байгаа гол бодлого ерөөсөө Монголын жинг нэмэх юмсан гэсэн зорилго. Олон улсын хэмжээнд ч, бүс нутгийн хэмжээнд ч, хоёр хөрштэйгөө ярьдаг энэ ярианы төвшинд ч. Монголын жин л нэмэгдээсэй. Энэ жинг нэмж үлдээх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэл л надад байдаг.
-Манай саяны айлчлалууд, хөршүүдтэйгээ хийсэн хэлэлцээрүүдийг тойрсон амтлаг яриа хөөрөө, дүгнэлтүүд сэтгэлд эерэг таашаал, итгэл найдвар төрүүлж байна. Гадна дотногүй таатай үгсийг нисгэж байх шиг. Та харин нэг л дуугүй байх чинь?
-Ер нь хүмүүсийн хэлж байгааг сонсох хэрэгтэй. Одоо энэ айлчлал, энийг дагаж явж байгаа зүйл бол сайн гэж улсууд үнэлж байна. Хамгийн гол болгоомжилж байгаа юм бол тохирсон ярьсан зүйлээ хийж чадахгүй, энэ дээр дараачийн залгаас нь байхгүй, тэгээд засаг төрийн байгууллагын дунд энэ ажил уначих вий гэж хүмүүс үнэхээр айж байгаа. Зөвхөн энэ ажил унах биш, хэрвээ тэр ажлууд явахгүй юм бол манай нэр хүнд хоёр хөршийнхөө дунд унах аюултай. Би хувьдаа энэ айлчлал, энэ бүхнийг тойрсон сайн магтаал, сайхан үгийг маш их болгоомжтой сонсох ёстой л гэж бодож байгаа. Тийм учраас бид энэ айлчлалуудын үр дүнг дагуулж хийх ажлаа онцгой анхаарч ярьж байгаа. Засгийн газар, албан тушаалтнууд, яам тамгын газрууд ярьсан тохирсон зүйл, гэрээ хэлцэл бүх зүйлсийг ажил болгож, амьдрал дээр буулгах ёстой шүү дээ. Тэр ажлууд бол бужигнаж байх ёстой. Түүнийг л шаардаж, үүнийг ойлгож ажиллаасай. Амжилтай боллоо гэж баярлах биш, харин яаж энийг газар дээр нь буулгаж, хүн бүхний амьдралд хүргэх вэ гэдэг дээр санаа зовох ёстой.
-Дараагийн зүйл би юу хэлэх гэж байна вэ гэхээр, гадаад бодлого дээр бол онц. Гол юм дотоодод байна. Гаднынхантай уулзаад байр суурийг нь тандаж байхад танай Монголын гол асуудал дотооддоо байна гэх юм. Дотоод асуудлуудаа одоо бид яах вэ. Энэ эдийн засгаа яах юм бэ. Бид шалан дороосоо хайруулсаар л байна. Хүйтэн байна. Гэр орноо бөөцийлж чадахгүй, тэнхээ тааруу байна.
-Бид жаахан өөдрөгөөр харах ёстой байх. Эдийн засгийн энэ хүндрэл бэрхшээл гэдэг бол өвчин биш. Энд эргэлт гарна. Ер нь яахав улсаа баллаж байгаа, эдийн засгаа нурааж байгаа юм ерөөсөө улс төр нь л юм. Улсаа өргөж босгохын төлөө хийх ажлаа улс төр болгож баллаад байгаа юм л даа. Миний нэг хэлдэг үг бий шүү дээ. Монголд юм хийлгэх гэхээс хийлгэхгүй гэсэн хүч нь илүү гараад, бүтээнэ гэснээс бүтээлгэхгүй гэсэн хүч нь илүү гараад үнэхээр санаа зовоож байгаа. Нэгэнт нээлттэй нийгэм учраас энэ буруу байдлыг хүмүүс хараад, ийм хорлонтой зүйлсийг буруушаадаг, дэмждэггүй хандлага өсч байгааг бол би сайн зүйл л гэж харж байгаа.
-Гаднын хөрөнгө оруулагчид гараад явчихсан. Ажил хийж байсан хүмүүс дүрвэж зугтсан. Ийм оронд хөрөнгө оруулж үйлээ үзэж байхаас залхсан. Манай энэ засаг толгойлж байгаа нөхөр болохоор би дуудаад аваад ирнэ л гэсэн. Ирж байгаа нь алга. Тэгээд яахав, эргээд л дотоодын хэдэн бизнесмэнүүдээ татвараар дарж, бүсийг нь чангалж байна. Хорих газрууд руу баялаг бүтээж явсан бизнесмэнүүдээ ачиж байна. Ардчилсан нам бол бас хүнлэг алхмуудыг хийдэг нам байсан. Энэ эдийн засгийн өршөөл гэдэг юмыг барьж аваад хийвэл яасан юм. Та бол цаазын ялыг халж том хөшөө босголоо. Одоо энийг аваад явах бодол байна уу?
-Өөрийн тань тавьж байгаа энэ асуулт дотор олон юм давхцаад байна л даа.
-Нэг уулзсаных бүгдийг л асууж авах хүсэл байна шүү дээ, Ерөнхийлөгч өө?
-Эдийн засгийн Өршөөлийн хуулийн хувьд Засгийн газар санаачлаад оруулсан байгаа. Тэнд болохгүй ч юм байгаа байх. Болох ч зүйл бий байх. Энэ хуулийн хэлэлцүүлэг явагдаад, нийгмээрээ хэлэлцсэний дараа харъя л гэж бодож байна. Эдийн засагт хамгийн гол шийдэх шаардлагатай, нэрийн хуудас болсон том асуудлаа Засгийн газар барьж аваад зоригтой хийх хэрэгтэй.
-Жишээлбэл?
-Жишээлбэл, боловсрол, эрүүл мэнд, соёл гээд бүхэл бүтэн нийгмийн асар том салбар байгаа юм. Энд ерөөсөө өөрчлөлтийн гэдэг юм уу, ялангуяа тэр хувийн санаачилгын ямар нэгэн үнэр ороогүй байгаа юм. Үүнийг оруулаад хийх юм бол Монголын эдийн засгийг нөгөө орон сууцыг хувьчилсан шиг, малыг малчдад өгсөн шиг тийм хэмжээнд идэвхжүүлэн босгож ирэх боломжтой. Дээр нь санхүүгийн үйл ажиллагаа зөвхөн банкаар л дамжиж байна. Хөрөнгө мөнгө нь тэгж босч байна. Гэтэл мөнгө босгодог хоёр дахь зах зээл гэж байдаг шүү дээ. Энэ үйл ажиллагааг маш хурдтай идэвхжүүлэх ёстой. Олон улсын хэмжээнд нийцүүлэх ёстой. Энэ үйл ажиллагаа зогсоод л байна. Нийгмийн даатгалын сан гээд хэдэн их наяд төгрөгийн өртэй, гэхдээ тэр өрийг нь эргүүлээд боломж болгоод хувиргачих, эргүүлээд Монголын нийгэм эдийн засгийн амьдралыг маш хурдтайгаар хөдөлгөөд тэнд хамрагдаж байгаа хүн бүрт ашигтай байхаар шийдчих боломж байгаа юм. Үүнийг барьж аваад л хийх хэрэгтэй. Нөгөө дэд бүцийн томоохон асуудлууд байна. Дамжин өнгөрөх тээвэр гээд бид хоёр хөрштэйгөө яриад шийдэж байхад л үүнийг дагуулаад л Засгийн газар асуудлыг маш хурдтай шийдэх хэрэгтэй. Мөн өмч тойрсон асуудлуудаа шийдэж, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй.
-Би танд эдийн засгаа яах вэ гэдэг асуулт тавилаа. Дотоодын зовлон ганц энэ биш. Одоо энэ хууль журмаа яах юм. Хууль зөрчих явдал хавтгайрчихлаа. Тунхаглал бол өөр хэрэг. Амьдралын борог хөрсөн дээр ард иргэд маань шүүхийн хараат байдал, авилга хээл хахуульд идэгдсэн, гэр бүлжсэн, ёс суртахууны гүн доройтолд орсон “хуучин” шүүхэд дарамтлуулж байна.
-Хуулийн байгууллагын шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлж хийнэ. Энэ дээр тууштай ажиллана гэж бодож байгаа. Хуулийн байгууллагын шинэтгэл дөнгөж эхлэлийн байдалтай байна. Хүнэр яривал манай хүүхэд дөнгөж л хөлд орж байна. Хуульчид, шүүгчдийнхээ барих хуулийг нь, ажлаа хийх хуулийг нь гаргаж өгөөгүй байгаа юм. Энэ шинэчлэл орж ирээгүй байхад хуулийн байгууллагад шинэчлэл хийсэн гэж үзэх ямар ч бололцоо байхгүй. Би хуулийн байгууллагын дотроос ялангуяа шүүхийн байгууллага, манай шүүгчдийн хувьд энэ шинэчлэлийг хамгийн их дэмжиж, идэвхтэй оролцож байгаа хүмүүс гэж үзэж байгаа.
-Дээд шүүхийн тухайд хачирхалтай дүгнэлтүүд олон ирэх юм. Шүүхийнхээ нэр хүндийг хамгаалж гарах гээд өмнөх шатныхаа гаргасан шийдвэрүүдийг шууд л батлаад батлаад л явчихдаг. Хүний хувь заяа шийдэж байгаа улсууд биз дээ. Таван шүүгч орж ирэхэд гурав нь эвшээж сууж байгаад л гарч байх жишээтэй. Яг бүгдээрээ хэргийг нь уншдаг ч үгүй. Энгийн ард түмний зүгээс ийм гомдол маш их ирж байна. Төр тэдэнд цалин пүнлүү, хангамж ямбыг нь хангалттай өгсөн гэж боддог. Яагаад тэд иргэдийн зовлонд ингэж хандаж байна вэ. Энэ ард түмэнд эргээд жаахан хайр өгч болохгүй юу?
-Ер нь шүүхийн өөрийнх нь онцлог гэж байгаа. Бусад мэргэжлээс өөр. Хуулийн дагуу шийдвэр гаргадаг. Аль нэг асуудлыг хуульд нийцүүлж зөв, буруу гэсэн шийдвэрийг гаргах ийм эрхтэй хүмүүс. Олон нийт ч хууль шүүхийнхнийг хүний зовлонд ойрхон бай гэж шахаж байгаа нь зөв.
-Тойргийн шүүх гэж нэг байгууллагыг хүмүүс их шүүмжлэх юм. Сумаасаа аймаг орох хүндрэлтэй байдаг хөдөөгийн иргэд асуудлаа шийдүүлэх гэж бүр хэдэн аймаг алгасч, аймаг дундын шүүх гэдэг рүү очдог болж байна. Очоод хэрэг нь шийдэгддэггүй, хойшилдог. Дөч гаруй удаа шүүх хурлаа хийлгэх оролдоод явж байгаа өмгөөлөгч ч байна. Энэ шинэтгэлүүдэд ахин засвар хийж явах юм уу, эсвэл үгүй юу?
-Засвар хийлгүй яахав. Явж байгаа шинэтгэлийн замд болохгүй байгаа зүйлсээ бид засаад явах ёстой. Нөгөө талд нь шинэтгэлээ дагуулж хийх ёстой ажлууд нь дагаж хийгдэж өгөхгүй бас удаад байгаа юм. Үүнээс болоод шинэтгэлийн нэр хүнд унах аюул байна. Ер нь хуулийн шинэтгэл гэдэг бол нэг өдөр хийгээд дуусгадаг субботник биш. Энэ бол байнгын зовлон. Байнгын засвар. Байнгын ажил. Хүний амьдрал өөрөө байнга л өрнөж байдаг зүйл учраас
-Та бол ардын хүүхдийг алаг үзэхийг тэвчдэггүй хүн. Таны бүх амьдрал энэ чанарыг тань харуулдаг. Гэтэл таны энэ хүндэтгээд байгаа хүмүүс бүх шийдвэрээ эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн талд гаргаж байна. Ядуу хүмүүсийн зовлон их байна. тэдэнд өмгөөлөгч ч авах боломж олдохгүй байна. Шинэчлэлийн тоос тэр дээгүүр л суунаглаж байх шиг. Үүгээр би шүүхийн тухай асуултаа хаая.
-Үнэн үнэн. Энэ байдлыг л бид өөрчлөх гэж ажиллаж байна. Өөрчлөх гэж л энэ шинэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн шүү дээ. Гэхдээ энэ эхлүүлсэн ажлаа бид үлдэж байгаа хугацаандаа хийж хэрэгжүүлэхийн төлөө л зүтгэнэ. Төлөвлөсөн зүйл олон. Хийгээд, яриад, өргөн барьчихсан, одоо шийдвэрлэгдэх гэж байгаа асуудлууд байгаа. Энд өөрчлөлт гарнаа.
-Намайг уншигчид маань болж өгвөл Ерөнхийлөгчөөс айхгүй шиг асуугаад явчихаасай гэж хүсч байгаа байх л даа. Тийм болохоор би аль болох ард түмний дундаас олсон сэдвүүдээ асууж авах хүсэлтэй байна.
-Таны эрх шүү дээ. Асуух бүх юмаа л асуу.
-Цагдаа, прокурор, АТГ, тагнуул зэрэг хүчний байгууллагуудын байдал хүнд байна. Шинэчлэлийг толгойлж буй Хууль зүйн сайд салбартаа зовлон болж байхыг харлаа. Бүх шатандаа сайдаа гайхширч, сайд нь өөрөө ч нэг бүрчлэн зуусан хүмүүсээ гэсгээж байхыг харж байна. Магадгүй энэ нь нэг хэсгийнхнийг төлөөлсөн асуулт байж болно. Гэхдээ та энэ асуултад хариулж болох уу?
-Ер нь хуулийн байгууллагын ажил бол хуулиараа л явах ёстой.
-Хүйтэнд хөрч, халуунд халж, бүх зовлонтой ноцолдож явдаг хүчнийхэн үргэлж сайддаа зануулж, загнуулж явах шинэчлэл юм уу. Ер нь Х.Тэмүүжингийн шинэчлэл гэж хэн нэрлэсэн, юу юм бэ. Та Х.Тэмүүжин гэдэг энэ залууг үнэт зүйлтэй залуу гэж онцгойлж өмгөөлсөн. Улс төрийн энэ залуу лидерийг та илүү их хайрладаг. Тэр хайраа ард түмнээс ч нуудаггүй. Тэр яг ямар үнэт зүйлтэй юм бэ. Энэ асуултыг олон хүн танд тавихыг хүсч байгаа байх?
-Ийм хатуу асууж байгаа чинь сайн. Үнэт зүйл ярьж яваа бол үнэт зүйлдээ тэнцэж ажиллах ёстой. Түүнд ноцтой дутагдал ч бий, үнэт зүйл ч бий гэж би хэлж байсан.
-Санаж байна. Яг түүний гэх үнэт зүйл юу юм бэ?
-Хуулийн шинэчлэл. Ард нийтийн эрх ашигт нийцсэн тийм хуулийн шинэчлэлийг хийж чадах хүн гэсэн л миний итгэл юм л даа. Би Х.Тэмүүжинд анхааруулсан.
-Та юу гэж анхааруулсан юм бэ. Үнэхээр сонин байна?
-Хуулийн салбарыг толгойлж байгаа хүн мөнгөтэй бааданд шургасан мэрэгч шиг аашилж болохгүй. Чи өөрөө өөрийгөө идэж дуусгах нь байна шүү гэж.
-Төв аймгийн шоронд Ерөнхий сайдаа дагачихсан давхиж очиж байгаа нь яг юу байсан бэ. Тэр хоёр хүнийг хамтдаа хөтлөлцөөд, тийм газар тууж явахыг хараад олон нийт их л гайхсан.
-Яаж ч зөвтгөх аргагүй буруу үйлдэл. Тийм ёс бус алхмын өөдөөс хуулиа барин сөрж чадаж байгаа төрийн албан хаагчийг олон түмэн өмөөрөхөөс яахав. Хүмүүс хэнийг өмөөрч, юуг буруутгахаа мэднээ. Хууль зүйн сайд эхлээд хуулийг биелүүлэх ёстой. Энэ талаараа үлгэрлэх ёстой. Шударга ёсны сайд хүн шударга ёсоо сахихгүй юм бол хэн сахих юм бэ. Энэ асуултыг “хууль ч яахав дээ” гэж ханддаг төрийн албан хаагчид, ялангуяа төрийн өндөр албан тушаалтан бүрээс хатуу асуух ёстой.
-Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх хоригдоод хоёр сар болж байна. Зарим нь түүнийг хэлмэгдүүлж байна гэх. Зарим нь өөрөөр хэлэлцэх. Та энэ тухай юу мэдэж байна вэ?
-Ямар асуудалд орооцолдсоныг нь би мэдэхгүй. Хууль ялгах байлгүй. Л.Гансүх хуулиа сайн мэдэх л ёстой хүн.
-АТГ болон бусад хүчний байгууллага хүмүүсийг олноор нь барьж хорьж байна. Олон сараар хорьж зовоож байна. Тэгээд зарим тохиолдолд асууж хөөцөлдөхөөр “Дээрээс ийм чиглэл өгсөн юм” гэх маягийн хачин хариулт өгдөг. Энэ зөв юм уу ?
-Аль нэгэн хуулийн байгууллагад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс буюу, Ерөнхийлөгчийн институцийн зүгээс энэ хүнийг барь, хорь гэдэг ийм чиглэл, ийм даалгавар хэзээ ч очдоггүй. Хэрвээ ийм зүйлийг бидний нэрийг өмнөөс ярьж байгаа улсууд байгаа бол өөрсдийнхөө арчаагүй үйлдлээ л халхавчлах гэсэн, төрийн тэр ариун албыг, ариун нэр төрийг буруугаар ашиглаж байгаа л хүмүүс. Тийм хүмүүс байх шиг байна. Ер нь ийм хүмүүс бол ажлаа өгөөд л явах ёстой гэдгийг хэлье. Эрх мэдэлдээ бардсан, ташуурсан ийм улсууд төрд байх ёсгүй.
-Таны ахиад нэг хуурай “хүү” Б.Хурц гэдэг залуугийн тухай их яригдах юм. Монголын тагнуулын байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан нэгэн хурандаа манай сонинд маш ноцтой захидал ирүүлсэн. Бид тэр хүний эрхийг хүндэтгэж анх сониндоо нийтэлсэн. АТГ-ыг бол та байгуулсан. Одоо энэ айл руу нэлээн ширүүн шүүмжлэл явж байгаа харагдах юм. Нөгөө талаар энэ байгууллага нөгөө байгуулсан хүнээсээ ч том эрх дархтай, нэрийг нь бариад хүн хороохоос бусдыг хийгээд ч байх шиг харагдах. Ийм хачирхалтай хоёр дүр зураг л үзэгдээд байна л даа. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Ер нь авилгалтай тэмцэх бол амар ажил биш. Авилгатай тэмцэх бол манай үндэсний эрх ашиг. Авилгалтай тэмцэнэ гэдэг бол Монголын ард түмний аюулгүй байдлын төлөө, ерөөсөө төрийн аюулгүй байдлын төлөө л тэмцэж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энд үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс нэгдүгээрт, тэр үүргээ онцгой ойлгох ёстой. Нөгөө талдаа хийж байгаа ажил нь хуулийн дагуу зөв явдаг байх хэрэгтэй. Тэгээд энэ яригдаад, бичигдээд байгаа тэр зүйлүүд дээр онцгой анхаарах ёстой л доо. Нэг зүйлийг бас хэлэх хэрэгтэй. Ер нь хуулийн ажил хуулиараа л явна. Тэнд ямар ч албан тушаалтан хөндлөнгөөс оролцох ёсгүй.
-Итгэ, ажиллах эрх чөлөөг нь олго гэсэн үг үү?
-Итгээд эрх чөлөөг нь ч өгөх хэрэгтэй. Нөгөө талаас нь хариуцлагыг нь ч шаардах ёстой. Тэр хариуцлагыг шаардаж байгаа, тэр хариуцлага тал нь жаахан сулдаад байна уу даа гэсэн ийм ойлголт бол надад байна. Тийм учраас бид энэ тал руу нь харж ажиллах хэрэгтэй. Ер нь хүнийг хорьж, залхаан цээрлүүлэх байдлаар хэрэг илрүүлэх гэж оролддог, хэрэг илрүүлсэн нэр зүүдэг энэ үйл ажиллагаанаасаа хуулийн байгууллага салах ёстой юм. Үүнээс нь салгахын тулд яг хуулийн байгууллагын барьдаг хууль, үйл ажиллагааных нь тухай хуулиудийг бүрэн өөрчлөөд УИХ-д өргөн барьсан байгаа.
-Та өөрөө нэг иргэнийхээ амийг харийн орны ерөнхийлөгчөөс гуйгаад очиж байсан Ерөнхийлөгч хүн. Өнөөдөр манайд хүмүүсийг жилээр хорьж байна. Хоригдох хугацааг 20 хоног ч биш, хоёр сар ч биш шууд дөрвөн сараар сунгаад л тогтоол гаргаж байна. Тэр хүн, тэр айл, үр хүүхдийнх нь хувь заяаг зүгээр л дуусгаад хаяж байна. Хилээр гарахыг нь хязгаарлаад л шалгаж болдоггүй юм уу. Прокурор гэдэг байгууллага дээр ч сүүлийн үед том асуултын тэмдэг босч байна.
-Асуултын тэмдэг босч байнаа гэдэг чинь энэ салбарт шийдэх асуудал байна гэсэн үг. Бидний олон жил ярилцаад батлуулах гэж байгаа хуулиуд гараад, хэрэгжиж эхэлсний дараа маш том өөрчлөлт гарна. Хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг илрүүлэхдээ хорьж цагдахыг урьтал болгодог бүдүүлэг арга барилаа өнөөдөр ч манай хуулийнхан өөрчлөх боломж байгаа. Хууль нь ийм юм гээд хүмүүсийг айлгах, залхаах байдлаар хэрэг хүлээлгэх гэж оролдох явдал бол өөрөө гэмт хэрэг гэдгийг би энд онцолж хэлье. Тэгэхээр энэ байдлыг засах ажлыг бид зөвхөн хүнээс биш хуулиасаа, тогтолцооноосоо хайж, түүнийг өөрчилж байж л иж бүрэн өөрчлөлт болж чадна.
-Та тав дахь жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Хоёр дахь удаагаа итгэл өгсөн Ерөнхийлөгчдөө ард түмэн нэлээн найддаг юм байна. Энэ итгэл найдвар, энэ хайр өвөрмөц агаад, ёстой нөгөө жинхэнэ үнэт зүйл дээр суурилдаг зүйл юм байна л даа. Өнөөдрийн АН-ын төр барьж буй энэ үе хүссэн ч эс хүссэн танаар л хаяглагдаж үлдэх байх. Ёс зүйгүй явдал хэрээс хэтэрлээ. Зугаа цэнгэл, ард түмнээ элэг барьсан гааралтууд дэндлээ. Та эдэндээ боль гэж хэлдэг үү. Боль гэж хэлэхээр ер нь юу гэж хэлдэг юм бэ. Би олон түмнийг төлөөлж л танд асуулт тавьж байна. Тэдний буюу бүр ардын үгээр нь, тэр хандлагаар нь шүү.
-Ер нь бол ардчилал гэдэг юм маань өөрөө хариуцлага гэдэг ойлголтоос хөндий байх юм бол утгаа алддаг л даа. Албан тушаал хашиж байгаа хүмүүс ёс зүйгүй болчих юм бол мөн утгаа алддаг. Тэгэхээр нөгөө талд нь бид нар хариуцлагынх нь тогтолцоог оруулж ирэх хэрэгтэй болж байгаа юм. Энэ чиглэлээр тодорхой санаачлагууд гаргаад явж байгаа. Шийдүүлэхийн төлөө явна. Ер нь нэг зүйлийг хатуу цээрлэх ёстой. Төр ч, иргэд ч сэрэмжтэй байх тийм сургамжийг бид хангалттай авч байна. Энэ бол төрийн мөнгө харуулж болохгүй, төрд эрх мэдэл олгож болохгүй тийм хүн гэж байдаг юм шүү гэсэн сургамж.
-Баримт бариад ярихаар л зарим талаас хэт жижиг зүйлс рүү орж байгаа юм шиг болчих гээд байх юм. Хавтгай эрх ямбанд бялуурсан шинж, төр барьж үзээгүй, юм үзээгүй хүмүүсийн хэнээрхэл чинээндээ тулж байна. Та нэг хэлдэг дээ. Одоо тэр ташуур шиг үгээ яагаад хэлэхгүй байна вэ?
-Би байнга хэлж байгаа.
-Дараагийн асуулт манай салбартай холбоотой асуулт байна. Та “Балдорж сан”-гийн хүндэтгэлийн арга хэмжээн дээр хэлсэн байсан. “Ерөнхийлөгчийн ажил сэтгүүлчийн ажилтай төстэй” гэж.
-Би тэгж хэлсэн. Ерөнхийлөгчийн ажлын цаана бол би зүгээр төрийн ажил гэдэг утгаар нь хэлсэн юм. Тэгээд сэтгүүлч ч бай, төрийн албан хаагч ч бай бий болж байгаа сайн юмыг дэмжиж явах ёстой. Сайн юманд зөөлөн, ээлтэй байх ёстой. Саар юманд хатуу байх ёстой. Тэгэхээр төрийн ажил ч, сэтгүүлчийн ажил ч хоёр талтай хэцүү ажил юм даа. Зарим нэг мэргэжил, ажил бол сайн хичээгээд яваад байхад дандаа сайн сайхан зүйлээр хучуулаад яваад байж болно. Гэтэл Ерөнхийлөгчийн ажил ч бай, сэтгүүлчийн ажил ч бай муу муухайтай хутгалддаг, тэрийг барьж авдаг, тэрний хойноос хөөцөлддөг. Тэр муу юмыг газар авахуулахгүй байх чиглэлээр асуудал босгож тавьж, тэмцэж явж байдгаараа бол ойролцоо юм даа гэж би мэдэрсэн. Дотроос нь мэдэрсэн миний мэдрэмж юм даа. Тэр утгаар нь л би тэгж хэлсэн юм.
-Энэ Засгийн газар тань хэвлэл мэдээллийн салбарыг дэндүү бохир юмтай хутгаж байна. Та ширүүн шүүмжлэлийн дунд л амьдарсан. Хариуд нь занаж, зохион байгуулалттай дарамтлуулж байхыг тань хараагүй. Энэ Засгийн газар мөнгөөр бүгдийнх нь амыг барьчихлаа. Эсвэл хэвлэлд зориулсан энэ мөнгөө улсын төсөвтөө суулгачих. Нууцаар ингэж худалдаж авч, хулгайч болгож байдгийг нь болиул даа. Татвар төлөгчдөө хүндэл. Энэ талаар та байр сууриа илэрхийлээч. Би гуйж байна.
-Хэвлэл мэдээлэлтэй ийм байдлаар ажилладаг арга барил бол миний арга барил биш. Ерөөсөө миний амьдралын хэв загвар ч биш. Тийм учраас би ийм арга барилыг ерөөсөө ойлгодоггүй. Аль болох л нээлттэй, олон түмний ярианд чихээ нааж явахыг хичээдэг. Ажлаа сайжруулах биш, үндсэн ажлаа ч сайн хийх биш ерөөсөө үндсэн ажил нь эргээд хэвлэлийнхний юм уу, ард иргэдийн асуудал болгож тавьж байгаа сэдвийг хаах, амыг нь барих, хахуульдах ийм байдлаар явах нь өөрөө энэ ардчилсан нийгмийн зарчимтай ч нийцэхгүй. Тийм учраас би ийм хэлбэрийн үйл ажиллагааг үнэхээр ойлгодоггүй. Дэмждэг ч үгүй.
-1998 онд төрийн төв хэвлэлийн шинэ жилийн баяр дээр би анх тантай уулзаж байсан. Тэр үед та ард түмэнд нөмөртэй Сэтгүүл зүйг бий болгоорой, тэрний төлөө яваарай гэж хэлж байсан. Ард түмний талд явах гэж бүх үедээ л хичээж ажиллаж ирлээ. Үнэхээр гутарч байна. Нэг ярилцлагадаа би танаас асууж байсан. Та тэргүүн хатагтай, болон хүүхдүүд, гэр бүлээ айлчлалд ч бараг дагуулж явахгүй юм. Дэлгүүр хоршоо хэсээд бас тэднийгээ аваад хүмүүс явдаг л даа. Та өөрийн энэ соёлоо яагаад бусдадаа бэлэглээгүй юм бэ. Танай энэ нөхдүүд чинь одоо ямар байна вэ?
-Хүн үнэт зүйлээ, эцэг эхээс авсан унаган сайн хүмүүжлээ дагах юм бол, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө ямар ч нөлөөнд орохгүй явж болно шүү дээ. Манай хэвлэлийнхэн тодорхой эрх мэдэлтэн, албан тушаалтнаас мөнгө авдаггүй, тийм элдэв бохир гэрээ хийдэггүй, бид ард түмнийхээ талд байна гэдгээ л зарлачих хэрэгтэй. Тэгэх юм бол хүмүүс хүрээлээд л, дэмжээд л ирнэ. Хэвлэлийнхэн төртэй, улстөрчидтэй найзархах биш, хийж бүтээх гэж яваа хүмүүс, бизнесийнхэнтэйгээ найзалбал зөв болно.
-Шударга өрсөлдөх нөхцөл алга. Эзэнтэй, улс төрийн мөнгөн тэтгэлэгтэй улсуудтай шилдэг чанар, илүү чадвар заагаад ч өрсөлдөх бэрх байна. Тэсвэр барагдаж байна. Таны үг хоосон уриа, номлол шиг санагдаж байна.
-Өөрөө их шаналж явах шиг байна. Монголчууд их хэрсүү. Хэн юу хийж явааг харж л яваа. Бүү шат.
-Засгийн газрын хөлснийхнөөр балбуулаад, хавчуулаад, гүтгүүлээд сүүлдээ би үнэхээр бүх хүмүүст дайсагнасан аюултай хүн болчихсон юм байх даа гэж бодоход ч хүрдэг бололтой.
-Монголын нийгэм их том болсон. Мянган салаатай их уул шиг. Нэг шуурганаар бүхнийг өөрчилдөг үе өнгөрсөн. Нэг өвөлжөөтэй жалга биш. Мянган өвөлжөөтэй Хэрлэнбаян- Улаан уул л гэсэн үг. Нэг жижиг төлбөрт нэвтрүүлэг, бичвэрээр байтугай нэг хэсэгт нь ч доргихоо байсан. Тийм дархлаатай болсон шүү, манай нийгэм. Манай нийгэмд тийм дархлаа суусан. Харин шуурга тавигчид өөрсдөө л түүндээ өртчихгүй бол. Эрх чөлөөний л хүч юм даа.
-За, төсөв өргөн барьчихлаа. Ойрын үед төсвийн тухай хэлэлцүүлэг гээд баахан хэрэлдцгээнэ. Тэгээд нөгөө Засгийн газар нь Их Хурлын хэдэн гишүүнээ хахуульдах маягаар л шийдэгдээд явах уу. Та юу гэж бодож байна?
-Нэг маргашгүй үнэн бол төрийн бүтцийн гаргаж байгаа зарлага бол маш өндөр байгаа. Тэгэхээр бид нар үүнийг багасгах хэрэгтэй. Би энэ дээр наад зах нь хоёр ажлыг энэ төсвийн хэлэлцүүлэг дээр хийчихээсэй гэж би бодож байгаа. Зарим үнэхээр шаардлагагүй, үйл ажиллагаа нь явахгүй байгаа, хүнд суртлаас цаашгүй болчихсон тийм төрийн байгууллагуудад төсөв өгөхөө л больчих хэрэгтэй. Мөнгийг нь л өгөхгүй бол тэр төрийн байгууллага өөрөө зогсчихно шүү дээ. Зарим орон тэгж энэ өөрчлөлтийг хийдэг. Харин ингээд хэлэхээр нийгмийн үйлчилгээний зардлыг хасаад эхлэх вий. Би төрийн захиргааны тухай л ярьж байна. Энэ төсөв хэлэлцүүлгээс тийм алхам хийгээсэй гэж би бодож байна. Хоёр дахь юм нь төсөв гуравдугаар хэлэлцүүлгийнхээ өмнө гээд нэлээн цэгцэрдэг. Тэр гуравдугаар хэлэлцүүлгийг манай Их Хурлын гишүүд хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хийгээсэй гэж би бодож байгаа. Хувийн хэвшлийнхэн чинь л тэр мөнгийг төлж байгаа байхгүй юу. Төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг Их Хурал дээр хувийн хэвшлийнхнээр дамжиж хийгддэг байх юм бол манай төсөв хамгийн зөв төсөв болно.
-Наадахь чинь үнэхээр чамин бөгөөд үнэ цэнтэй санаачилга байна шүү.
-Тэр хүмүүс л төрийн ямар үйл ажиллагаанд бид мөнгө төлөх вэ гэдгээ жинхэнэ олж харж чадах хүмүүс шүү дээ. Тэгэхээр ийм хоёр арга хэмжээг энэ төсвийн хэлэлцүүлгээс хийгээсэй гэж би хүсч байгаа.
-Давхар дээл гэдэг сэдвээр бид баахан шуугилаа. Одоо яах юм бэ. Дахиад л ингээд цаашаа явах юм уу. Х.Баттулга л тайлаад явлаа. Өөр юу болов. Юу ч болсонгүй.
-УИХ дээр Их Хурлын гишүүд тэр хуулийг батлахгүй гэж санал өгсөн шүү дээ. Хуулиа хэлэлцэж хэлэлцэж, олон хоног зарцуулж зарцуулж санал өгөхдөө батлахгүй гэсэн тохиолдол бол бараг гарч байгаагүй.Тэр хуулин дээр л гарсан. Тэр явдлын дараа Ерөнхий сайд надад хүсэлт тавьсан л даа.
-Хүсэлт ээ, ямар?
-Намрын чуулган болтол та энэ асуудлыг битгий хөндөөч ээ гэж. Би тэр хүсэлтийг нь хүлээж авсан. Одоо бол намрын чуулган эхэлж байна. Энэ асуудал хөндөгдөх ёстой. Хэрвээ ямар нэгэн сайд өөрчлөгдөх юм бол дараагийн томилогдох сайд нь их хурлын гишүүн биш, үнэхээр нэр хүндтэй, мэргэжлийн,тухайн салбартаа тод, том, хүлээн зөвшөөрөгдсөн тийм сайд томилогдоосой гэсэн ийм л хүсэл надад байгаа. Ер нь тэр давхар дээлний асуудлыг би оруулж шийдүүлнэ.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилнө гэдгээ зарласнаар нийгэмд хүлээлт үүслээ. Та өөрчлөлт хийхийг удаа дараа шаардсан. Арай гэж л шийдэл хайж эхлэх шиг боллоо. Гэхдээ үр дүн гэж олигтой юм юу гарах юм бэ. Жижигхэн мэс ажилбар, хуучин МАН-ын үеийн яамдын бүтэц...хэдэн сайдыг ирэх сонгуульд жагсаалтад оруулах мэтийн тохироогоор л танхимаас гаргах мэт үү?
-Наад зах нь ийм зүйлийг хийнэ гэж хэлээд, хийх гэж эхэлж байгаа нь зөв л гэж би бодож байна. Би бол улс төрийн үүсч байгаа нөхцөл байдал, улс оронд үүсч байгаа асуудал болгон дээр Ерөнхий сайдад хандаж яг чин сэтгэлийн зөвөлгөө өгөхийг хичээдэг. Н.Алтанхуяг Ерөнхий сайд бол миний ажиллаж байгаа гурав дахь Ерөнхий сайд. Бүр ч илүү чин сэтгэлээсээ хандахыг хүсч, одоо чи яг ийм зүйл дээр ийм мэдэгдэл хийх хэрэгтэй, ийм арга хэмжээ авах хэрэгтэй, энэ ажлаа яг ийм байдлаар хий гэдгийг бол маш олон удаа хэлж байсан. Ер нь санаачлагыг гартаа ав, Ерөнхий сайд бол манлайлал үзүүлэх ёстой, Ерөнхий сайд шиг бай гэж л хэлж байсан л даа. Гэхдээ хожуу ч гэсэн энэ ажил эхэлж байгаа нь зөв байх. Гэхдээ үүнийг иж бүрэн хэмжээгээр нь, нийгэмд шаардагдаж байгаа хэмжээгээр нь хийх явдал бол чухал. Монгол бол өөрөө парламентын засаглалтай улс учраас Ерөнхий сайд бол энэ оронд ийм өөрчлөлтийг хийхэд хамгийн том манлайллыг үзүүлж чадах, үзүүлэх цорын ганц албан тушаалтан юм л даа.
-Улс төрийн ямар ч манлайлалгүй ийм гэнэтийн хүн гаргаж ирсний бурууг Ардчилсан нам хүлээх байх л даа. Танаас ч гэсэн Ерөнхий сайд байхад тань Монголын ард түмэн ямар нэгэн хүмүүжил, төлөвшил, манлайлагч болох цаг хугацааг хүлээж байсныг би санахгүй юм. Ямар нэгэн шинэ шийдэл, шинэ алхам л харж байсан. Та хүртэл манлайлалд хүрэх, чадал чансаа суухыг нь хүлээ гэж байгаа юм уу. Энэ төр тэгэхээр юуны газар болж хувирав аа?
-Би хүмүүст улсаа бодож л хатуу үг хэлдэг. Миний ажилдаа барьж байгаа нэг зарчим бол хэлж ярьж байгаа зүйл, хийж байгаа бүхнээ заавал тунхаглаад зарлалын самбар шиг ингээд яриад байх шаардлагагүй ээ. Яг шаардлагатай албан тушаалтнуудад нь хэлээд л, түүнийг хэрэгжүүлэхэд нь туслаад л ажиллах ёстой гэж бодож байгаа. Ийм л байдлаар явж байгаа. Ерөнхий сайдын ажил бол өөр л дөө. Хийж байгаа, явуулж байгаа бодлого энэ бүхнээ хэлж ярьж, ард түмэнд ойлгуулж явах ёстой ийм ажил.
-Манлайллаа бүтээчихсэн хүн ирдэг суудал биз дээ?
-(Тэр хариулсангүй, чив чимээгүй оргин хэсэг суув)
-Ерөнхийлөгч өө, Та яагаад чимээгүй болчихов оо. Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг огцор гэж шаардах чинь ард түмний эрх биз дээ ?
-Би Н.Алтанхуягт хэлээд л байгаа. Хэн нэг сайдыг огцруулах эсэх, аль нэг өндөр албан тушаалтантай хариуцлага тооцох асуудлыг Их Хурлын хэсэг гишүүн, аль нэг намын бүлгээр шаардуулах хэрэггүй ээ. Энэ асуудлыг шаардлагатай бол Ерөнхий сайд л санаачлаад оруулах хэрэгтэй. Тэгэх юм бол Ерөнхий сайд хүчтэй харагдана. Монголын төрд үгүйлэгдээд байгаа хариуцлага гэдэг юм чинь хэрэгжиж эхлэнэ гэж.
-Сайд нь байтугай наад хүн чинь өөрөө ажлаа хийж чадахгүй байна шүү дээ?
-Ажлаа хийж чадаж байгаа эсэхээ Ерөнхий сайд өөрөө хамгийн сайн мэдэж байгаа. За, би ч явахаа байлаа гэвэл өөрөө ч асуудлаа УИХ-д оруулж болно. Би ийм ажлуудыг хийнэ, чадахгүй бол огцорно. Тайван байцгаа, хамжиж энэ ажлыг хийнэ гээд л зүтгэчих ёстой.
-Энэ засаг ч азтай юм. Энэ нөхөр ч бүр азтай юм. Ерөнхийлөгчийнхөө нөмөрт, нэр хүндийнх нь сүүдэрт эрхэлж дууслаа. Ёстой тарвалзаж байна даа. Та тэгээд үүнийг зогсоохгүй хэрэг үү?
-Энэ бүх байдал Монголын нөхцөлд, Ерөнхий сайдаас л хамаарна. Би засаг огцроход дургүй. Харин хариуцлагагүй байдлыг тэвчдэггүй.
-Ерөнхийлөгч өө, та бол намаас түдгэлзсэн бүх ард түмний Ерөнхийлөгч. Гэхдээ яах ч аргагүй АН гэдэг энэ том намын цорын ганц хүчтэй лидер. Ерөнхий сайд та хоёрын хэний тань үгийг энэ нам шууд даалгавар, шууд шийдвэр гэж хүлээж авч байна вэ. Нам лидергүй үзэгдэнэ?
-Бид бол хуулиа л хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Миний хувьд бол ард түмний сонголт, ард түмний итгэлийг л эрхэмлэх ёстой. Ер нь ард түмний нийтлэг эрх ашиг гэдэг зүйл хаана байна вэ гэдгийг л түрүүлж харах ёстой албан тушаалтан гэж би өөрийгөө ойлгодог.
-Ерөнхийлөгч нь УИХ-д суудалтай намаас нэр дэвшин, бүх нийтийн сонгуулиар сонгогддог. Ерөнхийлөгч намаас түдгэлздэг энэ хуулийн согог үргэлж ажиглагддаг. Энэ хуулиас болж Ерөнхийлөгч, гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёрын дунд хүйтэн салхи сэвэлздэг. Хорин хэдэн жил л ийм байлаа. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдсон, үндэстний лидер атлаа эрх мэдлийн хувьд өрөөсөн гараа л зангиддаг. Явсаар энэ гацаа Үндсэн хуулийн өөрчлөлт рүү очно. Олон жил ярьж байна. Энийг хэн хэзээ хийх юм бэ. Ямар зоригтон хийх юм?
-Үндсэн хуулийг тойрсон асуудлаар бол миний байр суурь маш тодорхой. Бид нар эхлээд дордуулсан гэж ярьдаг тэр долоон өөрчлөлтийнхөө тухай тойрч суугаад ярих хэрэгтэй байгаа юм. Дахиад тийм маягийн алдаа бол гаргаж болохгүй.
-Та энэ өндөрлөгт хүрэх замдаа бас олон нөхдөө орхиж, олон нөхдөө гомдоож, бас олныг чирсэн л байх. Мэдээж хатуу л зам туулсан. Одоо зарим шинжээч таныг ганц хоёр нөхрөө хаялаа, шархлууллаа гэж харж байгаа. Миний энэ асууж байгаа ойлголт одоо таны хувьд утгаа алдсан уу, эсвэл Элбэгдорж гэдэг эр хүний дотор утгаа алдаагүй байж байдаг зүйл үү?
-Албан тушаал гэдэг зүйл бол авч өгч болдог, ирж очиж байдаг л ийм ойлголт шүү дээ. Харин хүний нөхөрлөл гэдэг бол мөнхийн зүйл шүү дээ. Тийм учраас би аль болох нөхөрлөлдөө үнэнч байхыг л хичээдэг. Мөнхийн албан тушаалтан гэж байхгүй. Мөнхийн нөхөрлөл гэж байдаг юм шүү.
-ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийн тухай олон л домог байдаг. Тэр хүн хэд хэдэн чухал албыг хашсан. Бууж ирэхдээ харин сайн нэртэй буудаг. Сая цагдаагийн дарга байхдаа нэг ч үг дугарахгүй байж байгаад чөлөөлөгдлөө. Тэр хүний тухайд та юу хэлэх нь сонин байна?
-Билэгтийг тодорхой албан тушаалууд дээр өмнө нь томилж байхад, сая ч ЦЕГ-ын даргаар томилогдоход энэ хүн энэ ажлыг хийж чадна гэсэн итгэл надад байсан. Ер нь энэ хүнээр энэ ажлыг хийлгэх хэрэгтэй, чадна гэдэг саналаа ч хэлж байсан. Б.Билэгтийг өөрчлөхөд харин миний санал, оролцоо байгаагүй. Надаас асуугаа ч үгүй. Ажлаа хариуцсан шиг хариуцаад, өөр ашиг сонирхолд хөтлөгддөггүй тэр сайн чанар бол ер нь их цөөхөн хүнд л байдаг юм даа.
-Түрүүн нээрээ Х.Баттулга л дээлээ тайлаад гарлаа гэж бид ярьсан. Х.Баттулга гишүүн гэснээс та хоёрын харилцаа ер нь ямар байдаг вэ. Та өрөөндөө дуудаад загнасан. Тэр ганц ч үг ган хийхгүй сууж байгаад гарч одсон.
-Тулга бол миний амин найзын нэг. Тийм ч учраас би үг даана гэж бодож хатуу үгийг хэлдэг юм. Хатуу нээлттэй хэлж байгаа нь нэг хоёр байх. Яг хамт суугаад хэлдэг нь маш олон гэдгийг илэн далангүй л хэлье. Юм хийх гээд, ийм ийм юмыг хийх ёстой, хийчих юмсан гээд яриад явдаг тэр бүх сайхан санааг нь би үнэлдэг. Харин түүний зарим арга барилд нь асуудал байдаг. Түүнээс биш найз нөхдийн хоорондын тэр харилцааг хэн ч өөрчилж чадахгүй. Цаг хугацаа ч өөрчилж чадахгүй.
-Сэтгэл хөдөлмөөр сайхан хариулт юм аа. Нээрээ би танаас бас нэг хүний талаар бас асуумаар байх юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг зочноор урьсан бололтой. Энэ нэвтрүүлгийг удахгүй цацах гэнэ. Зарим нь цацуулахгүй гэнэ ч гэх шиг яриа гарч байна. Та энэ асуудал дээр ямар бодолтой байна. Нэг төрийн зүтгэлтнийг муу хэлсэн л гэнэ. Бодвол тэр хүмүүсийн нэгэнд та лав орно.
-Тэр хүний тухай, тэр хүн юу ярих бол, юу яриа бол гэж сонирхож байгаа хүмүүс мэдээж байгаа. Тэр хүмүүс сонирхох ч эрхтэй. Тэр хүний юу ярьж байгааг үзэх харах эрхтэй. Тийм учраас тэрэн дээр ямар нэгэн хориг саад байж болохгүй гэж бодож байна. Би харин дэмжиж байгаа. Би тэр нэвтрүүлэг гардаг л юм бол өөрийнхөө twitter, facebook дээр тавья гэж бодож байгаа. Тэгээд олон түмэнд бүр илүү хүргэх юмсан гэж бодож байна.
-Тэр хүнийг та өршөөсөн. Дараа нь яваад өгсөн. Жил илүү болох шиг боллоо. Ирвэл ирэх болсон баймаар. Гэтэл энд дахиад л хэд хэдэн хэрэг үүссэн, шалгаж байгаа мэдээллүүд гарч ирж байх юм. Гадаадын банкинд 100 сая долларын хадгаламж илэрсэн гээд хачирхалтай мэдээллүүд, тодорхой баримтууд байна. Та энэ тухайд ер нь юу боддог вэ?
-Н.Энхбаяр бол Солонгост байгаа гэж би ойлгож байгаа. Шоронд биш, Солонгост байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр нутагтаа ирж очих нь бол чөлөөтэй шүү дээ. Ирж очоод л явж баймаар санагдах. Яагаад ирэхгүй байгааг нь би мэдэхгүй юм.
-Энэ нэг Их өр гэдэг шоу чинь ер нь дуусахгүй юм аа. Тэндээс тэр хүн юм бичих, ярих тоолондоо л явуулж байх юм. Та надтай нэг ярилцаж байхдаа Их өрийг тэглэснийх нь төлөө Н.Энхбаярт баярлах биш ээ, эртний ерөөлт Орос ах нартаа л баярлах ёстой гэж нэг хэлж байсан. Таны энэ байр суурь хэвээрээ байгаа юу?
-Хэвээрээ байгаа. Харин нэг юм хайран санагддаг. Жишээлбэл, өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр бараг бүтнээрээ Монголын өмч болох боломжтой байсан. Оюутолгойн ашиглалтын лицензийг тэр үед өрийн шоугаар дамжуулж барьцаалж болохгүй байсан. Өнөөдөр ямар их үнэтэй юм болж байгааг бид харж л байна. Надад бол хайран санагддаг.
-“Оюутолгой”-н лицензийг барьцаалж зээл авсан, Монголын төмөр замын хувиа 100 хувь авчих боломжийг үгүй хийсэн гээд яривал ялласан л болчих гээд байдаг юм л даа.
-Бидний баярлах ёстой хүмүүс бол Оросын ард түмэн шүү. Бид тэр хүмүүст баярлалаа гэж үргэлж сэтгэлдээ хэлж байх ёстой л гэж би боддог.
-Оюутолгой төслийн хоёр дахь ээлжийн ажил эхэлж байна. Тойрсон олон асуудал яригдсаар л байгаа. Гэхдээ бидний хувьд энэ хайнга хандах сэдэв биш болохоор асуухгүй өнгөрч чадахгүй нь.
-Оюутолгой бол Монголд хөрөнгө оруулсан нэг л аж ахуйн нэгж. Тэр ажил нь бол чамгүй сайн явж байгаа гэж би харж байгаа. Гэхдээ Оюутолгойн тойрсон хэлэхэд амар, шийдэхэд хэцүү асуудлууд бол бий. Энэ дээр Засгийн газар, тодорхой хариуцсан төлөөлсөн албан тушаалтнууд байгаа. Тэд шийдээд явж чадах байх. Аль болох аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа руу, хэдийгээр том ч бай орох сонирхол надад бага байдаг.
-Та сая аж ахуй гэж ярилаа. Та дээрээ долоон ахтай. Таны нэг ах Арсландорж гэж хүн бий. Би сайн танина л даа. Насаараа л Улаанбаатар хотын хог шүүрдээд, Баянзүрхийн хот тохижуулахын дарга хийгээд л явж байсан. Э.Бат-Үүл дарга гарч ирээд Улаанбаатар хотын Хот тохижуулахын дарга болгох гэж байтал та утасдаад л Бат-Үүл даргыг загнаад л боль гээд болиулсан. Саяхан би сонслоо. Төмөр замын Бээжинд байдаг салбарт гүйдэг л нэг жирийн ажил хийдэг хүн байсан. Гэтэл Төмөр замын дарга нар танд сайн үнэлэгдэх ч гэсэн юм уу, Төмөр замын хангамжийн газрын даргаар тавиадахлаа гээд л сонсогдсон. Тэгсэн маргааш нь Монгол дарга нь тушаал гаргаад тавилаа гэсэн, Орос дарга нь тушаал гаргаад ахиад өөрчиллөө гэх юм. Та дахиад л нөлөөлсөн үү. Таныг л загнаж болиуллаа гэж би сонссон.
-Би нөлөөлсөн. Түрүүн тэр хэвлэлийн тухай асууж байхад чинь ч би нэг үг хэлсэн. Миний баримталдаг зарчим, миний үнэт зүйл энэ бүхэнтэй нийцдэггүй юм. Эхнээс нь ардчилсан хувьсгалын үйл хэрэг рүү явж орохдоо л тэдэндээ нэг зүйлийг ойлгуулж захьсан. Миний нэр барьсан ямар нэгэн албан тушаал, ажил албаны элдэв зүйл байхгүй шүү гэж. Энэ зарчимдаа л би үнэнч явдаг. Түүний дагуу л би сая бухимдсан. Нэг мэдсэн Төмөр замынхан юу ч гэж бодсон юм. Танай ах Төмөр замын хангамжийн газрын дарга боллоо гээд бараг баяр хүргэх шахуу юм хэлээд залгасан. Тэгээд надаар загнуулаад, тушаал нь цуцлагдсан. Ах минь ууртай л байгаа сурагтай байлээ. Би яагаад нэг тэтгэвэрт гарахынхаа өмнө ганц жил ажилтай явж болдоггүй хорвоо юм бол доо гэж дуугарч байна гэсэн. (инээв) Гэхдээ яая гэхэв.
-Таны нэрэнд сэв тариад явсан биш дээ. Хамгийн эгэл жирийн, мөрөөрөө л амьдралаа болгоод явж байдаг хүн шүү дээ. Танд тал засч байгаа юм биш. Таних мэдэх болохоор л...
-Ажлын төлөө чанар, төгссөн сургууль ч гэж лут л даа.
-Таны ээжийнхээ дурсгалд зориулж шарил дээр нь босгосон ганцхан дусал цагаан гантиг хөшөөний зургийг би тохиолдлоор олж үзсэн юм. Таны санаа байсан уу?
-Өө, чи гэнэтхэн юу асууж байнаа. Намар болж байна. Ойрд ээжийгээ л их санаж байгаа даа.
-Уучлаарай, таныг гуниглуулчих шиг боллоо. Яриагаа өндөрлөе дөө. Маргааш бас таны анд С.Зоригийн амь насаа алдсан өдөр. Хүнд өдөр байдаг байх. Гэхдээ энэ хэргийн хувь заяа одоо ч хариултгүй хэвээрээ.
-Ер нь Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн хяналтад байдаг цорын ганц хэрэг Монголд бий. Тэр нь энэ хэрэг. Тийм ээ, маргааш 10 дугаар сарын 2. Би хөшөөнд нь очиж цэцэг өргөнө.
Сэтгүүлч хүн уур хилэнгээ дарж асууж байх ёстой. Гэвч хэтэрхий олон бухимдал төрүүлсэн асуудлуудын дунд яваагаасаа болоод ширүүндүү өрнөсөн ярилцлагын турш тэр бодлогоширонгуй, өчүүхэн ч сэтгэл хөдлөлгүй өнгөрөөж байв. Яагаад ч юм ярианыхаа төгсгөлд ээжийг нь асууж сэтгэлийг нь хөндөж орхисондоо гэмших сэтгэл төрнө. Түүнийг хатуу чанга Төрийн хүн, төмөр мэт хүн гэж харсаар дасчихжээ. Уг нь надтай л адилхан сэтгэл нь өмрөн энэлдэг, өнчин зүрхээ тэврэн ганцаарддаг л Хүн шүү дээ. Уучлаарай, ноён Ерөнхийлөгч өө...